2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэндээ анх удаа гурван улс болох Мексик, Канад, АНУ хамтран зохион байгуулж байна. Нээлтийн тоглолт зургадугаар сарын 12-нд Мехико хотод болж, шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд Нью Жерсид болно.
Энэ удаагийн тэмцээнд анх удаа 48 баг оролцож байгаа бөгөөд тэднийг 12 хэсэгт хуваарилжээ. Хэсэг тус бүрийн эхний хоёр баг болон хамгийн өндөр үзүүлэлттэй найман гуравдугаар байр эзэлсэн баг шөвгийн 32-т шалгарна. Үүнээс хойш хасагдах журмаар аваргаа тодруулна.
Түрүүлэх гол фаворитуудын тоонд Франц, Испани, Англи, Бразил багтаж байна. Францын шигшээд Килиан Мбаппе, Усман Дембеле нар тоглож байгаа бол Испанийн найдвар нь залуу од Ламин Ямал юм.
Мөн энэ ДАШТ-д хэд хэдэн улс анх удаа оролцохоор шалгарсан. Үүнд Кюрасао, Кабо-Верде, Йордан болон Узбекистан багууд багтаж байна. Ялангуяа Кюрасао нь ДАШТ-д оролцсон хамгийн цөөн хүн амтай улсын шинэ дээд амжилтыг тогтоожээ.
2026 оны ДАШТ нь оролцогчдын тоо нэмэгдсэнээрээ болон шинэ багууд анх удаа хүч сорьж буйгаараа дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн онцлох тэмцээнүүдийн нэг болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна