Гранд, 2017 он, №101
Ингэхэд таануус зурагтаар гардаг хүмүүстэй амьдрал дээр хэдэн удаа уулзаж байв? Ихэвчлэн “Өө ийм жижигхэн хүн байсан юм уу?”, “Ердөө л энэ үү?”, “Ямар “халтар” юм бэ?” гэсэн сэтгэгдэлтэй үлддэг гэчихвэл хэтрүүлэг болохгүй гэж бодож байна. Тэгэхлээр бүгдээрээ нэг дүрэм зохиоё. “Ориг”-оор нь хараад “Пөөх ямар дажгүй юм бэ?” гэж бодогдуулж байгаа хүмүүс нь үнэхээр л “төрцөн” урлагийн хүн гэж. Нэг иймэрхүү юм бодсон шигээ Монголын Үндэсний Урлагийн Их Театрын дэргэдэх “Grand Irish”-т сууж байлаа. “Фото түүх” булангийн маань баатар энэ театрт бүжиглэдэг. Бэлтгэл нь тараагүй байсан учир уулзалтын цаг яг 1 цагаар сунав. Фэйсбүүк найз, анх “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинон дээр Яргуйн дүрээр гарч ирж байсан бүсгүй. Ер нь олон нийтийн үйл ажиллагаан дээр олонтаа таардаг. Гэхдээ үг сольж үзээгүй. Хэвлэлд болон фэйсбүүкт хэтэрхий нээлттэй хүмүүсийн хажууд тийм ч тод илэрхийлэгддэг хүн биш. Гэхдээ “бүжигчин” гэх алдрыг өндөрт өргөж яваа бүсгүй. Бүжигчин М.Бямбаа гэвэл бүгд мэдэж байгаа юм чинь. Зочин маань ирлээ. Үсээ гөлчийтөл самнаж шуусан, хоолойтой цамц, өвдөг давсан урттай бошинз, түрийтэй гутал, хүзүүний зүүлт, ээмэг, бөгж нь дэгжин загвартай юм. Өндөр нуруулаг, гэхдээ нүүр нь жижигхэн. Тийм учраас дэлгэцээр аятайхан харагддаг байх нь! Та бүхэнтэй “Фото түүх” булан бүжигчин М.Бямбааг уулзуулж байна.
ГАРЫН ТАВАН ХУРУУ

Саяхан фэйсбүүкт нэг онигоо хит болоод. Таван хүүтэй айлын тухай. Арай гэж бага дүү нь охин гараад тэгсэн чинь аав нь хөвгүүдээсээ нуугаад хэлэхгүй байж. Том нь асуухаар нь “Дахиад ихэр 2 эрэгтэй дүү” гэсэн чинь нөгөөх нь “Гөлөг юмаа нээрээ” гэж их л ууртай хэлсэн гэдэг хэ хэ. Манай зочин М.Бямбаа 5 охинтой айлын дээрээсээ хоёр дахь нь юм билээ. Ёстой л цэцэг цэврүү шиг энхрий бага нас, олон охинтой айл цаанаа цэмцгэр байдаг даа. Том эгч нь ХБК-ийн Хийлийн ангид орсны дараа М.Бямбаа гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар очиж шалгуулан тэнцэж байжээ. Баруун 4 замд амьдардаг байсан гээд бодохоор ХБК хүртэл бас хөөрхөн зайтай. Одоо бол охин хүүхэд тэр хүртэл ганцаараа явна гэвэл нүд орой дээрээ гарна биз. Бидэнд бас тайван сайхан цаг, амьдрал байж шүү. ХБК тэр тусмаа бүжигчний ангийн сурагч туйлын завгүй. Байнгын бэлтгэл сургуулилт, хамгийн гол нь биеийн хүчний ажил. Харахад турьхан энэ бүсгүй бага байхын хатуужил суужээ.

Түүний хэлснээр “Бүжиг бол тэсвэр тэвчээрийн урлаг”. Тэр их тэсвэр тэвчээр, дасгал сургуулилт дунд тасралтгүй байж хажуугаар нь сайхан бүсгүй болтлоо төлөвшинө гэдэг харагдаж байгаа шигээ амархан зүйл биш. М.Бямбаа Үндэсний урлагийн их театрт 22 жил бүжиглэжээ.
ЗАВГҮЙ ОХИД ХӨӨРХӨН!

Бага байхад онц сурдаг охид цаанаасаа хөөрхөн гэдэг дээ. Нээрээ ч бусдаас тасарчихсан тухайн охины бүх юм, байгаа байдал нь төгс харагддаг байсан. Хэн хичээл зүтгэл гаргаж, хийж бүтээж байна тэр өөрөө төгс харагддаг. М.Бямбаа өнөөдрийг хүртэл нэг ч өдөр амралтгүй ажилласан ажилласаар ч байх эрч хүч, туршлага, өгөгдөл түүнд хангалттай бий нь алхам тутамд нь тод илэрхийлэгддэг. Үндэсний Урлагийн Их театр улсын судас болсон байгууллага хойно хэзээ л бол хэзээ тоглолт гардаг. Тэр бүхэнд явахын зэрэгцээ театрын үндсэн тоглолтууд, хаа нэг кинонд дүр бүтээх, “Эрхэмсэг” хамтлагийн ажил, рекламанд зургаа авахуулах гэхчлэн олон ажил ... Тэгэхээр чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэх асуулт гарна. Зочин маань эргэлзэж тээнэгэлзэлгүй “Бассейнд сэлэх, йогоор хичээллэх, фитнесст явах ...” гэдэг байгаа. Ямар нэг байдлаар тасралтгүй хөдөлж л байх ёстой гэж үздэг. Нэгэнт тасралтгүй хөдөлж байгаа нөхцөлд биеийн галбир төгс байх, цаашлаад арьс чанга, үзэсгэлэнтэй харагдах, “илүүдэл жин” бүр үгсийн санд нь ч байхгүй байх аргагүй. Тэгэхлээр завгүй, завгүй дотроо зөв завгүй байж чадвал хөөрхөн сайхан байх юм байна гэдгийг манай уншигч охид бүсгүйчүүд ойлгож авах нь байна. “Фото түүх” булан та бүхэнд заавал ямар нэг үлдэцтэй юм байгаасай гэж боддог. Хэрэв байж гэмээнэ энэхүү булангийн зорилго биелэх нь тэр.
“ЭРХЭМСЭГ”

М.Бямбааг байдаг болохоор “Эрхэмсэг” хамтлагийг мэддэг болсон гэчихвэл бусад нь гомдохгүй байгаа? Угаасаа аливаа хамтлаг, байгууллага, арга хэмжээнд хүртэл нэг туг байх хэрэгтэй гэж боддог. Тэгж байж бусад нь алсын удирдлагад удирдуулсан мэт тэр тугаа даган намирах болно. Лидергүй бол зүг чиггүй л гэсэн үг. М.Бямбаа бүжигчид дундаасаа олонд танигдсан хүн яах аргагүй мөн. Эдний хамтлагийн тухай ер нь бол мэдэхгүй хүн ховор. Албан баримт дурьдахад байгуулагдаад 5 жил болсон юм билээ. Гэхдээ сүүлийн 2 жил масс илүүтэй мэддэг болж байгаа. Хамтлагийн нэрийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар өгчээ. Нэргүй байхдаа нэг удаа тайзан дээр гарах болоход “Та нарыг Эрхэмсэг гэж нэрлэлээ” гэсэн гэдэг. Агуу хүнд тийм эрхэмсэг мэдрэмж төрүүлж хамтлагтаа нэр авна гэдэг их хувь заяа. Тэд бүгд чуулгатаа бүжиглэдэг учир ойлголцоход амар байдаг нь сайн уран бүтээл хийхэд нөлөөлдөг байх нь гэж би хувьдаа дүгнэлээ. Түүнээс охидын хамтлаг хөвгүүдийн хамтлагийг бодвол салж сарних тарж бутрах нь ямар билээ? М.Бямбаа багадаа дуулдаг, бүжиглэдэг хамтлагийн аль алинд нь гишүүн байсан юм билээ. Товчхондоо тэр багаар ажиллах чадвар сайтай хүн байх нь. БИ үзэл нэвт шувт гэрэлтдэг нийгэмд бас л содон дүр төрх.
БОЛОВСРОЛ БА ГОО ҮЗЭСГЭЛЭН

Орчин үеийн охид аль хэдийнэ өөрөө л үзэсгэлэнтэй байвал хэн нэгэн баян “араатан” ирээд тэр нь ханхүү болж хувираад торгонд хөлбөрч амьдарна гэж гар хумхиж суухаа больсон. Үүнийг би маш хариуцлагатайгаар энд зориуд хэлмээр санагдлаа. Нэг үеэ бодвол урлагийн аятайхан бүсгүйчүүдийг “Энэ ч дээ хэн нэгний ...” гэж чичлэхээ больсон. Тэд нь ч боловсорч байгаа нь нүдэнд ил байгаа хэрэг. М.Бямбаа 2012 онд СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Тэр үед ямар энэ тэмдгийг годон гутал өмссөн, Прүүс унасан болгон зүүчихдэг байсан ч биш. Үнэ цэнтэй шагнал байв. Тэр МУИС-ийг урлаг судлаач, багш мэргэжлээр төгссөн. Харин одоо их ажилтайгаа зэрэгцүүлэн магистрт суралцаж байна. Бүжиглэнгээ сураад л явсан байх нь. Нүүр будалт бүх юмаа өөрөө хийдэг. Хувцасны загвараа өөрөө бодож гарган хамтарч ажилладаг дизайнер, салондоо саналаа хэлж урлуулдаг. Үүнийг тодотгохын учир нь тэр маш өндөр мэдрэмжтэй фэшниста гэдэг нь олонтаа харагддаг учраас. Ганцаараа бүжиглэх урилга их ирдэг тул өөрөө өөртэйгөө ажиллах бүжгээ зохиох шаардлагатай. Мөн л өөрөө хийдэг. Түүний амьдралын зарчим “Чадахгүй юм хэзээ ч байх ёсгүй!”. Хэн нэгэн, хамт олон итгэл хүлээлгэсэн л бол чадахыг хичээдэг нэгэн. Тэгэх тусам олны хайр хүндлэл эргээд түүн дээр ирнэ. Хайрлуулж байгаа хүн ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Энэ бүх зүйл нийлж өнөөдрийн М.Бямбааг бүтээжээ.

Энэ бүсгүйг би ягаан цахирмаа цэцэгтэй зүйрлэмээр санагдав. Цахирмаа цэцгийг хятадууд төгс төгөлдрийн бэлгэдэл хэмээн үздэг. Байгаа газартаа амьдралын баяр баясгаланг үргэлж бэлэглэж байдаг учраас хүний сэтгэлийг хямралд орохоос сэргийлдэг онцгой увидаст цэцэг юм. Алунгоо эх, Сорхогтани хатан, Цуутын цагаагч гүү ... Түүнд яагаад ч юм хатан эх, эх амьтны дүр оногддог юм билээ. Харин дэлгэцийн “Яргуй”-н дүрээсээ тэр тэс өөр. Театрт ийм нэг Цахирмаа цэцэглэжээ. Удтал тасраад байсан чуулгын сайхан хүүхнүүдийн бамбарыг яг одоо М.Бямбаа атган алхаж явна. Манай нийслэл залуу хот. Тэр тусмаа олон мисс, сайхан охид замаар нэг. Гэхдээ яг авьяастай олон талсттай, нэр цэвэр сайхнаа хадгалж яваа нь цөөхөн. Тэр тусмаа ганц бие. Залуу насны чимэг зүүсгэл түүнд бий. Өөр шигээ сайхан охинтой. Ийм насанд том болсон охинтой байна гэдэг бурханы бэлэг. “Би ажилдаа л дэндүү дуртай хүн юм билээ ...” гэж тэр санаа алдсан. Зөөлөн булбарай бүсгүй хүний сэтгэлийг зөв залах ухааныг эрчүүдэд хайрладаг бол ч ... Эцэстээ бүх нэрийг бүсгүй хүн үүрдэг. Тэглээ гээд түүртэлгүй сөгдөхгүй сөхрөхгүй яваа бүсгүйчүүдээ алдаршуулахгүй байх аргагүй. М.Бямбаа бол ОДОО ЦАГ. Тэр гэрэлтэж байна, тайзнаа үзэсгэлэнтэйеэ гялалзаж гялтагнаж байна. Түүний өмнө урлагийн уртаас урт дардан зам зурайна. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээг Цахирмаа минь!

Бэлтгэсэн Б.Ундрал
Сэтгэгдэл байхгүй байна