Гранд сэтгүүл, 2012 он, №26
Нар шиг сайхан бүсгүй гэсэн мөртүүд утга зохиолд элбэг. Тэгвэл эрээн бараан нь дийлсэн энэ цаг үед амьдрал дээрх утга зохиолын дүр, жинхэнэ нар шиг гоо, энхрийхэн бүсгүйтэй уулзаж, ярилцлаа. Түүнээс тодорхойлж хэлэхэд бэрх, нүдэнд үл харагдах гэрэл, гэгээ, аз жаргал цацрах юм билээ. Нар л ийм энергитэй, хүчтэй увдистай байдаг болов уу гэх бодол төрнө. Энэ бол Г.Эрдэнэчимэг. Тодруулбал С.Жавхлангийн гэргий, хоёр хөөрхөн охиных нь ээж. Ар Монголын алдарт дуучны гэрийг гийгүүлж, дэрийг хуваалцсанаасаа хойш анх удаа тэр хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ.
С.Жавхлангийн дуу, С.Жавхлангийн амьдрал, С.Жавхлангийн алдаа... Ер С.Жавхланд хамаатай бүхэн бидэнд сонин байдаг. Учир нь тэр сонирхохоос аргагүй сэтгэлзүй, сонсохоос аргагүй хөг аялгуу билээ. Тэгвэл түүний гэргий түүнээс илүү сонирхолтой фигурүүдын нэг болсон нь үнэн юм. Зүрхэндээ хиргүй, сэтгэлдээ нартай гэргийг нь харахдаа С.Жавхлан гавьяат ямартай ч түүнийг аз жаргалтай амьдруулж байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ингээд олныã үл нуршин Г.Эрдэнэчимэгийн яриаг танд хүргэе.
-Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Мөн ч их хүлээлтийн дараа та уншигч фенүүдтэйгээ уулзаж байна. Сонин сайхан юу байна?
-Тайван даа.
-Таниас асууж сонирхох зүйл үнэндээ маш их байна л даа. Хаанаас нь яаж эхлэхээ сайн мэдэхгүй байна. Таны болоод танай гэр бүлийн талаар үргэлж л үнэн худал нь мэдэгдэхгүй дуулиан шуугиан дэгдэж байдаг. Хамгийн сүүлд гарсан мэдээлэл нь таныг үйлчин эмэгтэй болсон тухай мэдээлэл. Та ямар хариулт өгөх вэ?
-Миний эмээ дээл их сайхан оёдог. Тэднийгээ амьдралын явцад харсаар байгаад сурчихсан байдаг юм байна. Гурван жилийн өмнө анх удаа нөхөртөө цэргийн баяраар цамц оёж өгсөн. Их ч гоё таарсан. Өнгө нь гандсан хэрнээ одоо хүртэл өмсөх дуртай. Түүнээс хойш бүх цамцныхаа эсгүүрийг миний анх оёсон тэр цамцнаас авдаг болсон. Бүгдийг нь биш юмаа гэхэд охидынхоо ганц нэг баривч, дээл аавынх нь цамцыг чадах ядахаараа оёно. Учиргүй оёдолчин болсон гэх нь хаашаа юм, миний хайртай хүмүүс миний хайраа, сэтгэлээ шингээж оёсон хувцсыг өмсөх сайхан санагддаг.
-Хүний амьдрал гэж баян юм шүү. Таныг анх С.Жавхлан гавьяаттай суулаа гэхэд итгэхээсээ итгэхгүй хүн нь олон байсан. Ингэхэд яаж танилцсанаа бидэнтэй хуваалцаач? Тун ч сонин байдаг.
-Ерөнхийдөө урлагийн алтан тайз бид хоёрыг учруулсан гэж болно. Ямар нэг тоглолтод оролцоно гэдэг дуучдын хувьд том баярт оролцох гэж байгаа мэт сэтгэл догдлол төрүүлдэг. Урлагийн тайзнаа олон хүний өмнө гарна. Ойрд уулзалдаагүй дуучид уулзалдана. Уран бүтээлийнхээ сонин хачныг хуваалцана. Тэдэн дунд бид хоёр явж л байсан. Сайн байна уу, та, уран бүтээл сайн уу гэх мэтээр товчхон яриа өрнөөд өнгөрнө. Ер нь олон таван үггүй хүн шүү дээ. Ийм мэндийн зөрөөтэй, товчхон яриатай олон ч дайралдсан. Нэг мэдэхэд л сэтгэл татагдсан байсан. Магадгүй хувь тавилан биз. Урт удаан цаг хугацаанд үүсэж, үндэслэсэн хайр гэж би боддог.

-Цаг хугацаагаар шалгагдаж, бие биенээ тэгтлээ сайн таньж, ойлгосны үндсэн дээр бий болсон хайр юм байна. Ийм хайр эвдэрч гэмтэх нь бага гэж ярьдаг. Ингэхэд таны аав ээж, ойр дотныхон яаж хүлээж авсан бол?
-Аав, ээж маань угаасаа дууг нь сонсох дуртай байсан. Ээжийн маань бүр ч их хайрладаг дуучин нь байсан. Бараг надаас илүү хайрладаг болов уу гэмээр /инээв/. Аав, ээждээ хэлэхээс өмнө хэвлэлүүд “хов хүргэчихсэн” л дээ. Мэдээж сайхан хүлээж авсан. Одоо аав, ээж хоёрын маань хайртай хүү. Үзэл бодол, тэмүүллийг нь хэнээс ч илүү ойлгодог, дэмждэг хүмүүс бол миний аав, ээж хоёр.
-С.Жавхлан гавьяат бол яах аргагүй энэ цаг үеийн Монголын баатар. Ард түмний хайртай хөвгүүдийн нэг. Харин гэргийнх нь сэтгэлийг хамгийн ихээр татаж, догдлуулсан нь юу юм бол?
-Эр хүнд байх ёстой маш сайхан чанаруудыг өөртөө багтаасан хүн. Миний хань яг л дуулж байгаа шигээ, ярьж байгаа шигээ, харагдаж байгаа шигээ тийм л сайхан эр хүн. Энэ бүх чанарууд нь намайг өөрийн эрхгүй татсан.
-“Шуранхай”-н Г.Эрдэнэчимэг, оюутан мисс, олон улсын миссийн тэмцээнд хүртэл оролцож байсан гэдгээс илүүг бид тэгтлээ сайн мэдэхгүй л дээ. С.Жавхлан гавьяатын гэргий болсноосоо хойш та нуувчинд орсон. Хүний гэргий, хоёр хөөрхөн охины ээж боллоо. Их зүйл өөрчлөгдсөн байж таарна. Гэргий байх, ээж байх танд таалагдаж байна уу?
-Таалагдахаар барах уу, энэ бол хүний ертөнцийн хамгийн сайхан мэдрэмж, хамгийн дээд жаргал. Ээж болох, айлын гэргий болох, нөхрөө халамжлах. Манайхыг зорьж ирсэн хүмүүсийг сайхан дайлж цайлах. Энэ бүхэн бүгд аз жаргал.
-Ээж болсон үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Жижигхээн хөөрхөн охин минь гарна гэхээр маш их догдлоод. Төрөх гээд тэвчихийн аргагүй өвдөж байгаад хүүхдээ төрүүлээд энгэртээ тэвэрхэд юутай ч зүйрлэх аргагүй тийм сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Магадгүй зөвхөн энэ мэдрэмжийг амсахын тулд эмэгтэйчүүд дахин дахин төрдөг юм шиг ээ. Харин сүүлийн үед байгалийн жамаараа төрөх нь ховордсон. Тэдгээр хүмүүс хорвоо дээрх хамгийн гоё тэр мэдрэмжийг мэдэхгүй өнгөрнө гэхээр надад хайран санагддаг.
-Таныг охидоо төрүүлэхдээ эртний монгол ёс жаягаар хөдөө хээр араг түшиж төрсөн тухай хэвлэлүүд мэр сэр бичдэг. Энэ тухай та л чухам үнэнийг хэлэх байх.
-Хэрвээ би өвчин туссан бол эмнэлгийг зорих байсан байх л даа. Харин хүүхэд төрүүлнэ гэдэг хорвоогийн жам. Хүн хаана ч төрдөг. Ганцаараа хээр гадаа явж байгаад ч төрчихсөн хүмүүс байдаг. Америк, Солонгост очиж төрөх эхчүүд ч байдаг. Энэ бүгдийн эцэст хүүхэд төрдөг нь үнэн.

Надад хаана төрөх нь огт сонин биш, харин тэр эрхэм хүнийг хүлээж авна гэдэг л маш сонин байсан. Манайд нэг араг байдаг юм. Төрөхөд ээж, эмээ нар маань хажууд байсан. Тэд маань араг түшихээр хүч нь арай багасдаг дом байдаг гэсэн. Араг түшиж төрсөн маань үнэн.
-Үнэхээр мундаг юм аа. Мэдээж эмнэлгийн эмч ажилтнууд ч байсан байх?
-Байлгүй яахав. Дөч гаруй жил олон мянган хүүхэд эх барьж авсан мундаг эмч нар гээд амаржихад байх хэрэгтэй бүх хүн, мөн орчин бүрдсэн байсан. Хайртай ээж, эмээ, ханийхаа хайр халамж дунд нярайлж, амаржина гэдэг том аз жаргал байсан шүү.
-Тэрсхэн охидыг өсгөж хүмүүжүүлэхэд тань хэн тусалж байгаа вэ? Гэрийн үйлчлэгч бий юу?
-Аав нь тусална. Хоёулаа өсгөж байна. Хааяа дүү нар маань тусална. Би хувьдаа хүүхэд асрагчийг хэзээ ч сайшааж үздэггүй. Тийм нандин, эрхэм амьтдыг гадны хүнээр харуулж, асруулна гэдэг их л харгис юм шиг санагддаг ш дээ. Ямар ч хүн хүүхдийг эцэг шиг нь, эх шиг нь чин сэтгэлээсээ хайрлаж, мэдэрч чадахгүй. Хайр бол хүүхдэд зөв хүмүүжил, зөв ирээдүй бэлэглэх хамгийн чухал зүйл. Ямар ч ажилтай байсан хүүхдүүдээ өөрсдөө өсгөнө гэж манай гэр бүл үздэг.
-Охид тань овоо том болсон байх. Ингэхэд эгч дүү хоёртой танилцаж болох уу? Их өвөрмөц нэртэй...
-Том нь Үжингүнж, бага нь Өдрийнцолмон. Аавынх нь өгсөн нэрс. Үжингүнжийн тухайд бидний ууган охин эрх танхил байх болов уу гэж бодож өгсөн байх. Нарийн учир билэгдлийг аав нь хэлэх байх.
-Өдрийнцолмон гэхээр өдөр төрсөн байх нь уу?
-Өдөр төрснөөс гадна өдрийн одноос ч ховорхон тийм сайхан охин болоорой гэж билэгшээсэн.
-Хэр дүрсгүйтэж байна?
-Ер нь сахилгагүй шүү. Том бол нэлээн дүрсгүй. Бага нь одоохондоо мэдэгдэхгүй л байна.

-Та хоёр хэдэн хүүхэдтэй болъё гэж төлөвлөж байна вэ? Энэ талаар ярилцсан уу?
-Хүмүүс ярихдаа Жавхлан, Эрдэнэчимэгийг 15 хүүхэд төрүүл гэж тушаасан гэсэн утгатай инээдтэй яриа байдаг гэсэн. Үнэндээ энэ тухай яриа ер болоогүй. Хэзээ, ямар хэдэн хүүхэдтэй болохыг бид хоёр ч мэдэхгүй. Зураг төөргөөрөө болно биз.
-Гэр бүл болоход хамгаас чухал зүйл бол хосууд адилхан үзэл бодолтой байж, бие биенээ ойлгох байдаг. Нөхрийн тань хэт үндэсэрхэг үзэл, байнга монгол дээл өмсдөг соёл тэргүүтэн танд заримдаа тээртэй санагдах үе байх уу?
-Надад бол хэт үндсэрхэг ч санагддаггүй. Монголоо бүтнээр нь хайрлаж чаддаг хүн. Зарим хүмүүст л тэгж санагддаг байж болох юм. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг гэдэг шүү дээ. Хэрвээ миний ханийн жинхэнэ сэтгэлийг ойлговол над шиг л бодолтой болно. Магадгүй би ч өөрөө эх оронч, үндсýрхэг үзэлтэй хүн биз. Монгол эх орныхоо төлөө зориг зүрх гаргаж байгаа маш цөөхөн хүн байдаг. Би хувьдаа Монголд ийм хүн төрсөнд баярладаг. Бид азтай байна. Монгол маань амар амгалан болох цаг ирнэ гэдэгт итгэдэг.
Дээл хувцасны тухайд угаасаа монгол дээл хувцас монгол хүнд маш сайхан зохидог. Миний хувьд монгол дээлтэй миний хань эршүүд, сайхан харагддаг. Бараг нүүрээ будчихсан, бариу өмд өмссөн эмэгтэйлэг залуу миний нөхөр байснаас сайхан монгол хувцастай залуу байх нь сайхан л байна ш дээ. Энэ бидний язгуур соёл шүү дээ.
-Тэгвэл улс төржиж, сонгуульд хүч үзэхэд нь та ямраар хүлээж авсан бэ? Ард түмэн бол чин үнэндээ хайртай дуучнаа улс төр гэгч бохир ертөнцөөс харамлаад байгаа нь анзаарагддаг.
-Улстөрчид Монголыг минь зараад, ухаад, сүйтгэж байгаад маш их харамсдаг. Малчид, мал ихээр хэлмэгдэж байна. Тэд биднийг сайхан амьдруулж байна уу гэвэл үгүй. Хэрвээ тэд ажлаа сайн хийгээд, бидэнд тайван сайхан амьдрах боломж олгодог бол бид сайхан дуугаа дуулаад явмаар л байна. Өнөөдөр бид ямар нийгэмд, ямар орчинд яаж амьдарч байгаа билээ. Улс төржиж байна гэхээсээ эх орныхоо төлөө л яваад байгаа хүн. Тиймээс би эсэргүүцдэггүй, хориглодоггүй. Зөвхөн сайн сайхныг, амжилтыг ерөөгөөд сууж байдаг.
-Үнэхээр та аз жаргалтай байгаа нь нүднээ ил байна. Ингэхэд таньтай хувь хүний тань тал дээр илүү ойртож танилцмаар байна л даа. “Шуранхай”-н Эрдэнэчимэг, сүүлд уртын дууч, за баñ миссийн титэм зүүж байсан, дуучин Жавхлангийн гэргий болсон гэдгээс илүү сайн мэддэггүй л дээ. Та өөрийнхөө тухай бас яриач. Бага нас, аав ээжийнхээ тухай.
-Архангай аймгийн Тамирын голын хөвөөн дээр төрж, тоглож өссөн. Аав маань сайхан дуулдаг хүн байдаг. Ээж маань багш. Хоёр эгч, нэг эрэгтэй дүүтэй. Манайх зундаа зусланд гардаг. Зунжин үнээ, гүү, хонь ямаа саана. Морь унана. Бага нас минь ингэж өнгөрсөн болохоор сайхан бүхэн хөдөө байдаг гэж боддог.

Би багадаа дуулах дуртай, сургуулийнхаа концертуудад их оролцдог охин байсан. Аав ээж маань ч урлагт дуртай, дуучдыг чин сэтгэлээсээ, өр зүрхнээсээ хайрладаг нь намайг урлагийн замд хөтөлсөн. Ээж маань миний охин дуугаа дуулаад л явж байвал сайхан гэж ярьдаг. Ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж яваадаа баярладаг.
-Магадгүй Жавхлан гавьяатад таниас өөр олон сонголтууд байсан байх. Эсрэгээрээ танд ч ялгаагүй. Тэдэн дундаас бие биенээ олж ханилахад чухам энэ монгол ахуйдаа ойр дотно сэтгэл, язгуур соёлоо дээдэлдэг чанар тань та хоёрыг дурлалцахад хүргэсэн юм болов уу. Эсвэл заяаны ханиуд бие биенээ олсон нь энэ үү?
-Бие биедээ татагдах том хүч байсан учраас бид хоёр учирч, ханилсан байх. Таны хэлдгээр хувь төөрөг ч юм билүү. Түүнээс биш намайг хөдөө ахуйд хайртай гэдгийг энэ зун хөдөө зусахаас өмнө тийм ч сайн мэддэггүй байсан.
-Зуслан гэснээс хаана зуншив?
-Энэ зун бид дөрөв Архангайд гэрээ бариад зусланд гарчихаад ирсэн. Айраг цагаан дээр үнээ, гүү саагаад, орсон гарсан хүнд сайхан айргаа аягалж өгөөд мартагдашгүй нэг зуныг өнгөрүүллээ. Гол нь хүүхдүүдээ агаар салхинд гаргаж, цагаан идээн дээр байлгах нь чухал байсан. Монголын их амар амгалан тэнд л байна.
-Нүүрэнд нь аз жаргал, нүдэнд нь хайр бялхсан таниас би хайрын тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь? Хайр гэж юу юм бол?
-Хайр гайхамшигтай аз жаргал, асар их хүч. Тийм ч учраас нэг нэгнийхээ бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрч хайрлан, хамгаалах мэдрэмж аяндаа төрдөг. Хайрыг байнга усалж, тордож байх хэрэгтэй. Бүл нэмэх тусам хайр улам их болдог нь хамгийн сайхан.
-Гэр бүлтэй Г.Эрдэнэчимэг, ганц бие байсан Г.Эрдэнэчимэгээс чухам юугаараа өөрчлөгдсөн бол? Энэ өөрчлөлтүүд танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Мэдээж олон зүйл өөрчлөгдсөн. Амьдралд хандах хандлага, аз жаргалын тухай ойлголт маань өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтүүд намайг тайван, дулаан, аюулгүй, бүх зүйл дүүрэн болсон мэдрэмжийг төрүүлдэг. Би үүнийгээ Монголын их амар амгалан гэж боддог /инээв/.

-Ойр ойрхон хоёр төрөлт. Хэр их жин нэмсэн бэ? Гурван жилийн өмнө таньтай уулзахад ийм байсан, хэвээрээ байхаар барахгүй улам ч гоо үзэмж нэмсэн харагдаж байна.
-Жирэмсэн болоод ганц өөрийн биеэ бодсонгүй. Хамгийн гол нь надаас эрүүл чийрэг хүүхэд гарах ёстой гэж хичээсэн. Нэлээн их жин нэмсэн шүү. Эрүүл чийрэг хүүхэдтэй болох шиг жаргал эх хүнд байдаггүй. Хүүхдүүдээ асраад буцаад жиндээ орсон.
-Ер таныг харж байхад хөдөө төрж өссөн гэхээргүй цэвэрхэн арьстай, гоо үзэмж төгс. Гоо сайхны тань нууц юу вэ?
-Ёстой нууцсаад байх юм байхгүй. Сэтгэлдээ хар буруу санахгүй болохооор өөрт тээргүй сайхан байдаг.
-Урлагийн тайзаа ингэхэд хэр үгүйлж, санаж байна?
-Мэдээж маш их санаж байна. Би ер нь тоглолтын хувцсаа өмсч тайзан дээр гарахдаа маш гоё мэдрэмж авдаг. Хийморь сэргэж байгаа мэт. Удахгүй маш гоё, сэтгэлдээ зуун хувь таалагдсан уран бүтээл хийж тайзан дээрээ гарна.

-Өнгөрсөн жил таныг С.Жавхлан гавьяаттай хамтарч уран бүтээл туурвиж, тэр байтугай тоглолт хийх тухай яриа гарсан. Энэ үнэн үү? Ер нь та хоёр хамтарч уран бүтээл хийх талаар ярилцдаг уу?
-Хамтарч хийх яриа байгаа ч одоохондоо сэтгэлд хүрсэн уран бүтээл олдохгүй байна. Хаана ямар сайн бүтээл гарах бол гээд хараад, ажиглаад, хайж эрээд явж байна. Олдвол хамтарч уран бүтээл хийнээ.
-“Шуранхай” бол Монголын урлагийн ертөнцөд мэндэлсэн нэг шинэ давалгаа гэж би боддог. Уртын дууг орчин үеийн залууст ойртуулах тал дээр том нөлөө үзүүлсэн. Та тайзнаас холдсоноор “Шуранхай” ч байхгүй боллоо. “Шуранхай”-н хувь заяа таниас шалтгаалаад байх шиг?
-“Шуранхай” бол хамтлаг биш шүү дээ. Бид гурав нэг багшийн шавь нар. Маш сайн найзууд. Нөхөрлөлөө бататгаж нэг уран бүтээл хийе гэж шийдээд “Цомбон туурайтай хүрэн” дууг хоолой салгаж дуулснаар “Шуранхай”-н түүх эхэлсэн гэж болно. Хамтарсан тоглолт хийсний дараа хэвлэлийнхэн “Шуранхай” хамтлаг гээд нэрийдчихсэн. Мэдээж боломж олдоод цаг нь болохоор бид гурав хамтын уран бүтээлээ үргэлжлүүлэх байх.
-Таны уран бүтээл болоод хувийн амьдралд улам их амжилт, аз жаргал хүсье. Их хүлээлтийн дараа илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Ярилцсан М.Уранчимэг
Сэтгэгдэл байхгүй байна