Нийслэлд хоёр өдөр дараалан орсон усархаг борооны улмаас Сүхбаатар дүүрэгт айлууд усанд хөвж, хашаа нь усанд автсан байна. Хотын захын хорооллын хашаа хороо, зам талбайд борооны ус тогтож, явган зорчигч нар зам гарах боломжгүй болсон байна. Нийслэл хотод шинээр тавигдсан замуудын нэг Бэлхийн шинэ замд ус тогтож, зураг дээрх шиг үйл явдал өдөр бүр болсоор байгаа юм. Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн гэж байсан энэ замд ус зайлуулах хоолой огт байхгүй байгаа нь олон хүний ундууцал, гайхаш төрүүлж байна. Мөн Гоодойн зуслангийн орчимд цахилгаан дамжуулах хоёр шонгийн дээр аянга бууж, гурван ханатай гэрийн чинээ гал маналзаад унтарсан нь ойр орчмын оршин суугчдыг айлгаж цочоосон мэдээлэл байна.
Орон нутгийн тухайд Орхон аймгийн Баян-Өндөр суманд орсон хүчтэй аадарт Шанд, Рашаант багийн 324 айлын гэр, байшин үерт автсан байна. Үүнээс усанд боогдсон долоон иргэнийг аюулгүй газарт гаргаж, таван айлын гэрийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ойрын хэд хоногт нийт нутгаар дуу цахилгаантай бороо орох бөгөөд энэ сарын 8-ныг хүртэл түр зуурын бороо хуртай байх аж.Үүнд ОБЕГ-аас ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа...
Сэтгэгдэл байхгүй байна