Жил бүрийн тав болон есдүгээр сард “Үндэсний номын баяр”-ыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Зөвхөн номын яармаг худалдаа гэх утгаас хальж уншигчид хийгээд зохиолчдын уулзах цэг болсон энэхүү үйл ажиллагаа жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна. Энэ удаагийн “номын баяр” ч хөл хөдөлгөөн, онцлох зочдоор дүүрэн байлаа.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр гуай “Жаран хоног” “Далан нөхөөс” “Наян нажид” тэргүүт гурван ботиороо энэ удаагийн “номын баяр”-т оролцож, уншигдчын урт дараалал үүсгэлээ. Тэрээр энэхүү номдоо өөрийн улс төрийн гал тогоонд байх үед өрнөсөн үйл явдлуудыг намтар дурсамж хэлбэрээр бичжээ.

Түүний асрын ойролцоо УИХ гишүүн Ч.Лодойсамбуу саяхан хэвлэгдсэн “Хугархай эрүүний шөл” номоороо оролцож байв. Анх удаагаа номын баярт оролцож буй мэдрэмжээ хуваалцахдаа “ 2022 онд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд барилдаж байсан шигээ догдлолтой байна” хэмээсэн юм.

“Бүх насаараа төрийн үйл хэрэгт оролцсон С.Баяр ба шинэ залуу үеийн УИХ-ын гишүүний асар ийнхүү ойр байрласан нь улс төрийн жам ёсны эргэх холбоог илтгэж байна” хэмээн номын баярт оролцож буй ахмад уншигч Д.Мягмар өгүүлж байлаа.
“Непко” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр нар ч гарын үсэгтэй номоо худалдаалж, уншигчидтайгаа халуун яриа өрнүүлж байсан нь бас нэгэн онцлог үйл явдал байв.

Төв талбайн хоймор хэсэгт голцуу ахмад зохиолчид чуулжээ. Тэр дундаа Ардын уран зохиолч Б.Догмид, Д.Цоодол, МУГЗ Ж.Нэргүй нарын асар ихээхэн дуу хөөртэй байлаа. АУЗ Б.Догмид гуайгаас хүүхэд залуу үеийнхэндээ ямар ном зөвлөх талаар асуухад “Түрүү үеийн Монголын уран зохиолын шилдэг номуудад, бүр тодруулбал С.Эрдэнэ, Ж.Лхагва тэргүүт зохиолчдын бүтээлд эх хэлний баялаг өв хадгалагдан үлдсэн байдаг. Ийм учраас залуусыг энэ чиглэлийн номуудыг түлхүү уншихыг уриалмаар байна” гэсэн юм.
Энэ удаагийн номын баярын хамгийн дэгжин оролцогчдын нэг нь зохиолч Б.Тогтохбаяр буюу Шүүдэрцэцэг байлаа. Номын баяр анх зохиогдож эхэлсэн цагаас л тасралтгүй оролцож байгаа тэрээр энэ удаа “Цаг хугацааны цонхоор” “Улаан могой” , өөрийн охин Б.Аминагийнхаа орчуулсан “Дурласан эмэгтэй” зэрэг бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. Францын “феминист” гүн ухаанч Симоне Де Бовуарын намтраас эхлээд түүхэн дэх хүчирхэг эмэгтэйчүүдийн талаар түлхүү туурвидаг түүнээс залуу үеийн охидод ямар ном уншихыг санал болгох талаар асуухад “Түүхэнд нэрээ үлдээсэн их хатад”-ын тухай болон “Монголын нууц товчоо”-г уншихыг зөвлөсөн юм.

Шинэ залуу үеийн зохиолчид болох Б.Алтанхуяг, Тө.Бямбасүрэн нар ч шинэ зохиолоороо оролцож, хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь манай уран зохиолын салбар “ундарга” сайтайг илтгэнэ.
Эдгээр болон бусад онцлог зочдоор дүүрэн, хүүхэд залуусын оролцоо ихтэй 39 дэх удаагийн “номын баяр” өргөн дэлгэр болж өндөрлөлөө.




Сэтгэгдэл байхгүй байна