"Магнай трейд"-ийн Р.Ганзоригийн хүү Дашка 3 өдөр үргэлжилсэн их хурим найр хийж, шинэ стандарт тогтоож байв

Гранд сэтгүүл, 2017 он, №98

Хөдөөгийн, энгийн нэг бензин колонкийн эрхлэгч Их хуралд хопхийтэл ороод ирж байгаа юм. Тэгэхэд тэр бензин мааслыг нь оруулж ирдэг хүн хэр зэрэг бэл бэнчинтэй болохыг тооцоод ч хэрэггүй биз дээ.

Манай нефтийн толгой импортлогчдын нэг “Магнай трейд”-ийн Р.Ганзориг ноёнтон чухамхүү бэл бэнчингээ бишрүүлэх гэсэн шиг хүүгийнхээ хуримыг 3 өдөр хийсэн дуулиан одоо болтол тасраагүй байна. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд падгүй гэдгийг энэ тохиолдолд ёстой ам бардам хэрэглэж болно. Хэр их хөрөнгө зориулж, хичнээн ач холбогдол өгснийг ч төвөггүй харж болно. Өөрсдийгөө баяд ноёд гээд бүр итгэчихээ юу гэж шоолох нэгэн ч байна.

Гэхдээ энэ бүхнээс илүү нь тэд мөнгөөр зодож монгол соёлыг сэргээж, гадна, дотныхонд гайхуулж чадсаан. Үүгээрээ баячуудын хүрээлэлд хуримын нэгэн цоо шинэ хуудас нээж, шинэ стандарт тогтоож чадлаа.

Эхний өдөр 2017.09.02. Хуримлагч хосууд, зочидтойгоо “Континенталь” зочид буудлын гаднаас “Бенз” жийпний цуваа үүсгэн “Чингисийн хүрээ” жуулчны бааз руу хөдөллөө. Жуулчны бааз дээр бэр буулгах ёслолыг эртний хаад ноёдын дэг жаягаар үйлдэж, бэсрэг наадам хийлээ. Бүх зочид монгол дээлтэй. Бэсрэг наадамд морь уралдлаа. Бөх барилдлаа. Нум сум харвалаа. Симфони оркестр, Үндэсний их найрал тэр чигээрээ очлоо. Монголын хамаг л үнэтэй хамтлаг дуучид, поп Сараа, “Камертон”-оороо жагслаа. Хуримын 2 дахь өдөр Улаанбаатар хотод, “Шангри ла” буудалд цайллагаар үргэлжилсэн бол 3 дахь өдөр Тэрэлжийн 5 одтой зочид буудалд party-даж, ууж идэж, наргиаж цэнгэж төгсгөлөө хийв.

Ёстой нөгөө хутга тавихгүй мах идэж, хундага тавихгүй найрладаг байсан эртний ноёдын найр цэнгүүнийг бэлтэйгээрээ, хоншоортойгоороо МТ Р.Ганзориг энэ цаг үед хийсэн бус уу.

Эднийх гурван хүүтэй айл л даа. Том хүү Магнай нь тээр жил Дэнсмаа хэмээх нүд хөмсөг болсон телевизийн хөтлөгч охинтой сууж, тухайн цагтаа л цуутай, хөлтэй хурим хийж байсан түүхтэй. Харамсалтай нь хуримлагч хосууд нэг их удаагүй хоёр тийш болсон. Энэ удаагийн хурим бол удаах хүү Дашкагийнх. Гэргий нь хойд хөрш Орост сургууль дүүргэсэн Удвал хэмээх бүсгүй. Хосууд нэг хүүхэдтэй. Өөрөөр хэлбэл хурим цуутай ч энэ удаад баттай гэсэн үг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026