Монголын эдийн засгийг ердөө 5 гэр бүл дааж явдаг гэвэл та итгэх үү. “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг гэж З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа хэлж байв. Харин энэ 30 биш, ердөө 5 гэр бүл л ашиг орлого, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээгээ Монгол улсдаа толгой цохиж, жил бүр топ-100 ААН-ийн нэгээр шалгарч байна.
Тэд өнгөрсөн 2025 онд нийт 65.7 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 8.04 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 7.76 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн эдгээр байгууллагууд нийт 29.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй аж.
Монгол улсын 2026 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮31.9 их наяд байхаар баталсан. Тэгэхээр энэ төсвийн 30 хувийг 5 гэр бүл төвлөрүүлдэг болохыг дараах дата мэдээллээр танд хуваалцъя.
2025 оны ТОП-100 ААН-ийн эхний 10-т:
- Оюутолгой ХХК
- Монголын алт /МАК/ ХХК
- Хаан банк ХК
- Энержи ресурс ХХК
- Голомт банк ХК
- Худалдаа хөгжил банк ХК
- Премиум Нэксус ХК
- АПУ ХК
- НИК ХХК
- Мобиком Корпораци ХХК багтжээ.
Тэгвэл дээрх компаниудыг хэн, хэн эзэмшдэг вэ. Оюутолгой ХХК-ийн 34 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмшдэг. "Оюу Толгой ХХК" дөрөв дэх жилдээ дараалан жагсаалтын нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Харин МАК ХХК Н.Нямтайширын гэр бүлийн мэдлийнх. Эхний хоёрт багтсан эл 2 компани хоёул уул уурхайн компани. Жил бүр шилдэг 100-т багтдаг МАК-ынхан татвар төлөлт, борлуулалтын орлого, даатгуулагчийн орлого, хөрөнгийн хэмжээ гээд хувийн компаниудаас бүхий л зүйлээрээ илүүрхэж буй.
Топ-100 ААН-ээ салбараар нь ангилж үзвэл:
- Худалдааны 28
- Уул уурхайн 24
- Боловсруулах үйлдвэрийн 14
- Санхүүгийн 10
- Барилгын 7
- Үйлчилгээ 7
- Мэдээлэл холбооны 5
- Тээвэр агуулах 3
- Цахилгаан дулааны үйлдвэрлэл хангамж 1
- Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх ажиллагаа 1 компани оржээ.
Нийт ААН-ийн 86 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол 14 нь хувьцаат компани (ХК) байна.
Үүнээс Монголын баялгийг хувьдаа завшсан, идсэн гэж жил бүр баалуулдаг М-Си-Эс группийн 11 компани татвар төлөлт, борлуулалтын орлого, даатгуулагчийн орлого, хөрөнгийн хэмжээгээрээ топ-100-д шалгарч, шилдэг гэдгээ тодотгов. Нэг группийн 11 компанийн татвар төлөлт, ашиг, хөрөнгийг нийлүүлбэл мэдээж, эхний 1, 2-оосоо илүүрхэх нь мэдээж.
Тэгвэл компаниудыг толгой компаниар нь авч үзвэл:
- М СИ ЭС групп - 11
- Монголын Алт (МАК) - 4
- Шунхлай групп - 9
- Таван Богд групп - 6
- Макс групп - 3
- Петровис ойл ХХК - 2
- Номин Холдинг ХХК - 3
- Бодь Интернэшнл ХХК - 2
Эндээс Монголын эдийн засгийг “баздаг” 5 гэр бүл илхэн харагдаж байна. М-Си-Эс Ж.Оджаргал ноёнтны үүсгэн байгуулсан групп. 90-ээд онд эхлүүлсэн түүний бизнес өргөжин тэлсээр өнөөдөр салбар бүрт компанитай болж, охин компаниудаа ах, дүү, эхнэр, хүүхэд гээд гэр бүлийн хүрээнд удирдан яваа.
Уул уурхайн салбартаа бол Монголдоо ноёрхдог “Монголын Алт ХХК”-ийн босс нь Н.Нямтайшир. Тэрээр уул уурхайн салбарт бизнес хийж эхэлсэн нь өдгөө шилдэг ААН-ийн эхний байруудаас буухаа больжээ. Хүү Н.Номтойбаяр нь УИХ-ын гишүүн, Шадар сайд бол охин Н.Цэлмүүн нь группийнхээ Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Мөн л гэр бүлийн бизнес. Гуравт багтсан Шунхлай группийг өдгөө П.Батсайхан удирдан залж яваа. Монголдоо архи, согтууруулах ундааны бизнесээр ноёрхлоо тогтоосон АПУ, Шунхлай хоёр бүтээгдэхүүн боловсруулах салбартаа тэргүүлэх зэргийнх. Г.Батхүү агсан, П.Батсайхан, П.Батчимэг, П.Батхишиг гээд ах, дүү 4-ийн бүтээсэн компани өдгөө Монголдоо топ-3 багтаж байна.
Нийт 6 компани нь шилдэг 100-д багтсан “Таванбогд” групп Ц.Баатарсайхан ноёнтных. Монгол ноос ноолуураа дэлхийд экспортолдог Говь компанийг эзэмшдэг, дэлхийн пранчайз компаниудыг эх орондоо нутагшуулсан гээд түүний өнгөрсөн хугацаанд бүтээсэн хөдөлмөрийг 2021 онд үнэлж, Хөдөлмөрийн баатар цол олгосон байдаг.
Толгой компаниараа шилдэг 5-т эрэмбэлэгдсэн МАКС группийг Д.Ганбаатар болон түүний ах Д.Цэрэнжигмэд нар удирддаг. Эдний компани бизнесийн салбарт 30-аад жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүнс үйлдвэрлэл, худалдаа, хөдөө аж ахуй, зам, аялал жуулчлал, барилга бүтээн байгуулалт гээд байгуулалтын чиглэлээр салбараа түүчээлэн хөгжүүлснийтогтвортой үйл ажиллагаа явуулжээ. Д.Ганбаатар 2020 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Петровис ойл ХХК-ийг Ш.Отгонбилэг агсны хүү Э.Содбилэг хувьдаа авчээ. Угтаа 1997 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн уг компанийг хатагтай Ж.Оюунгэрэл агсан эзэмшдэг байв.
Нийслэл Улаанбаатарыг анх байгуулагдахад худалдаа эрхэлж, одоогийн Их дэлгүүрийн шавыг А.Шагдарсүрэн ноён тавьсан түүхтэй. 105 жилийн түүхтэй Их дэлгүүрийг өдгөө А.Шагдарсүрэнгийн хүү Ш.Баярсайхан үүсгэн байгуулсан “Номин Холдинг ХХК” эзэмшдэг. Ш.Баярсайхан 2024 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байв.
Монголын уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, барилга, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бодь Интернэшнл ХХК” Д.Баясгалан ноёнтны үүсгэн байгуулсан компани. Сүүлийн жилүүдэд Д.Баясгалан болон түүний компани нүүрсний оффтейк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалт, улс төрчдөд санхүүжилт болон хахууль өгсөн байж болзошгүй гэх улс төрийн болон хуулийн асуудлуудад олон нийтийн анхаарлыг татсан хэвээр буй.
Цаашлаад орлого, татвар, ашиг, ажиллагсдын тоо, хөрөнгийн үнэлгээгээрээ ямар, ямар компани орсныг харвал:
Орлого
- Оюутолгой ХХК
- ХААН Банк ХК
- Монголын Алт МАК ХХК
- Энержи Ресурс ХХК
- Голомт банк ХК
- Худалдаа Хөгжлийн Банк ХК
- Саусгоби Сэндс ХХК
- Шунхлай ХХК
- НИК ХХК
- АПУ ХК
Татвар
- Оюутолгой ХХК
- Монголын Алт МАК ХХК
- ХААН Банк ХК
- Энержи Ресурс ХХК
- АПУ ХК
- Саусгоби Сэндс ХХК
- Голомт банк ХК
- Худалдаа Хөгжлийн Банк ХК
- Шунхлай ХХК
- Алтангадас Трейд ХХК
Ажиллагсдын тоо
- Оюутолгой ХХК
- Премиум нэксус ХК
- ХААН Банк ХК
- Голомт банк ХК
- Дижитал Концепт ХХК
- Энержи Ресурс ХХК
- Монголын Алт МАК ХХК
- Худалдаа Хөгжлийн Банк ХК
- Макс групп ХХК
- Номин Холдинг ХХК
Ашиг
- Оюутолгой ХХК
- ХААН Банк ХК
- Бороо гоулд ХХК
- Голомт банк ХК
- Хан алтай ресурс ХХК
- Худалдаа Хөгжлийн Банк ХК
- Хүрэн Толгой Коал Майнинг ХХК
- АПУ ХК
- Монголын Алт МАК ХХК
- Юнител ХХК
Хөрөнгө
- Монголын Алт МАК ХХК
- ХААН Банк ХК
- Энержи Ресурс ХХК
- Худалдаа Хөгжлийн Банк ХК
- Голомт банк ХК
- Хүрэн Толгой Коал Майнинг ХХК
- Эрдэнэс цагаан суварга ХХК
- Бодь Интернэшнл ХХК
- АПУ ХК
- Болдтөмөр Ерөө Гол ХХК
2025 оны хувьд уул, уурхайн компаниуд ТОП-100 компанийн жагсаалтад нийт тоогоор хоёрдугаарт орж байгаа ч борлуулалт, татвар, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгө гэсэн бүх үзүүлэлтээр тэргүүлсэн онцгой жил боллоо. 2024 онд ашгийн бараг 50% эзэлж байсан санхүү, даатгалын салбар 2025 онд 27.7% болж буурсан байна. Харин худалдааны салбар борлуулалт, татвар, ажиллагсдын тоогоор 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байна.
2025 оны байдлаар ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт хүрч, 2024 оныхоос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өссөн байна. Үүний үр дүнд ДНБ-д эзлэх хувь нь 69 хувиас 73 хувь болж 4 нэгж хувиар нэмэгджээ.
ТОП-100 аж ахуйн нэгжийн төвлөрүүлсэн татварын хэмжээ 8.04 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.2 хувиар өссөн байна. Мөн нийт татварын орлогод эзлэх хувь нь 28 хувиас 30 хувь болж өссөн нь эдгээр аж ахуйн нэгжийн төсөвт оруулах хувь нэмэр нэмэгдсэнийг харуулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна