17 арслан төрлөө

Улсын баяр наадам нар хуртай сайхан болж өндөрлөсөн бол үүнтэй зэрэгцэн аймгуудын баяр наадмууд үргэлжилж буй билээ.  Одоогоор Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар аймгуудаас бусад 18 аймаг нь наадмаа хийгээд  байна.  Эдгээр аймгийн 17-д нь шинэ бөх түрүүлж, аймгийн арслан цол хүртээд байгаа юм. Харин Говь-Алтай аймагт улсын начин Шоовдойхүүгийн хүү Ш.Шинэбаяр түрүүлж, аймгийн хурц арслан болжээ.
Тэгвэл дараах бөхчүүд шинээр аймгийн арслан цол хүртэж наадамчин олныг баясгаад байна. Тухайлбал:  Архангай     аймагт  256 бөх барилдсанаас   сумын заан  М.Бадарч түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Баянхонгор  аймагт  мөн   256  хүчтэн зодоглож аймгийн харцага Б.Бат-Орших түрүүлж цолоо ахиулсан байна.
Булган аймагт  а.з Д.Амаржаргал, Говьсүмбэрт а.х Т.Пүрэвсүрэн. Харин Дархан-Уул аймгийн баяр наадмаар улсын цолонд ойрхон бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтсаар ирсэн аймгийн начин С.Ерөөлт  түрүүлж арслан цолны болзол хангаад байна.  Дорноговь  сумын заан Ц.Чинзориг , Дорнод  аймагт а.з П.Мөнхбат, Завханд а.х Б.Ганбаатар,  Өвөрхангайд а.з Т.Мягмарсүрэн, Өмнөговьд а.з Т.Баасанхүү түрүүлсэн байна. Т.Баасанхүү зааны хувьд өнгөрсөн хавар болсон нутгаа дуурсгана барилдаанд амжилттай барилдаж хамгийн олон даваатай бөхөөр шалгарч байсныг манай уншигчид мэдэх биз ээ , Тэгвэл  Орхон аймгийн баяр наадмаар  а.н Т.Чулуунгэрэл,Сэлэнгэ  аймагт  с.з Б.Уугандаваа, Төв аймагт  с.з Г.Ганжад  өвдөг шороодолгүй түрүүлсэн байна. Сумын заан Г.Ганжадын хувьд өнгөрсөн онд зохион байгуулагдсан сумын заан болон залуу бөхчүүдийн заал танхимын барилдаанд дээгүүр барилдсан манай улсын шилдэг залуу бөхчүүдийн нэг юм.  Харин сүүлийн гурван жил дараалан Улсын баяр наадмын түрүүг аваад буй Увсын наадамд   256  хүчтэн зодоглож а.н У.Мөнхбаяр  түрүүлсэн байна. Ховд  аймагт  а.х Н.Батсайхан,  Хэнтий аймгийн барилдаанд мөн аймаг цэргийн болон залуу бөхчүүдийн барилдаанд олонтоо дээгүүр барилдаж байсан сумын заан Э.Оюунболд  түрүүлж аймгийн арслан цолтонуудын тоог нэгээр нэмсэн байна. Харин Хөвсгөлд  а.х Ч.Батчулуун  өвдөг шороодолгүй түрүүлж энэ жилийн их баяр наадмын түрүү бөхөөр шалгарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025