Холливудын домогт жүжигчин Том Хэнкс өнөөдөр 70 нас хүрлээ

Холливудын домогт жүжигчин Том Хэнкс өнөөдөр 70 нас хүрлээ

Хошин дүрээс эхлээд драмын киноны оргил бүтээлүүдийг амилуулж, хоёр жил дараалан “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Холливудын нэрт жүжигчин Том Хэнкс Дэлхийн кино урлагийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг гэгддэг. Томас Жеффри Хэнкс 1956 оны долдугаар сарын 9-нд АНУ-ын Калифорни мужийн Конкорд хотод төрсөн. Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд бөгөөд эцэг эх нь түүнийг бага байхад салсан тул аавынхаа гар дээр өсжээ.

Бага насандаа олон хот дамжин нүүдэллэн амьдарсан нь хожмын жүжигчний амьдралын үзэл бодолд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Ахлах сургуулиа төгсөөд Чабот коллежид театрын чиглэлээр суралцаж, дараа нь Калифорнийн Улсын Их Сургуульд (Сакраменто) шилжин элсэн орсон ч мэргэжлийн театрт ажиллах боломж гарснаар сургуулиа дуусгалгүй тайзны урлагийг сонгосон байна. Түүний жүжигчний замнал театрын тайзнаас эхэлж, 1980 онд “Bosom Buddies” телевизийн инээдмийн цувралд тоглосноор олны анхааралд өртжээ. Харин 1984 оны “Splash”, 1988 оны “Big” кинонууд түүнийг Холливудын шинэ од болгон тодруулсан юм. 1990-ээд онд Том Хэнкс дэлхийн хэмжээний супер од болж, “Philadelphia” (1993), “Forrest Gump” (1994) кинонуудаар хоёр жил дараалан “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн цөөн уран бүтээлчдийн нэг болсон. Мөн тэрээр долоон “Эмми”, дөрвөн “Алтан бөмбөрцөг” зэрэг олон улсын нэр хүндтэй шагналын эзэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, Кеннедигийн төвийн хүндэт шагналаар шагнагдсан юм. Том Хэнксийг хамгийн ихээр “Форрест Гамп”, The Green Mile, Saving Private Ryan, Cast Away, мөн хүүхэлдэйн “Toy Story” киноны Вүүдигийн хоолойгоор нь сайн мэддэг. Эдгээр бүтээлүүд телевиз болон видео зах зээлээр олон удаа гарч байв. Том Хэнкс жүжигчин төдийгүй найруулагч, продюсер, зохиолчийн хувиар идэвхтэй ажилласаар байгаа бөгөөд дэлхийн кино урлагийн амьд домгуудын нэг хэмээн үнэлэгддэг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026