Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын, усархаг аадар бороо хоног алгасахгүй орж, их хотын маань хүн, амьтан зутрангуй байгаа билээ. Гэнэт орсон хүчтэй аадар борооны улмаас 10 гаруй айл орон гэр, амьдралаа алдаж, олон хүн тэр дундаа бага насны хүүхдүүд гол, тогтмол усанд живж амь насаа алдаж байна. Гэтэл өнөөдөр нэг сая 300 мянган хүнтэй Улаанбаатар хотод, төв зам дагуу үер бууж, гадны хүн сонсвол ичмээр үйл явдал боллоо. 
Дэлхийд уул уурхайгаас олох ашигаараа шагшигдаж байгаа өнөө Монгол улсын нийслэл хотын зуны бороотой өдрүүдийн дүр зураг ийм байсаар байх уу? Хүн, амьтны толгой хоргоддог байшин сав, гэр, машиныг нь хоромхон хугацаанд аваад явчихдаг үер бүхэл бүтэн нэг айлыг үгүй хийж байхад харамсаад хаашаа харж хэндээ ч гомдоллох билээ.

Улаанбаатар хотын шинэ иргэд үер усны аманд дээр бууж толгой хорогдохоос өөр арга алга. Яагаад гэхээр тэдэнд ноогдсон газар нь хотын төв битгий хэл хотынхоо захаас хэдэн арван км алслагдсан болохоор тэр.

Орон гэрээ үерт алдсан айлуудын ихэнх нь хөдөөнөөс орж ирсэн малчин ард иргэд юм билээ. Үер борооноос болж орох орон гэргүй болсон иргэд нийгмийн эмзэг давхарга гэж нэрлээд байдаг лааз, хуванцар түүдэг хүмүүсийн тоог нэмж байгаа гэхэд болно. Хахир хүйтэн өвөл дуусч, урин хавар, дэлгэр зун айлчлан ирлээ ч бороо орох тоолонгоор хотын зах төвгүй хог урсаж, нэр нь үл мэдэгдэх элдэв нян, вирус тархаж байгааг та харж байна. Эндээс Их хот гэж нэрлэхэд бэрх, амьдарч амь зуухад хэцүүхэн л дүр зураг харагдахгүй байна гэж үү? Их хотын бороотой нэг өдөр энэ мэтээр үргэлжилж байна. Гэхдээ ирэх дөрвөн жилийн сонгуульд нэр дэвшиж байгаа аавын хүү, ээжийн охид энэ асуудалд санаа тавьж ард иргэдээ харж үзэхийг харах л үлдлээ.





Сэтгэгдэл байхгүй байна