Mzinho "The MongolZ" багаас гарч, Senzu-тэй нэгдлээ

Mzinho

Counter-Strike 2 (CS2) төрлийн цахим спортын BC Game Esports баг Монголын шилдэг тоглогч Mzinho буюу Б.Аюушийг бүрэлдэхүүндээ элсүүлснээ албан ёсоор мэдэгдлээ.

19 настай Б.Аюуш мэргэжлийн тоглогчийн карьераа 2020 онд эхлүүлсэн бөгөөд 16 нас хүртлээ дунд түвшний дөрвөн багийн бүрэлдэхүүнд тоглож байжээ. Улмаар 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр The MongolZ багт нэгдсэнээр олон улсын тавцанд тогтмол өрсөлдөх болсон юм.

Тэрээр The MongolZ багийн бүрэлдэхүүнд гурван жилийн хугацаанд хүчин зүтгэхдээ дэлхийн аваргын тэмцээнд нийт таван удаа оролцсон. Мөн 2025 онд болсон BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд багийнхаа хамтаар дэд байр эзэлж, тухайн жилдээ CS2-ын олимп хэмээн нэрлэгддэг Esports World Cup 2025 тэмцээнд аваргын цом хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Үүнээс өмнө, өнгөрсөн сард Монголын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаяр мөн BC Game Esports багт албан ёсоор элссэн. Ингэснээр өмнө нь The MongolZ багт хамт тоглож байсан Senzu болон Mzinho нар дахин нэг багийн төлөө хүчээ нэгтгэн тоглохоор болж байна.

Энэ талаар BC Game Esports багийн гүйцэтгэх захирал Али Муханнед ярихдаа, "Б.Аюушийг багтаа элсүүлэхийн тулд М.Азбаяр маш их ятгасан" хэмээн онцолжээ.

Ийнхүү BC Game Esports багийн үндсэн бүрэлдэхүүн бүрэн бүрдэж, ирэх намраас эхлэх олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох бэлтгэлээ базааж эхлэх юм. Одоогийн байдлаар тус баг дэлхийн чансааны 908 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд Монголын хоёр тоглогчийн хувьд шинэ багтаа бүхнийг шинээр эхлүүлэх боломж бүрдэж байна.

BC Game Esports багийн бүрэлдэхүүн:

  • Украины s1mple буюу Александр Костылиев
  • ОХУ-ын electroNic буюу Денис Шарипов
  • Монгол Улсын Senzu буюу Мөнхболдын Азбаяр
  • Данийн Magisk буюу Эмил Рейф
  • Монгол Улсын Mzinho буюу Батболдын Аюуш
  • Польшийн TaZ буюу Виктор Войтас (дасгалжуулагч)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026