“Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн тоглолт СТӨ-нд эхлээд байнаНаадмын өмнөх өдөр нийслэл хотод нар шарж, Сүхбаатарын талбай, тойрсон барилгууд хөл хөдөлгөөн ихтэй байна. Өнөөдөр төв талбайд Төрийн далбааны хүндэтгэлийн ёслол, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолууд болсон бол яг одоо СТӨ-нд Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн тоглолт үргэлжилж байна. Жил бүр монголын урлаг соёлын сор, шилдгүүдийг нэгэн дор цуглуулдаг энэхүү хүндэтгэлийн тоглолтыг ард түмэн телевизээр шууд хүлээн авч, наадамчин олны нүд баясч сэтгэл сэргэдэг билээ.
Тоглолтыг үзэж сонирхохоор УИХ-ын шинэ хуучин гишүүд, сайд нар гэр бүл, үр хүүхдийн хамтаар хүрэлцэн иржээ. Манай сэтгүүлч СТӨ-нд хүрэлцэн ирж байгаа эрхэм төрийн түшээд, зочид төлөөлөгчдийн зургийг дурандаа буулгасны дээжийг толилуулж байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн тоглолтыг энэ жил УДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд найруулж, “Хувьсал” продакшны найруулагч Г.Цоггэрэл, Л.Болд нар туслах найруулагчаар ажиллажээ. Хүндэтгэлийн тоглолтын салхийг МУГЖ, баритон Э.Амартүвшин “Монгол далай” дуугаар хагалсан бол Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Хээрийн салхитай аялгуу” дуугаараа хүндэтгэл үзүүллээ. Мөн цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин М.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа тэргүүтэй уран бүтээлчид төрийн хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөж байгаа юм.






























Сэтгэгдэл байхгүй байна