Б.Сарантуяа: Сайн ээж, сайн урлагийн зүтгэлтэн, сайн уран бүтээлч гэдэг нь эмэгтэй хүний доторх аальгүй муужгайг дарчихдаг

Б.Сарантуяа: Сайн ээж, сайн урлагийн зүтгэлтэн, сайн уран бүтээлч гэдэг нь эмэгтэй хүний доторх аальгүй муужгайг дарчихдаг

Гранд, 2015 он, 4 сар

/Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ, Гранд авардс-2014, Урлагийн салбарын гранд лэди/

Газраас эхтэй бүхэн амилсан урин хаврын гайхам гэгэлзүүр  өдөр поп хатагтай Сараатай болзоо тогтоож, бяцхан бэлэг, цэцгийн баглааны хамт өгч, дараах яриаг өрнүүллээ. Түүнийг ийн хүндэтгэх олон шалтгаан надад болоод бидэнд бий. Дунд сургуулийн сурагч байхдаа түүний фен нь байв. Дараа нь сэтгүүлийн минь зүгээс өргөмжилж, шалгаруулж ирсэн Гранд Лэди цомын эзэн болсон нь өнгөрсөн оны явдал. Энэ бүхнээс илүү түүнийг хайрлах, хүндлэх нэг том глобал шалтгаан бол нийгмийн зүтгэлтний хувьд тэр амьдралынхаа гуч орчим жилийг их урлагт зориулжээ. Статистик тооцоо гаргахад түүний туулсан зам, түүнийг үзсэн үзэгчийн тоо агуу юм гарсан гэнэ лээ. Өөрөөр хэлбэл тэр гайхалтай хөдөлмөрч, дайчин. Жил бүр төрсөн өдрөөрөө тоглолт хийдэг дуучин түүнээс өөр байна уу? Үгүй.

Харин хувь хүний тухайд тэр хайрламаар үнэн, дэндүү гэмээр шударга, хүчирхэг чин сэтгэлтэй эмэгтэй. Он цаг өнгөрөх тусам энэ бүхэн нь улам тодорч, фенүүд нь, эгэл жирийн ард түмэн нь түүнд улам улмаар хайртай болж байгаа нь анзаарагдах.

Сараагийн анх гарч ирсэн имиж их онгироо, пээдгэр, давилуун, эрх зоргоороо. Орос ээжийн охин, орос “школ”-той учраас бас хонины орд зэрэг нь энэ бүхний шалтгаан байж болох. Хэрэв Сараагийн нийгмээс олж авсан алдар хүнд, элдэв өргөмжлөл, тодотголыг нь аваад хаячихвал тэр их ТОМ амьтан. Өөрийнх нь хэлсэнчлэн хүн чанарын уул. Тийм учраас тэр жинхэнэ Гранд Лэди. Жинхэнэ агуу оршихуй юм. Хэзээд өөрийнхөөрөө, омог бардам, хамааралгүй байдагт чинь баярладаг аа, Гранд Лэди минь.

Лу.Болдхуягаас салах болсон гол шалтгаан нь 2 дахь хүүхдээ гаргуулах дургүй байсан юм

-Нэг их тийм давилуун, дайчин эрэмгий, Кармен шиг асч шатсан омголон араншин, тэгсэн хэрнээ хайрламаар нүв нүцгэн үнэн чин зүрх сэтгэл поп хатагтай таны мөн чанарыг илэрхийлэх юм шиг санагддаг...

-(Инээгээд) Яагаад ярилцлагынхаа эхний өгүүлбэрийг хайр сэтгэлээр эхлэх болов?

-Хайрын улирал гадаа ирчихэж. Би эмэгтэй хүн ч гэлээ таныг бас хайрлаж болно биз. Асуулт бэлдэнгээ таны архивыг ухаж байхдаа хайрлах сэтгэл  төрснийг нуух юун. Урлагийн төлөө та бүхнээ зольсон юм шиг санагдсан. Их эр зориг шүү.

-Баярлалаа. Би “Космополитан” сэтгүүлийн 12-р сарын cover болж байсан юм. Тэнд намайг энэ цагийн хүчирхэг альфа эмэгтэй гэж нэрлэсэн байсан. Ерөөс хүчирхэг монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл гэж намайг онцолсон байх. Би ганцаараа биш, миний ард мянга мянган “Нарантуул” зах дээр бизнес эрхэлдэг, хөдөө бол мянгат малчин, цахилгаан станцын инженер, таксины жолооч хүчирхэг бүсгүйчүүд бий. Хөөрхий тэр жижигхэн хоёр мөрөн дээрээ өчнөөн ачаа үүрч яваа мянга мянган монгол альфа эмэгтэйчүүд.

Ганц бие аавууд нэг их мундаг яваа гэж би сонсч байгаагүй ээ. Битгий гомдоорой, эрчүүд ээ. Эзэн Чингис хааны үеэс авахуулаад хүчирхэг хатад, энэ цагт манай эстрадынхнаас гэхэд л Нандинцэцэг эгч, Оюунчимэг эгч. Тэдэнд маань сэтгэлийн тэнхээ өгөх ар гэрийн түшиг, найз нөхдийн туслалцаа дутагдсан юм шиг санагддаг. Бүгдээрээ Л.Цогзолмаа гуай шиг байж чадсангүй ш дээ. Миний өмнөх болоод бидний үеийнхэнд урлагийнхаа хажуугаар бизнес эрхлэх, өөр юм хийх ухаан, сүйхээ байсангүй ш дээ. Зөвхөн урлагт бүхнээ зориулж ирлээ.

Энэ нь дархлаа болоод хэзээд хүнээс шалтгаалахгүй амьдарч сурсан байна. Сайтуудаар муулж байсан ч гэлээ юу ч болоогүй юм шиг байж чадаж байна. Өөр дээрээ тусаж байгаа negative зүйлсийг positive болгож хүлээж авч сурлаа. Заримдаа ч муулуулж байна гэдэг чинь ч болж байна, хүний анхаарлыг татаж байна гэдэг нь  үхэх болоогүй гэсэн дохио гэж хүртэл бодож үзэж байна.

Ер нь хонины орд бол маш өөдрөг сэтгэлгээтнүүд л дээ. Миний эргэн тойрон, манай гэрт тийм нэг өөдрөг бус хүмүүс байдаг л даа. Өө бүтэхгүй, өө болохгүй л гэнэ. Сүүлдээ тэднийг хүртэл өөдрөг үзэлтэн болгох гэж үзэж байна.

-Гол асуулт маань Б.Сарантуяа гэж чухам хэн юм, мөн чанар нь юу юм? Булангийн маань нэр “Гранд Би”. Өөрийнхөө “Би”-г омог бардмаар тодорхойлж чадах хэмжээнд хүрсэн таниас өөрийгөө ямар ч комплексгүйгээр тодорхойлооч гэмээр байна?

-Хөндлөнгийн үнэлгээг надад ард түмэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хангалттай өгчихсөн юм. Тэртээ 25, 26 насандаа нэр алдартай байх эрхээ урьдчилаад эдэлчихсэн юм шиг байгаа юм. Гавьяат өгсөнгүй, байр өгсөнгүй, ингэсэнгүй, тэгсэнгүй гэж уйлан дуугарах зарим хүмүүс байдаг. Надад тэдэн шиг байх шаàрдлага гараагүй. Ард түмэн өгөх юмаа хугацаанд нь өгдөг. Тэрийг авч, хүртэж, мэдэрч чадах нь уран бүтээлчийн мөн чанар. Би лав юм авах, алдар нэртэй болох гэж уран бүтээл туурвидаггүй. Анх дуулж эхэлж байхдаа ард түмнийхээ хайранд умбаад, жаргачихна, алдартай болоод баян болчихъё гэж бодож ч үзээгүй. Зуун сая төгрөгний машин аваад уначих чадвартай болтлоо би дуу хоолойгоороо өөрийгөө тэжээгээд, хувцаслаад явчихна гэж мөрөөдөж ч байсангүй. Аавынхаа багадсан пиджак, өмдийг хасаж янзлаад, атласан 45 төгрөгний материалаар өмд оёод өмсөж явахдаа жилдээ 10 мянган долларын бараа хэрэглэнэ гэж зүүдэлж ч явсангүй ш дээ.

Ер нь би одоо ч тэр, ямар нэг төсөл хэлэлцэхдээ ашгийг нь хардаггүй. Тэгээд ч хонины ордныхон ашигтай ажилладаг бизнесч хүмүүс биш л дээ. Дандаа л мултардаг байх даа, хөөрхий минь. Материалын хувьд хоосон байж болно, оюун санааны хувьд маш өндөр, Килиманжаро шиг өргөн, уужуу сэтгэлтэй үлддэг нь бидний олз юм. Тиймдээ ч, миний хамгийн анхны тоглолт “Сэтгэлийн хөг” гэх мэт нь санхүүгийн хувьд амжилтгүй болж байв. “Аргагүй амраг” гэдэг алдартай цомог 35 мянган долларын санхүүжилтээр, зээлээр хийгдсэн. Маш их өрөнд орж билээ, тэр үед. 1997 онд зээлийг нь төлөөд дууссан. Гэхдээ “Аргагүй амраг”-аа авч үлдэж чадсандаа би баярладаг. Би 35 мянган долларын зээл авч, энэ цомог гараагүй бол миний алдартай “Сэхүүн салхи”, “Хэн юм бэ?”, “Хайрын бурхан”, “Аргагүй амраг”,“Гоолингоо” нар төрөхгүй байсан юм. Эдэнгүйгээр би яаж үнэлэгдэх юм!

Харин өнөөдөр яагаад мөнгөний талаар яриад байгаа юм бэ гэвэл цаг нь болжээ.

-Магадгүй ээ. Эхлээд хөдөлмөр, золиос, түүнийг дагасан алдар хүнд, дараа нь ашиг, эдийн засаг гэж байгаа таны логик тун ч таалагдаж байна. Цаг нь болсон ч байж мэдэх юм. Сүүлийн үед илт мэдрэгдэж байгаа нэг зүйл бол ард түмэн, фенүүд чинь урьд урьдахаасаа илүүтэй Сараад хайртай болсон юм шиг ээ. Энэ бол ямар нэг зусар, бялдууч үг биш, зүгээр л feeling.

-Нөлөөт толины вант улс орвонгоороо эргэчихлээ л дээ. Би маш ихээр доромжлогдож, маш ихээр гүтгэгдэж явсан юм. Анх гарч ирэхэд Сараа шиг сайхан дуучин байхгүй, Сараа шиг мундаг од байсангүй. Тэгээд 1997, 1998 оны үеэс эхлээд Сарааг муучилж эхэлсэн. Сараа гадаадад тоглолт хийж байгаад нутаг нэгтнээ баривчилж өглөө, Сараа бизнесмэн баян хүнтэй суугаад баяжчихлаа, Сараа До яамныханд монголчуудаа барьж өгөөд тэр мөнгөөрөө Берлин нислээ гээд л “Дээдсийн хүрээлэн” сониноос авахуулаад гүтгэж эхэлсэн. Ерөөсөө намайг муучлаад, дуучин Ариунааг магтаад эхэлсэн юм. Өөр нэг дуучинг алдарт гаргахын тулд заавал нөгөөхийг нь муулж гаргах учиртай байсан юм байлгүй дээ. Манай монголчууд чинь ийм л уйдамтгай улсууд ш дээ. Нэг аваргад сайн байсан бол дараагийн аварга нь муу болдог юм уу. Тэгээд тэрэн дээр нь нөгөө хаад, ноёдыг эвдрэлцүүлдэг башир аргаа хэрэглэдэг.

Би хувьдаа адилхан уран бүтээлч нэгнээ надад таалагдахгүй байсан ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр муулуулахыг боддоггүй. Харин өөр аргаар, аятайхнаар хэлж болно шүү дээ. Заавал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа, фэйсбүүкийн пост зэргээр хүнийг гүтгэх нь их л арчаагүй хүний араншин. Тэр чинь хүн шүү дээ. Амьдарч байна, амь зуух гэж байна. Тэгэхэд бизнес байтугай хувийн амьдралтай нь холбоотой мэдээлэл гаргаж, сөрөг нөлөө үзүүлдэг. Тэр  бүү хэл дээр үед сонины хариуцлагагүй сурвалжлагчийн алдаанаас болж нэг эмэгтэй нас барсан шүү дээ. Хэдэн сонин зарахын тулд хүний хувь тавилангаар тоглоно гэдэг аймаар.

-Хангалттай ихээр таныг муулж, гүтгэсэн гэлээ. Та ямар хариу урвал үзүүлдэг байв?

-Тооцоогоо мөнгөөр хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл би  800 мянга, сая төгрөг, сая 500 мянгаар хүртэл ярилцлага өгч байсан юм. Үнэгүй муулуулснаас мөнгөө аваад муулуулсан нь дээр биз дээ. Дараахан нь “Алтан микрофон” наадмаас Хэвлэлийн баатар өргөмжлөл авч, би ч бүх чөлөөт хэвлэлийнхэндээ баярласан талархсанаа илэрхийлж байсан. Нэг бодлын талархал, нөгөө бодлын ёж, егөө байсан даа. Бүр миний тоглолтын орлогыг миний өмнөөс бодоод, бичиж байсан гээд бодохгүй юу. Монголд Сараа гэж ганц дуучин байдаг, Сараа л ганцаараа тоглолт хийдэг юм шиг. Сараа төрсөн өдрийн тоглолтоороо фэнүүдээсээ тэдэн төгрөг хураав. Ийм юман дунд туучуулж явсан болоод ч тэр үү, одоо зарим нэг улс руу хэвлэлийнхэн дайрахаар би оронд нь байгаа юм шиг темпэнд нь ороод байдаг ш дээ.

-Гэхдээ л та од шиг амьдарч байсан учраас олон нийт хийгээд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад байж. Тэгж бодогдохгүй байна уу?

-Магадгүй ээ. Би төгс төгөлдрийн дээд хэмжээ биш. Гэхдээ л хүмүүсийн сонирхлыг татдаг юм байна. Тэр үедээ би модель шиг төгс бие галбиртай, царайлаг, гоё эмэгтэй байгаагүй. Харин би өвөрмөц сэтгэлгээтэй байсаан.

Нэг сайхан эрх чөлөөтэй зоргоороо явж байгаа beauty-г муухай болгох их амархан байдаг юм ш дээ. Тэрийг муухай болгохгүй, удаан, сайхнаар нь хадгална гэдэг амаргүй. Хүн болгонд таалагдаж, хүн болгонтой бялдуучилж, хүн болгонтой ая тал зассан хүн л дандаа тийм байж чадах байх. Гэтэл хүн л юм чинь заримдаа шулуун шударга зан гаргаад, эсвэл заримдаа амбиц, нөлөөлөл нь хөдлөөд зарим улстай зохих хэмжээнд нь харьцаагүйгээс болж сөрөг, муу үр дүн гардаг. Нэг хүний ивээлд нь багтах ёстой байтал багтахгүй, хилэгнүүлсэн байдаг ч юм уу.

-Уудаг худаг руугаа нулимаж болохгүй гэдэг шиг таньтай нийлж суугаад хэвлэлийнхнээ муулах нь ч хаашаа юм. Нэг л тодорхой зүйл бол хэвлэл мэдээлэл гэдэг олон нийтийн санаа бодол, тусгал нь байдаг. Олон нийт сонрхож байгаа зүйлсийг л тэд бичдэг, сонирхдог. Гэтэл намайг сонирхооч гээд мянга хашгираад хэвлэлийн баатар болж чадахгүй хүмүүс зөндөө л байна. За энэ ч яахав, үндсэн ажилдаа оръё. Өөрийгөө эмэгтэй хүн, тэр дундаа тайзны од байх хэмжээний дуучин бүсгүй гэдгээ хэзээ анх мэдэрсэн бэ?

-Би өөрийгөө царайлаг, хөөрхөн гэж ёстой мэдэх ч үгүй. Манай эгч харин хөөрхөөн. Сарангоо гээд нэр шигээ гуалиг, туранхай бүсгүй бий. Би хажууд нь хөөрхөн дөрвөлжиндүү цээжтэй, булцгардуу, бор, намхандуу охин байсан ш дээ. Нэг удаа харин Якут явж ирээд их хөөрхөн цайраад, жаахан өндөр болоод аятайхан болж ирсэн. Долоо билүү наймдугаар ангидаа шарлаад, биеийн тамирын хичээлд орохоо больсноос хойш мариалж эхэлсэн. Ер нь бол нугасны муухай дэгдээхий л байсан даа. Манай ангийн Лхамаа, Сэлэнгэцэцэг талийгаач эд нар чинь дандаа гоё хүүхнүүд, хөөрхөн охид. Манай ээж намайг данхны таг гэж шоолдог байсан гээд бод доо (инээв). Тэгээд эмэгтэй хүн л болсон хойно дуулсаар байгаад нэг мэдсэн чинь Сэлэнгээ шиг нүүрээ будаж сурлаа. Тэгээд улаан нөмрөг өмсөөд л, дэгжин малгай тавиад л, 18-тай Сараа хийсч явлаа. Удалгүй “Шилдэг дуучин”-ы шагнал авсан. За тэгэхэд л би ерөнхийдөө өөрийнхөө хэмжээнд лаг болчихсон юм байна гэж бодсон байх шүү. Тэгээд л “Аясын салхи”-ийн залуучууд эргүүлж бариад л, ааяа. Төмөрбаатар ах анзаарч, манзаардаг болчихсон ч байх шиг. Тэгээд л хувцсаа тохируулаад өмсчихвөл тийм ч муухай амьтан биш юм байна гэж бодож эхэлсэн дээ.

-Тэр үедээ л та Монголын элит гэр бүлийн гишүүнээр элссэн байх шүү?

-Тэгсээн. Тэр үед хүүхнүүд их хувцсаа сольж өмсдөг байлаа. Миний анхны хань, Хуягаа маань тэгэхэд, Сараа минь чи бусадтай хувцсаа битгий сольж өмс, өөрийнхөөрөө л бай гэж байж билээ. Тэгээд Бээжингээс хоёр чемодан хувцас авч өгч байсан юмдаг. Тэрнээс хойш би ёстой хүнээс хувцас авч өмсөөгүй ээ. Гангалж барихаа ч тэгэсхийгээд больсон санагдана.

-Б.Намсрай гуайнд бэр орохдоо хэдэн настай байсан юм бэ?

-Арванестэй. Бид хоёр таван жил хамт амьдраад 24-тэйдээ бид тусдаа амьдарч эхэлсэн. Нугасны дэгдээхэйд даль жигүүр нь ургасан юм байлгүй. Бид хоёрын ялгаа гэвэл Хуягаахай маань үзсэн амьдралынхаа туршлагаар амьдардаг, би ирээдүйн амьдралынхаа алдаагаар амьдарч байлаа. Тэгээд таараагүй юм.

-Тийм олон жил амьдарч байхад хүүхэд гараагүй нь сонин. Гэвч урлагийн элит гэгддэг энэ айл цэл залуухан охинд их зүйл өгсөн байх, тийм ээ?

-Үнэхээр урлагийн язгууртан гэр бүл гэдэг нь үнэн. Манай Н.Ганхуяг, алдарт Н.Сувд, Т.Бат-Оргил, Т.Мөнх-Оргил гээд бодохоор яах аргагүй элит. Энэ гэр бүлд хар нялхаараа шахуу орж, сайхан айлын бэр болж таван жил амьдарсандаа баярлаж явдаг. Миний хувьд маш том хүмүүжил, оюуны хөрөнгө оруулалт болсон. Одоо бол тэр сайхан буянтай улсын буяныг дааж амьдрах ёстой гэсэн бодол байдаг.

Бид хоёроос хүүхэд гараагүй нь харамсалтай. Тэр үед надад ямар нэгэн аргаар л дуучин болно, СУИС-д орно гэсэн бодол байж. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд хүүхэдтэй болохыг хүсээгүй нь үнэн. Хүүхэд төрүүлэх нь карьерт садаа болно гэж бодож байсан үе. Сүүлд бол яахав 27 насанд ээж болоход нас нь болчихсон байсан юм. Тэгэхэд ч гэсэн, би хүүхдээ төрүүлэхдээ, Эрхэмээгийн аав надтай суухгүй бол би ганцаараа өсгөнө гэсэн хатуу байр суурьтай болчихсон байж билээ. Өмнө нь Ганхуягтай таван жил сайхан амьдарчихсан, дараа нь Эрхэмээгийн аавтай дөрвөн жил амьдарсан. Үндсэндээ ганцаараа амьдрах амьдралд бэлтгэгдчихсэн байсан юм. Ганцаардсан чоно гэдэг дээ, тийм болчихсон байсан юм уу. Тэгээд ч эрэгтэй хүнтэй нэг дор амьдарна гэдэг бол маш их тэвчээр шүү дээ.

- Та тийм тэвчээргүй хүн үү?

-Яг тэвчээрийн тухайд би их тэвчээртэй хүн. Манай авга ах манайд амьдардаг. Ээж, хүүхдүүд гээд бужигнаад л амьдарна. Хэнбугай ч ирээд манайд амьдарсан би тэгтлээ төвөгшөөхгүй. Олонтой байгаад сурчихсан. Ингээд амьдраад сурчихсан. Одоо үнэхээр чин сэтгэлээсээ намайг хайрлах хүн гараад ирвэл тэр л биз. Гол нь тэр хүн юутай, хээтэй нь л намайг хайрлах ёстой болчихоод байна л даа. Авга ахтай нь, гурван хүүхэдтэй нь, ээжтэй нь, алдар нэр, хэл амтай нь, интернэтийн комменттэй нь хайрлах болчихоод байна. Интернэт гэснээс үүний цаана өөрсдийгөө мэдэхгүй, харагдахгүй гэж бодож эрдээд хамаагүй комент бичдэг нөхдүүдэд хандаж хэлэхэд юу ч мэдэхгүй байж, юу ч хараагүй, юу ч сонсоогүй байж мэддэг юм шиг битгий бичиж байгаач ээ. Би үүнийг зөвхөн өөрийнхөө өмнөөс ч биш, бүх алдартай хүмүүсийн өмнөөс хэлж байгаа  юм шүү.

Ер нь бусдад атаархсан өнгө аястай, хараалын аястай үг бүхэн өөр дээр чинь л эргэж буудаг юм шүү дээ. Хүний талаар таагүй мэдээлэл бичингүүт кайф авч суугаа улс бол ад чөтгөрийн төрлийнх байж таарна. Хүнд муу юм тохиолдоход баярлаж бахархаж байна гэдэг бол хүний төрлөөс холдож байгаагийн шинж. Ер нь хүн гэдэг чинь амьтнаас хүртэл илүү байх учиртай, босоо нуруутай амьтан шүү дээ. Хэрвээ хүн шиг амьдарч чадахгүй бол дөрвөн хөллөх хэрэгтэй.

-Та ч бухимдал дүүрэн байгаа юм байна?

-Би бухимдаагүй, зүгээр л хэлж байна. Хэлэх ёстой гэж бодоод хэлж байна.

-Хорин хэдхэн настай Сарааг төсөөлж байнаа. Гэнэт од болоод л, алдар нэрээ мандуулаад л. Бодвол нялхасын өвчин ч дайрсан юм билүү?

-Үгүй байх аа. Би амжаагүй. Хорин тав, зургаатай байхад Сараа оддын өвчнөөр өвчиллөө гэж л байсан. Бодвол од гэж тооцож эхэлсэн үе нь юм уу даа. Мэдээж хэрэг од байх хэмжээний зангаа тогтоох гэж үздэг байсан л даа. Ингэмээр байна, тэгмээр байна гэдэг ч юм уу. Энэ чинь овоо болчихож, одоо яахнав гээд л хариу үйлдэл ирнэ. Хүн л юм чинь, өрвөлзөнө. Залуу учраас сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй. Энэ од, олны танил юм чинь ичиж, нэрэлхсэндээ мөнгөө төлчихнө ч гэдэг юм уу, тийм хандлага гардаг байсаан. Наймаалцаж чадахгүй юм бол од болоод яадаг юм гэнэ.

-Уучлаарай, Эрхэмээгийн аав танд санхүүгээр тусалдаг байсан уу?

-Ер нь манай нөхөр бид хоёрын санхүү нэг байгаагүй. Би ер нь анхныхаа нөхөртэй амьдрахдаа л санхүү нэг байх дэмий юм гэдгийг ойлгосон. Тэгээд л санхүүгээ тусдаа хөтөлж эхэлсэн. Манай нөхөрт миний энэ зан чанар их таалагддаг байсан байх. Германд сурсан хүн ш дээ. Тэгээд ч би албатай юм шиг нөхрөөрөө үнэтэй шуба, машин тэрэг авахуулахыг хүсдэггүй. Дөрвөн жил амьдрахдаа би тийм эд агуурс авахуулж үзээгүй ээ. Харин миний Германд тоглосон тоглолтын үнэтэй түрээс, эрсдлийг даагаад гарсан. Би нөхрөөсөө тогтоосон зээл аваад буцаагаад өгдөг байсан. Ийм шударга л байсан нь дээр гэж боддог.

-Шударга ёс ч чухал л даа. Гэхдээ арай дэндүү сонсогдож байна?

-Юу нь дэндүү байдаг юм. Амар биш үү.

-Яахав дээ, ихэнх хүүхнүүд нөхрөөрөө хамаг амьдрал, санхүүгээ даалгадаг, даатгадаг биз дээ. Тийм болохоор л..

-Би эдийн засгийн өнцгөөс хүнтэй амьдарч үзээгүй. Хүүгийнхээ аавын тухайд нэгдүгээрт, хүүгээ өнчрүүлэхгүй юмсан гэж их хичээсэн. Хоёрдугаарт, тэр залуу надад их хайртай байсан юм. Гуравдугаарт, надад хань ижил хэрэгтэй байсан юм. Гэвч хамт амьдрах сайхан ч уран бүтээлийн ид үед хартай, сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхөр таарахгүй байсан тал бий. Өмчирхөг, эмэгтэй хүнийг гэртээ байлгах дуртай, санаа нь бол ерөнхийдөө дуулуулах дургүй талдаа. Дуртай хэрнээ гэртээ л байлгаад байх сонирхолтой. Дөнгөж 27, 28-тай, алдар нэрд гарч яваа дуучин эмэгтэй гэртээ суухгүй шүү дээ. Тийм байхад л би жил зургаан сар Германд амьдарч, гэртээ суусан ш дээ. Би хэлж байсан, энэ алтан торонд чинь бүр бүтэж үхлээ гэж.

-Одоо хэр харилцаа, холбоотой байдаг вэ?

-Хүүгийн аав бид хоёр маш сайн friend-үүд. Бүр Н.Ганхуягаас илүү сайн найзууд. Дундаасаа хүүхэдтэй, тэгээд ч хэсэг хугацаанд гурвуулаа амьдарсан болохоор өөр л дөө.

-Танд хааяа ч болов гомдох, харамсах сэтгэл төрдөг үү?

-Гомдсон сэтгэл байдаггүй ээ. Түүний ганц буруу нь эхнэртэй гэдгээ л хэлээгүй. Намайг мэхэлсэн. Хэлэхгүй л бол тэрийг чинь мэдэх аргагүй ш дээ. Ирээдүйд хань, нөхөр минь болчихоор сайн залуу гэж бодоод, хэдийнэ дотно болчихсон. Бүр жирэмсэн болсон хойно, нэлээн том дөрөв, таван сартай жирэмсэн байхад эхнэр нь гараад ирсэн. Эцсийн сонголтыг Эрхэмбилэгийн аав өөрөө хийсэн. Сүүлд, янз бүрийн хэвлэл намайг бараг дуугаа дуулж байхад нөхөр нь зугтаагаад явчихсан юм шиг бичсэн байсан. Миний дотны хүрээний улсууд тэгж намайг бичихэд аягүй эгдүүцсэн л дээ. Хүний хувийн амьдралын нууцыг мэддэг бол ядаж үнэнээр нь бичих хэрэгтэй.

Ерөнхийдөө амбиц байдаг юм шиг байна л даа. Хохирсон талын ч юм уу. Би бол өөрийгөө хохирсон тал гэж үзэхгүй. Хэн нь хохироод байгааг ч ер ойлгохоо больсон. Би лав хохироогүй. Сайхан, тайван амгалан 14 жилийг зоргоороо тууллаа. Сониноос “Зоргоороо амраг” гэдэг дуу гарсан ш дээ. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуай, хөгжмийн зохиолч Л.Балхжав хоёрын бүтээл. Энэ тоглолтонд дуулагдана. Бичигдчихсэн байгаа. Хүрэлээ ах, Сараа, би чамд ийм гоё шүлэг бичлээ, чи ер нь зоргоороо амьтан ш дээ л гэж байна лээ.

Мянга мянган он жилийн зүүд шиг

Манан будан татраад байх шиг

Зүүдэн дунд ганцхан чи минь

Зүрх сэтгэлд тодроод байх шиг

Зоргоор амьдрал минь

Зоргоор, зоргоороо амраг минь /гээд уншиж өгөв.сурв/

Аягүй тийм этгээд, хөөрхөн дуу байгаа биз. Надад таалагдсан.

-Та зоргоор амраг байдаг юм байж. Угаасаа дур, зоргоор сэхүүн салхи гэдгийг чинь мэдэх юм. Аав, ээж чинь харин таны анхны салалтыг хэрхэн хүлээж авч байсан бол?

-Ёстой загнаж байгаагүй ээ, хөөрхий. Болбол болно биз, болохгүй бол тэр биз. Амьдралдаа гутарч л болохгүй гэж байсан санагдана. Миний муу аав ээж хөөрхий Эрхэмээгийн аавд их сайн байсаан. Хир халдаахгүй.

-Та аавын охин байх шүү, тийм ээ?

-Хоёулангийнх нь охин ш дээ. Ээж гомдчихно. Ер нь манай ээж шиг чанга хүн байхгүй дээ. Хүний нутагт нөхрөө дагаж ирээд, хань нь өнгөрчихсөн байхад ч эндээ амьдарч байна. Чанга, сэтгэлийн хаттай хүн л тэгж амьдарна даа.

-Хүн бүрт, гоо сайхны он цаг, бүр алдар нэр хүртэл өөрийн он цаг, оргил үетэй байдаг юм шиг ээ. Миний бодлоор Сараагийн оргил үе нь үсээ буржийлгасан залуухан, платформтой эмэгтэй замын голоор гэнэгүйхэн алхангаа дуулж байсан тэр үе юм шиг ээ?

-“Миний дуу”-ны клип л дээ. Жирэмсэн байсан үе ш дээ. Эрхэмээ гэдсэнд байсан, дөрвөн сартай үе.

-Ингэхэд поп хатагтай хэрвээ сайн хань, баттай түшиг болох ханьтай учирсан бол өнөөдөр хаа явж байх бол?

-Тайзан дээрээ л байх байсан. Дуулсаар яваа ш дээ. Ялгаа нь гэвэл тав, зургаан хүүхэдтэй болох байсан байх. Цуйван илүү сайн хийдэг болчихсон байж магад. Монгол хоол сайн хийж сурах байсан биз.

Ер нь би фашист хүн биш л дээ. Гэхдээ хэзээ ч гадаад хүнтэй суухгүй гэж боддог. Яагаад гэвэл миний ээж харь нутгийн бэр. Хүний нутагт хэдий сайхан амьдарсан ч гэсэн Ази гаралтай, царай төрх ойролцоо хүн. Тэгэхэд л ээжийнхээ нутгаа санаж байгаа сэтгэлийг хараад, ээ бурхан минь, хэн нэгэн нь манайхнаас гадаадад очиж ясаа тавих вий дээ гэж бодог. Хүсэх юм биш. Хэлэхгүй ч гэсэн ээж минь нутгаа маш их санадаг. Одоо л гэхэд хөлөнд нь салхи орчихсон байгаа. Зургаан сард Якут авч явна. Би ийм бэр байхыг хүсэхгүй л байна. Гадаад нөхрүүдээ дагуулж ирээд Монголд амьдарч чаддаг чадалтай хүүхнүүд байна. Тэднээр бахархдаг.

-Хорь гаруйхан насандаа та “Хонгор найз”-аа дуулж, “Сэхүүн салхи” мэт сэвэлзэж явсан. Чухам тэр насанд чинь л жинхэнэ хүчтэй хайр дурлал учирсан гэж та хэлсэн байдаг. Би тэр эрхмийг тааж чадах юм шиг ээ? Би таах уу, та хэлэх үү? Эсвэл бүр нууц үлдэг үү?

-Хэн ч тэрийг мэдэхгүй ш дээ. Яг оноож чадахгүй л дээ, уучлаарай. Урлагийнхан төсөөллөөрөө амьдардаг улс. Ямар ч хүнд зориулсан гэж хэлж болно. Маш хөнгөмсөг сэдэв. Надтай нэг үерхэж байсан залуу “Хайрын бурхан” дууг өөртөө зориулсан гээд мөрөөдөөд явж байдаг юм гэсэн ш дээ.

Нэг зүйлийг хатуу хэлэхэд би хэзээ ч хувийнхаа амьдрал, сэтгэлийнхээ хөдөлгөөнийг уран бүтээлтэйгээ, дуутайгаа холбодоггүй. Харин миний өмнөөс, миний найз нар, жишээ нь, яруу найрагч Р.Эмүжин “Сэтгэл буруугүй” дууны шүлгийг бичсэн. Миний охины эцгийг хүрээд ирэх болов уу гэсэн үүднээс тийм тосож бичсэн үг. Аймаар л даа. Р.Эмүжин намайг мэдэрсэн хэрэг. Одоо дуулагдах “Зоргоороо амраг” ч их сонин. Эвгүй, хувийн юм орчихсон юм шиг санагддаг энэ мэт дуунууд бий. Дуулахад их эвгүй байдаг аа.

“Нулимсаар хучсан шөнө” гэдэг дууны шүлгийг харин яах аргагүй сайн байсан залуугаасаа уйдсандаа бичсэн миний шүлэг шүү.

-Уйдах аа?

-Ихэнхдээ эрчүүд алдаа гаргачихдаг. Тэгээд л би уйдчихдаг. Би өөрийгөө тийм муу эмэгтэй гэж боддоггүй.

-Гаргалгаа нь их амархан санагдаж байна. Та бол сүрэг хоньдын нэг биш. Гэтэл тэдгээр зарим эрчүүд таныг сүргийн нэг бор халзан хонь эргүүлж байгаа мэтээр аягладаг нь таны зиндаанд, таны таашаалд нийцдэггүй байх. Би тэгж бодож байна?

-Магадгүй. Ер нь бол дуулдаг эмэгтэйг дэргэдээ байлгаж чаддаг эр хүн их л чадварлаг, хүчтэй эрэгтэй хүн байх ёстой л доо. Продюссер нь байх ёстой, фанат нь байх ёстой.

-Ингэхэд та Эрхэмбилэгийнхээ аавыг яагаад тийм амархан тавиад явуулчихсан юм бэ? Танд их хайртай байсан гэж та хэлсэн. Энэ л хангалттай шалтгаан биш гэж үү?

-Шар хэвлэлүүд их нөлөөлсөн. Үндсэндээ бариад идчихсэн ш дээ. Гэхдээ хэрвээ тийм зүйл болоогүй бол би өнөөдрийнх шиг инээж дуулдаг эмэгтэй болоо ч уу, үгүй ч үү. Ихэнх эрчүүд би чамайг хайрласан, чамд хамаг юмаа зориулсан гээд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрх чөлөө, хамаг юмыг нь авахыг хүсдэг. Шударга явдал мөн ч юм уу, биш ч юм уу.

Бидний салах хамгийн том шалтгаан юу байсныг шулуухан хэлэх үү?

-Тэгээч дээ?

-Хамгийн гол шалтгаан бол Эрхэмээгийн аав хоёр дахь хүүхдээ гаргуулах дургүй байсан юм. Хүүхэд ойрхон гаргуулах дургүй эрэгтэй хүн гэдэг чинь энэ эмэгтэйтэй удаан амьдрахыг хүсэхгүй гэсэн гаргалгаа мөн биз. Би тэр үед төсөөлөхдөө ирээдүйн хань, амьдарлаа авч явах төлөвлөгөөгүй юм байна гэж бодсон. Тийм эрэгтэй хүнтэй цаашид амьдрахад баталгаагүй санагдсан.

Миний хамгийн хайртай хүүхэд төрүүлэхийг хязгаарлана гэдэг надад байж боломгүй санагдсан. Тэр хүн үүгээрээ л цэг тавьчихсан юм

Магадгүй зугаална уу, аашилна уу, хардана уу, архи ууна уу, тэр бүхнийг би тэвчих байсан. Олон буржгар толгойтой юмнууд гүйлдээд байсан бол, түүний төлөө бүтэлгүй аавыг ч гэсэн тэвчээд л өнгөрөх байсан. Надад тийм төрлийн тэвчээр бий. Орой ирэхэд нь нэг шанаадаж өгчихөөд л байлгаж байна биз.

Эмэгтэй хүн ер нь уучилж чаддагаараа агуу шүү дээ. Харин ганцхан хүүгийн төлөө тэрийг тэвчиж чадахгүй байсан биз.

-Эрхэмбилэг одоо том эр болсон. Аавтайгаа ямархуу харилцаатай байдаг вэ?

Ихэнх аав нар салалтын дараа хүүхэдтэйгээ илүү ихээр уулздаг даа. Шоудаад ч байгаа юм шиг бүтэн сайны аавууд олон. Манай хүн тэр дайны аав байж чадаагүй. Эрхэмээ одоо 18 хүрлээ. Энэ хүртлээ хэд ч уулзсан юм. Тав, зургаагаар л хэмжигдэх байх. Хүүгийн тархинд хүчирхэг бизнесмэн аав байгаа болохоос жинхэнэ зүрх сэтгэлийн аав байхгүй байх аа. Тэд хоёулахнаа уулзаж, юм ярьсныг би лав мэддэггүй. Гурван хүүхэд өсгөж байгаа тэр хүн энэ талаар сайн мэдэж байх ёстой. Би өөрийнх нь том хүүг хамт өсгөлцөж байсан. Гурван сартай хүүтэйгээ, гурван настай эрэгтэй хүүхэд хүлээж авсан. Жил зургаан сар хамт байсан. Намайг Сарана ээж гэдэг байсан. “Космополитан” сэтгүүл дээр нэг усны хувцастай дэлгэчихсэн зураг байдаг, хүмүүс түүнийг Эрхэмбилэг гэж боддог. Тэр чинь Билэгт байхгүй юу. Би өөрөө ч анзаараагүй тэр зургийг өгчихсөн юм байна лээ. Бүх шүдийг нь ломбодуулаад, дугуй унаж сургаад, би л хувьдаа маш сайн харсан гэж боддог. Бас Н.Ганхуягийнд Цолмон гэдэг охиныг хардаг байсан. Ээж нь Англи явчихсан, аав нь хэд хоногоор орхичихоод яваад өгдөг. Тэгэхэд үеэлээ хардаг байсан би хамтад нь дагуулаад Хүүхдийн парк ордог байсан. Би тийм их хүүхдэд хайртай байхгүй юу. Тийм учраас би хүүхдэд зориулсан СД гаргаж, “Гэгээн алсын одод”-ын шүүгч хийдэг. Хүүхдүүд ч надад ямар их хайртай гэж санана. Бараг тэгж яривал өөрөө ч дотроо хүүхэд шиг явж байгаа хүн. Хүүхдүүдтэйгээ хэзээ ч том хүн шиг зан гаргаж чаддагүй.

-Хамгийн сүүлд хэзээ галзууртлаа дурласан бэ?

-Хоёр, гурван жилийн өмнө дурласан байх шүү. Би жил болгон дурладаг хүн биш /инээв/. Тэр сэтгэл минь хэвээрээ л байна.

-Одоо тэгээд амьдрал зохиоход бэлэн үү?

-Үгүй ээ. Хүү маань 18 нас хүрч байна, сургуулиа төгсөг. Ер нь хүүгээ байгаа цагт хойд эцгийн нүүр үзүүлээд хэрэггүй байх л даа. Хоёр хүүхдээ сургууль соёлд нь явуулчихаад тэгээд өөрөө нэг тийшээ болохоо бодно.

-Дахиж хүүхэд төрүүлэх үү?

-Одоо ч оройтсон байх.

-Таныг Алла Пугачеватай жишиж харьцуулах нь бий. Тэр эмэгтэй бол Оросын домог, Оросын идеал. Хувийн амьдрал, хувьсгалын үйл хэрэг, хайр дурлал, зангарагаараа үргэлж л дуулиан тарьж ирсэн. Та ч орос цустай эмэгтэй. Та энэ харьцуулалтанд ямраар ханддаг вэ? Үнэхээр адилхан чанар та хоёрт бий юу?

-Нэг орд. Гэхдээ би тийм айхтар амбицтай биш. Магадгүй зарим юман дээрээ анхдагч байдаг учраас тэгж санагддаг байж магад. Алла Борисовнаг би шүтдэг. Дуучных нь хувьд их хүндэлдэг. Харин эмэгтэй хүний хувьд дуурайя гэж боддоггүй. Өөрөөсөө үе мултарсан залуутай суух бол дуурайх, хүсэх зүйл биш шүү дээ.

-Гэхдээ л дурлавал сууна биз дээ? Сэтгэл буруугүй гээд...

-Юу гэсэн үг юм. Дурлалын боол болохгүй шүү. Хүн ер нь жаахан бодитоор харах хэрэгтэй. Жишээ нь өөрт чинь Брэд Питт дурлачихвал чи яах уу? /инээв/. Нэг өдөр ч гэсэн дурлавал чи итгэх үү? Итгэхгүй ш дээ. Анжелина Жолигийн нөхөр бол Анжелина Жолигийн нөхөр л байдаг байхгүй юу. Ямар нэг өөрийнхөө давуу талаар далайлгаж, хайр сэтгэлийг өөрийн болгоно гэдэг маш ичгүүртэй асуудал, эмэгтэй хүний хувьд. Ичгүүртэй санагдахгүй байна уу?

-За мэдэхгүй дээ. Ёстой хэлж мэдэхгүй нь.

-Түүний оронд өөрөөсөө дөрөв, таван ах, сайхан фермер, хэн ч мэдэхгүй адуучин залуутай сууж болно ш дээ. Яагаад болохгүй гэж. Цахилгаан станцын инженер залуу ч байж болно. Би одоо юу хүсдэг вэ гэвэл хамт л байхыг хүснэ. Сарын цалинтай, өөрийн ажилтай, ирээдүйн тэтгэвэрээ олох чадвартай хүнтэй л хамт амьдрах хэрэгтэй юм биш үү? Эрүүл чийрэг, нэг их өвдөөд байхгүй. Би өвддөг эрэгтэй хүмүүст дургүй. Уучлаарай, хүн чанаргүй сонсогдож магадгүй. Гэхдээ л дургүй минь үнэн. Би утаж бариад, асраад байж чадахгүй ээ. Харин зүгээр асрагч аваад тавьчихаж чадна. Гэхдээ би хайртай хүнээ, ээжийгээ, эгчийгээ, дүүгээ бол асарч байсаан. Эр нөхрийн тухайд өөрийнхөө дэргэд байгаа эрэгтэй хүнээ хүчирхэг хүн байгаасай гэж хүсдэгийнх. Тийм ч учраас би учир зүггүй үе мултарсан дүү ч юмуу, алдар нэрийн араас хөөцөлдсөн санхүүжилт хүсдэг эрчүүдэд дургүй. Миний үзэн яддаг нэг зүйл бол эмэгтэй хүнээр даалгадаг эрчүүд. Бүр гайхдаг. Харамсалтай нь тийм улсууд дүүрэн байдаг юм байна лээ ш дээ. Улаанбаатарт. Ухаан алдмаар. Тэднийг альфонс гэдэг юм л даа. Эмэгтэй хүний байр сууриар, нийгэмд байр сууриа эзлэхийг нэрийддэг нэршил.

-Ги де Мопассаныхаар хонгор найз биз дээ?

-Үгүй. Хонгор найз чинь арай өөр юм. Ги де Мопассаныхаар арай өөр утгатай. Дээр үед, язгууртны нийгэмд тийм моод гэмээр үзэгдэл байсан юм шиг билээ.

-Та их хүчирхэг, давилуун эмэгтэй мөн л дөө. Гэхдээ л хааяа эр хүний нөмөр нөөлөг үгүйлэгдэнэ биз дээ?

-Ядаргаатай юм биш үү. Би лав хөнжлөө хуваагаад нөмөрч чадахгүй. Хоол ундыг нь зөөгөөд, аягалаад гүйх аягүй төвөгтэй санагддаг, үнэндээ. Надад бүрэн хэмжээний хамтран амьдрагч хэрэгтэй болохоос биш надаар халамжлуулдаг, намайг гэрийн эзэгтэй болгох эр хүн хэрэггүй. Хамтран амьдрагч гэдэг чинь бүх үүрэг даалгавараа 50, 50 хувиар хуваагаад амьдардаг тохиролцооны хэлбэр. Өнөөдрийн хоолыг чи хийчих, маргааш би хийнэ. Бүх зүйл эрх тэгш. Одоо би хадамлаад л, өөрийгөө үнэлүүлэх гээд, өөрийгөө мундаг эмэгтэй гэдгийг нотлох гээд явах утгагүй. Намайг байгаагаар нь хайрладаг, хамтран амьдрагч байвал гэрээгээ хийгээд амьдрахад бэлэн байна. Нэг л зүйл сайтар ойлгосон, гэрлэлтийн гэрээ гэж заавал байх ёстой юм билээ.

-Хатан ухаан гэж нэг ойлголт байнаа. Чи ухаантай эмэгтэй учраас нөхрөө яаж байсан ч уучлаад, дэргэдээ байлгах ёстой гэх ухааны диалоги их дайралддаг. Хэрвээ та ухаантай байсан бол хоёр хүүхдийнхээ аавыг явуулахгүй байх байсаан. Танд өчнөөн боломж байсан шүү дээ?

-Чамд тэгж хэлэх эрх байхгүй ш дээ. Яагаад гэвэл чи миний хэмжээний амьдралыг туулж үзээгүй. Чи тэгж ухаантай байх, ухаангүй байх гэж хэлэх эрхгүй. Яагаад гэвэл хүн болгоны амьдралд өөрийн гэсэн түүх байдаг учраас би хэний ч амьдралыг, бүр таньдаг найзынхаа амьдралыг ч чи ухаантай байсан бол ингэж амьдрах ёсгүй гэж хэлэхгүй байсан.

Тэгээд ухаантай хандана гэдэг нь өөрийнхөө амьдралаар золиос хийж амьдрахыг хэлээд байгаа юмуу? Тэгж ойлгож болох уу? Би тэгж чадахгүй. Уучлаарай. Ихэнх монгол эмэгтэйчүүд доромжлуулаад амьдардаг юм байна лээ. Тэгээд тэр хатан ухаанаараа л амьдар л даа. Наян насны босгон дээр уулзья. Хатан ухаанаар амьдарсан, өөрийн сэтгэлээр амьдарсан эмэгтэй хүн хоёрын хэн нь, яаж харагдахыг харья л даа. Нэг туулах амьдралыг сэтгэлээ дагаж амьдрах ёстой биш гэж үү. Хайр сэтгэлд ухаан байдаггүй юм. Хайр гэдэг чинь эмоци. Хайр сэтгэл байхгүй болчихсон хойно ухаан амьдарна. Тэр үед харин оюун ухаанаар амьдарч эхлэх хэрэгтэй болно. Рациональный байх ёстой болдог. Би хармсалтай нь тийм хүн биш.

-Нээрээ нэг саваагүй яриа санаанд орчихлоо, гэнэт. Манай найз охин тэгж байнаа, нумын ордны, зурхай, загвар сонирхдог найз маань л даа, би хэрвээ баян болоод эрэгтэй байсан бол боломж олдвол Сараа, Одгэрэл хоёрын хэнтэй нь унтах вэ гэвэл шууд л Сарааг сонгоно гэж байна. Би ч инээгээд, хүлээн зөвшөөрсөн...

-Намайг ямар эмэгтэй гэдгийг мэддэг эмэгтэй байна. Их сонин ч сэдэв байна. Хэрвээ би эзгүй арал дээр хайртай залуутайгаа байх юм бол жинхэнэ эмэгтэй хүн шиг байж чадна. Энэ бол хайр сэтгэл. Хайр дурлалд бол үнэхээр тачаангуй хэвээрээ байгаа. Хэдий 45-тай ч гэлээ 35 настай Сараа миний дотор байж л байгаа.

Сайн ээж, сайн урлагийн зүтгэлтэн, сайн уран бүтээлч гэдэг нь эмэгтэй хүний доторх аальгүй муужгайг дарчихдаг. Тэр болгонд би комплексоо нууж байна.

Ер нь тэвчээртэй эрэгтэй л намайг сонгох байх. Тэгээд жижигхэн юман дээр нь тэвччих юм бол буцаагаад маш том юманд тэчвээртэй байж чадна. Бүтэн хүн чанарын уул байна. Гэхдээ чамтай ийм юмны талаар яриад сууж байна гэдэг нь тийм цаг их ойрхон байгаагийн шинж юм болов уу. Урд нь бол ийм юм огт боддоггүй байсан. Ойрын үед ийм бодол орж ирээд байна гэдэг чинь хайртын минь ирэх цаг ойртож байх шиг.

Би өөрийгөө нэг их хөгширсөн мэтээр төсөөлөөд яваад байсан дөнгөж 45 л хүрч байгаа юм билээ. Холливудын насаар бол миний нас бэйби нас л даа. Холливудын аниа нар тавьтай хүүхэд гаргаад байх шиг байна лээ ш дээ.

-Та сүүлд өгсөн дуулиант ярилцлагандаа охины аав Отгон-Очирт илүү хайртай байсан гэж онцолсон. Одоо ч энэ мэдрэмж чинь хэвээрээ юу? Эсвэл он цаг угаачихсан уу?

-Энэ талаар бүр ярихыг ч хүсэхгүй байна, яг одоо. Тэр бол тухайн цаг үеийн л мэдрэмж. Тэр мэдрэмжээс үүдсэн яриа. Хүн ер нь хамгийн сүүлд хайрласан хайраа л ярьдаг ш дээ.

-Ингэхэд таны стиль имиж байнга л шүүмж, зэм хүртэх юм. Та ямар хариулт өгөх вэ?

-Би өөрөө стиль ш дээ. Хамгийн стильтэй хүн байхгүй юу би, Улаанбаатарын. Намайг хүүхдүүд стильгүй гэж заах гэж байгаа бол зааг. Сайхан, аятайхан харагдахыг стиль гэж ойлгоод байгаа юм уу. Харин давтагдашгүй стиль имижтэй учраас стильгүйгээрээ дуудуулдаг байхгүй юу. Гэхдээ арай ч даашинзан дээр кет өмсдөггүй л дээ.

-Та “Шинэ төгөл”-дөө амьдарсаар байна уу. Буйр сэлгэх болоогүй юу?

-“Тайм Скүэр”-т байр авах гэж байгаа.

-Оддын машин, унаа үргэлж сонирхолтой сэдэв байдаг?

-Саяхан “Таван богд”-оос цоо шинэ “Прадо” авлаа. Урдчилгаа төлбөргүй, даатгалын гоё нөхцөлтэй, тэгээд надад хямдруулж өгсөн. “RAV-4”-өө зургаан жил унасан. Болж байна гэж бодож байна.

-Хүний хэтэвч рүү өнгийх бүдүүлэг л дээ, гэхдээ шулуухан асуучихья. Эдийн засгийн хувьд хэр хангалуун байна?

-Толгой өвдөхгүй амьдарч байна гэж хэлж чадахгүй. Надад хувийн бизнес байхгүй. Энэ урлагийн салбарт 30 жил хүчин зүтгэлээ. Хамгийн сайн чаддаг юм дуугаа л дуулж ирлээ. Спонсорууд маань хангалттай тусалдаг. Манай хотын захиргаа надад хоёр өрөө байр өгч байсан. Болж байнаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026