
Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд эхнэрийн хамт иргэний үүргээ биелүүлж саналаа өглөө. Тэрээр оршин суух харьяаллынхаа дагуу ХУД-ын 11 дүгээр хороо, УИХ-ын 21, НИТХ-ын 2 дугаар хэсгийн хороонд ирж сонгуульд оролцсон юм. Түүнийг монголын болон япон, сингапур, БНХАУ-ын сэтгүүлчид өглөөний 9 цагаас хойш тэвчээртэй хүлээсний эцэст 11 цаг 30 минутанд саналаа өгөх явцыг гэрэл зургийн дуранд буулгаж чадлаа. С.Батболд энэ үеэр “Сонгууль нар хур тэгширсэн сайхан өдөр болж байна. Нийт ард түмэндээ Төрийн эрх барих дээд байгууллага УИХ, НИТХ-ийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгууль зөв сайхан болж, улс орны маань хөгжил дэвшил улам эрчтэй байхын ерөөлийг дэвшүүлж байна. Нийт ард түмэндээ сонгуулийн баярт өдрийн мэндийг хүргэе. Ард түмний маань сонголт мэргэн, зөв байна гэдэгт итгэж байна, монгол улс маань хөгжин мандах болтугай. Бид бүгдээрээ ялна. Монголчууд бид хамтдаа” гэж хэлсэн юм. Дашрамд сонирхуулахад Монгол улсын Засгийн газрын тэргүүний эхнэр Х.Отгонтуяагийн гоёмсог монгол дээл өмсөж, хар өнгийн цэвэрхэн нарийн өсгийтэй туфлиэр гоёж, үсээ нямбайлан шуусан байсан нь монголын ихэмсэг хатагтай нарын төрхийг харуулж чадаж байсан юм. УИХ-ын 21, НИТХ-ын 2 дугаар хэсгийн хороонд 10 цагийн байдлаар 325 хүн буюу нийт 2663 сонгогчийн 12 хувь саналаа өгсөн, сонгогчдын ирц, идэвх сайн байна гэж тус хэсгийн хорооны дарга Б.Алтанчимэг мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл байхгүй байна