Сурын талбайгаас...

Өнөөдөр Монголын үндэсний сурын харваа наадам албан ёсоор эхэллээ. Үндэсний сурын харвааны наадмын нээлтийн ажиллагаа жил бүрийн энэ л өдөр уламжлал болон болдог. Яг одоо Үндэсний сурын харвааны төв талбай дээр газар газраас ирсэн Үндэсний харваачид халх харваагаар цэц мэргэнээ сорьж “сум” тавих гэж байна. Юутай ч нийт  харваачдын маань хараа хурц сум мэргэн байх болтугай.

Багануур ХХК-ий харваач, спортын мастер Б.Ганбаатар: Бэлтгэл маш сайн хангагдсан
Сайхан наадаж байна уу?
Бороо хур тэгширсэн сайхан наадам болж байна. Манай харваачид маань цэц мэргэн, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн байгаа нь харагдаж байна. Сур харваачид ч олон ирсэн урьд урьдынхаа наадмаас илүү өргөн дэлгэр сайхан болж байна. Одоо ингээд дэлхийд ганц үндэсний сурын халх харваа эхлэх гээд догдлоод л зогсож байна даа.
Таны хувьд бэлтгэл сургуулилтаа хэр базаав?
Би Багануур дүүргийн харваач.  2002 оноос хойш Үндэсний их баяр наадамдаа оролцож байна. Манай дүүргийн 27 харваач нэг гал болон бэлтгэл сургуулилтаа хийсэн. Бэлтгэл маш сайн хангагдсан гэж болохоор байгаа. Өнгөрсөн Урианхай сур, Буриад сурын харваанд бид нар оролцож амжсангүй. Тэндээ бэлтгэлтэй байж байгаад өнөөдөр ирээд л байж байна.
Багануур дүүргийн харваачид улсын аварга баг байх аа?
Тийм. Жил болгон болдог улсын аваргаар манайхан багаараа тэргүүн байранд орж улсын аварга болсон амжилттай сайхан жил болж байна. Сэтгэгдэл өндөр байгаа тэр хэмжээгээрээ улам их амжилт гаргахын төлөө бид бэлтгэлээ маш сайн хийлээ. Аваргаа батлахыг зорьж бэлтгэлээ хийсэн гэхэд болно. Гэхдээ хэн цэцтэй хийморьтой, өнгөтэй байна тухайн өдрийн харваа л мэдэх юм даа.
Бусад харваачдын бэлтгэлийг харж байхад нийслэлийн харваачид өнгөтэй байх шиг санагдлаа. Таны хувьд?  
Бусад багийнханыгаа хараагүй байна. Ер нь дүүргүүдийн харваачид гал болоод бэлтгэл хийсэн болохоор сайн байж магадгүй.  Манай багийн хувьд хошой мэргэн Нямсүрэн, Улсын мэргэн Гарамдорж гээд сайн сайн мэргэн харваачид, мастерууд бас залуу харваачид байгаа. Тэдэндээ л итгэл тавьж байна даа.







МУ-ын хошой мэргэн, спортын мастер Л.Цэнгэл: Тэр өдрийн харваа, хувь хүний аз хийморь мэддэг
 Сайхан наадаж байна уу. Цэц мэргэн үү?
Наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Миний хувьд наадмын бэлтгэл харьцангуй гайгүй хийлээ. Энэ жил нутагтаа бэлтгэлээ хийсэн. Олон сайн харваачид оролцсон өргөн хүрээтэй харваа болох шинжтэй байна.  
Та аль нутгаас ирж оролцож байна. Харваачдын цэц хэр байх шиг байна?
Би Дорноговь аймгийн харваач. Улсынхаа баяр наадамд хоёр удаа түрүүлж МУ-ын хошой мэргэн болоод байна.  Ер нь харж байхад нийгэмлэгүүд  болон нийслэлийн дүүргүүдийн харваачид тусдаа нэг нэг баг болоод амралтын газруудааар бэлтгэлээ хийсэн болохоор өнгөтэй харагдаж байна. Гэхдээ тэр өдрийн харваа, хувь хүний аз хийморь мэддэг болохоор тэр нь сайн байна гээд хэлэхийн аргагүй юм даа. Энэ мэргэчүүл, залуучууд оноо өндөртэй сайхан байх шиг байна.
Танай аймгийн харваачдын хувьд бэлтгэл хэр хангагдав?
Манай залуу харваачдын бэлтгэл гайгүй байгаа. Өчигдөр хүүхдийн харваанд манай нэг охин маань харваж 3-р байранд шалгарлаа. Бидний харвааны гараа амжилттай эхэлж байгаад их баяртай байгаа. Энэ эрчээрээ амжилт гаргахыг л хүсч, хичээж байна даа. Ингээд нийт харваачиддаа оноо нь өндөр цэц мэргэн байгаарай гэж ерөөе.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025