Адам Хим Сяо Фа бол уран гулгалтын хатуу дүрмийг өөрчлөхөд нөлөөлж, боломжгүй байдлаас эргэн ирж, мөсөн талбайг урлагийн бүтээл болгосон Францын тод од билээ. Тэрээр 2001 оны нэгдүгээр сарын 31-нд Францын Бордо хотод төржээ.
Дөрвөн настайгаасаа энэхүү спортоор хичээллэж, 2011 оноос мэргэжлийн түвшинд хүрчээ. Насанд хүрэгчдийн ангилалд орсон цагаасаа шуугиулж эхэлсэн бөгөөд Францын дөрвөн удаагийн аварга, Европ тивийн хошой алт, ДАШТ-ий хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан энэ цагийн шилдгүүдийн нэг билээ. 2024 оны тив болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оноо хасуулахаас айлгүйгээр “backflip” буюу арагшаа эргэх үзүүлбэрийг хийсэн нь ихээхэн шуугиан тарьсан юм.

Түүний энэ “тэрслүү” үйлдэл нь ISU буюу Олон улсын уран гулгалтын холбоог дүрмээ эргэн харж, цуцлахад хүргэсэн билээ. Энэ явдлаас хойш арагшаа эргэх үсрэлтийг Илья Малинин тэргүүт цөөн тамирчид тэмцээн дээр харуулж, үзэгчдийг огшоож эхэлсэн юм. Түүний дараагийн нэгэн гайхам амжилт нь 2024 оны ДАШТ-д богино үзүүлбэртээ тааруу гулгаж 19-р байрт жагссан ч чөлөөт үзүүлбэрээ төгс үзүүлж хүрэл медалийг хүртсэн явдал байв. Энэ нь уран гулгалтын түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлтүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.
Тэрээр үзүүлбэрээ дан ганц ур чадварт тулгуурлалгүй асар их дотоод мэдрэмж шаардсан байдлаар үзүүлдэг бөгөөд гүн ухаан, уран гулгалт, урлагийн нийлэмж мэт харагддаг юм. Ийм ч учраас үзэгчид түүнийг “ мөсөн дээр ассан гал” хэмээн тодорхойлдог.

Сэтгэгдэл байхгүй байна