Суут яруу найрагч Александр Пушкиний ижил нэрт найраглалаас сэдэвлэн цомнолыг бичиж, ОХУ-ын хөгжмийн зохиолч Борис Асафьевийн аяар амилсан тус балет нь уран бүтээлчээс зөвхөн бүжиглэх ур чадвар төийгүй дотоод мэдрэмж (хореадрам) шаарддагаараа онцлог.
Монголын тайзнаа 1956 оны зургаадугаар сарын 18-нд И.М.Хабаевагийн дэглэлтээр тавигдаж, манай улсын анхны бүрэн хэмжээний, мэргэжлийн балет болж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Тус балетын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 16,17-нд болж өндөрлөв.

Хөгжмийг удам дамжсан удирдаач Туулайхүүгийн Гэрэлцэцэг дохиж, УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид, симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Ази тивдээ анхны балетын дэг сургуультай, ундарга сайтайг илтгэж олон залуу уран бүтээлчид томоохон дүрүүдийг өмнөх үеэсээ өвлөн авч, чадварлагаар бүтээв.
МУАЗ Л.Гаваагийн зурж, МУСТА Д.Энхбаатарын гэрэлтүүлсэн тайз, МУСТА Ч.Наранцэцэгийн нүүр хувиргалт зэрэг нь тус балетын онцлог болох “Өрнө, Дорнын хосолмол өнгө төрхийг бүрэн харууллаа” хэмээн үзэгчид дүгнэж байлаа. УДБЭТ-ын дараагийн хөтөлбөр энэ сарын 23,24-нд Ж.Вердигийн “Айда” дууриар үргэлжлэх ажээ.

Гэрэл зургийг: Б.Отгонхүү
Сэтгэгдэл байхгүй байна