Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал асан Д.Алтанхуягийг тус театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Түүнийг өмнө нь албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэртэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх сайдын шийдвэрийг хүчингүйд тооцсон байна.
Эргэн томилогдсон талаараа Д.Алтанхуяг цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ бол миний хувьд албан тушаалын тухай бус, харин урлаг соёлын төлөө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдварын үргэлжлэл юм. Амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан энэ сайхан байгууллага, уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмэндээ үйлчлэх эрхэм боломжийг дахин олгосонд талархаж байна” хэмээн бичсэн байна. Мөн өөрийг нь дэмжиж ирсэн хамт олон, үзэгчид болон ойр дотнын хүмүүстээ талархал илэрхийлээд, “Албан тушаалд бус, урлагт хайртай сэтгэлээрээ сурсан мэдсэнээ эх орон, ард түмэн, ирээдүй хойч үедээ зориулан ажиллахыг эрхэмлэдэг” гэжээ.

Сэтгэгдэл байхгүй байна