Монгол наадмын өнгө

Өнгөрсөн онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой Монголын уламжлалт баяр наадамтай давхцаж өргөн дэлгэр сайхан наадсан. Ийм ч учраас түрүү жилийн наадмаар шинэ дээлээр гоёсон хүмүүс “Хүннү” буюу лам захтай дээл түлхүү өмссөн билээ. Энэ жилийн тухайд баярын дээл ямар байвал зохих талаар мэргэжлийн хүнээс тодруулга авахаар “Монгол костьюмс” төвийг зорьлоо. Баяр наадам болоход ганц долоо хоног үлдсэн болоод ч тэр үү “Монгол костьюмс”-ийн урчууд зав муутай харагдана лээ. Бид тус төвийн загвар зохион бүтээгч Э.Баярзултай уулзаж хэсэг ярилцлаа.

Монгол наадмын өнгийг тодорхойлогчдын нэг “Монгол Костьюмс” энэ жил наадамд зориулж ямар дээл түлхүү урлаж байна вэ?
Энэ жилийн дээлний чиг хандлага Цагаан сараас эхтэй. Хүмүүс завсрын байгалийн өнгөтэй, даавуун материалтай дээл түлхүү сонгож байна. Тэгэхээр энэ наадмын гоёл маш хөнгөн, нимгэн, чанарлаг, өмсөж байгаа эзэндээ тохирсон өнгөтэй, өндөр чанартай торгоор монголжуу хийгдэх нь ээ. Бид Энэтхэг, Японоос даавуун материал,  Вьетнам, Солонгос, Тайвань, Хятадаас бөс даавуу, торго, дурдангаа нийлүүлж байгаа. Материалаа дагаж хийц, технологи өөрчлөгдөж байдаг, дээр нь их ур чадвар шаардсан хувцас өмсгөл гарч байна. Бид монголчууд эрт дээр үед дээл хувцасаа яаж эмжиж байсан яг тэр эртний эмжээрийг сэргээхийг зорьж байна.
Нэг хэсэг дээлийг, загвар хөөж хийснээс хувцасны бэлэгдэл, сайн сайхан монгол чанарыг нь алдагдуулж байсан. Энэ нь эцэстээ шүүмжлэлд өртөж, энэ жилээс монгол хувцасыг ном журмынх нь дагуу хийлгэж, өмсөхийг эрмэлзэх болжээ. Захиалагчид ч үндэсний хувцасны талаарх мэдээ, мэдээлэл ихтэй, яаж өмсөх, хэрэглэх талаар хэнээр ч заалгахааргүй боловсролтой болсон учраас монгол хувцсаа ёсоор нь, зохисон малгайг нь тавиад, монгол гуталтай, иж бүрдлээр нь өмсөж эхэллээ.18-21 насны залуучууд л гэхэд өөрсдийн хэв маягт тохируулж Монгол цамц, шарвааран өмд зэргийг захиалж байгаагаас монгол дээл хувцас бол жинсэн өмдөн дээр, саравчтай малгайтай өмсдөг хувцас биш юм гэдгийг нийтээрээ ойлгож эхэлж байгааг харагдаж байна. Тийм ч учраас үндэсний хувцасны уламжлал, дэг жаяг, бэлэгдэл, ахуйд зохицсон уран нарийн хийц технологи, тэр болгоныг илэрхийлж чадахуйц хувцас өмсөхийг хүмүүс хүсч байгаа.  Уламжлалт хувцас эргэн сэргэж байна, уламжлалт хувцасны эрин зуун иржээ.
“Хүннү” дээлийг энэ жил хүмүүс захиалж байна уу?
Түрүү жилийн наадмаар олны танил хүмүүс “Хүннү” гэж нэрлээд байгаа дээлийг нэлээн өмссөн. Хийц, технологи нь ч янз янз байсан. Мөөрөлжин энгэртэй энэ дээлийг монголын үндэсний хувцасны язгуур гэж хэлж болно. Энэ дээл хувцасны талаарх судалгаа шинжилгээ 2004 оноос хүчтэй хийгдэж, мэдээ мэдээлэл өргөн болсноор хувцас урлаачид мөөрөлжин энгэртэй дээл хувцсыг ихээр хийх болсон. Хүмүүс энэ дээл бол уламжлалт дээл, босоо захтай дээл биднийх биш гэж ташаа ойлгож болзошгүй. Мөөрөлжин энгэртэй дээл бол бидний хувцасны язгуур, харин босоо захтай дээл бол хожуу үеийнх юм. Нэг хэсэг дээлийг зөвхөн эмээ өвөө нар өмсдөг байсан бол  одоо нийтээрээ сонирхож өмсөж байгаа нь талархууштай.
Дээлийн өнгийн тухайд онцгойлсон зүйл бий юу?
Өнгөрсөн өвөл оранжиндуу улбар шар өнгө зонхилж байсан бол зуны байгаль цаг агаарт энэ өнгө бараадаж ирдэг л дээ. Иймээс тухайн хүнд зохисон цайвар өнгийг маш их өмсөж байна. Торго гэхээсээ илүү даавуу хэрэглэж байна, түүхий торго, маш нимгэн силк сонгож байна. Өнөө цагт энэ өнгийг л хүмүүс өмсөж байна гэж тулгах нь нэлээн бүдүүлэг. Тиймээс тэр хүнд зохидог өнгө, санал нь ямар байгааг харгалзаж үзэж байгаа. Өнгөний сонголт чөлөөтэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025