Телевизийн “Спартак: Цус, элс” киногоор олонд танигдсан жүжигчин Энди Витфиелд киноны эхний улиралд цус урсгасан гардан тулааны хэсгийг олон удаа авахуулжээ. Эхний улирал дуусахад Витфиелдийн нуруу маш их өвдөж, өвдөлт огт намдахгүй байгаад зургийн багийнхан, жүжигчний гэрийхэн санаа зовж эхэлсэн байна. 2010 оны 3дугаар сард эмч нар энэ хүчтэй өвдөлтийн шалтгааныг нь олж. Тухайн үед 38 настай байсан Уэлс-Австрали жүжигчин 4 дүгээр шатанд орсон цусны хорт хавдартай нь тогтоогдсон байна. Тэр үеэс хойш химийн эрчимт эмчилгээ хийлгэж Энди 9 дүгээр сар гэхэд киноныхоо хоёрдахь улирлын зураг авалтанд оролцохоор Шинэ Зеландад иртлээ тэнхэрсэн байжээ.
Харамсалтай нь ээлжит шинжилгээний үеэр хорт хавдар нь дахисан тухай аймшигт мэдээг сонссон байна. Хэдийгээр маш хүчтэй химийн эмчилгээ хийлгэсэн ч хоёр балчир хүүхдийн аав Энди Витфиелдэп ердөө л 3-6 сар амьдрах хугацаа үлдсэн гэж эмч нар мэдэгджээ. Яг энэ үед Витфиелд эхнэр Ваштийнхаа хамтаар үхэлтэй хэрхэн тэмцэж байгаагаа камерт буулгаж, баримтат кино болгон үлдээх шийдвэр гаргажээ. Кино багийнхныг урьж, гэр бүлээрээ камераар бичлэг хийж зурснаар нэг жил гаруйн хугацаанд Энди Витфиелдийн өвчнийхөө эсрэг яаж тэмцэж байгааг баримтжуулжээ. Зоригт гладиатор 39 насандаа өнгөрсөн 9 дүгээр сард нас эцэслэсэн юм. Одоо тэрхүү дүрс бичлэгүүдийг эвлүүлж, “Одоо энд бай” нэртэй кино бүтээх ажлыг Оскарын шагналд нэр дэвшиж байсан найруулагч, продюсер Лилибет Фостер хариуцаж авчээ. 
Энэ киног олон улсын кино наадмуудад оролцох хэмжээнд бэлтгэхийн тулд хамгийн багадаа 200 мянган ам.доллар шаардагдах гэнэ. Энэ хөрөнгийг ирэх сарын 23 хүртэл Энди Витфиелдийн шүтэн бишрэгч, хорт хавдартай өвчтөнүүдийн ар гэрийнхнээс онлайн хандив байдлаар цуглуулах юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна