Алдарт Мэрилин Монро 100 насны төрсөн өдрөөрөө дэлхийн нийтийг дахин шуугиулав

Алдарт Мэрилин Монро 100 насны төрсөн өдрөөрөө дэлхийн нийтийг дахин шуугиулав

Marilyn Monroe төрснөөс хойш нэгэн зуун өнгөрсөн ч тэрээр өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлийг татсан, тайлагдашгүй нууцлаг дүр хэвээр байна. Жүжигчин, загвар өмсөгч, дуучин байсан тэрээр Америкийн соёлын бэлгэ тэмдэг болон мөнхөрсөн ч түүний хэчнээн олон гэрэл зургийг үзсэн байлаа ч зөвхөн өнгөн хэсгийг нь л мэдэрсэн мэт санагддаг.

Түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан ACC Art Books хэвлэлийн газар Мэрилин Монрогийн өвийг хариуцдаг байгууллагатай хамтран Marilyn Monroe 100: The Official Centenary Book нэртэй албан ёсны дурсгалын номыг гаргажээ.

Тус номд Монрогийн нийт 275 гэрэл зургаар олон талт дүр төрхийг харуулсан байна. Эдгээр нь түүний Норма Жин (Norma Jeane) нэртэй залуу насны үеэс эхлээд Калифорнийн Santa Monica хотын далайн эрэг дээр авхуулсан хамгийн сүүлчийн гэрэл зургийн цуврал хүртэлх амьдралынх нь янз бүрийн мөчүүдийг өгүүлжээ. 

Мэрилин Монрогийн түүх

Мэрилин Монро (жинхэнэ нэр нь Норма Жин Мортенсон, дараа нь Норма Жин Бейкер) 1926 оны 6-р сарын 1-нд АНУ-ын Los Angeles хотод төржээ. Тэрээр хүндхэн хүүхэд насыг туулж, асрамжийн газар болон түр гэр бүлүүдэд өссөн байна. Улмаар 16 настайдаа анхны гэрлэлтээ хийсэн бөгөөд удалгүй загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. 1940-өөд оны сүүлээр кино урлагт хөл тавьж, 1950-иад онд Gentlemen Prefer Blondes, How to Marry a Millionaire, The Seven Year Itch зэрэг кинонуудаар дэлхий даяар алдаршсан юм. Түүний цагаан даашинз салхинд дэрвэсэн дүр зураг нь кино урлагийн хамгийн алдартай мөчүүдийн нэг.

Монро гадаад төрх, дур булаам байдлаараа алдартай байсан ч өөрийгөө зөвхөн "үзэсгэлэнт шаргал бүсгүй" гэсэн хэвшмэл дүрээс гаргахыг хүсдэг байв. Тэрээр жүжигчний ур чадвараа сайжруулахын тулд Нью-Йоркт суралцаж, өөрийн продакшн компанийг байгуулсан нь тухайн үед эмэгтэй жүжигчдийн хувьд ховор алхам байлаа.

Тэрээр гурван удаа гэрлэсэн:

  • Joe DiMaggio (бейсболын домогт тамирчин)
  • Arthur Miller (алдарт жүжгийн зохиолч)
  • Анхны нөхөр Жеймс Догерти

Мөн түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч John F. Kennedy-тэй холбоотой гэсэн цуу яриа олон жилийн турш дагалджээ.

Тэрээр 1962 оны 8-р сарын 4-нд, 36 насандаа Los Angeles дахь гэртээ нас барсан байдалтай олдсон. Албан ёсны дүгнэлтээр барбитуратын төрлийн эмийн хэт их хэрэглээнээс үүдэлтэй амиа хорлолт гэж тогтоосон боловч түүний үхлийн талаар өнөөг хүртэл олон таамаг, маргаан байдаг. Мэрилин Монро өнөөдөр ч дэлхийн хамгийн алдартай соёлын бэлгэ тэмдгүүдийн нэг хэвээр байна. Түүний дүр төрх, загвар, кинонууд нь поп соёлд асар их нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд түүнийг 20-р зууны хамгийн танигдсан эмэгтэйчүүдийн нэг гэж үздэг. Түүний амьдралын түүх нь алдар нэр, эмзэг байдал, мөрөөдөл, ганцаардлын бэлгэдэл болсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026