Жүжигчин Ким Сү Хёныг санаатайгаар гүтгэж, олон удаа худал мэдээлэл тараан нэр хүндэд нь ноцтой хохирол учруулсан гэх хэрэгт “Garosero Research Institute” YouTube сувгийн хөтлөгч Ким Се Ый-г баривчилжээ. Сөүлийн шүүхээс түүнийг “хэргийн баримт устгах болон оргон зайлах эрсдэлтэй” хэмээн үзсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, Ким Сү Хён нь талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой түүнийг 15 настай байхаас нь үерхэж байсан гэх мэдээлэл олон нийтэд тарсны дараа хүчтэй шүүмжлэл, цахим дарамттай нүүр тулсан юм. Үүний улмаас тэрээр уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрч, зар сурталчилгааны хэд хэдэн гэрээгээ цуцлуулан, их хэмжээний эдийн засгийн хохирол амссан гэж мэдээлжээ.
Эдгээр мэдээллийг Ким Сэ Роны ар гэр болон блогчин Ким Се Ый нар тараасан гэх асуудал үүсээд байсан юм.

Өчигдөр Сөүлийн төв шүүхийн шүүгч Пү Дун Сик байцаалтын дараа Ким Се Ый-г цагдан хорих зөвшөөрөл олгосон байна. Түүнийг Мэдээлэл, холбооны сүлжээний тухай хууль, Бэлгийн гэмт хэргийн тухай хууль зөрчсөн, мөн айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгажээ. Мөрдөн шалгалтаар тэрээр YouTube сувгийнхаа хандалт, орлогыг өсгөхийн тулд худал, төөрөгдүүлсэн контент бэлтгэн тарааж байсан байж болзошгүй нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Ким Се Ый нь Ким Сэ Роны гэр бүлээс авсан мэдээллийг өөрчилж, Ким Сү Хёны нэрийг холбон ашигласан, мөн талийгаачийн нэрээр тараасан зарим аудио бичлэг хиймэл оюунаар боловсруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж мэдээлжээ.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, Ким Се Ый нь Ким Сү Хён болон Ким Сэ Рон нар насанд хүрээгүй үедээ харилцаатай байгаагүй, мөн жүжигчний үхэлтэй холбоогүй гэдгийг мэдэж байсан ч худал мэдээлэл тараасаар байсан аж. Харин тэрээр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ буруугаа хүлээхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна