Өөжгий Сараагийн тоглолтын урилга ирнэ гэж хүлээгээд л байсан, Сараа “Хуц гэсэн юм би” ухааны ярилцлага өгчээ дээ. Өөжгий угаасаа алдаршсан, гаршсан Түгжил хочиндоо дуртай байгаа ч юм уу тоглолтын маргааш нь бут ниргэлээ. “Миний зохиосон дууны нэрээр нэрлэсэн тоглолтыг би мөнгөөрөө тасалбар авч үзэлтэй биш. Урилга ирээгүй шүү дээ” гэв. Чамин сарнай баглаа боодолтой урилгаа дэлгүүр хоршоогоор хүртэл тарааж яваа харагдсан Сараа хатагтай Т.Ариунаа, Өөжгий хоёрт л урилгаа өгөөгүй юм биш үү. Хэн мөнгө төлсөн нь хоолоо болон дуугаа захиалдаг орчлонгийн үнэнийг яалтай.
Хүлээн авалтын хоолон дээр дуулах дургүй гэж асан зууны манлай Сараа ВИП урилга дээрээ ялгавар үзэл гаргаж шиншилатайгаар нь топ Э.Одгэрэлийг ч юм уу ер нь урлагт нээх хаа хамаагүй ч ирээдүйд ашиг тустай, брэндлэг хүмүүсээр ширээгээ дүүргэсэн. Тарьснаа хураахын тулд талархаж, танил тат татахад ч хязгаар байх нь ойлгомжтой. Одоо Өөжгийгөөс дуу гараа ч уу, үгүй ч үү гэчихснээс ялгаагүй юм болж.

Сараагийн тоглолт. Сараа хэдэн цагт гарч ирж дуулна уу, хэчнээн панчаан ашиглана уу, хэнийгээ ВИП-дээ зална уу бидний өөдөөс ёстой “хуц гэсийн би” гэх байлгүй.
Сониноос “Хайрын бурхан” тоглолтыг нийт 14300 хүн үзжээ. Харин Т.Ариунаагийн өнгөрсөн зуны Төв цэнгэлдэхийн тоглолт 35000 тасалбар зарагдсан оргил рекордыг эзэмшсэн.
Энэ хоёрын хоёулангийнх нь тоглолтыг зохион байгуулж сошиал медиаг утгаар нь базаж чадсан авьяастан бол “Urban Talk”-ын Я.Учрал. Тэд мөнхийн өрсөлдөгчид, юун дээр ч санаа нийлэх боломжгүй мэт боловч энэ залуугаар тоглолтын пиараа хийлгэх дээр яагаад ч юм нэгджээ. “Ариунаагийн тоглолтыг хийсэн багаар хийлгэхгүй” гэмээр байсан ч цагийг эзэлж байгаа залуусын хандалтын судсыг олдог авьяастанг яах юм. Я.Учрал ер нь Төв цэнгэлдэхийг хэд дүүргээд байгаа юм бэ, бурхан минь. Сошиалын хандалт нь ёстой утгаар нь солиоруулж байна. Я.Учралд алга ташвал ташсан шиг ташицгаа. Зууны манлайгийн пиар юу вэ гэлцэн өөлж байсан хүмүүс эцэстээ Төв цэнгэлдэх хүнээр дүүрээд багшралдаад ирэхэд амаа татлаа. Нэг л ялгаа байсан нь Т.Ариунаа сэтгүүлчдэд тун найрсаг хандсан бол Сараа хэвлэлийнхнийг авч хэлэлцсэнгүй. Тоохгүй байж болно. Сошиал медиагийн эрин үе мөн боловч одоогоос арван жилийн дараа дурсагдах мэдээ мэдээлэл түүхэн нийтлэл цөөн байх нь. Сараагийн тоглолтын маргааш нэг ч мэргэжлийн сэтгүүлчийн нийтлэл гарсангүй. Өөжгий л “бөөллөө”. Харамсалтай. Хувь уран бүтээлчийн өөрийнх нь таашаал, тачаал, сонголт хойно яалтай билээ.

Панчаануудын талаар таван үг шидье. Эмэгтэй ба эрэгтэй хамтлаг дуучид дуулалт болон гадаад төрх нь энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдөв гээд ангилчихвал амар байна, хэдүүлээд. Угаасаа дуу нь бол хуучнаараа шүү дээ. Мартъяг, Мартвал “алан” ч юм уу нэртэй тоглолт хуучин дуунуудаараа эргүүлж тойруулан тавьж биднийг мөлждөг дархлагдсан улс даа, рок попынхон. Зохиолын дуучид хажууд нь тэнэг хөдөлмөрч. Шинэ дуу, шинэ тоглолт, шинэ хамтрал, шинэ сет задраастай. Рок попынхон зүгээр л залхуу. Бөхийн өргөөнд тоглох биш, хөдөө явах биш. Гадаадад тоглосон нэртэй бөөн хэрүүл бужигнуулаад ирцгээнэ. Сараагийн тоглолтоор бүгд биш ч тодорхой хэсэг нь тайзнаа гарч эв нэгдлээ харууллаа.
Эмэгтэйчүүдээс хамгийн өнгөлөг аятайхан нь өрсөлдөгчгүй С.Наран байлаа. Биеэ сайхан авч явж байна, зэгзгэр байна, хөөрхөн байна. Урлагийн хүн гудамжаар алхаж яваа охид бүсгүйчүүдээс дутахгүй байх нь зүйн хэрэг. Цагтаа хөөрхний туйл байсан С.Сэрчмаа маань хав нохой шиг харагдаж байгаа талаарх шүүмжийг үзэгчдээс авав. Донжоо олохгүй бол тэр байтугайг сонсоно.

Эрчүүдээс “Чингис хаан” хамтлаг янзага байна аа. Арчаатай хөгшин бэ гэдэг шиг яасан күүл юм бэ. “Харанга”-чууд бүсгүйчүүдийн зүүдний ханхүү явсан Баачка гоо үзэсгэлэнгээ “тавиад туужээ”. Т.Дэлгэрмөрөн “Номин талст” хамтлагийнхаа дууг гудиггүй ганцаараа дууллаа. Дэлгэрталстын Номинмөрөн болжээ, хөөрхий. Эдний хамтлагийнхныг нийлүүлээд нэг ганц тоглуулчих юмсан. Тээр тээр, панчаан хэтэрхий их гарч ирж олон дуу дуулснаас болоод Сараа руугаа орж амжихгүй нийтлэл үргэлжилсээр байна.
Ингэхэд Б.Алтанжаргал Сараагийн тоглолтон дээр юу хийж байлаа? Цам яагаад харайлаа? Цагаан өвгөн юу хийж явлаа? Наадмын нээлт билүү гэж гайхтал авсан. 21 цагт гэв гэнэт тийм юм болохоор түрүүлээд ууж доргиж байсан хүмүүсийн уусан юм гарсан байх аа. Поп хатагтай биз дээ! Бас ямар олон эрэгтэй партнер вэ? Зохиолын дуучид л учиргүй дуэт дуулдагсан. Хийцлэл нэг л биш ээ. Маш гоё материалууд байхад нийлүүлээд хоол болгож чаддаггүй авьяасгүй тогоочтой хоолны ширээний ард суусан мэт байлаа. Үзэгч бидний бяцхан зүрх бодохоор гомдоод байна гэчихвэл алуулах байх даа. Мэдэхгүй, тоглолтын эзэн болон найруулагчид, ВИП-гийн үзэгчид л ойлгосон байх. Бид тэнд яах гэж цуглалаа. Зорилгоо мартсан шүү.

Зууны манлай юм бол зууны манлай шиг л байгаасай гэж үзэгчид хүссэн. Алаад өгөөч, ураад өгөөч. Тэр сошиал пиар цөмрөх, хандалт өсөх, лайк өсөх яах вэ. Тэртэй тэргүй тэгсэн тэгээгүй “Сакура” будааг трэнд болтол зарж чадсан биз дээ, хө. Тоглолтын дараа зэмлэл их ирж байвал өөр дээрээ дахиад ажиллах цаг болжээ л гэсэн үг. Сараад дахиад 40 жил дуулах потенциал, авьяас өгөгдөл байгаа нь үнэн шүү дээ. Хэт хэлбэрдэлт, агуулгын гажилт, өөрөөсөө өөр байх ийм аюултай. Одоо тэгээд яалтай, олны танил хүн, урлагийн хүн зэмлэл магтаал хоёрыг зэрэг зэрэг даахгүй бол ОД биш шүү дээ. Санасандаа хүрсэн тоглолт үзээгүй болохоор сүнс минь тайван биш байна, уучлаарай.
У.Цахирмаа
Сэтгэгдэл байхгүй байна