Г.Анхбаяр “The Tonight Show”-ны формат лицензийг 1 тэрбум гаруй төгрөгөөр авчээ

Г.Анхбаяр “The Tonight Show”-ны формат лицензийг 1 тэрбум гаруй төгрөгөөр авчээ

Дэлхийд нэр хүндтэй ток шоуны нэг болох The Tonight Show-г Central телевиз албан ёсны эрхтэйгээр дамжуулаад 4 дэх сарынхаа нүүрийг үзэж буй. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн формат лицензийг ашиглан бүтээгдэж буй анхны томоохон төслүүдийн нэг төдийгүй тус шоуг Азийн бүсээс нэвтрүүлсэн анхны улс нь Монгол.

Өмнө нь Mongol HD телевиз Mongolia's Got Talent, The Voice of Mongolia зэрэг олон улсын шоуг амжилттай нутагшуулж байсан туршлагатай. Mongol HD телевиз “Гацуурт” группийнх, Central телевиз MCS группийнх. Энэ нь үндэсний хэмжээний баялаг бүтээгчид л дэлхийн стандарт бүхий үнэтэй шоуг эх орондоо авчирдагийн илрэл юм. 

Тус шоуг телевизийн захирал, хөтлөгч Г.Анхбаяр өөрөө хөтлөн явуулж байгаа нь онцлог. Анх телевизийн салбарт илүү чөлөөтэй, албаны бус харилцааны хэв маягийг нэвтрүүлж байсан Г.Анхбаяр өдгөө өөрийн телевизийг байгуулж, хамгийн өндөр үзэлттэй контентуудыг бүтээж буй продюсер, хөтлөгч болжээ. Түүний хувьд зочидтой нээлттэй, хүний мөн чанарыг гаргаж чаддаг ярианы ур чадвар нь энэ төрлийн ток шоуны гол амин сүнс болж байгаа юм.

Формат лиценз өндөр өртөг, өндөр үнэ цэнэ

NBCUniversal зэрэг олон улсын контент эзэмшигчдээс шоуны эрхийг авах нь нарийн гэрээ, өндөр өртөг шаарддаг процесс. Шууд нэвтрүүлгийн нэг дугаарын эрх олон улсад дунджаар $1,000–$20,000 байдаг бол бүтэн формат лицензийн үнэ зах зээлийн хэмжээнээс хамаарч ихээхэн хэлбэлздэг.

Монголын хувьд “The Tonight Show”-ны нэг улирлын эрхийг урьдчилсан байдлаар $100,000–$500,000 (ойролцоогоор 350 сая – 1,7 тэрбум төгрөг) хүрэх өртгөөр авсан байх магадлалтай. Мэдээж энэ төрлийн гэрээ нууцлалтай байдаг. Нэг улирал нь 20 ангитай бөгөөд эхний дугаар 2025 оны 12-р сард цацагдаж, одоогоор 10 гаруй дугаар үзэгчдийн хүртээл болоод байна.

Зөвхөн лицензээс гадна үйлдвэрлэлийн зардал ч өндөр. Нэг дугаарын өртөг 10–50 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг бөгөөд нийт улирлын хувьд 200 саяас 1 тэрбум төгрөгийн зардал шаарддаг байна. Энэ нь Монголын телевизийн контентын чанар, техник, найруулгын түвшин мэдэгдэхүйц өссөнийг илтгэнэ. Ийм төрлийн олон улсын шоуг дотооддоо нутагшуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Үүнд:

  • Телевизийн брэндийн үнэ цэнэ өснө
  • Залуу үзэгчдийн анхаарлыг татна
  • YouTube, TikTok зэрэг платформд тохирсон контент бий болно
  • Зар сурталчилгааны зах зээл тэлнэ

Түүнчлэн ийм төслүүд амжилттай хэрэгжих нь Монголын медиа салбар дэлхийн жишигт ойртож буйг харуулж байна. The Tonight Show with Ankhbayar” амжилттай нутагшиж чадвал үүгээр зогсохгүй илүү том, олон улсын хэмжээний форматуудыг Монголд нэвтрүүлэх үүд хаалга нээгдэнэ. Энэ нь зөвхөн нэг телевизийн амжилт биш, харин Монголын контент үйлдвэрлэлийн шинэ үе эхэлж буй дохио юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026