Өнөөдөр Улстөр мэдээллийн төвд төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр баривчлагдсан найруулагч Г. Бадамрагчаагийн төрсөн ах зураач, Г. Нороврагчаа, тулааны урлагийн багш Л. Алдар, жүжигчин Дорждагва, Р. Анхням нар мэдээлэл хийлээ. Г. Бадамрагчааг өнгөрсөн сарын 7-нд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр ТТГ-аас баривчилж, түүний найруулсан “Бурхан Өршөө” УСК-г кино театруудад гаргахыг хориглосон билээ. Найруулагч Г. Бадамрагчаагийн ойр дотныхон, өмгөөлөгчид нь “Бурхан Өршөөг” тулаант киноны зураг авалтанд зориулж, жүжигчдийг цуглуулан гардан тулааны бэлтгэл хийлгэснийг ТТГ мушгин төрийн эсрэг хуйвалдаан болгон, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Найруулагчийн төрсөн ах Г. Нороврагчаагийн хэлснээр ТТГ-ын байцаагч Энхтөр Г. Бадамрагчааг өмгөөлөгч байлцуулалгүйгээр удаа дараа байцаасан, сэтгэл зүйн дарамтад оруулсан, өмгөөлөгчөөс нь татгалзуулахаар дарамт үзүүлсэн, цаазаар авна хэмээн айлган сүрдүүлсэн байна. Түүнчлэн 419 дүгээр ангид хоригдож байгаа Г. Бадамрагчааг тусгай зөвшөөрөл, харьяалалгүй албан тушаалтнууд байцаасан байна. Одоогоос нэг сар гаруйн өмнө Г. Бадамрагчааг гэрийнх нь гаднаас баривчлахдаа хар хувцастай олон эрэгтэй хүмүүс, толгойд нь хар уут углан авч явсан, олон цаг ийм байдалтай байлгасны эцэст уутыг нь авч мэдүүлэг тулгахдаа хоёр талаас нь гар буу тулгасан байсан зэрэг мэдээллийг Г. Бадамрагчаагийн ах Г. Нороврагчаа хэвлэлийнхэнд өглөө. Тэрээр мөн дүүгийнхээ гараар бичсэн мэдэгдлийг лхагва гарагт эргэлтээр очихдоо авснаа хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм.
Найруулагч Г. Бадамрагчаагийн гэр бүл, өмгөөлөгчид ТТГ-т энэ хүнийг батлан даалтад гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн байцаагч Энхтөрөөс татгалзах хүсэлт гаргах юм байна.
Угтаа найруулагч Г. Бадамрагчаа “Цагдаагийн Тангараг” бүрэн хэмжээний уран сайхны 2 кино бүтээснийхээ төлөө “Цагдаагийн алдар” тэмдгээр, “БНМАУ-ын төлөө зүтгэе” киногоороо Ардчиллын төлөөх одонгоор тус тус шагнагдаж байсан хүн юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна