Жил бүрийн 8-р сарыг жуулчдын оргил үе гэдэг. Үндэсний Их баяр наадмыг тааруулан жуулчид олноороо ирдэг нь ч үүнд нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ зуны жуулчид эхнээсээ ирчихсэн аялал жуулчлалын салбарынхан ид бужигнаж байна. Манай улсыг зорин ирэх жуулчдад үндэсний бөх, сур харваа, хурдан морь гээд сонирхолтой зүйл олон байдаг нь лав. Манайх онгон зэрлэг байгалиараа дээгүүрт ордог ч энэ баялаг дээрээ тулгуурлаж, дэд бүтэц хөгжүүлээгүй гэсэн шүүмжлэлд байнга өртдөг. Монгол Улсын аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрт 2015 гэхэд нийт жуулчдынхаа тоог нэг сая болгохоор тусгажээ. Гэтэл гуравхан жил үлдээд байгаа энэ мөчид жуулчдыг татах цэнгээний болон үзвэрийн газар, түүх соёлын дурсгалт зүйлсүүд төдийлөн хөгжөөгүй байгаа.

Аялал жуулчлал хөгжсөн ул¬суу¬дын жишээг харахад жуулчны компаниуд нь улиралтайгаа хослуулан жуулчдын тоог нэмсээр иржээ. Үүнээс манайд хамгийн тохирох нь зуны жуулчлал. Дэлхийд зуны жуулчлалаараа Канад, Швейцарь зэрэг улсууд дээгүүр байрыг эзэлдэг.

Тэд энэ чиглэлээрээ ганц зун 80 гаруй сая долларын ашиг олсон гэх баримт бий. Монголд өвлийн улиралаасаа илүүтэй зуны улиралд жуулчдаас илүү ашиг олж болмоор. Харамсалтай нь энэ талаар төрөөс ямар ч оносон бодлогогүй ажиллаад байгаа гэмээр харагддаг.

Жуулчид уриад байдаг манай том компаниуд ч энэ тухай боддоггүй нь бүр хачирхалтай.
Ажиглаж байхад нийслэл Улаанбаатарт маань жуулчдад зориулсан ганц төлбөргүй үзвэр нь Сүх жанжины талбай дахь төрийн ордон, түүний өмнөх Чингисийн хөшөө.

Дэлхийн хүн гэгдэх Чингис хааны төрт улсаа байгуулсны 800 жилийн ойд зориулж босгосон энэ хөшөөт “пасад” жуулчдад их л содон харагддаг бололтой. Нийслэл хот маань үүнээс өөр үзэж харах юмаар тун маруухан. Энэ хэвээрээ байвал жуулчидын тоо буурна уу гэхээс нэмэгдэхгүй нь лав.
Сэтгэгдэл байхгүй байна