"Гранд" сэтгүүл, 2015 он, №61
Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу.
Амьдралыг хэрвээ хөгжим гэвэл нот зохиогчид нь найрагч, зохиолч бүсгүйчүүд юм. Тэдний сэтгэлийн гүнээс урсан гарах аялгуу бидний амьдралыг хөглөдөг. Хорвоог аргадах онцгой үүрэг даалгавартай ирсэн бүсгүйчүүдийг “History” булан онцоллоо. Нас ойролцоо эдгээр бүсгүйчүүд өөр өөрсдийнхөөрөө ертөнцийг ийн хөглөж басхүү амьдралаа ийн бүтээжээ. Тэд бол мөрөөдлийн ертөнцдөө дур зоргоороо амьдардаг басхүү дурлалын сахиулсан тэнгэрүүд юм.
Хээнцэр ахайтан Лэди Гага

Ц.Хулан ахайтан “Болор цом”-ыг хоёр удаа хүртсэн бол аав Д.Цоодол нь гурван удаа хүртжээ. Гал голомтонд нь эгшиглэнт Янжинлхам бурхан таван удаа заларсан айл Монголд байхгүй. Энэ айлын гурван охиноос дундах нь л яруу найрагч болсон нь Ц.Хулан хатагтай.
“Болор цом” болгон түүнд гайхалтай зүйл авчирдаг. Анхны цомоо авахдаа авьяас нь халгиж цалгин эрчүүдийн харцан дундуур туучин гарсан бол хоёр дахь нь Монголын Хүүхэлдэйн театрын дарга болсон үед ирэв. Айл гэрийн эзэгтэй, ээж болсон ч гал нь унтраагүй нь түүний захыг мушгиж суусан нөхөр С.Батбаартай холбоотой биз. Ерөөс Ц.Хулангийн үгсийн санд “амьдралд нухлагдах, гундах” гэсэн үг байдаггүй. Яг л Лэди Гага аятай өвөрмөцөөр сэтгэж үргэлж тэсрэлт хийн басхүү хувцаслалтын шийдэл нь хэзээ ямар байхыг таашгүй нь гагцхүү Ц.Хуланд л зохих стиль.
Ц.Хулангийн ганган хээнцэр дээлнүүд, англи маягийн дэгжин малгай аксессуарууд, европ язгууртнуудыг санагдуулахуйц дрес сэлт. Ц.Хулан хувцас өмсдөггүй, харин хувцсыг өөртөө нийцүүлэн бүтээдэг. Тэрээр хоёр хүүхэдтэй. Хүү У.Равдан Цагдаагийн академид сурдаг бол охин У.Удвал дунд сургуулийн сурагч. Түүний дуртай өнгө улаан. Тэрбээр энэ өнгийг бадрангуй, гал цогтой секси, гал халуун гэж боддог.
Урин тачаангуй ЦЭНХЭР ШУВУУ

Р.Эмүжин хэмээх нэр утга зохиол, сэтгүүлзүйн салбарт дуулдах болсоор багагүй хугацаа өнгөрч. Нүүрэндээ бараг будаг хүргэдэггүй, намирсан шаргал гэзэг, бааздуухан хувцаслалт түүний имиж. Түүнийг өндөр өсгийттэй, даашинзны хормой дэрвүүлэн нүүрэндээ гоёлын будалт хийлгэн яваагаар төсөөлөх аргагүй.
Р.Эмүжин багын л дураараа эршүүд хүүхэд байсан гэдэг. Говь-Алтайн найрагчийн охин тэрээр агуу их О.Дашбалбарын нүдэнд торсноор уран бүтээлийн гараа нь эхэлсэн. Янаг тачаангуй, бүсгүй хүний сэрэл мэдрэхүйг илэрхийлсэн шүлгүүдээр тэсрэлт хийсэн тэрбээр амьдралдаа хоёр л зүйлд шунаагүй гэдэг. Нэг нь “Болор цом”, нөгөө нь эхнэртэй эрчүүд. Аль алийг нь онцлон зорьсон бол ямар үр дүн авчрах байсныг таамаглах аргагүй.
Р.Эмүжин хоёронтоо амьдрал зохиосон боловч одоо ганц бие ээж. Хоёр хүүгээ өсгөн өөрийнхөөрөө амьдарч буй тэрбээр “Эр хүнтэй амьдарлаа гэхэд үр хүүхдийг нь төрүүлэлгүй ханилна гэж төсөөлж ч чаддаггүй” хэмээн ярьсан. Энэ л түүний эр зоригийн илэрхийлэл мэт. Түүнд хайр, хамтын амьдралд тавьдаг ганц л шалгуур, шаардлага байдаг нь хэн хэн нь өөрийнхөөрөө орших. Тэгж чадвал хайрлаад л, амьдраад л байна гэсэн үг хэмээн тэрээр ярьсан удаатай. Тэр одоо хэр нь болзоонд зогсохоос буцахгүй, дурлахаас айхгүй халуун сэтгэлтэй бүсгүй хэвээр байна. Харин хэн түүнийг дэргэдээ барьж тогтоох бол. Тэгэхгүй бол цэнхэр шувуу нисээд л явчихна. Шувуунд нис гэж далавч байдаг шиг найрагч бүсгүйд дурла гэж зүрх заяасан. Тэр зүрхээ хэзээ ч барьж хорьж байсангүй.
Мөсөн хатны мөнхийн тарчлаан

Х.Тэргэл бол энэ цагт тодорсон “мөсөн хатан” юм. “Залуу явахад юм бүхэн өнгөлөг, зам дээр хэвтэх мөчир хүртэл өнгөлөг” хэмээн дэгэж дэрвэж асан үеийнх нь шүлгүүд олны сэтгэлд оч болон түгсэн. Ерээд оны баргар хүнд цаг үед л Х.Тэргэл хувийн үсчинтэй, ганган дэгжний туйл байсан гэдэг. Гэвч ажил нь түр уналтад орж, амьдралын хүнд мөчлөгийг давах гэж байх үед нөхөр нь өөр хүүхэн даган талийсныг тэр энэ олон жилийн дараа илчлэв.
Мөсөн хатан уг нь анх сайхан сэтгэлтэй, хүний дээд байдаг боловч хохирсны дараа бурууд хурц, зөвд зөөлөн хэнийг ч өршөөхгүй хатуу нэгэн болдгийн орчин цагийн бодит жишээг тэр харуулж яваа. Бие нь холын Америкт боловч оюун санаа нь эх нутагтаа, хүмүүсийн үнэн бодит дүр төрхийг илчилсээр буй. Түүний ээлж дараалсан “тарчлаан” хаа хүрэхийг, цаашдаа хэн хэн өртөхийг бид таашгүй. Хурц үг, санаагаа бүрэн дүрэн илэрхийлэх байдал нь тунчиг хүчирхэг болохоор олны сэтгэлд хүрэхдээ ч хурдан. Найрагч бүсгүйг хэрвээ уурлуулбал, амьдралд нь сэв суулгавал ийм нэгэн болж хувирдаг байх нь байна шүү. Ер нь ч тэгээд яруу найрагчид алийн болгон архичин эсвэл нулимс элбэгтэй хэмээн нэгэн хэвийн имижтэй явах вэ. Х.Тэргэл ирлэсэн тонгорог шиг хурц ааштай найрагчийн дүр төрхийг харуулж байна.
Хотын бүсгүйн гадаад сэтгэлгээ

Зохиолч Б.Шүүдэрцэцэг унаган хотын охин. Боловсрол өндөр, үлгэр жишээ сайн ээж, жинхэнэ хотын гангачуулын нэг. Гурван охины ээж, үеийнхнээсээ харьцангуй эрт гэр бүлийн амьдралд хөл тавьсан ч үргэлж оворгүй хэмээх магтаал сонсдог. Үргэлжилсэн үгийн зохиолууд нь хит болохын зэрэгцээ хоёр ч уран бүтээлээ кино болгон мөнхөлсөн. Их хотын иргэд чухам юу хүсдэг вэ, их хотын зохиолч бүсгүй ямар имижтэй байх ёстойг нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлахыг тэр үлгэрлэж яваа. Түүний мэдрэмж талаар болсонгүй, хотын иргэдэд таалагдсан бүтээл нь дэлхийн зах зээлд гарав. Товчхондоо тэр цаг үеэ мэдэрдэг, үргэлж өнөөдрөөрөө, ирээдүйгээрээ амьдардаг нэгэн билээ. Барагтай бол сул үг үл унагааж эмоцоо ил гаргадаггүй Б.Шүүдэрцэцэг угийн цэгцтэй нямбай нэгэн бололтой. Үргэлж өөдрөг явдаг, сайн ханьтай бүсгүй карьер нь хэрхэн дээшилдэгийг түүний амьдралаас харж болно.
Барих өнцөггүй, бадрангуй дугуй цагаан

Бид түүний номыг дэндүү сайн мэднэ. Харин Л.Өлзийтөгс чухамдаа хэн юм бэ? Долоон настайдаа гэртээ байгаа 800 орчим номыг унших зорилготой эхэлсэн нь түүний зохиолчийн гарааны эхлэл байсан гэдэг. Улмаар зургадугаар ангид орох жилээ тэдгээр номнуудыг уншиж дуусган анхны шүлгээ 5-р ангидаа бичсэн гэдэг. Харин анхны амьдралаа нэрт найрагч Ж.Болд-Эрдэнэ агсантай эхлүүлсэн ч хань нь 33 насандаа энэ хорвоогоос буцжээ.
Тэр өөрөө найрагчаас гадна найрагчийн тогоог барих хувьтай төржээ. Түүний амьдралын хань Г.Аюурзана байлаа. Тэд хэн хэн нь дуугүй, гэртээ байхдаа тус тусдаа ном тэврэн эсвэл бичиж суудаг болов уу гэмээр имижтэй хүмүүс. “Зэвэргэн салхитай өдөр зуслангийнхаа байшинд гал түлчихээд дээлээр хөлөө хучаад ном уншаад хэвтэхийг жинхэнэ аз жаргал гэж төсөөлдөг” хэмээн Л.Өлзийтөгс хуучилсан байдаг. Том хүү нь төгөлдөр хуураар хичээллэн хоёр дүүгээ ч сонгодог урлагт дурлуулсан буюу гэрээрээ “сонгодог” хүмүүс. Тайрмал үс, дугуй цагаан царай, нүдний шил ... Л.Өлзийтөгс гаднаа гял цал явахыг таашаадаггүй бололтой, ээмэг зүүсгэл ч зүүдэггүй. Чухам тэр хэн юм бэ, уншигчид одоо ч бүрэн мэдэрч чадахгүй л байна.
Америк сэтгэлгээтэй тайгын охин

ОХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой дүүргэн Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, хожим 2004 онд АНУ-ын Стэнфордын их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалсан Ц.Оюунгэрэл утга зохиолын салбарт хожу ухөл тавихдаа “Ногоон нүдэн лам” романаараа тэсрэлт хийж байв.
Мэдлэгийг эзэмшсэнээр биш яаж хэрэглэснээр жинхэнэ мэдлэг болдог. Тэр хэрхэн гадаадад суралцсан талаараа, энэ алтан боломжийг яаж олсон талаараа “Америкт суралцсан тэмдэглэл” номоороо дамжуулан харамгүй хуваалцсан. “Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу хау”, “Гэрт болсон яриа” номнууд бүгд өөр өөрийн хэв шинжтэй. Гэвч бүгд бестселлэр болдог. Ц.Оюунгэрэл ном бичдэг бүсгүйчүүдээс цор ганцаараа улстөрд шууд утгаараа хутгалдсан нэгэн. ССАЖЯ-ны сайд хүртэл карьер хийсэн түүх түүнийх. Гаднаасаа огт ганган дэгжин биш бас гадаад эрийг амьдралын ханиараа сонгосон нь түүний олонлогоос ялгарах өнцөг биз. Магад чухам үүнд Америк сэтгэлгээний ялгаа оршдог биз ээ. Тайгын охины карьер одоо ид дундаа явна. Цаашаа хаа хүртэл үргэлжлэхийг бид таашгүй.
Б.Уян
Сэтгэгдэл байхгүй байна