Хөшиг нээгдэж, соёл нойрсов
Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тавдугаар сарын 3-ны үзвэр А.Аданы “Жизель” балет. Тоглолт 17.00 цагт эхлэх ёстой ч зарим үзэгчид ойролцоогоор 10-30 минут хоцорч ирцгээв. Энэ нь цагтаа ирсэн үзэгчдийг суудлаас нь ахин дахин босгох, уран бүтээлчдийн анхаарлыг сарниулах энүүхэнд. Энэ чинь хөгжмийн тодотголтой сонгодог урлагийн театр шүү дээ!
Түүнчлэн ДБЭТ-ын шал хэсэг нь паркет буюу хатуу гадаргуудтай учраас гар утас болон эд зүйлсээ унагах чимээ анхаарал сарниулахуйц тод сонсогдоно. Энэхүү чимээг хөгжимтэйгөө андууран гүйцэтгэл рүүгээ түрүүлж орох тохиолдол олон гардаг тухай МУГЖ, балетын багш Г.Батчимэг хэлж байв.
Мөн утасныхаа гэрлийг цацруулан зураг дарах, бичлэг хийх үйлдлүүд тун түгээмэл юм. Энэ тохиолдолд театрын ажилтнууд лазераар тусгаж сануулга өгөх бөгөөд тэрхүү лазерын тусгал нь мөн үзэгчид, уран бүтээлчдийг сатааруулах давхар нөхцөл болж байв. Гадны сонгодог урлагийн театрууд энэхүү аргыг хэрэглээнээс хасаад удаж буй. Харин технологийн дэвшлийг ашиглан бусдад саад болохооргүй шийдлийг бий болгожээ. Тухайлбал, Унгар улсын Будапешт хотын Үндэсний дуурийн театрт зураг бичлэг хийх, бусдад саад болох зэрэг үйлдэл гаргавал эхний удаа суудал хэсэгт нь чичиргээт төхөөрөмжөөр мэдээлнэ. Үйлдлээ давтвал тайзны дээр байх “libretto” (дуурийн цомнол) гардаг хэсэгт бичгээр анхааруулдаг ажээ.
Үзэгчдийн соёлгүй үйлдлүүд бүтэн тоглолтыг ч нураах эрсдэлтэй
Үзэгчдийн зүгээс гаргадаг соёлгүй үйлдлүүд нь уран бүтээлчдэд болон бүтээлийн чанарт хэрхэн нөлөөлдөг талаар МУК-ийн багш, төгөлдөр хуурч С.Одгэрэлээс тодруулахад:

-Юун түрүүнд үзэгчдийн соёлгүй үйлдлээс болж тухгүй мэдрэмж авсан нэг түүхээ хуваалцъя. Миний бие Итали улсын “Болоня” хотод есөн жилийн турш хөгжимчин мэргэжлээр сурч ажиллаад 2015 онд эх орондоо ирж байлаа. Эх орныхоо тайзыг санаж үгүйлсэн нь мэдээж. Гэвч үзэгчдийн хандлага, соёлоос шалтгаалан нөхцөл байдал тэс өөрөөр эргэсэн юм. Тухайн үедээ сэтгэлзүйн “шок” авч байлаа. Манай уран бүтээлчид эдгээр үйлдлүүдэд дасан зохицож, хэвийн зүйл гэж хүлээж аваад сурчихдаг. Гэхдээ үзэгчдийн соёл хэдийн тогтсон газарт удаан хугацаанд сурч, ажиллаж байгаад ирэхэд ялгаа нь маш тодоор мэдрэгддэг юм билээ. Харамсалтай нь тус үйл явдлаас хойш 10 гаран жил өнгөрсөн ч байдал одоо ч хэвээрээ байна. Тухайлбал, манай үзэгчид танил ая нь явахаар болон анги хоорондын шилжилтүүдэд алга ташаад байдаг. Гэвч хөгжим гэдэг бол бүхэлдээ нэг урсгал төлвөөр тодорхойлогдоно. Хөгжимчид тоглож дуусаад ёслох хүртэл нь ямар нэг байдлаар чимээ гаргахгүй байх наад захын соёл манай үзэгчдэд дутагдаж байна. Үүнд дан ганц үзэгчдийг буруутгах аргагүй л дээ. Театрын удирдлагууд болон хариуцах байгууллагуудын зүгээс үзэгчдээ бэлтгэх тал дээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай. Ихэнх орны сонгодог урлагийн театрууд тоглолт эхлээс дор хаяж 30 минутын өмнө бүтээлийн тухай болон үзвэрийн соёлын талаар мэдээлийг сургалт хэлбэрээр хүргэдэг. Нэг үгээр хэлбэл сонгодог хөгжимтэй танилцах оршихуйг нь бэлтгэж өгч байна гэсэн үг л дээ.
Мөн хөнгөн хэлбэрийн хошин дуурь буюу “оператта”-аар дамжуулж бага насны үзэгчдэд урлагийн боловсрол олгох ажлыг тогтмол хийдэг. Харамсалтай нь манайд эдгээр ажлууд хангалтгүй хийгдэж байна.
Үзэгчдээс шалтгаалсан соёлгүй үйлдлүүд нь цаашлаад уран бүтээлийн чанарыг унагах гол шалтгаан болдог. Манай туршлагатай, гярхай үзэгчид ДБЭТ-ын тайзнаа тоглодогддог дуурь, балетуудын хөгжим эхний 15-20 минутад хөг нь жигдрэхгүй, нэг л эмх цэгцгүй байгаа талаар хэлдэг. Үүний шалтгаан нь нөгөө л үзэгчдийн хоцролт, эгнээ байраа эзлэх гэж нааш цааш холхидогтой холбоотой юм. Энэ бол үзэгчдийн зүгээс уран бүтээлийн чанарт сөргөөр нөлөөлж буй нэгхэн жишээ. Зөвхөн уран бүтээлчдэд ч нөлөөлөөд зогсохгүй манайд байдаг цөөн тооны мэргэжлийн туршлагатай үзэгчид театрт очихоос халширч, гадны улсад үзэх замыг сонгосон талаараа хэлсээр байгаа. Театрын хамгийн үнэт “капитал” болох туршлагатай үзэгчдээ ийнхүү алдаж байгаа нь цаашлаад сонгодог урлагийн ирээдүйн хөгжилд ч халгаатай зүйл юм” гэсэн юм.
Харин МУГЖ, балетын багш,дэд профессор Х.Мөнгөнхөлөг:

-Үзэгчдийн соёлгүй үйлдлүүд нь уран бүтээлчдийн сэтгэлзүй болон бие мах бодийн аль алинд нь муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Театрын гэрэл унтарсны дараах харанхуй орчинд утсаа гялалзуулж зураг бичлэг хийх, элдэв дуу авиа гаргахаас шалтгаалан балетчдын анхаарал сарних, тайзны баримжаагаа алдах, дараагийн хөдөлгөөнөө мартах нөхцөлийг бий болгодог. Үүнээс болж тэнцвэрээ алдан унаж бэртэх ч магадлалтай. Мөн үзэгчид өөрийг нь хүндлэхгүй, үнэлэхгүй байгаа мэт мэдрэмж төрүүлэх нь сэтгэл гутрал болон тайзнаас халшрах шалтгааныг үүсгэдэг. Нэн ялангуяа залуу уран бүтээлчдэд энэ нь хохиролтой тусдаг” гэсэн юм.
Мөн БНГУ-ын Дюссельдорф хотод байрлах “Роберт Шуманы Хөгжмийн Сургууль”-ийн оюутан, хийлч Э.Сувдаас тодруулга авахад:
Үзэгчдийн соёл тоглолтын чанарт маш их нөлөөтэй. Миний бие энэ оны гуравдугаар сарын 18-нд хийлийн тоглолтоо толилуулсан юм. Тус тоглолтдоо Маурис Равелийн “Violin sonata no.2” хэмээх бүтээлийг тоглохынхоо өмнө үзэгчдээсээ алга ташихгүй байхыг хөтлөгчөөрөө дамжуулж анхааруулсан. Тухайн бүтээл нь маш их драматик, гүн мэдрэмж шаарддаг төдийгүй, анги хоорондын чимээгүй хэсгүүд ихтэйгээрээ онцлог.Тэрхүү чимээгүй хэсгүүд нь ч мөн адил энэ хөгжмийн нэг хэсэг болдог. Тиймээс алга таших, дуу чимээ үүсгэвэл тоглолт бүхэлдээ эвдэгдэх ч эрсдэлтэй. Хөгжимчин төвлөрлөө алдсан тохиолдолд буцаад хэвийн тоглоход дор хаяж нэг минутын хугацаа шаарддаг. Тиймээс сар гарны туршид өдөрт дор хаяж 4-5 цаг бэлтгэл сургуулилт хийсний үр дүр дүн цагаа олоогүй ганцхан алга ташилтаас болж нурахыг уран бүтээлчийнхээ хувьд хүсдэггүй. Хөгжимчид болон удирдаачид яаж ч төгс хэмжээнд тоглосон үзэгчид хандлага муутай байвал үр дүнгүй шүү дээ. Дүгнэн хэлэхэд “Соёл бол мэдлэг” юм. Үзэгчдэд тухайн бүтээлийн талаарх мэдлэгийг урлаг судлаачид болон хөтлөгчдийн оролцоотой сайтар таниулвал энэ мэт алдаа бага гарах байх” хэмээлээ.
Харин театрын туршлагатай үзэгчдийн нэг, уран гулгалтын тайлбарлагч А.Дэлгэрмаа дараах байр суурьтай байна.

-Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь барилга архитектурын хувьд төдийгүй уран бүтээлчдийн ур чадвараараа Ази тивдээ дээгүүрт орох мэргэжлийн том институци. Харамсалтай нь манай үзэгчдийн соёл доогуур байгаа нь үнэн. Нэн ялангуяа “адажио” (удаан тайван хэмнэлтэй хэсгүүд) болон хэцүү хүнд гүйцэтгэлүүдийн үед эд зүйлээ газарт унагаж, элдэв дуу чимээ гаргаж үзэгчдийн төдийгүй уран бүтээлчдийн анхаарлыг ихээр сарниулдаг. Театрын хөгжмийн дуугаралт “бельтаж” буюу дээд давхруудад илүү тархаж, цэвэр тод сонсогддог учраас би энэ хэсгээс тоглолт үзэхийг илүүтэй хүсдэг. Харамсалтай нь манайд белтажнаас үзэх нь маш хүндрэлтэй байдаг" гэв.
Мөн сонгодог урлагийн үзэгч Г.Төмөржин “Миний хувьд хамгийн их хохиролтой санагддаг хэсэг бол дуурийн удиртгал хөгжим юм. Уг нь бол энэ хэсэг тухайн томоохон бүтээл рүү орох үүд хаалга нь шүү дээ. Гэвч манай үзэгчид удиртгал хөгжмийг хэтэрхий их үл тоодог санагддаг. Нэгэнт үзэгчид хүлээж авахгүй байхаар дагаад оркестрийн хөг жигд бус болоод ирдэг. Үүнээс шалтгаалан энэхүү чухал хэсгийг сонсож чаддаггүй” гэлээ.
Уран бүтээлчид, судлаачид болон үзэгчдийн байр сууриас театрын соёл нь бүтээлийн чанар, тайзны уур амьсгал, цаашлаад ирээдүйн хөгжилд ч нөлөө үзүүлэхүйц чухал зүйл болох нь харагдана.
Үзэгчдийн соёлыг сайжруулах гарц шийдлийг урт хугацаанд үр дүнгээ өгөх болон одоо хэрэгжүүлэх боломжтой гэсэн хоёр түвшинд ангилж болно. Тухайлбал гадны театруудад тогтмол хэрэгжүүлдэг тоглолтын хөтөлбөрт соёлын талаарх ойлголтуудыг лекц сургалт хэлбэрээр багтаах жишгийг манай улсад “нутагшуулах” бүрэн боломж бий. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран контент нэвтрүүлгүүд бэлтгэж түгээх нь бас нэг гарц байж болно.
Манай театруудад үзэгчдийн соёлыг дагнан хариуцсан мэргэжлийн бүтэц бүрэлдэхүүн огт байхгүй байна. Эдгээр хүмүүсийг яаралтай бэлтгэж, соёлын талаарх асуудалд судлаач шүүмжлэгчид оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага тулгарчээ. Өөрөөр хэлбэл үзэгчдийн тооноос илүүтэй чанарт анхаарч, соёлыг сайжруулах, соёлжуулах бодит алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхгүй бол манай улсын сонгодог урлагийн хөгжил, тайзны үнэ цэн буурах дүр зураг ажиглагдаж байна.
Соёлтой үзэгч төрдөггүй, бий болдог
Сонгодог урлагийн аливаа бүтээл нь дан ганц уран бүтээлчдийн ур чадвар, найруулагчийн шийдлээр хязгаарлагддаггүй. Танхимд буй үзэгчдийн оролцоо, соёл хандлага нь уран бүтээлчдийн сэтгэлзүй, гүйцэтгэл, цаашлаад бүтээлийн чанарт шууд байдлаар нөлөө үзүүлдэг. Австрийн нэрт хөгжмийн удирдаач Херберт фон Караяан “Хөгжмийн бүтээл нь зөвхөн гүйцэтгэлээр бус сонсогчдын оролцоотойгоор бүрэн утгаа олдог “ хэмээн хэлсэн нь бий.
Энэ талаар Монголын Үндэсний Урлагийн Их театрын ерөнхий удирдаач, МУСТА Э.Мөнхбаяр:

-Театрын ёс зүйн талаар судлаачдын маш олон тайлбарууд байдаг. Үүнд хамгийн гол байр суурь эзэлдэг нь үзэгчдийн соёлын талаарх ойлголт юм. Соёлыг ерөнхийд нь уран бүтээлчдийн ба үзэгчдийн гэж ангилах боловч хоёулаа “бүтээл” гэдэг нэг л цэгт огтлолцоно. Манайд үзэгчдийн соёл хангалтгүй байгаа нь үнэн. Үүнд дан ганц үзэгчдийг шүүмжилвэл зүйд нийцэхгүй байх. Соёлын яам болон театрын удирдлагуудын зүгээс хүүхэд залуус руугаа чиглэсэн урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байж л энэхүү гацаанаас гарна. Цаашлаад үзэгчдийн тоо ч нэмэгдэнэ. Мэдээж хэрэг тухайн тоглолтыг л үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн үзэгчид цуглардаг гадаадын томоохон театруудтай харьцуулахад учир дутагдалтай. Харин манайхтай бүтэц зохион байгуулалт, багтаамжийн хувьд ойролцоо орон нутгийн шинжтэй театруудтай жиших нь шударга харьцуулалт болно” гэсэн юм.
Уг зөвлөмжийн дагуу Бүгд Найрамдах Чех улсын Плзен хотын дуурийн театрын ахмад уран бүтээлч Знедик Кубиктай холбогдож тодруулахад:
-Би театртаа 40 гаран жил хөгжимчин, дуучнаар ажиллаж байна. Энэ хугацаанд уран бүтээлд нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл үзэгчдээс ховор тохиолдсон. Үүний шалтгаан нь үзэгчид маань харьцангуй мэдээлэл сайтай, тогтмол ирж үздэг хүмүүс байдагт оршино. Харин ч эсрэгээрээ тэд маань бидэнд санал шүүмжээ маш өндөр түвшинд илэрхийлж , ахиж дэвшихэд тусалдаг. Эдгээр үзэгчид яаж төлөвшиж бий болсон бэ гэж та асууж магадгүй. Театрын зүгээс үзэгчдээ маш урт хугацаанд бэлтгэдэг юм. Өөрөөр хэлбэл манай театрын жилд тоглох нийт хөтөлбөрийн 20-оос доошгүй хувь нь дан хүүхдэд чиглэсэн дуурь, балет байдаг. Манай соёлтой үзэгчид бол бидний маш урт удаан хугацаанд хэрэгжүүлж буй төслийн үр дүн юм” хэмээн хариуллаа.
Энэ бүхнээс үзэгчийг багаас нь соёлд сургаж, уран бүтээлчдийн жаргал зовлон, уран бүтээлийн мөн чанарыг ойлгуулах нь хичнээн чухал болох нь харагдаж байгаа юм.
Манай Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа 2025-2026 оны хугацаанд 33 бүтээл тоглогдохоор төлөвлөгджээ. Үүн дунд Людвиг Минкусын “Дон Кихот”, Ф.Херолдын “Дэггүй лиз”, П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет зэрэг хүүхдүүд үзэх боломжтой хөтөлбөр цөөн харагдлаа. Хүүхэд наснаас нь сонгодог урлагийн соёл, боловсролыг олгох нь бие хүний төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг талаар олон судалгаа бий. Тухайлбал “National Endowment for the Art” буюу АНУ-ын “Урлагийг дэмжих үндэсний сан”-гийн 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд нийтлэгдсэн “Бага насны хөгжилд урлагийн гүйцэтгэх үүрэг” нэртэй судалгааны тайланд 6-12 насанд бий болсон соёлын туршлага насанд туршид үргэлжилдэг талаар дурджээ.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын маркетингийн ажилтнуудаас хүүхэд залууст театрын соёлыг таниулахад чиглэсэн ямар ажил хийгдэж буй талаар тодруулахад:
-Бага дунд болон их дээд сургуулиудад уран бүтээлчид, театрын ажилтнууд үзэгчийн соёлыг таниулах сургалт хөтөлбөрүүд явуулдаг. Зорилтот бүлэгтээ тасалбарыг хямдралтай авах боломжийг олгож, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн цахим орчинд энэ тухай богино хэмжээний бичлэгүүд оруулдаг тухай дурдсан юм.
Дээрх хөтөлбөрүүд нь соёлын талаар ерөнхий ойлголтыг танилцуулах, театрт ирж тоглолт үзэх сэдлийг төрүүлэх хэмжээний сайн ажлууд. Гэвч театрт ирснийх нь дараа буюу “амьд” орчин нөхцөлд нь мэдээллээр хангах, соёлын туршлага бодитоор суулгах ажлууд дутагдалтай байна.
Тухайлбал, Их Британи улсын ”Royal Opera House”-ын зүгээс хүүхэд, залууст зориулсан “Бүтээнгээ суралцъя” хөтөлбөрийг тогтмол явуулдаг байна.
Хөтөлбөр нь дараах агуулга бүтэцтэй.
- Бүтээх- Хүүхэд залуусыг зөвхөн үзэгч гэдгээр хязгаарлалгүй өөрсдөөр нь дуурь балетын дүрүүдийг бүтээлгэж, уур амьсгалыг мэдрүүлэх,
- Суралцах- Нэгэнт дүр бүтээх талаар, уран бүтээлчдийн жаргал зовлонгийн тухай суурь ойлголт авсан үзэгчдэдээ “театрын соёл” яагаад чухал болох талаар мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар сургалт явуулдаг байна.
Энэхүү төслийн ачаар тус театр урт хугацааны соёлтой үзэгчдийг бий болгож чаджээ.
Дүгнэн хэлэхэд үзэгчдийг бага наснаас нь төлөвшүүлэх нь ирээдүйн театрын соёлд чухал нөлөөтэй бөгөөд үүнд урлагийн байгууллагууд, сургууль, гэр бүлийн гурвалсан хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Д.Энх-Амгалан
Сэтгэгдэл байхгүй байна