Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч авах нь хөрөнгөлөг гэр бүлүүдийн сонголт, соёл гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй. Энэ зах зээлд 10 гаруй жил үйлчилгээ үзүүлсэн “Happy Flowers”-ийн Э.Ууганцэцэг бие жижиг ч бэлчээр том эмэгтэй.

Тэрээр өнгөрсөн хугацаанд 12 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, 20 мянга орчим өрхөд асрахуйн үйлчилгээ үзүүлснээр зогсохгүй улсын төсөвт нэг тэрбум төгрөгөөс дээш хэмжээний татвар төвлөрүүлсэн нь 16 настайгаасаа айлд өөрөө үйлчилгээ үзүүлдэг байсан түүний өөрөө өөрийгөө бүтээн босгосон бахдам амжилт гэхээс яахав. Тоон амжуултуудаа ойн баярын өдрөөрөө тоймлож суугаа Э.Ууганцэцэгийг орчин цагийн Монголын баячуудын хар хайрцаг ч гэж хэлж болохоор. Дундаж харилцагчийнх нь үйлчилгээ авсан жил 3, дундаж ажилтных нь ажилласан жил 5 гэхээр хар хайрцаг шиг хүний итгэл дааж явдагийнх нь илрэл гэлтэй.

Хэдэн жилийн өмнөх Позитив Монголиансын хоёрын хэрүүл түүнийг бизнесийг унагах биш урагш огцом түлхчихсэн түүхтэй. Түүний бизнес гэрлийн хурдаар өсөж 20 гаруй ажилтнаа гадаадад амраадаг хоёр, гурваар нь ажилтнууддаа байрны урьдчилгаа өгдөг бийлэгжүү компани болж. Хэл ам ихтэй, бийлэгжүү гэр бүлүүдийн хамаг нарийн ширийнтэй хутгалдаж явдаг Э.Ууганцэцэгийн тэвчээр, хат, нуруутай зан хориод жил нугараагүйд олон харилцагч нь талархалтай ханддаг юм билээ.
Асрахуйн салбар агаар ус шиг айлуудад хэрэгтэй болж байгаа учраас Э.Ууганцэцэгийн жаргалтай цэцэг улам олон газар цэцэглэн дэлгэрэх болтугай л гэж ерөөе дөө.

Сэтгэгдэл байхгүй байна