Хаа сайгүй, хашаа
хайс, самбар энэ тэрд хадаастай, өлгөөстөй ухуулгын материалууд нэг л өглөө
босоод ирэхэд байхгүй болохоор үнэхээр уйтгартай ч юм шиг. Гэв гэнэтхэн жирийн
амьдрал эхлэхээр бас гадаа бороо “цутгаад” уйтгартай хэрнээ... сайхан.
Улаанбаатарын гудамж, талбай эзгүйрээд,
таньдаг, таньдаггүй эрхмүүдийн зураг алга болж оронд нь хэдэн хэрзийсэн
араг яс шиг төмөр самбарууд гэхээр бас гунигтай. Ядахдаа төв замаар холхилдох
туг намируулсан автомашинууд ч байхгүй байгаа болохоор сонгуулийн халуун дулаан
басхүү ширүүхэн уур амьсгал нам унтраадхав. УИХ-ын сонгуулийн тухай хуульд
сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн
өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно гэж заасан. Тэр ч хуулиараа, тэр ч
жамаараа сурталчилгаа яг хугацаандаа зогссон. Нэг үеэ бодвол манайхан сонгууль
болоод сонгуулийн сурталчилгаа энэ тэрээ хийгээд сурчихсан, туршлагажчихсан
бололтой. Ямартаа ч маргааш УИХ-ын ээлжит сонгууль явагдах болохоор ширүүхэн
тулааны өмнөх энэ нам гүмхэн, бороо зүсэрсэн өдөр иргэд сонгогчид маань хэнд
саналаа өгч, аль намд итгэл хүлээлгэхээ бодох учиртай биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна