Өнөөдөр билгийн тооллын хаврын адаг сарын шинийн 15-ны, буддын шашны чухал их дүйчин өдөр тохиож буйтай давхцан Монголын буддын шашны тэргүүн, Оройн дээд Очирдара X Богд Жавзандамба хутагтын талаар олон нийтийн анхаарал дахин төвлөрөөд байна.

Жавзандамба хутагт X дүр буюу Халхын X Богд нь Монголын шарын шашны уламжлалт тэргүүн, түүхэн залгамж халааг үргэлжлүүлэгч хэмээн үзэгддэг. Түүний хойд дүрийг 2023 онд Далай лам XIV албан ёсоор зарлан тодруулсан. Энэ нь Монголын шашин, соёлын амьдралд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Нас
X Богд гэгээн нь 2015 онд төрсөн бөгөөд 8 настай байхдаа буюу 2023 онд хойд дүрээр тодорсон юм. Хүүхэд насандаа шашны их хариуцлагыг өвлөн авч буй онцгой хувь заяатай нэгэн тэрбээр өдгөө 11 нас хүрч байна. Тэрбээр одоогоор гадаад улсад боловсрол эзэмшиж, буддын гүн ухаан, шашны ёс заншлын дагуу бэлтгэгдэж буй.
10-р Богд Жавзандамба хутагтын аав Ч.Алтаннар нь математикийн шинжлэх ухааны доктор бөгөөд МУИС-д багшилдаг бол ээж Н.Мөнхнасан нь "Монполимет" группийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч мэргэжилтэй хатагтай бий.

Оройн дээд Очирдара X Богд Жавзандамба хутагт тодорсон түүх ба замнал
2016 оны арваннэгдүгээр сард Далай лам XIV Монгол Улсад айлчлах үеэрээ “Монголын Богд Жавзандамба хутагтын дараагийн дүр Монголд мэндэлсэн байх шинж тэмдэг илэрч байна” хэмээн айлдаж, X Богдын дүр тодорсныг анхлан ил тод мэдэгдэж байв.
Мөн тэр жилдээ X Богдод Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх алдар хайрласан бөгөөд
- “Данзан” нь Далай ламын нэрээс,
- “Жамбал” нь IX Богдын нэрээс,
- “Чойжи” нь VIII Богдын нэрээс уламжлагдан орсон утга учиртай нэр юм.
Харин 2023 оны 3 дугаар сарын 8-нд Энэтхэгийн Дарамсала хот дахь Зүглаг Хан дуганд болсон шашны ёслолын үеэр Далай лам олон нийтэд хандан X Богд гэгээнийг албан ёсоор зарлаж, түүний оршихуйг дэлхий нийтэд таниулсан. Энэ үйл явдал олон улсын хэвлэлүүдээр өргөн хүрээнд мэдээлэгдэж, буддын шашинтнуудын анхаарлыг татсан юм.

Түүхэн ач холбогдол
Ийнхүү 260 гаруй жилийн дараа Монгол нутагт, монгол хүн Монголын Буддын шашны тэргүүнээр тодорсон нь онцгой түүхэн ач холбогдолтой үйл явдалд тооцогдож байна.
X Богд Жавзандамба хутагт нь Монголын Буддын шашны тэргүүн, буддын шашны дээд зиндааны лам нарын нэг, оюун санааны удирдагч хэмээн хүндлэгддэг.
Замнал, үйл ажиллагаа

X Богд гэгээн тодорсноосоо хойш шашны үйл ажиллагаанд аажмаар оролцож эхэлсэн юм. Тухайлбал:
- 2023 оны Цагаан сар
Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд лам хуврагуудтай золголт хийж, анхны томоохон шашны арга хэмжээнд оролцов. - 2023 оны 8 дугаар сар
Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоож, Аюуш бурханы насны авшигийг ёсчлон хүртэв. - 2023 оны 11 дүгээр сар
Гандантэгчэнлин хийдийн шинэ тэргүүн хамба ламыг ширээнээ залах ёслолд оролцож, хамбын тамга шилжүүлэх хүндэт үүргийг гүйцэтгэсэн. - 2024 оны 8 дугаар сар
Даян дэлхийн амар амгалангийн төлөөх Дүйнхорын (Калачакра) их авшигт морилон оролцож, олон мянган лам хувраг, сүсэгтэн олонтой анх удаа өргөн хүрээнд золгосон нь түүний олон нийтийн өмнөх анхны томоохон оролцоо болсон юм.
Мөн энэ үеэр Монголын буддын шашны хутагт хувилгаад түүнд мандал өргөн хүндэтгэл үзүүлсэн байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна