Т.Бат-Оргил: Өөртөө үнэнч үлдэхийг хүссэн учраас эхнэрээсээ салж, шинэ амьдрал зохиосон

Т.Бат-Оргил: Өөртөө үнэнч үлдэхийг хүссэн учраас эхнэрээсээ салж, шинэ амьдрал зохиосон

Гранд сэтгүүл, 2017 он, №101

Бид гурав дахь удаагаа ярилцлагын ширээний ард сууж байна. Анх Америкаас ирсэн даруйд нь ярилцлага авч тэртээ 2008 ондоо л авангард болж байв, тэрхүү ярилцлага. Гэхдээ зөвхөн уншдаг, гэгээтэй оюунтнуудын тухайд л даа. Энэ удаад бид Т.Бат-Оргилын удахгүй гарах анхны цомог, түүнийг дагалдсан “Жигүүртнээс дээгүүр” номын тухай, эл цогц бүтээлд шингэсэн үзэл санааны эргэн тойронд ярилцлаа. Хоёр нүүр ярилцлага хийнэ гэж ороод хоёр цаг ярилцсан нь бидний санаа, бидний зорилго нэг зүйлийн төлөө учраас халуун яриа өрнөсөн хэрэг. Хүний эр зориг, сайхан сэтгэл, жинхэнэ ёс зүй гээч юу болох тухай, нийгмийн сэхээтэн хэсэг, боловсролтой оюунлаг хэсэг үг дуу, үзэл санаагаа олон нийтэд хүргэх цаг болсон тухай тэргүүтэн “Цэнхэр оймстууд” номын маань гол үзэл санаа, гол концепци нь. Тэгвэл Т.Бат-Оргилын “Жигүүртнээс дээгүүр” ном, цомгийн үзэл санаа яг ийм ажээ. Өөрөөр хэлбэл бид нэг уулын оргил руу хоёр талаас нь мацаж яваа аж. Тийм ч учраас ярилцлага сунжирсан хэрэг. 
Эр хүний идэр сайхан бүрдэх 40 насны босгыг алхсан Т.Бат-Оргилын оюун санааны амьдрал давалгаа нүргээнтэй, олон жил боловсруулж, тээсэн бүхнээ гадагш хүчтэйгээр илэрхийлж эхэлсэн өдрүүдтэй зэрэгцэн хувийн амьдрал нь ч өөрчлөлт, давалгаатай байгаа. Энэ бүхнийг тэрээр зохих хэмжээнд бидэнтэй хуваалцлаа.

    

-Үдшийн мэнд хүргэе!  Шинэ ном, анхны CD гээд ажил их байх шиг байна. Ямар нэртэй, хичнээн уран бүтээл багтсан номтой CD бүтэх гэж байна вэ?
-12 дугаар сарын 16-нд “Жигүүртнээс дээгүүр” цомгийн нээлтээ хийнэ. Хоёр жилийн өмнөөс номоо бичиж, дууны бичлэгээ жилийн өмнөөс эхэлсэн гэхээр нэлээн удаан бүтсэн.  Хуучны 4 дуу, шинэ  11 дуу, гитарын нэг аязтай CD маань Москва хотноо хэвлэгдэх гэж байна.  Үүнээс  хоёр дууны аяыг миний найз С.Ононбат зохиосон. Анх СD-тэй ном бүтээе гэсэн санаа гаргасан. Гэвч энэ ном маань дуунаасаа хамаагүй том болсон. Ер нь өөрийн үзэж харсан, эргэцүүлж бодсон зүйлээ гаргасан, үзэл баримтлал, бодлоо илэрхийлсэн, иргэнийхээ байр суурийг илтгэсэн ном гарч байна. Монголчуудыгаа ахуйдаа нухлагдаж дарагдахаас илүү жигүүртнээс дээгүүр амьдрах ёстойг нь сануулсан, гол нь сэхээтнүүдийг хувьсгалд уриалсан. Бид сайн сайхан амьдрахын тулд хэн нэгэн өөр хүн хийх биш, бид өөрсдөө хийх ёстой. Засгийн газар, Ерөнхийлөгч гарч ирээд л бидний амьдрал өөрчлөгдөнө гэж хүлээж өчнөөн цаг алдлаа. Тэгэхээр үгүй юм байна. Засаг бол ард түмний толь, харин аль ч улсад ард түмнийг авч явдаг хүч нь сэхээтнүүд байдаг. Тухайн үндэстний сүнс нь болж явдаг хүмүүс юм. Тэд заавал баян байх, эсхүл зөвхөн боловсролтой байх албагүй. 
Сэхээтнийг хуучин цагийн тодорхойлолтоор биеийн хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс гэж хэлчих гээд байдаг.  Гэтэл үүсэл гарвал нь монгол хэлэнд “бусдын төлөө сэхээрсэн хүн” гээд байгаа юм. Сэхээтэн хүн, нэгдүгээрт, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх, хоёрдугаарт , тэр хүн мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, малчин хүн ч байж болно. Гэхдээ тэр хүн мал яаж маллах тухайгаа бусдаас илүү сайн мэддэг, яаж малаа тэжээл авахуулах, өвлийг өнтэй давдаг, хамгийн үржил шимтэй газрыг хэрхэн сонгох вэ зэргээ мэддэг чинь мэдлэг шүү дээ. Гуравдугаарт, иргэний зориг. Хамгийн наад зах нь хүнд үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Өөр дээр нь дарамт шахалт ирэхэд үгүй гэж хэлж чаддаг байх. Миний ойлгосноор эдгээр гурван ойлголт сэхээтнийг тодорхойлдог гурван чанар юм байна. Хэрвээ энэ гурвын аль нэг нь дутах л юм бол тэр хүн сэхээтэн байж чадахгүй болчихож байгаа юм. Зоригтой, боловсролтой хүн бусдыгаа бодох сэтгэлгүй бол сайнаар ярихад бэртэгчин, муугаар бодвол боловсролтой луйварчин, дээрэмчин болж хувирна. Зориг нь дутчихвал бусдыгаа гэсэн сэтгэлтэй, боловсролтой гэхдээ юу ч хийж чаддаггүй нэгэн болно. Одоо яадаг юм билээ гэж санаа зовсон сул иргэн гэсэн үг. Зориг болоод бусдыгаа гэсэн сэтгэл нь байсан ч боловсрол нь дутчихаараа баатар болчихдог. Сайн ч юм хийж магадгүй, муу ч юм хийж магадгүй, гавьяагаасаа илүү гай тарих нь их болдог. Ийм хүмүүс иргэний нийгмийн хөгжилд илүү гай авчирдаг.  Тэгэхээр сэхээтэн хүн бол  буруу юм болж байгааг харсаар байж дуугүй байдаггүй, бусдынхаа төлөө очиж зоригтойгоор дуугардаг. Өөрөөр хэлбэл, асуудал явсаар байгаад өөр дээр нь ирэхээр хүн гэнэтхэн шударга ёсны төлөө тэмцэгч болж хувирдаг биш байх ёстой. Энэ гурван шинжийг агуулсан хүн сэхээтэн юм байна гэж үндсэндээ дүгнээд байгаа юм.
Ер нь манай улс цаашид хөгжих, бид нар улс үндэстний хувьд хөгжин дэвжихийн тулд соёлын хувьсгал хийх хэрэгтэй байна. Соёлын хувьсгалыг сэхээтнүүд манлайлна. Элдэв янзын нам, төр засаг хэн ч биднийг аврахгүй. Гэхдээ сэхээтнүүдийг хэн ч урьж залахгүй, зохиомлоор гаргаж ирэхгүй. Харин сэхээтнүүд өөрсдөө бусдынхаа төлөө хүсэл эрмэлзлэлээрээ хоорондоо эвлэрэлдэж нэгнийгээ хүлээн зөвшөөрч, уучилж өршөөж, үндэсний санаа гэдэг юм бий болгох ёстой. Монголд хамгийн том гамшиг нүүрлээд байгаа нь үндэсний санаа байхгүй байна. Хүмүүс юуны төлөө амьдраад яваад байгаа юм. Зүгээр  л цалингаас цалингийн хооронд хоол идээд л, үржээд л бактери шиг амьдарч байна. Ингэж амьдарсны эцэст яах гэж амьдарсан юм гэхээр хэлэх үг олдохгүй биз. Яахав зарим нь үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө энэ тэр гээд хэлэх л байх.  Гэхдээ томоор аваад үзэхээр бичил биетэн шиг үржээд юм идээд л явсан болж таарч байгаа юм. Тэгэхээр миний хэлж байгаа санаа Монгол түмэнд маань их ойрхон гэж би бодож байгаа. Монголчууд аугаа түүхтэй хүмүүс. Хэзээд ямар нэгэн аугаа юмны хэсэг болж явахыг хүсч, боддог. Тийм учраас өнөөдөр Монголчууд ийм аз жаргалгүй байна. Яг юу үгүйлээд байгаагаа мэдэхгүй бухимдаад байгаа хэрэг. Том аугаа юмны төлөө явж байсан хүмүүс тэр их үйлс нь байхгүй болчихоор одоо бэртэгчингүүдийн амьдралаар замнаад, тэрэндээ бухимдаад байгаа юм. Тэр амьдрал нь утгагүй санагдаад, нэгийгээ үл хайрлан эв түнжингүй 3 сая хүн нэг тогоон дотор амьдраад эхэлж байгаа юм. 
-Таны хэлэх гээд байгаа бүх санаа, зорилго дуунд чинь шингэсэн гэж ойлгож болох уу?
-Зүгээр яриад явна гэдэг утгагүй болчихоод байгаа юм. Учир нь ард түмэн маань өвчинд нэрвэгдчихээд байна шүү дээ. Бэртэгчин болоод дуусчихсан болохоор том юманд итгэхээ больчихсон. Надад юу өгөх юм л гэдэг сэтгэлтэй болчихсон. Харин тэрнээс нь өөр юм ярихаар сонирхохоо болиод орхиод явдаг.  Гэхдээ бүр сэтгэлийн угтаа монгол хүн байж л байгаа. Би тэр угт байгаа монгол хүнд нь дуу хуураар хандаж бодлоо илэрхийлэхийг зорьсон юм. Адгуус хүртэл хөгжим сонсохоороо уярдаг шүү дээ. Энэ бол Монголчуудын цаана нь  үлдчихсэн жинхэнэ монгол хүний мөн чанарыг сэрээх гэж оролдож байгаа оролдлого юм. Түүнээс янз бүрийн зарлиг тогтоолоор хүнийг хүмүүжүүлэхгүй. Жишээ нь, дайн болж байхад ухрах юм бол чамайг буудна шүү гэдэг зарлиг л гарна уу гэхээс цэргүүд яг давшилтанд ороход бүрээ, бөмбөр нижигнээд дуугаа дуулаад огшиж тулалдаандаа ордог шүү дээ. Энэ бол дуу хуур, урлагийн хүч. Би энэ дээрх санаагаа дуугаараа илэрхийлж байгаа нэг онцлог л байхгүй юу.
-Олон жилийн дараа Т.Бат-Оргил гэдэг хүн урлагийн ертөнцөд эргэж ирж байна. Тэртээ 90-ээд оны хит дуунуудыг чинь тэр үеийнхэн л мэддэг. Шинэ үеийнхэн бараг мэддэггүй байх жишээний. Ийм олон жил урлагаас холджээ. Энэ хугацаанд улс төр хийж, гадаадад боловсролоо дээшлүүлэх, төрийн албанд ажиллах гээд олон зүйлийг хийлээ. Хамгийн сүүлд Хөдөлмөрийн Үндэсний Нам байгууллаа. Нурлаа. Ард түмний дунд хүлээлт үүсгэсэн, улс төрийн хүчнүүдээс харьцангуй өндөр идеалтай байсан ХҮН яагаад тарж бутрав гэдэг асуудал их сонин байна?
-Асуулт чинь өөрөө хоёр хэсэгтэй байна л даа. Одоо жишээ нь намайг олон юм хийлээ гэж байна. Яахав гаднаас нь харахад олон юм хийсэн юм шиг харагдаж байгаа байх. Яг мөн чанартаа би нэг л юм хийгээд яваад байгаа. Анх 1995 онд Хууль зүйн дээд сургуулийг төгсөөд Хууль зүйн яаманд ажилласан. Тэр цагаас хойш Монгол Улсыг яаж сайжруулах вэ, шинэ нийгмийг хэрхэн байгуулах вэ гэж л ажиллаж ирсэн. Хүмүүс тэр болгоныг мэдэхгүй. Эрх зүйн системийг тайзан дээр гарч дуулаад байхгүй шүү дээ. Жишээ нь, социализмын үед банкны систем нэг л байсан. Харин тэрийг Төвбанк болон Арилжааны банкууд гэж хоёр хуваасан. Тэрний ард бидний баг ажиллаад л явж байлаа. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрыг шинээр байгуулсан. Энэ бүхнийг хэрэгжүүлсэн төсөлд би ажиллаад, сүүлд нь удирдаад явж байлаа. Энэ болгоныг хүмүүс мэддэггүй ч улс орныхоо төлөө юмаа хийгээд явж байна гэж би ойлгодог. Мэдээж энэ бүхний ард би ганцаараа ажиллаагүй. Маш олон хүн, Хууль зүйн яам тэр чигээрээ, УИХ ажиллаж байсан. Үүнээс хойш Хууль зүйн яамнаас гадаадад явж сураад энэ зах зээлийн эдийн засаг гээд байгаа юмыг чинь яаж бид нар өөрсдөө нэвтрүүлэх юм бэ гэж судалсан. 

Хууль зүйн яаманд ажиллаж байхад надад үнэхээр харамсмаар байсан. Асар өндөр үнэтэй гадаадын зөвлөхүүд ирдэг. Тэд Монгол Улсад олгосон зээлийн бараг ихэнхийг нь цалингаа болгоод аваад явчихдаг. Баахан тайлангууд өгөхөд, түүнийг нь ойлгоод уншчих хүн тоотой. Тэд зөвлөх юмаа зөвлөөд л яваад өгчихдөг гэсэн үг. Тэрийг нь ойлгоод хэрэгжүүлэх хүн бас хэрэгтэй шүү дээ. Монголд үнэхээр боловсон хүчин хэрэгтэй байна. Зөвлөхүүдийг юу яриад байгааг нь ойлгодог болох хэрэгтэй байсан тул Америк явж 5, 6 жил сурсан. Эргэж ирээд буцаад төрийн албанд орсон.  Өнөөх сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд явсан. Энэ мэт миний хийсэн бүх ажил нэг л сэтгэлийн үзүүрээр яваад байгаа юм.
 

-Асуултан доторх асуултын тухайд?
-Хөдөлмөрийн Үндэсний Нам гэдэг бас л үүний үргэлжлэл. Би анх 1996 онд сонгуульд ялагдахад нь МАН-д (тэр үед МАХН) элссэн. Ёстой далаараа тавиулсан тэр үед би МАН-д элсэж байсан. Харин 2009 онд тэр намыг ид хүчтэй, оргилдоо явахад нь “Энэ миний итгэл үнэмшил биш. Миний эрхэм зүйлүүдтэй хийж байгаа зүйл нь нийцэхгүй байна” гээд энэ намаас гарсан. 
Тэгээд надтай адилхан бодож сэтгэж байгаа бүлэг хүмүүс гараад ирвэл үргэжлүүлээд хийгээд үзнэ гэж зорьсон. Харамсалтай нь энэ төсөл маань нурсан. Гэхдээ нурсан нь зөв байсан юм уу гэж боддог юм. Бид нэг намаар тоглолоо л доо. Хэрэв бид Засгийн эрхэнд гараад ингэж хоорондоо хагаралдсан бол төрөөрөө тоглох нь байна шүү дээ. Төрөөр тоглохоосоо өмнө нурсан нь зөв байж гэдэг нь энэ. 
 

-Буруутан нь хэн юм?
-Бүгдийнх нь болчимгүй зан л гэж хэлмээр байна. 
-Та жишээ нь ямар болчимгүй зан гаргасан бэ?
- Тэвчээртэй л байх хэрэгтэй байж гэж боддог. Мэдээж өөрийнхөө зөв гэж бодоод л хийж байгаа. Буруу гэж бодсон бол хийхгүй байсан. Өнөөгийн бохир системийг эсэргүүцэж энэ намыг байгуулсан. Гэтэл намын удирдлагад байгаа зарим хүмүүс яг нөгөө шүүмжилж байгаа намуудтайгаа адилхан юм хийгээд эхэлсэн. Цэвэр наймаа болоод эхэлсэн гэсэн үг. Удирдлагын арга барилыг үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй байсан.
-Эдгээрийг мэдээж хүмүүс л хийж байгаа шүү дээ. Нэр цохож ярихгүй юм уу?
-Энэ бол нууц биш шүү дээ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Доржханд бид хоёрын хооронд л бий болсон асуудал. Ганбаатар энэ тэр бол үүнд ямар ч хамаагүй. Намын дарга биш Ерөнхий нарийн бичгийн дарга нь намынхаа ажлыг мэддэг байсан. Гэтэл би  энэ хүн нам удирдаж явах ёсгүй гэх итгэл үнэмшилтэй болсон юм.
-Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад тийм эрх мэдэл эдэлсэн юм бэ? Магадгүй эдийн засгийн хүчин зүйл нөлөөсөн үү?
-Эдийн засгийн хүчин зүйл байсан. Тэр арга барилуудыг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй эсэргүүцсэн. Тэгээд Удирдах зөвлөлөөрөө найман хүний зургаа нь Доржхандыг даргаас нь болиулъя гэдэг шийдвэр гарсан. Энэ нь Цагаан сартай таарсан. 
Тэгэхээр гол асуудал бол бид нарын хувьд энэ хүн байж болохгүй. Нөгөө тал та нар Цагаан сараар хуйвалдлаа гэдэг асуудал ярьсан. Ийм л зүйл болсон.
-Хүсэж зорьж явсан зүйлийн чинь бараг эцсийн зогсоол ХҮН юм байна гэж би харсан. Магадгүй үүнээс нэг дүгнэлт гарч ирсэн байх гэж бодож байна?
-Эцсийн зогсоол гэдэгтэй санал нийлэхгүй байна. Гэхдээ “Сайн юмыг муу аргаар хийж болдоггүй” гэсэн бат итгэлтэй болсон. Энэ дүгнэлт маань их олон юмаар нотлогддог юм л даа. Жишээ нь, Доржхандыг огцруулах бид нарын санаа зөв байсан гэдэгт би одоо ч эргэлздэггүй. Харин тэрнийгээ хэрэгжүүлсэн арга маань муу байсан. Тийм учраас буруу тийшээгээ асуудал эргэж, бүх л намаараа унах шалтгаан болсон. Энэ намыг байгуулсан Доржхандын санаа магадгүй зөв ч, буруу аргаар явчихсан. Тэгэхээр зөв юмыг буруу аргаар хийх боломжгүй юм байна. Зөв л байвал арга нь ямар ч байж болно гэж олон хүн боддог. Ийм аргаар хийсэн бүхэн аяндаа буруутдаг.  Жишээ нь,  90-ээд онд гарсан “Центрпойнт”-ын хэргийг та нар мэднэ. Хэсэг хүмүүс “Центрпойнт” дээр буудалцдаг юм. Тэднийг бүгдийг нь баривчилсан. Харин ял өгөхдөө компанид нь санхүүгийн шалгалт оруулж татварын асуудлаар хорьсон юм. Хүмүүсийг буудалцсан хэргээр баривчлангуутаа тэр хэргээр нь яллахгүй, эдийн засгийн хэрэг буюу татвараас зайлс хийсэн гэдгээр ялласан. Энэ нь маш буруу, эвдрэлийн хаалгыг нээсэн. Одоо тэр жишгээрээ ямарваа нэг бизнес хийж байгаа хүнийг ямар нэгэн асуудлаар саатуулаад л араас нь шалгалт оруулчихдаг болсон. Тэгээд л ямар нэгэн сэжүүр олно. Тэрүүгээр нь хорино. Ерээд онд Монголд гэмт бүлэглэлүүд маш их хүчээ авч байхад тэднийг дарсан нь зөв ч, хэрэглэсэн буруу арга нь одоо цаг тайван болчихсон байхад янз бүрийн бүлэглэлүүд нэгийгээ бариулдаг, төрийн албан тушаалтнууд бизнес дээрэмддэг арга нь болчихоод байна. Суурийг нь “Центрпойнт”-ын гэх хэрэг тавьчихсан байхгүй юу.
- Жишээ нь хэнийг хорьсон юм?
Жишээ маш олон бий. Нүдэн дээр ил, олны мэддэггийг хэлье л дээ. Одоо “Корпрэйт” зочид буудлын “хамар” Ганболд байна.  Ямараа болохоор тэр хүнийг төрийн дээд одонгуудаар шагнаад л арай л хөдөлмөрийн баатар болгочих гээд ямараа болохоор одонгоо тайлж амжаагүй байхад нь барьж хориод байдаг юм. Яахаараа тэр хүн ял эдлэх ч үгүй, үгүй бол түүнээс уучлалт хүсч, цагаатгахгүй яваад байгаа юм. Ийм мэт асуудлууд Монгол Улсын хэмжээнд хэтэрхий олон болчихоод байна. 
Ё.Отгонбаяр гишүүн болоод түүний гэр бүлийн хүн Эрдэнэсолонгын асуудал байна. 300 сая долларыг угаасан гэдэг хэргээр баривчлагдсан. Тэр хэрэг юу болсон!? Яахаараа бүхэл бүтэн төрийн байгууллага 300 сая төгрөгний гүйлгээг 300 сая доллар гэж хэдэн сар “андуурч” гэмгүй хүнийг хорьдог юм? Хэрэв гэмтэй юм бол тэр хүмүүс яагаад чөлөөтэй яваад байгаа юм? Миний ойлгож байгаагаар бол зүгээр явж байсан Монгол Улсын иргэдийг барьж аваачаад хорьчихсон. Тэрний төлөө хэн ч, ямар ч хариуцлага хүлээгээгүй. Үл ялиг жирэмсэн гэж байдаггүйн адил буруутай эсвэл буруугүй байх ёстой. Ийм хэргүүд дэндүү олон бий. Энэ бүхний эхийг “Центрпойнтын” хэрэг тавьсан юм. Тиймээс аливаа сайн үйлийг хийх гэж байгаа бол арга нь ч зөв байх ёстой гэж миний үзэж харсан юм болгон батлаад байгаа нь энэ.
-Таны хэлээд байгаа Монголын бүх сэхээтнүүдийн эмзэгшил энэ мөн үү гэвэл мөн.  Гэтэл аливаа нийгмийн сэхээтнүүд бэртэгчид байдаг юм байна. Тэд хөшигний ард чимээгүй байцгаадаг. Харин популистууд тайзан дээр амьдардаг. Жинхэнэ сэхээтнүүд өндөг шидэх битгий хэл үгээ хэлэхгүй орондоо ороод, чимээгүй шаналаад хэвтдэг. Энэ бэртэгчин зангаа болиоч гэдэг санаа манай “Цэнхэр оймстууд” номын гол үзэл санаа. Та үзэл санаагаа та урлагаа, дуугаар, номоор илэрхийлж байгаа юм байна. Энэ нь хэр хүчтэйгээр ард түмэнд нөлөөлнө гэж та бодож байна вэ?
-Ард түмэнд нөлөөлнө гэхээсээ илүү чиний хэлээд байгаа хөшигний ард итгэл алдран зогсож байгаа олон хүн рүү чиглэж байгаа юм. Тэр хүмүүст итгэл төрөх ёстой. Хүний бодол хамгаас чухал байдаг. Тэр бодлыг л төрүүлэх хэрэгтэй. Цаг нь ирээд байна шүү дээ. Би нэг сонин жишээ саналаа. Саяхан лагерь дээр гал ноцоох гэтэл, ямар ч мод таарсан юм бүү мэд, 30 минут ноцолдоод асдаггүй. Гэтэл нэг мулгуу юм хээр явж байгаад машины цонхоор пивоныхоо шилийг хаяхад тэрэнд нь нар тусаад түймэр болж, хэдэн зуун га газар шатдаг. Энэ бол юмны цаг, нөхцөл бүрдсэн тохиолдолд алга урвуулахын төдийд юмс өөрчлөгддөгийн жишээ. ЗХУ нурахад хагас жилийн өмнө хэн ч тийм юм болно гэж төсөөлөхгүй байсан. Октябрийн хувьсгал болохоос 6 сарын өмнө Ленинг тийм хүчирхэг хүн болно гэж хэн ч төсөөлөөгүй. Нарийндаа Ленин бүр хэн ч биш болчихсон байсан. Гэтэл ердөө хагас жилийн дараа гэнэт цойлж гарч ирэн дэлхийн түүхийг өөрчилсөн. Юмны цаг болно гэдэг ийм байдаг юм байна. 
Надад нэг мэдрэмж байна. Цаг нь ирчихлээ. Одоо хүмүүс энэ бүх юмнаас залхаж байна. Өөрсдийнхөө бэртэгчин, дорд амьдралаасаа залхаж байна. Энэ дээр байгаа хүмүүс ч өөрсдөө удирдаж чадахгүйгээ мэдээд эхэлчихлээ.  Доор байгаа хүмүүс ч хэн гэдгийг нь таньчихлаа. Тэгвэл одоо яах ёстой юм бэ? Хүн бүрт ийм асуултын тэмдэг байна. Тиймээс би өөрийнхөө оруулж чадах хувь нэмрээ оруулж байна. Ингэвэл яадаг юм гэдэг шийдэл гаргаж ирж байна. 
 

-Шийдэл нь юу юм? 
-Соёлын хувьсгал. Үүнийг сэхээтнүүд манлайлах ёстой. Сэхээтэн гэж зүгээр нэг дээд боловсролтой эсвэл Armani, Gucci өмссөн хэн нэгэн биш. Миний дээр хэлсэн гурван шалгуурыг хангасан хүн байх ёстой. Мөн тэр ганцаараа байж болохгүй. Олонлог, нэгдмэл бий болох ёстой. Энэ нь заавал нам  байх ёсгүй. Аль ч засаг солигдсон байж л байдаг хүмүүсийг хэлээд байгаа юм. Жишээ нь,  Д.Урианхай гуай, Б.Лхагвасүрэн гуай, Д.Цоодол гуай шиг хүмүүс байж л байдаг шүү дээ.  Тэд бол улс төрчид биш. Гэхдээ ард түмэн тэднийг сонсдог. Энэ бол сайн, энэ нь муу гэдгийг энэ хүмүүс зоригтойгоор хэлж, дуугардаг болмоор байна. Би үүнийг л уриалж байгаа юм. 
Түүнээс биш өнгөт хувьсгал хийгээчээ гэсэнгүй. Бамбар асааж, сүх барьж гардаг бол хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. Өчнөөн өлөн зөлмөн хүмүүс ийм байдалтай амьдраад хэр удаан тэсэх вэ гэдэг нь цаг хугацааны л асуудал болчихоод байна шүү дээ. 
Хоёрдугаарт, манай нийгэмд эрх зүйн шинэнчлэлт явах хэрэгтэй байна. Эрх зүйн хувьсгал, соёлын хувьсгал зэрэг явж байж дараа нь улс төрийн хувьсгал гарна. Улс төрийн хувьсгал нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн энхийн байх ёстой. Эмнэлэгт очихоороо эмчид үзүүлдэг биз дээ. Түүнээс биш сайхан сэтгэлтэй хүнд үзүүлдэггүй. Түүнтэй адил яагаад улс орныг удирдахад ямар ч хамаагүй хүн сайхан сэтгэлтэй л бол чадна гэж бодоод байгаа юм. Энэ чинь бас л эрдэм ном шүү дээ. 
Ямарваа нэг юмыг зориглож хийхэд хоёрдугаар дагагчийн эффект гэж чухал хүчин зүйл байдаг. Хэн нэгэн юм сэдэхэд эхний дэмжигч чухал ч олныг дагуулах нөхцөл хараахан үүсдэггүй. Харин дараагийн хүн буюу хоёрдугаар дагагч гарч ирэхэд олон нийт ар араасаа дуу дуугаа авалцан дэмждэг. Гарч ирдэг. Нэгдэх хүн, нэгдүгээр дагагч хоёрын гол үүрэг нь хоёрдугаар дагагч гарч иртэл тэсэж тогтох. Энэ л чухал. Үүнд иргэний зориг хэрэгтэй. Жишээ нь, хүнийг гутаан доромжлох, нэр хүндийг нь юу ч биш болгох, амь насанд нь халдах гээд дараалсан юм бий. Энэ нэг юм юу гээд байгаа юм, хэзээ ийм болчихсон юм гэхээс эхлээд л дайралт гарч ирнэ. Үүнийг тэсч гарсны дараа чам руу залгаж дарамталж эхэлнэ. Гэр орныхон руу чинь халдана. Улс даяараа чамайг үзэн ядах аян өрнүүлнэ. Энэ бүхэнд юу ч болоогүй юм шиг тоохгүй байгаад байвал өөрийг чинь ална гэж сүрдүүлнэ. Энэ хооронд чиний хоёр дахь дагагч амжиж гарч ирэх ёстой. Тэгж байж нийтийг хамарсан хөдөлгөөн болдог. Энэ нэг ёсны жам ёс, тогтсон хууль маягийн юм л даа. 
-Таны дараагийн алхам юу байх вэ?
-CD гаргах, ном бичих ажил маань их удаан процесст бий болсон. Би өдий хүртэл зүгээр суугаагүй. Хийгээд л яваад байгаа. “Реформ” клуб гээд анх 2010 онд байгуулагдсан. Төр засгийн явуулж байгаа бодлогод дүн шинжилгээ хийж үр дүнд нь түшиглэж төрийн бодлогод зөв нөлөө үзүүлэх лобби үйл ажиллагаа явуулдаг клуб л дээ. Клубээс хамгийн амжилттай хэрэгжсэн нь манай эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн “Медика реформ клуб”. Үүгээр ямар ч байсан энэ шинэчлэлийг хийх боломжтой юм байна гэдэг нь нотлогдсон. Азийн хөгжлийн банк 10 жилийн төслөөр хэрэгжүүлээд болохгүй байсан юмыг бид нэг жилийн дотор хууль болгож баталсан. Мэдээж бид дангаараа биш төртэй хамтарч ажиллаж байсан хувилбар. Төр гэхээрээ л заавал муу гэсэн үг биш шүү дээ. Төрд сайн ч хүн ажилладаг. Тэдгээр сайн хүмүүсийг олж ажиллаж, дэмжлэгийг авах, дэмжлэг үзүүлэх нь чухал. Нөгөөтэйгүүр төрд дэмжлэг хэрэгтэй байдаг. Яг нэг зөв юм хийх гэж байхад нь элдэв янзаар дайрч давшиж, популист аян өрнөж эхэлдэг. Ийм үед онол, практикийн хувьд хийх ёстой юм аа гээд төр засгийг цээжээрээ хаадаг байгууллага хэрэгтэй. Үүнийг мэргэжлийн хүмүүс л хийж чадна. Түүнээс биш сайхан сэтгэлтэй хүн, өөр нэг сайхан сэтгэлтэй хүнтэйгээ хоорондоо хэрэлдээд бол ямар ч нэмэргүй. Энэ мэт ажлуудыг өдий болтол санаачилж, зохион байгуулаад яваад л байсан.  
Сэхээтнүүд гарч ирж нийгмээ манлайлахгүй бол энд тэнд жижигхэн төслүүдийг хэрэгжүүлээд явах нь төдийлөн далайцгүй болсон нь харагдаад байна. Байшин чинь түймэрт нурж байхад чи тэнд хаалга засаад ямар ч нэмэргүй шүү дээ. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарын ганц хуулийг батлуулсанаар  манай улс сайжрахгүй. Тэгэхээр үндэстнээ сэргэн мандуулахын тулд давалгаа үүсч, давалгаа нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сэхээтнүүдийн бүхэл бүтэн үе гарч ирмээр байна.  Үүнийг би ганц ном, CD гаргаснаараа бий болгож чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ ингэх ёстой юм байна гэдгийг ойлгож ухамсарлах, сайн цагийг наашлуулахад хувь нэмрээ оруулж байгаа юм.
-Хүч, эрх мэдэл гэдэг нэг талаараа мөнгө. Идеал санаа, идеологич буюу санаа тээгч байна гэдэг мөнгөнөөс илүү хүчтэй ч эдийн засгийн хүчин зүйл чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл та идеа, санаагаа ажил хэрэг болгох хэмжээний хөрөнгөлөг хүн мөн үү? 
-Би арай өөр өнцгөөс эхэлье. Жишээ нь та бүхэн ОХУ-аас ирж байгаа мэдээнүүдийг харж байсан уу?  Чеченьд 20-иод жил байлдлаа шүү дээ. Тав, зургаан хүнийг 200, 300 цэрэг бүсэлчихсэн, байлдаад л, нөгөөдүүл нь бүслэлтийг сэтлээд гараад явчихдаг. Иракийн дайныг ч хар, Удай Хуссейны хүү 13-тай бацаан  Америкийн 300-гаад цэрэгтэй бүтэн өдөржин байлдсан байдаг.  Түүний аав, авга ах болон бусад хүмүүсийг нэг байшин дотор байхад нь эхний дайралтаар дэлбэлээд хөнөөчихдөг.  Тэгэхэд Удайн хүү ганцаараа үлдсэн. Ганц АК буунаас өөр юу ч байхгүй. Тэгээд бүтэн өдөржингөө ганцаараа байлдаж, сүүлд нь түүнийг пуужингаар харваж алсан байдаг. 
-Тэр нь юуных уу?
-Харин энэ юуных  вэ? Энэ бол хүний итгэл үнэмшлийн хүч юм. Зүгээр ашиг сонирхлын төлөө яваа хүн хэзээ ч толгойгоо цухуйлгадаггүй. 
-Таныг ийм идеалны хариулт өгөхийг мэдэж байсан. Эдийн засгийн утгаараа та хэр баян хүн бэ? Бүдүүлэг ч гэсэн та хариулсан нь зөв байх аа..
-Өөрийгөө л болгоод явж байгаа хүн. Надад оффшор данс, хурааж цугласан их хөрөнгө байхгүй.  Хувьдаа бол би аз жаргалтай амьдарч байгаа.  Гэхдээ монгол түмэн чинь ийм байдалтай байхад чи ганцаараа жаргалтай байгаад ч яах вэ дээ. Миний хүүхдүүд яаж амьдрах вэ гэдэг бодол тайван байлгахгүй байна. 
За би нэгэнт мөнгөгүй юм чинь буугаад өгье. Тэгээд яах юм! Юуны төлөө яаж амьдрах юм! Ямар ч утгагүй өглөө гарч мөнгө олоод үдээс хойш нь түүнийгээ үрээд л. Ийм юмны төлөө амьдраад л байх уу гэдэг асуудал байна. Би гэхдээ монгол түмний заяа л мэднэ гэж боддог. Миний хувьд хичээсэн болохоор Эрлэгийн үүдэнд очихдоо хэлэх үгтэй. Өөрийнхөө хийх ёстой, чадах юмаа хийсэн. Хулгай хийж, худлаа ярьж, айлын өнчин хүүхдийн хоолыг булаагаагүй. Харин энэ бүгдийг өөрчлөх гэж чаддаг бүхнээ хийж ирсэн. Хийсээр ч байна. Чадсан уу, үгүй юу гэдэг нь манай монгол түмний заяа мэдэх асуудал. Үнэхээр бүгдээрээ сэрээд, нэгдээд явах юм бол сайхан. Юмыг өөдрөгөөр л боддог байх хэрэгтэй. Юм өөрчлөгдөхөө хүрвэл машины цонхоор пивоны шил шидээд түймэр тавьчихдагтай л адилхан хоромхон зуурын асуудал. 
-Та цацагт хяруул оруулж ирэх гэж байгаа гэж байсан. Тэр бизнес юу болсон бэ? 
-Хийж байгаад хамтарч ажиллаж байсан хүмүүстээ шилжүүлсэн. Хэтэрхий олон юм руу хүчээ тарамдуулах нь зохисгүй юм гэж үзсэн. Миний номын төсөл маш их цаг авч байгаа л даа.  Ном бичнэ гэдэг зүгээр юм зохиохыг хэлэхгүй шүү дээ. 192 хуудастай ном бичих гэж хоёр жил чардайсан. Маш их юм судлах хэрэгтэй болсон. Өөрийгөө бас ч гайгүй юм мэддэг гэж боддог байсан, тун эндүүрч явсан юм байна лээ. Мэддэггүйгээ улам сайн мэдсэн. Нэг хуудсан дээр тал юм биччихээд л цаашаа явдаггүй. Судалгааны юм улам нэмэгдээд, ухах тусам улам их юм гарч ирээд л байсан. Гэхдээ миний номонд орсон  мэдээллүүд бол ихэнх хүмүүс амархан энд тэндээс олоод уншчихгүй гэж бодож байна. Жишээ нь, “Цогт тайж” киноны төсөв яг хэдэн төгрөг байсныг мэдэх үү?
 

-Мэдэхгүй. 
-Кино үйлдвэрийн архиваас лавлахад 2.8 сая төгрөгөөр баталж, 2.4 сая төгрөгөөр гүйцэтгэсэн гэж байгаа юм. Энэ нь одоогийнхоор 32.5 сая доллар. Дайны дараахан өлөн зөлмөн монгол түмэн 32.5 сая доллараар кино хийжээ. Тэр үед Монголын  хүн ам бүх нярай хүүхэд, хөгшчүүдээ оруулаад 800 мянга хүрэхгүй байсан. Тэр 32 сая долларыг буцааж олохын тулд 800 мянган хүн хэдэн удаа, хэдэн доллараар үзэх ёстой юм гэхээр эдийн засгийн хувьд утгагүй нөхцөл үүснэ.  Өөрөөр хэлбэл бид өнөөдөр неолиберлизмын онолоор хэт хөөцөлдөж, төөрөлдсөн нь харагдаж байгаа юм. Зөвхөн эдийн засгийн ашиг хөөвөл бид хэзээ ч өдий хэмжээнд хүрэхээргүй байсан. Яг нөгөө малаа хариулаад л. Өнөөдөр 10 хоньтой, гурван жилийн  дараа 20 болно гэдэг хэмжээнд сэтгээд явах байсан. Гэтэл тийм их золиг гаргаж, өчнөөн сая доллараар тэр хэдэн хүн чинь XX зууны социалист монгол иргэд болсон. Энэ чинь соёлын хувьсгал юм.  Би ердөө энийг л хэлээд байгаа юм. Бид төр засгийг ярихаа больё. Тэд тендер өөр юу байдаг юм, тэрийгээ л хийдэг л юм байгаа биз. Харин бид, сэхээтнүүд өөрсдийнхөө хийж чадах юмаа хийе.
-Таны СD зүгээр нэг арилжааны урлагийн түвшний эд биш байх нь ойлгомжтой. Гэтэл урлаг яаж ч зугтсан арилжааны ертөнцөд л борлогдоно. Түүнийг ялгаж, таниад авах хүмүүс хэд бол?
-Хүмүүсийг тэгж басч болохгүй. Ямар ч хүн хоёр юм харьцуулаад энэ гоё уу, тэр гоё уу гэхэд гоёыг нь хараад л мэднэ. Том хүн бүү хэл жаахан хүүхдэд жинхэнэ гар утас, тоглоомон гар утас өгөхөд ялгаад байна шүү дээ. Үүнтэй адил жинхэнэ уран бүтээлийг ямар ч хүн сонсоод л ялгана. Яагаад гэдгийг тэр хүн тайлбарлаж чадахгүй байж болно. Гэхдээ сайн сайхны мэдрэмж бас  шударга ёсны мэдрэмж бурханаас заяасан байдаг. Буруу юм хийж байгаа хүн ч гэсэн буруу юм хийж байгаагаа мэддэг шиг гоо сайхны мэдрэмж бол  бурханаас заяагдмал юм шүү дээ. 
-Сонсох сонсогч, энэ номыг унших уншигчийг бэлдэх тухай л асуудаг яригдах байх. Өдий болтол манай ард түмэн тэнэг, эд нарт нэг иймэрхүү юм өгөхөд болно доо гэсэн маягаар урлагийн салбар явж ирлээ. Урлаг ер нь урд байж манлайлах биш, дандаа ард нь хоцорч хойноос нь дагаж яваад байна шүү дээ?
-Яахав ТҮЦ, хуушуур зардаг цех болчихсон байна. Гэхдээ чи ямар ч ядарсан, ядуу хүн байсан байнга хуушуур идээд байхаар хааяа нэг сайхан өөр хоол идмээр санагдана даа. Ямартай ч монгол хүн юм байна мах чанаад идье гэж бодох байлгүй дээ. Тэрэн шиг энэ хийсэн цомог маань өөр болсон. 
-Таны анхны цомог биз дээ?
-Тийм. Намайг дуулж байх үед CD гэж байдаггүй байлаа. Кассетын эрин үе байлаа. CD бичнэ гэдэг Ж.Гүррагчаа гуай сансарт нисч байна гэдэгтэй адилхан сонсогдохоор байсан байхгүй юу /инээв/. Одоо бол зүгээр л хэдэн хүүхэд нийлж орцондоо дуулаад л CD болгочихож байна. 
-Та хэр харизмтай хүн бэ?
-Би чамаас л асуумаар байна. Надад бий юу?
- Надад бол таны зүрх, тархинд маш их зүйл байгаа. Үүнийгээ та хөгжүүлж байна. Гэхдээ та их аядуу хүн шиг санагддаг. 
Хүн болгон өөрийнхөө үүргийг мэддэг байх ёстой гэж ойлгодог. Зорилго нь биелж байвал би аль завины аль суудалд байх нь надад чухал биш.
-Тань шиг аядуу их иргэншсэн, соёлжсон хүн хөгшин Европын ард түмэнд бол hero. Харин өнөөгийн буюу нүүдэлчин соёлоос суурин иргэншил рүү шилжиж яваа, зүг чигээ олох гээд зүдэж яваа хүмүүст чанга чанга ярьдаг, популизм хийдэг, түүгээрээ байлдан дагуулдаг типийн харизмтай хүмүүс л илүү олон дагагчтай байх шиг харагддаг?
-Далай лам тэгвэл харизмтай юу? Монгол хүн яагаад Далай ламыг шүтээд байдаг юм? Би бол Далай ламыг маш их харизмтай хүн гэж боддог. Тэр харизм нь яаж илэрдэг гэхээр хөмсөг энэ тэрээ ширэв татаад л, шүдээ зуугаад, хүчтэй үг хэрэглэхдээ биш л дээ. Миний өөрийн шүтэж явдаг хүн Махатма Ганди. Тэр хүн зүгээр нэг муу нүдний шилтэй, орхимж, таягтай, хэний ч анхаарлыг татахааргүй хүн. Гэтэл бүхэл бүтэн Английн эзэнт гүрнийг Энэтхэг улсаасаа хөөчихсөн шүү дээ. Ерөөсөө хүчирхийлэл хэрэглэж болохгүй шүү. Та нарыг яаж байсан ч эргээд цус асгаруулж болохгүй гэдэг сургаалиараа ард түмнээ манлайлсан. Тэр хүн ганц ч зүйл хашгирч яриагүй. Зоригтой царай гаргаагүй. Энэтхэг түмэн бол тэр үед Монголоос нэг их баян байж чадахгүй бас л ядарч зүдэрсэн байсан. Магадгүй бүр бид нараас илүү ядарсан байсан. 
-Танд ямар ч харизм байхгүй гэж би хэлээгүй. Хүн болгонд л харизм бий. Харин түүнийг гаргах уу, үгүй юу гэдэг асуудал л байгаа юм. Таны үзэл санааг хүмүүст хүргэхийн тулд юу хэрэгтэй юм. Магадгүй Сарандаваа шиг л хүмүүсийг сонсох юм биш үү гэсэн санаа?
-Карл Марксын хэлсэн мундаг үг байдаг, социализмын үзэл суртал дунд гуйвуулчихсан болохоос мундаг үг л дээ. “Шашин бол ард түмнийг мансууруулагч хар тамхи юм”. Энэ өгүүлбэрийн үргэлжлэл нь “Хамгийн хэцүү цаг үедээ ард түмэн зовлонгоосоо ангижирах гэж тэр хар тамхийг хэрэглэдэг юм” гэсэн өгүүлбэр байсан. Энэ чухал өгүүлбэрийг нь тасдаад социализмын үзэл суртал болгочихсон юм. Өөрөөр хэлбэл Маркс, шашныг зовлонгоос ангижруулагч л гэж хэлж. Хүмүүс шуналтайдаа Сарандаваа дээр очоод байгаа юм биш шүү дээ. Амьдрал үнэхээр хэцүү байна. Чи ямар ч газар очоод ажилд орсон чиний цалин үсрээд л 500 мянга. Гайгүй дээ 800 мянга. Үсрээд нэг сая. Үүнийг долларын ханшаар хөрвүүлээд бодохоор зайлуул Америкт хагас цагаар пицца зөөдөг оюутны долоо хоногт олдог мөнгө байхгүй юу. Ийм орлоготой ард түмэнд нөгөө Америкаас нь бараа авчраад тав нугалаад зарж байна. Ийм нөхцөл байдал дунд амьдарч байгаа ард түмэн цөхрөхгүй яах юм бэ!  
Харин Сарандаваа гэдэг хүн тэр энэлсэн ард түмнийг мансууруулж байгаа хар тамхи л байхгүй юу. Хар тамхи хэрэглэсний дараах үр дагавар хэцүү. Гэхдээ зовж байгаа хүн үр дагавраа бодохгүй хар тамхиа хэрэглэхийг боддог. 
Би бурханд итгэдэг. Бурхан хүнд маш олон зүйлсийг өгсөн. Тэр чинь дотор нуугдаж байдаг эд. Нууж далдалж болох ч дотроо байж л байдаг эд. Үүнтэй адил хүний шударга ёсны мэдрэмжийг хэн ч хэзээ ч устгаж чадахгүй. Би түрүүлж ирээд очерлож байтал чи урдуур дайрчихлаа гэдгийг Харвардын их сургууль төгсч байж ойлгодог эд биш шүү дээ. Хүн нялх нярай байхаасаа л шударга ёсны мэдрэмжтэй төрдөг. Хүн бүр шударга ёсыг хүсдэг. 
-Гэтэл шударга байх нөхцөл бас байхгүй байгаад байдаг?
-Харин сэхээтний манлайлал гэдэг чинь энэ дээр гарч ирдэг. Ингэж шударга байдаг юм гэдгийг үзүүлэх ёстой юм. Тэрнээс гоё ярьчихаад, өөрөө ч түүндээ итгэдэггүй, үнэн хэрэгтээ амьдрал чинь өөр шүү дээ гэж ярьж явдаг хүн бол хоёр нүүртэн. Чи яг итгэж байгаагаараа л амьдрах ёстой. Энэ бол ёст хүний амьдрал юм. Харамсалтай нь үүнийг үгүйсгэдэг хүн их болчихсон байна. Өө энэ тэнгэрийн амьтан ч гэж ярьж байх шиг. Тэр хүмүүс манийгаа өрөвдөх ёстой юм уу, бид тэднийгээ өрөвдөх ёстой юм уу? Ийм л болчихоод байна. 
-Та хуульч мэргэжилтэй, Америкт боловсрол эзэмшсэн маш сайн боловсон хүчин. Гэтэл ажлын байр байдаггүй. Та голоод байна уу эсвэл ажлын байрны санал ирэхгүй байна уу?
-Миний хувьд ийм засагт ажиллахгүй. Би төрийнхөө сүлдэнд маш хатуу тангараг өргөсөн хүн. Одоо байгаа төрийн албаны тангараг бол надад  доромжлол шиг санагддаг. Би өргөсөн тангарагтаа үнэнч байхгүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээнэ ч гэх шиг. Тэр тангарагийг өргөхгүй болохоор хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй юм уу! Наад захын логикийн зөрчилтэй. Ёс болгоод тангараг өргөсөн. Гэхдээ би дотроо Монголынхоо төрд маш хатуу тангараг өргөсөн. Тангарагаа хэзээ ч зөрчихгүй. Засаг ийм байгаа нөхцөлд би хүчээ өгөхгүй. 
Уг нь ном журмаараа төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас халж болохгүй байсан л даа. Гэтэл таны ахалж байсан газар хэлтэс болчихлоо, уучлаарай гээд ажлаас халж байгаа юм. Функц нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа л бол тэр хүн ажилдаа явж л байх ёстой. Одооны засаг надад ямар санагддаг гээч! “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдой шиг санагддаг. Социализмын үед энэ киног үзэхэд хөгжилтэй санагддаг байв. Гэтэл одооны ноёд Боролдой шиг болчихсон байна гээд бод доо! Еэвэн эргэлдүүлдэг шиг ард түмнээ доромжлоод байгаа байхгүй юу! Энэ хууль уу, энийг чинь ингэж ойлгох ёстой байхгүй юу. Гэхдээ ингэж ч ойлгож болно! Хэсэг бүлэг хүмүүс нийлж бөөгнөчихөөд хуулийг юу л бол юу болгож байна. Тэгээд нэгнээ барьж иддэг хэдэн бүлэг болоод хуваагдчихсан, нэгнээ хууль бусаар хорьдог, тагнаж чагнаж, гянданд хатааж алдаг. Ийм засагт ажиллана гэдэг нь миний хувьд төрд өргөсөн тангарагаа зөрчсөн хэрэг болно.
-Хоёулаа баахан serious сэдвүүдээр ярилцлаа. Одоо бүх хүмүүсийн сонирхдог сэдвээр ярилцъя. Таны хувийн амьдралд маш том өөрчлөлт гарсан. Гэргийгээсээ салсан. Яагаад вэ?
-Би өөртөө л үнэнч байсан. Намд байна уу, гэр бүлд байна уу, зарчим нэг шүү дээ. Зарчимтайгаа нийцэж чадахгүй бол том асуудал үүсч байгаа хэрэг. Би үр хүүхэддээ муу үлгэр дуурайл болж амьдрахыг хүсээгүй. Өөртөө үнэнч үлдэхийг хүссэн. Ер нь өөртөө үнэнч байх гэдэг чухал чанар шүү дээ. Өөртөө үнэнч биш хүн бусдад үнэн байж чадахгүй. Ямарваа нэг асуудал энгийн байдаггүй. Олон учир шалтгаанаас болж гэргийгээсээ салсан. 
Гэхдээ би ар гэр, хувийн амьдралынхаа талаар яриад байх дургүй. Энийг монгол ёс гэж боддог. Ар гэрээ гайхуулаад л, үзмэр болгоод байх зохисгүй. Ер нь 40 гараад ирэхээр их олон зүйл тодорхой болдог юм байна. Гормон ч бас нөлөөлдөг биз /инээв/.
 

-Гормон... Эмэгтэйчүүдэд гормон нөлөөлдөг өө, насан туршдаа, цэвэрших хүртлээ гормоныхоо шоглоом болдог амьтад. Харин эрчүүдэд гормоны асуудал байдаг гэж мэдэхгүй юм байна?
-Байлгүй яахав. “Ромео Жульетта” хоёрын хайр гэхэд гормоны л гай ш дээ. Аав, ахан дүүс нь алалцаж байхад хоёр бацаан нэгэндээ анхны харцаар дурлаж, сүүлдээ амиа хорлодог. Энэ чинь гормоны л хар гай гэж би боддог /инээв/. Ер нь ийм жишээ олон ш дээ. Тарас Бульбаг унш. Түүний бага хүү Андрий танихгүй нэг польш хүүхэн хараад л толгойных нь ламп шатаж, эх орон, ахан дүүс хамаагүй болж, “Би чиний төлөө үхнэ. Чи миний эх орон гээд л”. Энэ бүхэн гормоны гай юм.  
-Тэгвэл 40 нас чинь эмэгтэйчүүдийг, эмэгтэй хүний гоо үзэмжийг үнэлэх үнэлэмжинд чинь нөлөөлсөн үү? 
-Адгууслаг чанар хэзээд үхэн үхтлээ л хамт дагалдах байх. Гэхдээ хээ хуаранд явчихдаг биш, хээ хуарны цаана юу байгааг илүү тунгааж харах нь чухал.  Ер нь эрэгтэй хүн болж төрсөндөө асар азтай гэж өөрийгөө боддог. Би эмэгтэй хүн байсан бол ямар эрэгтэйтэй явж байх байсан бол гэж боддог шүү /инээв/. Чадалтай, ухаалаг эмэгтэйчүүд их олон байна. Тэдэнтэй эн тэнцэх, давах эр хүн их ховор болжээ. Манайд бол нийгэм үнэхээр эмэгтэйчүүдийн нуруун дээр л явж байна. Эрчүүд нь том том юм яриад л , тэгсэн хэрнээ их өчүүхэн үйлдэлтэй харагдаад л байгаа юм даа. 
-Өөртөө үнэнч үлдэх гэснээс ихэнх монгол гэр бүл хуурмаг амьдардаг нь ажиглагддаг. Ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг ёстойнуудын хүлээс, барьцаанд хайргүй хэрнээ ханилсаар тэгснээ гэр бүлээс гадуур амьдрал зохиогоод өөрийгөө ч, өрөөлийг ч хуурч амьдарч байгаа жишээ маш олон байна л даа. Энэ өнцгөөс өөртөө үнэнч үлдэж сэтгэлээ дагасанд чинь баяр хүргэмээр. Гэхдээ нөгөө талаас гэр бүл салах тийм ч амар биш байсан байх ?
-Бие биенээ, бас өөрийгөө хуурах, хайргүй хэрнээ хамт амьдрах энэ тэр чинь өөрөө ёс бус зүйл шүү дээ. Энэ бүхэн эргээд л сэхээтний манлайлалтай холбогдоно. Америкийн нэг генерал хэлсэн байдаг даа, муу муухай ялахад сайн сайхан нь юу ч хийхгүй зүгээр хараад суух төдийд л хангалттай байдаг гэж. Тэр сайн гээд байгаа хүмүүс нь гараа, амаа хамхиад суухад л саар муу нь өөрөө аяндаа давамгайлна гэсэн үг байх нь. Чи үнэхээр л тийм ёс суртахуунтай мундаг нэгэн юм бол ёс суртахуунаа хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлж байх ёстой юм байна л даа. Ер нь 90-ээд оны үед болсон тэр өөрчлөлт Монгол Улсын хувьд их том эмгэнэл болсон. 
-Яагаад?
-Тухайн үеийн сэхээтнүүд нь энэ сайн, тэр муу гэдгийг мэддэг байж. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрүүлдэг байж.  Тэгсэн нэг өдөр систем нь өөрчлөгдөөд, өнөө итгэж байсан юм бүхэн худлаа, хуурмаг болсон. Өнгөрсөн сайхан бүхэн коммунизмын буруу, төөрөгдөл, шинэ юм бүхэн зөв, сайхан гэдэг өөр үнэлэмж орж ирсэн. Хуучин панзчин гээд айхавтар дорд үздэг байсан нөхөр чинь гэнэтхэн бизнесмен гэдэг нэртэй болж томроод л. Үл бүтэх этгээд байсан чинь их овсгоотой нэр зүүгээд эхлэхээр хуучны хүмүүс, “За байз, би ингээд хэлчихээр зөв ч юм болов уу, буруу болчихсон юм гэнэ лээ” гэх мэтээр эргэлзэж, өөрийгөө хүчилж чадахаа больсон. Гэхдээ одоо буруутан хайх цаг биш. Харин засах хэрэгтэй байна. Шинэ соёл, шинэ сайн сайхны хэмжүүр хэрэгтэй болж байна. Бидний яриад, бишрээд байдаг Америкт амьдарч үзлээ. Тэнд чинь садар явахыг үздэггүй юм байна. Германд бол орой 20.00 цагаас хойш гудамжинд нь хүн явдаггүй юм байна. Бүгдээрээ гэртээ суугаад гэр бүлээрээ байдаг юм байна. Гэх мэт нийгэм, улс орон бүхэн өөр өөрийн соёл, үнэлэх зүйлтэй байна. Бидэнд юу байна, тэгвэл?
Рамаданаас бусад бүх баярыг тэмдэглэж байна. Хэдийдээ ч ажил хийх гээд байгаа юм. Тэгсэн мөртлөө улс хөгжихгүй байна гээд л. Ажил хийх маш хүндрэлтэй байна. Арай гэж ажилдаа анхаарч байтал дараагийн баяр орж ирээд л. Ажлаасаа гурван цагт яваад өгнө, ажлаа таслаад. Ер нь эх захгүй энэ их найр наадмыг таслан зогсоомоор байна. 
 

-Диктатур, харгислал хэрэгтэй гэж үү?
-Юуны диктатур байх ёстой вэ гэдэг их чухал юм. Манайхан чинь мундаг удирдагч эцгээ сонгох гээд төөрөлдөөд байгаа улс. Үндэсний санаа гэдэг их чухал. Эзэн Чингис гэдэг маань санааны илэрхийлэгч байсан болохоос Тэмүүжин гэж хүнийг л Чингис хаан болгох гээд бүгдээрээ үхэлдээгүй шүү дээ. Тэрийг бид сайн ойлгох ёстой. Цаанаа маш том аюултай зүйл. Манай нэг ийм дарангуйлагч гараад ирвэл бид тусгаар тогтнолоо алдах нь ерөөсөө л долоо хоногийн асуудал. Манай дарангуйлагчийг гадны нэг дарангуйлагч бариад авчихад л үндэстнээрээ халаасанд нь гүйгээд орчихно.  Тийм учраас мундаг эцгээ хайгаад хэрэггүй гэж би боддог.
-Хүний хувь заяа гэж ер нь юу юм?
-Алс ирээдүйд зурагддаг амьдрал. Бэлэн зурагдсан байдаггүй. Чи өнөөдөр шийдвэр гаргахад үр хөврөл нь явдаг. Тэнд чиний тавилан чинь бий болж байдаг. Гэтэл чи тэр шийдвэрээсээ няцаад л ирвэл байж болох байсан хувь тавилан чинь байхгүй болчихдог. Өнөөдөр хийж байгаа элдэв янзын шийдвэрүүд, ааш аяг ирээдүйд маш олон бид нарын мэдэхгүй хаалгануудыг хааж, нээж байдаг. Чи тэнд хаалга хаагдсаныг хэзээ ч олж мэдэхгүй. Гэхдээ чи өнөөдөр ийм авир гаргаснаараа тэр хаалгыг нээчихэж байгаа эсхүл хаачихаж байгаа. Энэ бүхнийг би номондоо бичсэн тул одоо дэлгэж яриад яахав. 
-Амжилт хүсье! Таны идеологичийн зам мөр дардан шулуун, давалгаа далайцтай, хүчтэй байгаасай гэж ерөөе. Жинхэнэ “Цэнхэр оймстон” байгаарай. Үүргээсээ битгий ухарч няцаарай гэж хүсье! 
-Баярлалаа. Гэхдээ идеологич гэдэг надад арай томдсон нэр байна.  Идеологич байж чадах юм бол би баяртай л байна. Гэвч идеологийг гаргаж ирэх хэрэгтэй. Номондоо зухас санаанууд л хэлээд байгаа болохоос идеологи гэдэг чинь их том цогц асуудал шүү дээ.

Ярилцсан М.Уранчимэг 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026