Т.Ариунаа трэндийг дагадаггүй трэндийг бий болгодог гал цогтой уран бүтээлч. Зөвхөн энэ удаагийн хувцаслалтын донжыг нь л харчих. Эхнэр ч юм уу хатны хувцас, бүр тоорцог ч духдуулан дэгжирхэх болсон нь моод эргэдгийн жишээ гэлтэй.
Хатны сүнс шиг хачин маягийн зохимжгүй нь ч байна. Т.Ариунаа энэ хувцсыг зүгээр л асааж байна. Тэгээд бүжсэн, “Үггүй мордсон чи минь” дуун дээрээ. Танхилхан ялдамхан, зөөлөн гунигтай, халуухан энхрийхэн мэдрэмж, цээжин дотор гал асааж орхидог доргио Т.Ариунаа Ардын жүжигчин цолоор шагнуулахаар болсон.
Тэр нэг ч сул зогсдоггүй. Цөцгий нүдэн хоосон талимаарсан харцаар үзэгчдээ ширтдэггүй. Нийт 13 тоглолт хийсэн, Төв цэнгэлдэхэд 3 дахь бүрэн хэмжээний тоглолт хийсэн, Монголын дуучдаас гурван удаа цэнгэлдэхийг дүүргэсэн цор ганц рекордын эзэн бол Т.Ариунаа. Тэр өөрөө супер шоу. Хаа ч очсон тухайн орчин супер шоуны ертөнц болдог. Хот маягийн хэмнэл, хотын хөгжим, хот маягийн дэгжин дуучин бүсгүй ховордсон цагт Т.Ариунаа дууны урлагийн улаан хамгаалагч болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна