ESPN сэтгүүлээс жилд ганц удаа спортын алдарт оддын зургийг нүцгэнээр нь нийтэлж, тамирчидтай гоо сайхан бие махбодийнх нь талаар ярилцдаг тусгай дугаар эрхлэн гаргадаг байна. Сэтгүүлийн энэ оны дугаарт Украйн гаралтай Америк тамирчин 23 настай Оксана Мастерс зургаа татуулжээ. Тэрээр паралимпид сэлүүрийн төрлөөр оролцохоор 6 жил бэлдсэн бөгөөд хүүхэд байхдаа хоёр хөлөө тайруулсан бүсгүй юм. Оксана ярилцлагадаа хоол хүнс ховор асрамжийн газарт өссөн учраас би хоол идэхгүйгээр хэд хоног ч тэсч чадна гэж ховор хомс бага насныхаа тухай яриа дэлгэжээ. Украйны асрамжийн газраас охиныг 7 настайд АНУ-ын Кентуки мужийн иргэд өргөж авсан байна. Оксана эхээс мэндлэхдээ хоёр хөлтэй байсан ч ойролцоох цөмийн цахилгаан станцаас байнга цацраг туяа алдагддаг байсан учир хөл нь буруу хөгжилтэй байжээ. Өргөсөн ээж нь охиныг 8 дугаар ангид байхад нь анх удаа сэлүүрийн спорт руу чиглүүлж Оксана удалгүй усанд дуртай болсон байна.
Энэ оны паралимпийн наадам 8 дугаар сарын 29-оос 9 дүгээр сарын 9 хүртэл зохиогдох юм. Оксана хамтрагч Роб Жонсын хамтаар паралимпийн наадамдаа 7 хоногийн 6 өдөр хичээнгүйлэн бэлтгэж байгаа аж. Роб Жонсын тухайд 2010 онд Афганистанд цэргийн алба хааж байх үедээ тэсрэх бөмбөг дээр гишгэж, хоёр хөлөө алдсан байна. Тэд Сербид зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнд Бразилийн багийг ялж, паралимпийн эрхээ авсан байна.



Сэтгэгдэл байхгүй байна