Монголын балетын урлаг өөрийн дэг сургууль, өв уламжлал, нэр хүндийн хувьд Ази тивдээ шилдэгт тооцогддог. Мэргэжлийн балет цэцэглэн хөгжсөн цагаас эдүгээг хүртэл олон улсын А болон Б зэрэглэлийн нэр хүндтэй уралдаануудад тогтмол дээгүүр байруудыг эзэлж, гадаадын томоохон театруудын тайзнаа гялзалзаж буй уран бүтээлчдийн уртаас урт нэрсийн жагсаалт үүнийг гэрчилнэ. Тэр дундаа Монголын эрэгтэй балетчид гүйцэтгэл, ур чадвар, бие бялдраараа тив дэлхийд гайхагддаг билээ.
Он цагийн дарааллаар дурдвал МУГЖ Н.Баатар, МУАЖ О.Ганбаатар, МУГЖ Э.Оюунбат, МУСТА А.Батдэлгэр, О.Батсайхан, Д.Батхүрэл, Б.Түвшинбат, У.Бат-Эрдэнэ, Б.Болд, МУГЖ Х.Мөнгөнхөлөг, МУСТА С.Ганбат, “шинэ мянганыхан”-ы төлөөлөл болох МУГЖ Д.Алтанхуяг, МУСТА Д.Одсүрэн, Ц.Цолмонбуд, МУСТА М.Од, О.Ганцоож зэрэг шилдгүүдийн нэрс хөвөрнө. Энэхүү өвийг нэр төртэйгөөр үргэлжлүүлэн, Монголын балет ямар их “ундарга” сайтайг харуулж яваа одоо цагийн шилдэг 10 эрэгтэй балетын жүжигчинг нэрлэж байна.
- №1. Монголын одоо цагийн №1 балетчин Ө.Мөнхжин

2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг төгсөж ирсэн цагаасаа УДБЭТ-ын тайзнаа гялалзаж, П.Чайковскийн “Хунт нуур”, А.Аданы “Жизель” зэрэг сор болсон бүтээлүүдийн гол дүрүүдийг чадварлагаар бүтээсэн Ө.Мөнхжинг энэхүү жагсаалтын эхэнд нэрлэж байна. Тэрээр одоогоор АНУ-ын бүжгийн тэргүүлэх компани болох “Атланта балет”-д харьяалагддаг бөгөөд Бээжин хотод зохиогдсон “IBCC” уралдаанд тусгай байр, Евро-Азийн балетын анхдугаар тэмцээний дэд байр, ОХУ-ын алдарт Болшой театрын тайзнаа зохиогдсон Олон улсын балетын 15-р наадамд амжилттай оролцож “дипломант” (тусгай шагнал) , БНСУ-д зохиогдсон “Korean international ballet competition” олон улсын тэмцээнээс алтан медаль зэргийг тус тус хүртэж байсан манай улсын шилдэг балетчдын нэг билээ. Мөн 2022 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүжигчнээр тодорч байсан юм.
- №2. Гоц үзэгдэл А.Билгүдэй

2009 онд буюу ХБК-ийн сурагч байхаасаа УДБЭТ хэмээх босго өндөртэй урлагийн “их айл”-д нэгдэж, 2015-2021 оныг хүртэл БНСУ-ын “Wise Ballet Theathre”-д тэргүүн гоцлоочоор ажиллаж, 2024 оноос өдгөөг хүртэл АНУ-ын “Complexions contemporary ballet” компанид харьяалагдаж буй А.Билгүдэй энэхүү жагсаалтыг удааллаа. Ахлах ангийн сурагч байхаасаа л П.Чайковскийн “Хунт нуур”, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” зэрэг томоохон балетуудын голлох дүрүүдийг бүтээсэн А.Билгүдэйг балетын багш нар нь “гоц үзэгдэл” хэмээн тодорхойлдог. Тэрээр БНСУ-ын театрт ажиллаж эхэлсэн цагаасаа “контемпорари” буюу орчин үеийн балетад түлхүү тоглож байна.
- №3. Хамгийн хувирах чадвартай балетчин Э.Эрдэнэжаргал

УДБЭТ-ын тайзнаа толилуулсан бүхий л балетуутад гол болон туслах дүрүүдийг чадварлагаар бүтээсэн туршлагатай уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргалыг энэхүү жагсаалтын гуравт нэрлэж байна.
2024 онд өөрийн дэглэн найруулсан “Кармен” контемпорари балетаараа “Мөнгөн мод” шагналыг хүртэж байсан тэрээр А.Хачутряны “Спартак” балетын Спартак, А.Аданы “Жизель” балетын Гансын дүрээрээ сонгодог урлагийн үзэгчдийн хайр хүндлэлийг хамгийн их хүлээсэн балетчин. Мөн хүүхэд багачуудын үзэх дуртай Ф.Херолдын “Дэггүй Лиз” балетын ээжийн дүр буюу Симоны дүрд чадварлагаар тоглодог нь түүнийг ямар их хувирах чадвар сайтай уран бүтээлч болохыг илтгэдэг.
- №4. Алтан партнер Х.Галтулга

Өндөр нуруу, өв тэгш бие бялдраараа тайзнаа тодорч харагддаг Х.Галтулыг энэхүү жагсаалтын дөрөвт нэрлэж байна. Бүтээсэн дүр болгоноо нягт нямбай, алдаа багатай илэрхийлдэг нь түүний хамгийн том давуу тал. Тэр дундаа эрэгтэй балетчдаас хамгийн их ур чадвар, хурд гүйцэтгэл шаарддаг Л.Минкусын “Дон Кихот” балетын Базилын дүрийг тун ч чадварлагаар амилуулж, үзэгчдэд хамгийн их хайрлагдсан уран бүтээлч билээ. Зөвхөн үзэгчдэд хайрлагдаад зогсохгүй, эмэгтэй гоцлоочдын хувьд хамт тайзнаа гарахад хамгийн түшигтэй балетчны нэгт тооцогддог.
- №5. Балетын ханхүү А.Эрдэнэболд

УДБЭТ-ын тайзны толилуулдаг бүхий л балетуудын гол дүрүүдийг бүтээдэг, манай улсын шилдэг “артист”-уудын нэг А.Эрдэнэболдыг энэхүү жагсаалтын тавдугаарт нэрлэж байна. 2010 онд ХБК-ийг төгссөн цагаасаа эхлэн П.Чайковскийн “Щелкунчик” балетын Цөмөөхэй, “Хунт нуур” балетын Зигфрид, Л.Делибийн “Коппелия” балетын Франц, С.Прокефьевын “Ромео Жульетта” балетын Ромео зэрэг ханхүү нарын дүрийг ихэвчлэн бүтээсэн тул үзэгчид түүнийг “Монголын балетын ханхүү” хэмээн өргөмжилдөг.
- №6. Х.Мөнгөнхөлөг багшийн шилдэг шавь Д.Нацагдорж

УДБЭТ-ын тайзнаа толилуудаг А.Аданы “Жизель”, П.Чайковскийн “Хунт нуур”, Л.Делибийн “Коппелия”, Ф.Херолдын “Дэггүй Лиз” балетуудын эерэг дүр, Л.Минкусын “Дон Кихот” балетын халуун цуст Базил, А.Хачутряны “Спартак” балетын эсрэг дүр болох Ромын жанжин Красс зэрэг бүх талын дүрүүдийг бүтээх өндөр ур чадвартай манай улсын тэргүүлэх балетчдын нэг болох Д.Нацагдорж. Монголын алдарт балетчин МУГЖ Х.Мөнгөнхөлөгийн шилдэг шавь нарын нэг Д.Нацагдорж нь ОХУ-ын Пермь болон БНСУ-ын Пусанд болсон олон улсын уралдаанд сайн амжилт үзүүлэхийн зэрэгцээ Киргиз улсын Дуурь бүжгийн театрт гоцолж байсан чадварлаг уран бүтээлч юм.
- №7. Удаах ханхүү Б. Дөлгөөн

УДБЭТ-ын тайзнаа гялалзаж буй залуу од Б.Дөлгөөн. 2017 онд ХБК-ийг төгсөж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн тэрээр манай улсын тайзнаа толилуулж буй балетуудын ханхүүгийн дүрүүдэд голчлон тоглож байна.Түүнчлэн Монголын балетын ноён оргил бүтээл болох Ж.Чулууны “Уран Хас” балетын Хасын дүрээрээ үзэгчдэд хайрлагдаж хүндлэгдсэн билээ. А.Аданы “Жизель” балетын шинэчилсэн найруулгын Альбертын дүрд төгс тоглож, ямар их дотоод мэдрэмж сайтай, өсөх ирээдүйтэй уран бүтээлч болохоо батлан харуулсан юм.
- №8. Балетчдын бат ар тал М.Нямтайван

2014 онд СУИС-ийг “Бүжиглэх урлаг” мэргэжлээр төгсөж, 2014 оноос одоог хүртэл УДБЭТ болон “Nomadic ballet production”-д ажиллаж буй чадварлаг балетчин, бүжиг дэглээч М.Нямтайван. Тэрээр дэлхийн сонгодог балет болох, А.Аданы “Жизел”, Б.Асафьевын “Бахичасарайн оргилолт булаг”, П.Чайковскийн “Щелкунчик” ба Э.Чойдогийн “Шарилжан дундах цэцэг, Ж.Чулууны “Уран Хас”, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” зэрэг дотоодын сор бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг чадварлагаар бүтээж УДБЭТ-ын балетынхны бат ар тал нь болдог туршлагатай уран бүтээлчдийн нэг билээ.
- №9. Санчо Пансо Ц.Мөнгөншагай

Үзэгчдээс хамгийн их алга ташилт хүртдэг балетчин Ц.Мөнгөншагай. Тэр дундаа П.Чайковскийн “Хунт нуур” балетын өндөр үсрэлт, хурдан эргэлт, уян хатан чанар шаарддаг дүр болох Алиа салбадайд торох зүйлгүй тоглож, үзэгчдийн хайрыг татдаг уран бүтээлч. Мөн Людвик Минкусын “Дон Кихот” балетын Санчо Пансо бол түүний нэрийн хуудас болсон дүрүүдийн нэг. Тэрээр БНСУ-д болсон “Korea international ballet” уралдаанд мөнгөн медаль хүртэж байсан манай улсын шилдэг балетчдын нэг юм.
- №10. Шинэ мянганы шилдэг төлөөлөл Б.Ананд

Монголын балетын урлагийн нэн шинэ үеийн шилдэг төлөөллүүдийн нэг Б.Ананд. Тэрээр 2022 онд ХБК-ийг МУГЖ Х.Мөнгөнхөлөгийн удирдлага дор төгсөж, УДБЭТ-д орсон цагаасаа хурдтай өсөж дэвшсээр байна. БНХАУ-ын Сямань хотноо зохиогдсон олон улсын уралдаанд БНСУ, Япон зэрэг тивдээ балетаар тэргүүлэх орны уран бүтээлчидтэй өрсөлдөн хүрэл медаль хүртэж, ямархуу түвшинд байгаагаа харуулсан юм. П.Чайковскийн “Хунт нуур” балетын Ротбарт болон Зигфрид, А.Аданы “Жизель” балетын Альберт зэрэг томоохон дүрүүдийг гайхалтайгаар бүтээн үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсээр байна.
Монгол эрэгтэй хүний байгалийн өгөгдөл, генийг шаргуу хичээл зүтгэлтэй хослуулсан эдгээр балетчид бол олон улсын болон дотоодын тайзнаа гялалзаж буй өнөө цагийн тод оддын төлөөлөл билээ. Монголын балетын урлаг үеийн үед хөгжин цэцэглэх болтугай.
Бэлтгэсэн: Д.Энх-Амгалан
Сэтгэгдэл байхгүй байна