Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас “Өргөө” зочид буудлыг эргүүлж авсан тэр мөчөөс түүний дээр нар мандахаа больсон гэж болно. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ, Н.Энхбаяр улс төрөөс явсан ч хүү нь хөөрхөн бүсгүй нь Төрийн ордонд байж байгаа. Харин Х.Нямбаатар одоогоор үеэлийн хамт их улс төрөөс арчигдан байгаа нь энэ гэр бүлийн хувьд цөвүүн цаг.
Шинэхэн хотын дарга Б.Пүрэвдагва самар цөмж буй мэт жижиг жижиг ажил нугалан байснаа гэнэт том чулуу цохижээ. Үе үеийн хотын дарга нарт ард иргэдээс хүсэлт олноор очдог ч Ц.Анандбазар 60 жилээр өмчилж аваад байсан БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргаанд Б.Пүрэвдагва цэг тавьж зөвшөөрлийг нь цуцалж орхив.

Монголын шатахууны магнат Монголын хөлбөмбөгийн холбооны эрхэм Ерөнхийлөгч Ц.Анандбазар тийм зөөлөн боорцог биш. Ц.Анандбазар 2007 онд хувьчилж авсан энэ газар Жуковын талбайн 70 орчим хувийг хамардаг маш ашигтай байрлал. С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарт иргэд хүсэлт өгч газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байсан ч талаар болсон. Б.Пүрэвдагва тэднээс “том” байж чадах уу?

Энэ газартай өөр нэг хүмүүс нэр холбогддог нь Л.Цогзолмаа, Н.Сувд нар. Тэд тэндээ “Ээж” музей байгуулахаар ард түмнээс хандив ч цуглуулж явсан.

“Монголын саран ээж” хэмээх гоё нэртэй даржин нийгэмлэгээр ашигтай байрлалд газар авч чадсан ч ажил хэрэг болгох нь бизнесмэн хүний чадах зүйл байх л даа. Монголын цуутай сайхан хүүхнүүд ээж охин хоёр энэ газраас болж гэрэлтэй амьдралдаа толбо суулгах хэмжээнд олон жил үргэлжилсэн хэрүүлтэй явж иржээ. Анх музей байгуулах нэрээр зөвшөөрөл авсан газар Ц.Анандбазарын өмч болчихоор хэнчиг л чичлэх болно. Шинэ хотын дарга шийдэмгий байж байж ажил нь урагшилна. Газрын зөвшөөрөл цуцална аа гэдэг нь хэн нэгэн эрх мэдэлтний эсрэг тэмцэлдэн босно оо гэсэн үг. Ц.Анандбазар ба Б.Пүрэвдагвын тулааныг хэрхэн үргэлжлэхийг олон нийт амьсгаа даран харж байна.
Сэтгэгдэл байхгүй байна