Наадмын тойм

Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд Монгол түмэн дэнж хотойлгон, дэлхийд гайхуулж хотол түмнээрээ сайхан наадлаа. Эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 850 жил, Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадам урьд урьдынхаа илүү сонирхолтой сайхан болж ийнхүү өндөрлөх гэж байна. Хүчит бөхчүүд нь бяртай, хүй долоон худагт хүлгүүд нь шандастай, хүүхэд хөгшидгүй цэц мэргэн харваатай монгол түмний баяр цэнгэл наадам элдэв будлиан маргаангүй өргөн дэлгэр боллоо. Бөхийн барилдааныг чимсэн арал хүч ихт залуу арсланы уран хурц барилдаан, хүүхэд, моринд хал, будлиангүй хурдан морьдын уралдаан, сур харваа, шагайн харвааны төрөлд хүч түрэн орж ирж буй залуусын өнгө яах аргагүй энэ жилийн наадмын чимэг байсан биз ээ.

Санаанд оромгүй залуухан арслан
Эрийн гурван наадмын хамгийн сонирхолтой, хамгийн үзүүштэй нь монгол бөх. Бөхийн хорхойтонуудын тааварт дээгүүр бичигдээд байсан бөхчүүд ар араасаа өвдөг шороодож, гурвын даваанаас эхлэн олныг шуугиулсан уран хурц барилдаануудаар төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээ дарагдсан. Залуу аварга С.Мөнхбат, даян аварга Г.Өсөхбаяр, шинэхэн арслан Г.Эрхэмбаяр, дайраад л давж орхидог Ч.Санжаадамба заан, арслан Д.Ганхуяг гээд л наадамчдын тааварт бичигдэж байсан хүчтэнүүд залуу бөхчүүдийн уран хурц мэхэнд өөрийн эрхгүй өвдөг шороодон хурсан олныг уулга алдуулан тахимаа өгсөн.
Энэ наадмын бөхийн барилдаан ар араас нь цолтон төрүүлдэг начны найраагүй болсоноороо онцлог боллоо хэмээн наадамчин олон ам уралдуулан ярьж байсан юм. Дөрвөн начин, нэг харцага, гарьд, арслантай өмнөх наадмуудыг бодвол чанартай хэдхэн улсын цолтон төрсөн билээ. Хамгийн гайхалтай нь энэ наадмын түрүү бөхөөр хэний ч санаанд оромгүй залуухан хүчтэн тодорсон нь Пүрэвийн Бүрэнтөгс байлаа. Дөнгөж 22-хон настай энэ залууг улсын цолонд торох юмгүй хүрнэ хэмээн бодож байсан ч түрүүлчихнэ чинээ хэн ч санаагүй, тааварлаагүй биз ээ. Жил жилийн наадмын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг наадмын сорилго барилдаанд дээгүүр барилдсан бөх заавал цолоо ахиулдаг тийм нэг сонин ёс жаягтай. Тэр ч ёсоор наадмын өмнөх сорилго барилдаанд аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын начин Б.Сугаржаргалыг /тухайн үед аймгийн заан/ хаяж, дунд шөвөгт улсын заан Ч.Санжаадамбыг торох юмгүй өвдөглүүлж олныг шуугиулсан.Тухайн үед манай бөхийн хорхойтонууд “ингэж барилдвал ямар ч цол хүртчих боломжтой. “Увс нуур” галаас энэ жилийн наадмын түрүү бөх тодорч мэдэх л юм.” хэмээн ярьж байсан удаатай. Үнэхээр ч П.Бүрэнтөгс арслан одтой хийморьтой сайхан барилдаж арслангийн тоог нэгээр ахиулсан. Харин тавын даваанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат хамгийн том бие, жинтэй бөх болох аймгийн заан Б.Сугаржаргал, Архангай аймгийн Булган сумын харъяат аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва,  Аймгийн арслан Ж.Амартүвшин,  Аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын начин цолны болзол хангаж нутаг ус, ижий аав, элгэн садан Монголчуудаа баярлуулсан юм. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хилийн цэргийн Хилчин спорт хорооны бөх, улсын начин Т.Санчир улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж харцага цол хүртэв. Харин олон жил цолоо ахиулж арслан тэр ч байтугай аварга болно хэмээн үзэгчдийн тааварт явсан Архангай аймгийн Булган сумын уугуул улсын заан Д.Рагчаа бөхөд хайртай олны итгэлийг дааж гарьд цолтны тоог нэмсэн нэгээр нэмсэн юм. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх улсын арслан Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Улсын арслан Х.Мөнхбаатар нар уран хурц барилдаанаараа шалгарсан билээ.

 Хүй долоон худагт зөвхөн Монгол морьд...
Энэ жилийн наадмаас эхлэн хамгаалалтын хувцасгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй байх журам жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн гэдгээрээ хурдан морьны уралдаан онцлогтой болсон юм. Мөн эрлийз морьдыг монгол морьдоос ялгаж уралдуулах болсноор холын аймгаас хурдан морьдоо улсын наадамд сойхоор ирсэн уяачдын тоо нэмэгдэж жинхэнэ монгол морьдын тоос хүй долоон худагт татсан билээ.
Уламжлал ёсоор хурдан морьдын уралдаан хязаалан насаар эхэлж Хөвсгөл аймгийн Тариалан сумын Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн толбот хүрэн үрээ түрүү магнайд ирж хурсан олныг баярлуулсан бол аман хүзүүг Төв аймгийн Баянцагаан сумын Д.Баянбатын хонгор үрээ авсан юм. Айргийн гуравт Завхан аймгийн Яруу сумын МУАУ Д.Дагвадоржийн зээрд хүлэг, дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Нямлхагвын хязаалан, айргийн тавд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн зээрд үрээ торгон жолоогоо өргүүлсэн юм.
    Харин шүдлэн насны хурдан морины уралдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Ж.Энхболдын хүрэн үрээ түрүүлж шандсаа гайхуулсан бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гүрдагвын Нямцэрэнгийн хар үрээ аман хүзүүдлээ. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Сүхбаатарын хээр үрээ айргийн гурваар, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Аймгийн алдарт уяач Т.Ганзоригийн хар үрээ айргийн дөрвөөр хурдалж, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Туваанжавын Гантөмөрийн хээр үрээ айргийн тавд багтан уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
    Азарганы уралдааны түрүү магнайг Монгол улсын манлай уяач Д.Бат-Эрдэнийн ембүү халзан авч, Говьсүмбэр аймгийн Цэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд азарга аман хүзүүнд хурдаллаа. Мөн МУТМУ Гаваагийн Батхүүгийн соёмбо зээрд азарга айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Ч.Сугарын хул азарга айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б.Батсүхийн хээр азарга айргийн тавд хурдалж наадамчин олны сэтгэлийг баясгасан юм.
    Их насны хурдан морьдын уралдааны түрүү магнайгаар Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУМУ Х.Бат-Эрдэнийн хурдан хүрэн морь, Ховд аймгийн Дарви сумын уугуул Улаанбаатар хот, БЗД-ийн Гачуурт морин спорт уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы ембүү хул морь аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Баясгалангийн суман хүрэн морь хурдалж, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Тэргүүн шадар сайд М.Энхболдын хүрэн халзан, айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын xарьяат МУТМУ С.Ганxуягийн бор морь орсон юм.
Соёолон насны уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул уяач Х.Түмэнбаярын богд хээр хөлийн шандсаа гайхуулан түрүү магнай болж, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат МУМУяач Х.Бат-Эрдэнийн хонгор үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Архангай аймгийн уугуул ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн  хонгор үрээ ирж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул С.Ганболдын хонгор үрээ айргийн дөрөвт, Өмнөговь аймаг Манлай сумын харьяат Ө.Мөнхтайваны хээр үрээ айргийн тавд хурдалсан билээ.
Хурдан морьдын отгон уралдаан дааган насны морьдын уралдаанд Өвөрxангай аймгийн Бүрд сумын уяач Б.Батдэлгэрийн xээр xалзан даага түрүү магнай болж, Дундговь аймгийн Xулд сумын уяач X.Ганxүүгийн xонгор xалзан даага аман хүзүүдлээ. Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын xарьяат Улсын Алдарт уяач Б.Далайн xээр даага давхиж, айргийн дөрөвт Монгол Улсын Манлай уяач Б.Мөнxтөр уяа сойлгыг нь тааруулсан xээр даага орлоо. Айргийн тавд "Мон-Эрдэнэ" группын ерөнxийлөгч П.Энxмөнxийн xалиун даага хурдалжээ.
Гарамгай мэргэнтэй сайхан наадлаа

МУ-ын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун улсын их баяр наадамдаа дөрөв дэх түрүүгээ авч, МУ-ын гарамгай мэргэн цол хүртлээ. Хоёрдугаар байранд “Уурхайчин” багийн харваач спортын мастер Н.Өлзийбилэг, гуравдугаар байранд “Хангарьд” клубийн харваач Л.Отгонбаяр нар шалгарсан байна. Мөн Үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул МУ-ын мэргэн Х.Оюунчимэг  товх харваанд амжилттай харваж үндэсний их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж МУ-ын хошой мэргэн боллоо. Хоёрдугаар байранд Багануур дүүргийн харваач спортын мастер М.Өлзийханд шалгарсан бол гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул спортын мастер н.Цэцэгмаа орж цэц мэргэн гайхуулсан юм.
Залуусаар хүрч түрэн орж ирлээ
    Одоогоос 14 жилийн тэртээгээс эхлэн улсын баяр наадмын нэгэн тэмцээн болсон шагайн харвааны төрөлд 42 баг оролцсоноос нэгдүгээр байрыг Өмнөговь аймгийн “Оюутолгой” компаний аймгийн гоц мэргэн н.Доржсүрэн ахлагчтай баг авлаа. Хоёрдугаар байрыг Улаанбаатар хотын “Гарьд Тур” компанийн Монгол Улсын мэргэн Г.Шижирболд ахлагчтай баг эзэлсэн юм. Гуравдугаар байранд “Ю Эм Би” ХХК-ны Монгол Улсын дархан мэргэн Батбаатар ахлагчтай баг орлоо. Харваачдын хараа мэргэн, харваа нь оночтой байсан бөгөөд шагайн харвааны төрөлд залуу тамирчид олноороо хүч түрэн орж ирсэн нь энэ жилийн нэг онцлог байлаа  хэмээн ахмад харваачид ам сайтай байсан юм.

Ийнхүү нар хураар мялаалгасан Монгол наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөж байна. Монгол омогшилоороо гоёж, Монгол ёсолгоогоороо чимсэн энэ жилийн наадам ирэх жилийн баяр наадам хүртэл дурсах сониноор дүүрэн, дуурсах түүхээр баян болж өнгөрлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025