Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн 31 настай Бадрал гэгч “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “Ice” буюу мөс гэх мансууруулах төрлийн бодисыг өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлээр оруулж ирсэн хэрэг явдал шуугиан тарьж байв.
Учир нь Бадрал Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалын ахлах байцаагч ажилтай С.Норжинсүрэнгийн хүү байсан нь анхаарал татсан юм. “Буяныг гаргахгүй, Бузрыг оруулахгүй” гэсэн уриатай гаалийн хамгийн онцгой цэгт албан үүрэг гүйцэтгэдэг байцаагчийн хүү хар тамхины хэрэгт холбогдсон нь хил гаалийн хяналт шалгалт ямар хэмжээнд байгааг илтгэсэн үзүүлэлт болсон.
Эх сурвалжийн мэдээллээр хятадаас шалган нэвтрэх боомтоор тамхины хайрцган дотор хар тамхи хийж оруулж ирэхдээ үйлдэл дээрээ баригдсаар атал нийслэлийн Прокурорын газраас сэжигтэн Бадралыг хорьж шалгахгүй гэж шийдсэн нь олон хүнийг хардахад хүргэж байгаа юм. Учир нь Бадралын аав цагдаагийн хурандаа цолтой, олон жил цагдаагийн албанд хүчин зүтгэж байгаад таван жилийн өмнө өндөр насны тэтгэвэртээ гарсан нэгэн гэдгийг хэлэх хүн ч байна.
Түүнчлэн хүү нь Замын-Үүдээс баригдаж ирсэн даруйд л ээж нь болох гаалийн ахлах байцаагч С.Норжинсүрэн ч танил тал, хурандаа нөхрийнхөө нөлөөг ашиглаж хүү Бадралыгаа Цагдан хорих 461 дүгээр ангиас сулласан нь хэргийг замхруулахаар улайрч сууна.
Монголд өвс татаад мансуурч баригдсан хүүхдүүдийг шууд л хорих руу ачдаг. Угаасаа хар тамхины хор хөнөөл их учраас ингэж хорьж цагдан шалгахаас өөр аргагүй гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Нөгөөтэйгүүр хар тамхины бизнес, хэрэглээ газар авч бүлэг зохион байгуулалтад орж, хэрэг нь далд хэлбэрт үйлдэгддэг учраас энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийг маш нарийн шалгаж байж бусад гэмтнүүдийг илрүүлэх боломж бүрддэг юм.
Гэтэл бүхэл бүтэн улсын хил гаалиар хар тамхины төрлийн бодисыг оруулж ирээд үйлдэл дээрээ баригдсан Бадрал сул чөлөөтэй гудамжаар хэсч яваа нь хууль хэнд үйлчилж буйг тодхон харуулсан баримт болж байна.
Н.Түвшинжаргал
Сэтгэгдэл байхгүй байна