Одоогоос 137 жилийн өмнө Германд мэндэлсэн жүүд гаралтай, орчин үеийн физикийн шинжлэх ухааны эцэг, соёлт хүн төрөлхтний түүхэнд оюуны том дэвшил авчирсан 20-р зууны суут эрдэмтдийн нэг Альберт Эйнштейний амьдрал өөрийнх нь алдаршсан харьцангуйн онол мэт харьцангуй басхүү адармаатай байсныг түүний намтар гэрчилнэ. Хэлээ гаргасан хүүхдэрхүү төрхөөрөө хүн төрөлхтөнд танил дотно энэ эр туйлын мартамхай, туйлын дурламтгай, туйлын хэнэггүй нэгэн байсан гэвэл та итгэх үү? Түүнтэй хувь хүнийх нь хувьд танилцъя. Харьцангуйн онолыг бүтээсэн домогт эрдэмтэн өнөө болтол шинжлэх ухааны ертөнцөд хамгийн үл таагдах хүний нэг байсаар байна. Эйнштейний намтар, түүний тухай олон арван дурдатгал хэвлэгдсэн ч намтрынх нь олон баримт үнэн эсэх нь харьцангуйн онолынх нь адил мөн тийм харьцангуй байна.
Судлаачид энэ эрдэмтний амьдралыг нээх гэж олон жил хүлээжээ. Иерусалим хотын Еврейн их сургуулийн архивынхан 2006 онд л суут физикчийн эхнэрүүд, нууц амрагууд, хүүхдүүдтэйгээ харилцаж байсан захидлуудыг өргөн олонд толилуулсан.
Урд өмнө нь хаалтгай байсан захидлуудаас үзвэл Эйнштейн арваас доошгүй нууц амрагтай байжээ. Их сургуульд уйтгар хүрэм лекц сонсож байснаас хийлээр тоглохыг илүүтэйд үздэг байв. Үрчилж авсан Марго охиноо хамгийн дотно хүн гэдэг байлаа. Марго охин нь үрчилж авсан эцгийнхээ 3500 орчим захидлыг өөрийг нь нас барснаас хойш 20 жилийн дараа л нийтэлж болно гэсэн болзолтойгоор Иерусалим хотын Еврейн их сургуульд бэлэглэсэн байв гэж Оросын “Известия” сонинд бичжээ. Тэгэхдээ дурламтгай эрийн нууц амрагууд хэн хэн байсан гэсэн жагсаалттай жагсаалтгүй энэхүү суут эрдэмтний амьдрал шинжлэх ухааны хүрээнийхний ч, жирийн хүмүүсийн ч сонирхлыг ямагт татсаар ирсэн юм.
Луужингаас интеграл хүртэл
Ирээдүйн Нобелийн шагналтан 1879 оны гуравдугаар сарын 14-нд Германы Ульм хотод төржээ. Жаал хүү асар их ирээдүйтэй нь бага балчирт нь мэдэгдсэнгүй. Хүү хэлд хожуу орсон бөгөөд яльгүй удаан ярьдаг байв. Гэхдээ эрдэм шинжилгээний анхны ажлаа гурван нас хүрэх үедээ хийсэн түүхтэй. Юу гэвэл бяцхан Эйнштейний төрсөн өдрөөр эцэг, эх нь луужин бэлэглэсэн нь хүүгийн дуртай тоглоом нь болов. Луужинг яаж ч эргүүлсэн зүү нь өрөөнд байх нэг л цэгийг заагаад байсанд жаал хүү ихэд гайхсан байна. Харин Эйнштейн юм ярихдаа муу байдагт нь эцэг, эх нь ихэд санаа зовнино.
Жаал хүү хамгийн жирийн өгүүлбэрийг ч болов хэлэх гэж уруулаа хөдөлгөн амандаа олонтаа давтдаг байсан гэж эрдэмтний дүү охин Майя Винтелер-Эйнштейн ярьжээ. Аажуу ярих зуршил хожим багш нарынх нь дургүйг ч хүргэв. Хэдий ийм байсан ч католик шашны бага сургуульд сурсан эхний өдрөөс түүнийг чадвартай сурагч гэж тодорхойлон, хоёрдугаар ангид дэвшүүлжээ.
Гэрийнхэн нь Мюнхенд нүүж очсоны дараа Эйнштейн гимназид суралцах болов. Гэвч тэр энд суралцахын оронд дуртай шинлэх ухаанаа бие даан үзэхийг эрхэмлэсэн нь үр дүнтэй болж, Эйнштейн нарийн шинжлэх ухааны мэдлэгээр үе чацуутнуудаасаа хавьгүй хол гарав. Бас ном их уншиж, хийлээр сайхан тоглодог байв. Харьцангуйн онолыг бүтээхэд юу түлхэц болсон бэ гэж хожим асуухад эрдэмтэн Федор Достоевскийн роман, эртний Хятадын гүн ухааныг иш татдаг байв гэж cde.osu.ru порталд бичжээ.
Шалгалтад бүдэрсэн нь
16 настай Альберт гимназиа дүүргэлгүй Цюрих хотын Политехникийн сургуульд суралцахаар очсон ч хэл, ургамал, судлал, амьтан судлалын шалгалтад “унажээ”. Харин математик, физикийн шалгалтаа онцсайн өгсөн учир Аарау дахь мужийн сургуулийн ахлах ангид суралцахыг урьж, дараа нь Цюрихийн Политехникумын оюутан болжээ. Энд математикч Греман Минковский түүнд багшилж байв. Чухамхүү Минковский харьцангуйн онолыг математикийн төгс хэлбэртэй болгосон гэлцдэг юм.
Эйнштейн их сургуулиа дээд оноотой төгссөн ч сахилгаар муу гэсэн тодорхойлолт авчээ. Ирээдүйн Нобелийн шагналтан хичээл их тасалдаг байсан нь ийм тодорхойлолт авахад хүргэжээ. “Хичээлд явах зав ерөөс байгаагүй” гэж Эйнштейн хожмоо учирласан байдаг. Сургуулиа төгсөөд ажил олдохгүй уджээ. “Өөрсдийг нь эс тоож, бие даадгаас профессорууд надад хайргүй байсан бөгөөд шинжлэх ухаанд миний хүрэх замыг хаасан” гэж Эйнштейн ярьсныг “Википедия” сонинд иш татжээ.

Дурламтгай эр
Эйнштейн их сургуульд байхын л тун хүүхэмсэг эр байв. Гэвч сүүлдээ Цюрих хотод танилцсан Милева Маричийг сонгож гэр бүл болсон бөгөөд бүсгүй Эйнштейнээс дөрөв эгч ч нэг ангид хамт сурдаг байлаа. Гэргий нь физик судалж, Эйнштейн түүнийг аугаа их эрдэмтдийн физикийн бүтээлийг сонирхдог болгожээ. Эрдэмтэн эрд уншсан зүйлийнхээ тухай санаа бодлоо ярилцаж байх найз хэрэгтэй байсан юм.
Гэргий нь ч “математик, физикийн хичээлдээ гоц сайн байж”, алгебрийн тоо сайн боддог, аналитик механикт муугүй байв. Тиймээс Марич нөхрийнхөө үндсэн бүх ажлыг бичихэд маш идэвхтэй оролцдог байсан гэж freelook.ru цахим сонинд онцолжээ.
Альберт хувирамтгай байснаас Марич тэр хоёр таарахаа болив. Нөхөр нь хүүхнүүдтэй их зугаалдаг учир эхнэр нь байнга хардана. “Манай ээж маш их бухимддаг славян эмэгтэй байсан. Гомдоох юм бол хэзээ ч уучилдаггүй байсан…” гэж тэдний хүү Ганс-Альберт хожим бичжээ. ‘Тэд 1919 онд салахдаа Эйнштейн Нобелийн шагналаа хуучин гэргий, хоёр хүү Эдуард, Ганс нартаа өгнө гэж эртнээс тохирсон байна.
Эрдэмтэн үеэл дүү Эльзатайгаа хоёр дахиа гэрлэв. Түүнийг гоёж гоодож, алт мөнгө хэрэглэж, амттай юм идэхээс өөр юм сонирхдоггүй ухаан муутай эмэгтэй байсан гэж үеийнхэн нь үздэг байжээ.
2006 онд нийтлэгдсэн захидлуудаас үзвэл, Эйнштейн хоёр дахиа гэрлээд байхдаа нарийн бичгийнхээ дарга, бас Этель Мичановски хатагтай гээд арав орчим эмэгтэйтэйтэй нэр холбогджээ. Этель Мичановски Эйнштейнийг их мөшгөдөг, түүний ярьснаар “хийх гэж байгаа үйлдлээ огт хянадаггүй” байсан гэдэг.
Нөхөр нь олонтаа урвахыг Эльза огт тоодоггүй байснаараа Маричаас ялгаатай юм. Тэр урьдын адил нөхөртөө тусалж, түүний амьдралын материаллаг талтай холбоотой бүхнийг ёсоор нь болгодог байв.
“
Зүгээр л тоо мэддэг байх хэрэгтэй”Аливаа суутан шиг Альберт Эйнштейн тун ч мартамхай нэгэн байв. Тэрбээр нэг удаа Берлин хотод трамвайнд ороод заншсан ёсоороо ном уншиж гарчээ. Дараа нь мөнгө хураагч руу ч харалгүй, билет авахаар тооцоолсон мөнгөө өгчээ.
-Мөнгө чинь дутуу байна гэвээс
-Тийм байж таарахгүй гэж эрдэмтэн номоосоо ч нүд салгалгүй хариулав.
-Дутуу байна гэж би танд хэлж байна шүү дээ.
Эйнштейн тийм байж болохгүй гэсэн байдлаар толгойгоо дахин сэгсрэв. Мөнгө хураагч дургүйцэн:
-Тэгвэл тоолоод үз л дээ. Энэ чинь 15 пфенниг /задгай мөнгө/ байна. Таван пфенниг дутуу байна шүү дээ гэв.
Эйнштейн халаасаа онгичоод, үнэхээр дутсан мөнгийг олжээ. Түүний хувьд эвгүй байсан ч мөнгө хураагч инээгээд “Зүгээр ээ, өвөө, зүгээр л тоо мэддэг байх хэрэгтэй” гэжээ.
Нэг удаа Берлин хотын патентын товчооноос Эйнштейнд том дугтуй гардуулжээ. Дугтуйн дээр Тинштейн хэмээх нэгэн танихгүй хүнд бичсэн ойлгомжгүй юм байхыг хараад тэр дугтуйг хогийн сав руу чулууджээ. Гэтэл тэр дугтуй дотор Эйнштейнийг кальвины баярт урьсан урилга, түүнд Женевийн их сургуулийн хүндэт докторын зэрэг олгосон тухай мэдээлэл байсан нь хожим мэдэгджээ.
Энэ тохиолдлын талаар Э.Дюкас, Б.Хофман нар “Альберт Эйнштейн хүнтэй л адилхан” гэсэн номд дурджээ. Тэд энэ номоо Эйнштейний урьд хэвлэгдээгүй захидлуудыг үндэслэн бичсэн билээ.
Бүтэлгүй хөрөнгө оруулалт
Эйнштейн харьцангуйн ерөнхий онол гэсэн дээж бүтээлээ 1915 онд Берлин хотод дуусгав. Энэ онолд орон зай, цагийн тухай цоо шинэ төсөөлөл гаргажээ. Энэ бүтээлд бас таталцлын талбай дахь гэрлийн туяаны хазайлтыг урьдаас хэлснийг хожим Английн эрдэмтэд баталсан байна.
Эйнштейн физикийн салбарт 1922 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Гэхдээ Нобелийн шагналыг өөрийн суут онолоор биш, харин гэрэл зургийн нөлөөг /гэрлийн нөлөөгөөр зарим бодисоос электронууд шахагддаг/ тайлбарласнаар авсан түүхтэй. Эрдэмтэн дорхноо л дэлхий дахинд алдаршив. Тэрээр Нобелийн шагналынхаа ихэнх хэсгийг АНУ-д хөрөнгө оруулсан ч эдийн засгийн Их бууралтын үеэс болоод бараг ихэнхийг нь алдсаныг хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн эрдэмтний захидлуудад дурджээ.
Тэрбээр эрдэмтний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн ч байнга мөрдөн хавчигдаж байсан нь үндэс угсаанаасаа төдийгүй, милитаризмын эсрэг үзэл бодлоосоо болж байлаа. “Дайныг эсэргүүцэх миний үзэл надад бүр зөн совингоороо төрсөн. Учир нь хүн алах нь жигшүүрт хэрэг. Миний хандлага ямар нэг хийсвэр онолд биш, харин ямар нэг харгис хатуу, үзэн ядах үзлийг туйлаас эсэргүүцэхэд үндэслэсэн юм” гэж эрдэмтэн дайныг эсэргүүцдэг байр сууриа тайлбарлажээ.
Эйнштейн гадаад орнуудаар аялахаар 1922 оны эцсээр Германаас явав. Тэр Палестинд очоод Иерусалимд еврейн их сургуулийг ёслол төгөлдөр нээв. “Хэлээ гаргасан Эйнштейн” гэсэн нэртэй алдартай гэрэл зураг энэ үеийнх юм.

“Манхэттений төсөл”-өөс хасагдсан нь
Энэ хооронд Германд улс төрийн байдал улам түгшүүртэй болов. Нэг удаа эрдэмтнийг Берлиний их сургуульд лекц уншиж байхад харгис үзэлтэй оюутнууд түүнийг лекцээ таслан, тинхимаас гарч явахад хүргэжээ. Удалгүй нэг сонинд эрдэмтнийг алахыг уриалсан уриалга нийтлэгдсэн байна. 1933 онд Гитлер засгийн эрхэнд гарав. Тэр жил Альберт Эйнштейн Герман улсаас бүрмөсөн явахаар шийдсэн бөгөөд Пруссийн Шинжлэх ухааны академиас гарч байгаагаа 1933 оны гуравдугаар сард мэдэгдэж, төдхөн АНУ-д очиж, Пристон хотын физикийн суурь судалгааны хүрээлэнд ажиллажэхэллэ. Гитлер засгийн эрхэнд гарснаас хойш эрдэмтэн Германд дахиад очоогүй гэдэг.
Эйнштейн АНУ-ын харьяат болсон ч Швейцарийн иргэн хэвээр байв. Тэрбээр 1939 онд Ерөнхийлөгч Рузвельтэд бичсэн захидалдаа гарын үсгээ зуржээ. Захидалд нацистууд цөмийн зэвсэг бүтээх аюултай байгааг өгүүлсэн байв. Эрдэмтэд Рузвельтын тусын тулд тийм зэвсэг бүтээх талаар судалгаа хийж эхлэхэд бэлэн байгаагаа захидалд бас заажээ.
Эл захидлыг “Манхэттены төсөл” хэмээх хөтөлбөрийн үндэс болсон гэж үздэг. Энэ хөтөлбөрийн үед атомын бөмбөг бүтээж, 1945 онд Японд хаясан байна. Эйнштейн “Манхэттены төсөлд” оролцсоноо зөвхөн энэ захидлаар хязгаарлажээ. Түүнийг АНУ-ын коммунист бүлгүүдтэй холбоотой гэж илчлэн 1939 онд Засгийн газрын нууц ажилд оролцуулахаас холдуулсан аж.

Ерөнхийлөгчийн тушаалаас татгалзав
Эйнштейн амьдралынхаа сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийг дайныг эсэргүүцэгчийн үзэл бодлынхоо үүднээс харах болов. Тэрбээр дэлхийн өөр хэд хэдэн том эрдэмтдийн хамт орон бүхний засгийн газарт хандаж, устөрөгчийн бөмбөг хэрэглэх нь аюултайг анхааруулж байлаа. Тэрээр нас дээр гарсан хойноо улс төрд хүчээ сорих боломж таарсан нь Израилийн Ерөнхийлөгч Хаим Вейзманн 1952 онд нас барахад Израилийн Ерөнхий сайд Давид Бен-Гурион Эйнштейнийг улсын Ерөнхийлөгчийн тушаалд ажиллахыг урьсан гэдэг. Ерөнхий сайдын хүсэлтэд аугаа их физикч “Израилийн саналд би сэтгэл ихэд догдоллоо. Гэвч энэ саналыг хүлээж авч чадахгүй байгаа нь харамсалтай” гэж хариулжээ.
Дэлхийг сөнөөх нууцаа авсандаа...
Аугаа их эрдэмтэн нас барсныг нууцалжээ. Эйнштейнийг оршуулсныг цөөхөн хүн мэдэж байв. Түүнийг нас барахынхаа өмнө шатаасан бүтээлийнх нь цурмын хамт оршуулсан гэсэн домог бий. Тэдгээр бүтээл нь хүн төрөлхтөнд хор уршиг тарьж мэднэ гэж Эйнштейн үзсэнтэй холбоотой. Эйнштейний авсандаа авч орсон нууц үнэхээр дэлхийг орвонгоор нь өөрчилж мэдэх байсан гэж судлаачид үздэг юм. Энэ нь шинжээчдийн үзснээр эрдэмтний сүүлчийн судалгаатай жишвэл хүүхдийн тоглоом шиг санагдах бөмбөгнөөс ч аймаар зүйл байв.

Харьцангуйн онолыг харьцангуйгаар үзэх нь
Аутаа их эрдэмтэн таалал болоод хагас зуун жил гаруй хугацаа өнгөрсөн ч түүний харьцангуйн онолын талаар мэргэжилтнүүд одоо хэр маргасаар байгаа. Зарим нь энэ онол бүтэшгүй гэж батлахыг оролдож байна. Түүгээр ч барахгүй “тийм ноцтой асуудал шийдэхийг зүүдэндээ харж болохгүй” гэж үздэг хүн ч байна. Эйнштейний онолыг Оросын эрдэмтэд ч няцаах болсон. Тухайлбал, Москвагийн улсын их сургуулийн профессор Аркадий Тимирязев “харьцангуйн онолын туршилтын нотолгоог өгч -Нарны ойролцоох туяаны тахирал, таталцлын талбай дахь солонгон задрагын шугамын байрлал,
Буд гаригийн хөдөлгөөний шилжилт
нь харьцангуйн онол үнэн болохын нотолгоо биш ээ”‘ гэж бичсэн байна.
Зөвлөлтийн өөр нэг эрдэмтэн, Оросын Шинжлэх ухааны академийн академич Виктор Филиппович Журавлев харьцангуйн ерөнхий онол ертөнцийг үзэх үзлийн үүднээс тун эргэлзээтэй. Учир нь энд цэвэр философийн бүрдэл зүйл үүрэгтэй юм гэж үзэж байв. “Та бүдүүлэг материализмын байр суурин дээр байгаа бол ертөнц тахирласан гэж нотолж болно. “Та Пуанкарегийн позитивизмыг дэмжиж байгаа бол энэ бүхэн зөвхөн хэл болохыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр үед Л.Бриллюены нотолгоо зөвдөнө, орчин үеийн космологи нь /одон орончдын ажиглалтад хамаарсан нийт ертөнцийн ерөнхий зүй тогтлын тухай сургаал/ домог зохиосон хэрэг болно. Ямар ч тохиолдолд релятивизмийг /Бидний бүх мэдлэг тувт харьцангуй байдаг шигээр үзэж, бодит үнэнийг танин мэдэх боломжийг үгүйсгэдэг арга зүйн зарчим/ тойрсон дуулиан шинжлэх ухааны биш, улс төрийн үзэгдэл юм.
Биологийн ухааны дэд доктор, кавказ цацагт хяруулын /улар/ хувьслын тухай эрдэм шинжилгээний зэрэг горилох зохиол бичсэн, Анагаах ухаан техникийн олон нийтийн танхимын гишүүн Жабраил Базиев тухайлбал, Эйнштейний харьцангуй онолыг няцаасан физикийн шинэ онол боловсруулснаа хэдэн жилийн өмнө мэдэгджээ. Базиев гэрлийн хурд тогтмол хэмжээтэй /секундэд 300 мянган километр/ биш, харин долгионы уртаас хамаарах бөгөөд тухайлбал, гамма-цацрагийн тохиолдолд секундэд 5 сая километрт ч хүрч болно гэж мэдэгдсэи байна. Базиев долгионы нэг уртын /үзэгдэхүйц үелзлээр нэг өнгийн/ уртын гэрлийн туяа тархах хурдыг хэмжсэн туршилт хийж, цэнхэр, ногоон, улаан туяаны хувьд олон янзын утгыг гаргаж авав. Харьцангуйн онолд гэрлийн хурд тогтвортой байна гэж үздэг билээ.
Тэгвэл физикч эрдэмтэн Виктор Саврин харьцангуйн онолыг няцаасан гэх Базиевын онолыг “шал дэмий зүйл” гээд, тэр хангалттай мэргэшилгүй, юуг няцааж байгаагаа өөрөө ч мэддэггүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл (1)