Хотын мэдээ, хотын соёл түгээх үндсэн концепцитэй ажиллаж буй “Гранд” сэтгүүлийн редакциас Монголын сонгодог урлагийн тайзнаа гоо үзэсгэлэн, тэсвэр хатуужлын илэрхийлэл болон гялалзаж буй одоо цагийн 10 эмэгтэй балетын жүжигчинг нэрлэж байна.
20-р зууны 60-аад оноос эхэлэн хөгжсөн Монголын сонгодог бүжгийн түүхэнд Гавьяат жүжигчин Ж.Алимаахүү гуайг хөлийн хуруун дээрээ бүжсэн Монголын анхны эмэгтэй балетчин гэж үздэг бол 1972 онд Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг онц дүнтэй төгсөж ирсэн Монгол Улсын Ардын жүжигчин, 20-р зууны манлай балетчин домогт Ю.Оюуныг анхны мэргэжлийн эмэгтэй балетчин гэж үздэг билээ.
МУСТА Б.Марал

УДБЭТ-ын тайзнаа толилуулдаг А.Аданы “Жизель” Р.Корсаковын “Шехеразада” тэргүүт томоохон балетуудын голлох дүрүүдийг чадварлагаар бүтээдэг тэрээр энэхүү жагсаалтын эхэнд нэрлэгдэж байна. Тэрээр “Жизель” балетын Миртагийн дүрээрээ сонгодог урлаг сонирхогчдын хайр хүндлэлийг хамгийн их хүлээсэн балерина билээ.
МУГЖ Б.Саруул

Манай улсын тайзнаа толилуулсан бүхий л томоохон балетуудын гол дүрийг бүтээсэн туршлагатай балетчин Б.Саруул энэхүү жагсаалтыг удааллаа. Түүний тухайд ялангуяа П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта ба Одиллиягийн дүрийг гайхалтай бүтээснээрээ сонгодог урлагт шимтэгчдийн дунд “Дуурийн театрын цагаан хун” хэмээн алдаршсан нэгэн билээ.
Р.Булган

ОХУ-ын Пермь хотын П.И.Чайковскийн нэрэмжит Дуурь бүжгийн театрын тэргүүн гоцлооч Р.Булган. Монголын балетын урлагийг олон улсад сурталчлан таниулж буй үзэсгэлэнт Р.Булганыг энэхүү жагсаалтын гуравт нэрлэж байна. Тэрээр ОХУ-ын урлагийн дээд шагнал болох “Алтан маск” наадамд нэр дэвшиж, 2018 онд Пермь хотод болсон “Арабеск” олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан чадварлаг уран бүтээлч юм.
МУГЖ О.Анужин

Цэл залуу 23-хан насандаа МУГЖ хэмээх эрхэм алдрыг хүртэж, хамгийн залуу гавьяатаар нэрлэгдэж байсан тэрээр энэхүү жагсаалтын дөрөвт бичигдлээ. Тэрээр УДБЭТ-ын тайзнаа тогтмол амжилттай тоглосон төдийгүй “Korean International ballet” зэрэг олон томоохон тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн чадварлаг уран бүтээлч юм.
МУСТА М.Нандинцэцэг

Балет бол дан ганц хөдөлгөөний гүйцэтгэл бус асар их дотоод мэдрэмж шаарддаг урлаг билээ. Энэхүү чадварыг хамгийн тодоор харуулдаг балетын жүжигчин М.Нандинцэцэгийг тавдугаарт нэрлэж байна. Энэ онд түүний бүтээсэн “Жизель”-ийн дүр үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан юм.
МУСТА О.Олонбаяр

Зөвхөн чадварлаг балетчин төдийгүй загварын тайзнаа гялалзаж, үндэсний томоохон брендүүдийн нүүр царай болж буй О.Олонбаяр. Түүний голчлон бүжиглэдэг “Дон Кихот” балетын Мерседесийн дүр нь Испани маягийн өнгөлөг уур амьсгалд үзэгчдийг бүрэн автуулдаг билээ.
МУСТА Г.Нямцэрэн

2018 онд ОХУ-ын Пермийн Балетын сургуулийг төгсөж ирсэн цагаасаа эхлэн дотоодын тайзнаа томоохон дүрүүдийг чадварлагаар бүтээж буй Г.Нямцэрэнг энэхүү жагсаалтдаа онцолж байна. Тэрээр эмэгтэй балетын жүжигчдээс өндөр гүйцэтгэл шаарддаг “Дон Кихот” балетын Китригийн дүрийг хамгийн чадварлагаар амилуулдаг уран бүтээлчдийн нэг билээ.
МУСТА М.Тэргэл

П.И.Чайковскийн “Хунт нуур” А.Аданы “Жизель” зэрэг гүн мэдрэмж шаардсан балетуудад дүрээ чадварлагаар бүтээж буй үзэсгэлэнт М.Тэргэл. Тэрээр “Жизель” балетын шинэчилсэн найруулгад гол дүрийг маш гайхалтайгаар бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
МУСТА Б.Халиунаа

Өндөр нуруу, үзэсгэлэнт төрхөөрөө тайзнаа тодорч харагддаг балетчин Б.Халиунаа. Тэрээр “Дон Кихот” балетын Мерседес, “Бахачисарайн оргилолт булаг” балетын Зарема зэрэг дүрүүдийг маш чадварлагаар бүтээдэг билээ.
Залуу балетчин Л.Энхжин

Монголын балетын урлаг залуу үеэ чадварлагаар бэлддэг ундарга сайтай болохыг харуулж яваа залуу балетчин Л.Энхжин. Тэрээр энэ улиралд тодоор гялалзаж “Хунт нуур” балетын Оддета, “Дон Кихот” балетын Китригийн дүрийг маш чадварлаг бүтээж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн юм.
Тэд бол яг өнөө цагт идэвхтэй бүжиглэж буй эмэгтэй балетчид. Тэд өөрсдийн авьяас чадвар, хөдөлмөрч зан чанар, урлагт үнэнч сэтгэлээр эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөж, сонгодог урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар явна. Тэдний тайзны ардах хөдөлмөр, тэсвэр хатуужил нь залуу үеийнхэнд үлгэр дуурайл болохоос гадна Монголын балетын урлаг хөгжин цэцэглэх найдвар тасрахгүйг илтгэж байгаа юм.
Бэлтгэсэн Д.Энх-Амгалан
Сэтгэгдэл байхгүй байна