2018 оны 01 сар, “Гранд” сэтгүүл, №102
Арчаагүй хүүхнүүд эрчүүдийг сэтгэлээр биш элдэв шашны ёс жаягаар урхиддаг болсны гай энэ мэт юм!
90-ээд оны яруу найргийн босоо цагаан давалгаа гэх нэр томъёо яг л домог мэт, хуйлран эрчилсэн их шуурган мэт, залуу улсын ааг омог мэт сүр хүчтэй дуулдсаар олон оныг үджээ. Энэ давалгаан дундах нэг шигтгээ, нэгэн эрчилсэн их салхи нь Хулганайн ТЭРГЭЛ хэмээх энэ бүсгүй. Түүний донж маяг, гоо үзэмж, өөрийнхөөрөө давилуун араншин, яг түүн шигээ шүлэг найргийн мөртүүд ерээд оны бүгээн саарал өдрүүдийг гэрэлтүүлж явж. Гэвч цаг үе болоод амьдралын шуурга түүнийг тойрч биш дайрч хаман одсныг эдүгээ тэр хуучилж сууна, алс холын Америкаас. Нэг л өдөр усанд хаясан шулуу мэт алга болсон нь Америкт өнгөрүүлсэн түүний өдрүүд, Тэргэлийн алдагдсан он жилүүд байж. Гэвч амьдрал өгөхийнхөө өмнө авдаг, сорьдог. Тэргэл харин сорилтуудыг зөв, бардамхан давж гарсных өдгөө сайхан ханьтай, бахархалт охинтой, голомт залгах хүүтэй, уран бүтээлээ туурвисан шиг ажин түжин суугаагаас амьдралын шударга өгөө, авааны тухай эргэцүүлж болохоор.
Залуу халуун насны алдаанууд, амрагууд, анхны нөхрөө алдсан адал явдал, хүний нутагт очиж хар ажил хийн зүдэж явсан өдрүүд, хэн ч биш болон доромжлогдож явсан он жилүүд, эдгээрийн шалтгаан, хөшигний цаадах амьдралын жинхэнэ нүцгэн үнэн... Хэлж, эс хэлж болох бүхнийг, бүгдийг ил шулуухан хэлж суух Тэргэл. Би-гээ бардамхан тунхаглах Тэргэл. Товчхондоо тэр маш шударга, хэт өөрийнхөөрөө, дэндүү өвөрмөц нэгэн аж. Бусдад таалагдаж амьдрах энэ тэр бол түүний хувьд ёстой sorry. Хүн бүрийн дотоодод, эгод байдаг ч тэр бүр гаргаж, дэлгэж чаддаггүй олон олон хүсэлтүүд, олон үгс, олон өнцгүүд түүнээс ердийн мэт л урсан гарах. Үүгээрээ Тэргэл урд насандаа чөтгөрийн гүнж явснаа батлах мэт. Ийн явснаа, ер юугаа ч үл нуух нь жинхэнэ Тэргэлийн бардамхан, сондгой оршихуй биз ээ.

-Шинэ оны баярын мэнд хүргэе! Баяр сайхан болсон уу?
-Баярлалаа. Өөрт чинь болон танай сэтгүүлийн уншигчдад шинэ оны шижгэр халуун мэнд хүргэе!
-Яруу найрагч бий болдоггүй төрдөг гэдэгтэй би зуун хувь санал нийлдэг. Төрмөл найрагчдын 90-ээд оны босоо цагаан давалгаан дундах нэг тод фигур нь Хулганайн Тэргэл байсныг олон хүн мэддэг. Яруу найраг, яруу найрагчийн тавилан танд юу өгсөн бэ?
-Яруу найраг надад юу өгсөн талаар яг үнэндээ залуудаа бодож үзээгүй явж. Харин Америкт ирсэн хойноо, хүний газар амьдарсан сүүлийн жилүүдэд буюу ялангуяа фэйсбүүк хэрэглэж эхэлсэн сүүлийн 3 жилд энэ тухай хааяа хааяа боддог болсон. Яруу найраг надад их зүйл өгчээ.
16, 17-тойдоо Монголын яруу найрагт хөл тавьснаас хойш бараг гучаад жил өнгөрч байна. Одоо л ирж яруу найрагчийн амьдрал, тавиландаа үнэхээр их баярлаж сууна. Энэ алдар хүнд авсны хэрээр энэ амьдралаас авах бүхнээ авч байна. Залуу байхдаа цаддаггүй, гоё амтыг нь ч мэддэггүй байсан юм билээ. Бүх найрагчдад олны танил болох хувь дутдаг. Харин би азтай хувьтай . Хэдийгээр ид хийж бүтээх насандаа эх орноосоо гарч харь нутагт амьдралынхаа ихэнх жилүүдийг өнгөрүүлж байгаа ч гэлээ бичсэн шүлгүүд маань хүмүүст хүрдэг, хүрсээр ч байгаа нь сайхан. Хүн болгоны хүртдэггүй, хүн болгоны айлын болон өөрийн тавагнаас олоод авч чаддаггүй онцгой сайхан амтыг амталж цадсан юм байнаа гэдгээ одоо л ирж ойлгож байна.
-Одоо бичиж байгаа юу?
-Би одоо өгүүллэг бичиж байна. Манай ихэнх яруу найрагчид үргэлжилсэн үг рүү нэг их ордоггүй, зөвхөн яруу найрагтайгаа насаа бардаг. Би бас тийм болчих болов уу гэж бодож байсан. Монголд байхдаа үргэлжилсэн үгээр оролдож байсан боловч өөрийгөө чамладаг байлаа. Одоо бол өөрийгөө чамлахгүй байна. Бичиж байна. Түүндээ ч баяртай байгаа.
Ер нь хүн хэтэрхий өөрийгөө чамлах хэрэггүй юм билээ. Манайхны өөрийгөө магтдаггүй, магтуулдаггүй худлаа даруухан дүр эсгэсэн нэг болхи зан байдаг даа. Чиний сайныг хүн магтах ёстой, өөрийгөө магтаж болохгүй энэ тэр гэх мэт. Энэ хүмүүжлийн нөлөө байх, нэг их ухаантай, зөв хүн байх гээд өөрийгөө дандаа чамладаг, үгүйсгэдэг зан бидний бараг цусанд бий. Ингэх шаардлагагүй юм билээ. Тэртэй, тэргүй чамайг, намайг хүмүүс хангалттай их үгүйсгээд, хангалттай сайнаар өшиглөөд, хангалттай илүүгээр чамлаад өгдөг учраас өөрөө өөрийгөө чамлахгүй амьдрах хэрэгтэй юм байна. Ядаж өөртөө сэтгэл хангалуун, өөрийгөө магтмаар үедээ бардам магтдаг байх хэрэгтэй юм байна гэдгийг их сайн ухаарч, ойлгож авсан. Тиймээс өгүүллэгүүдээсээ заримыг нь сошиал орчинд тавьж байна. Фэйсбүүк чинь их буянтай эд юм.
Америкийн амьдралын гашуун үнэн гэж байдаг. Жинхэнэ амьдрал ямар байдаг талаар хүмүүст бичиж үлдээх хэрэгтэй гэж бодсных нийтлэлийн нэг ном, ерөнхийдөө 3 ном бэлдээд Монголдоо очиж хэвлүүлэх санаатай сууж байна.

-Магадгүй бид Тэргэлээс цоо шинэ тэсрэлт хүлээж болох уу?
-Энийг би ёстой өөрөө ч мэдэхгүй. Энэ хорвоо дээр надаас, чамаас юу ч гарч магадгүй. Хэн ч таашгүй. Ганцхан жишээ хэлье л дээ. 1990 он гэхэд би хожмоо Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёртой ажлын шугамаар танил байв. Нэг нь “Улаан од” сонины сурвалжлагч, шүлэг бичдэг нэг нөхөр. Тэр үед би Ц.Элбэгдоржийн хажууд илүү нэрд гарчихсан байлаа. Надаас ярилцлага авъя гээд гуйж явсан залуу эр хожим ерөнхийлөгч болсон. Зохиолчдын хороонд надтай хамт ажилладаг, 201 тоот өрөөнд суудаг байсан Н.Энхбаяр гэдэг орчуулагч залууг хэзээ ч Монгол Улсын ерөнхийлөгч болно гэж зүүдэлж ч байсангүй. Өөрөө ч тэд тийм зүйл амьдралаас хүлээж байгаагүй байх. Ер нь хүлээж суух гэдэг дэмий явдал. Амьдралаас юу ч хүлээх хэрэггүй! Маргааш юу болохыг, хэн юу болохыг хэн ч таашгүй хорвоо учраас.
Ихэнх уран бүтээлчдийн ярьдагчлан оргил бүтээлүүд ихэвчлэн залуу насанд бичигддэг. Ялангуяа яруу найраг онгодоор бичигддэг учраас ийм тавилантай. Залуу нас ядахдаа л илүү дурламтгай, илүү зоригтой байдгаас залууд бичсэн яруу найргийн мөртүүд илүү удаан амьдарч, удаан оршин тогтнодог нь үнэн. Харин үргэлжилсэн үг заавал онгод энэ тэр гэхгүйгээр, ураар, ухаанаар бичигддэг зүйл учраас надаас цаашид юу ч гарч болно. Магад миний уран зохиолын ид амьдрал 50 наснаас эхэлнэ гэж боддог. Тэр насанд роман, тууж ч бичих магадгүй. Бас юу ч гарахгүй байж болно шүү дээ.
-Та хүн болгонд заяадаггүй, хүүхэн болгон хүсээд олдоггүй галтай цогтой, гоо үзэсгэлэнтэй, авьяастай, ааг омогтой залуу насыг өнгөрүүлсэн байдаг. 90-ээд оны бүүдгэр өдрүүдэд Тэргэл шиг сайхан хүүхэн байгаагүй гэж үеийнхэн чинь ярих юм билээ. Тэр өдрүүдийн дурсамжаасаа та хуваалцаач?
-Нэг зүйлийг л би баталгаатай хэлж чадна. Ямартай ч Тэргэл гэдэг хүн яруу найрагч, зохиолч хүн гэдэг гоё сайхан гоолиг, бусдын нүд харц булаасан жүжигчин, дуучин, загвар өмсөгч шиг байж болдгийг би өөрөөрөө харуулж чадсан. Гэхдээ надад тэр ч унаад үхэж байлаа, энэ ч сайн явлаа гэх баялаг намтар дурсамж байхгүй ээ. Яагаад гэвэл би өөрөө дурламтгай хүн биш. “Оройтсон бороо” дууны үгийг зохиосон зохиолч Туяа эгч маань , “Тэргэл ээ, миний охин, хүнд хайр дурлал гэж заавал ирдэг” гэж ярихад хүртэл би итгэдэггүй байв. Тэгтлээ дурлаж явсангүй байх нь. Үхмээр, шунамаар, ном зохиолд гардаг шиг нисч дэвмээр дурлал ирж байгаагүй. Гэхдээ ганцхан удаа гал халуун дурласан байдаг.
-Охины аав уу?
-Өө, үгүй дээ. Нэр цохож чадахгүй нь. Ямартай ч нэг удаа дурлал гэж юу байдгийг амсаж үзсэн. Гэхдээ дурлал амьдрал болдоггүй. Дурлал зөвхөн дурсамж л үлдээдэг. Харин хайр амьдрал болж үлддэг юм уу даа гэж боддог .
-Яруу найраг, яруу найрагчид хаанаас төрдөг юм бол?
-Яруу найраг цэвэр онгодынх байдаг. Бөө, үзмэрч, үзэж хардаг хүмүүстэй адил далдын онгод сэтгэлээс төрдөг зүйл. Онгодгүй бол яруу найраг, яруу найрагч төрөх хэцүү. Хар даа, 30 ном гаргасан хүн байна гэж байна ш дээ. Аягүй мундаг!! Айхтар ч хөдөлмөр шүү. Бичээд л байдаг, бичээд л байдаг. Гэтэл зарим нь нэр байдаггүй, нэг мөрт ч байдаггүй. Тоо л яваад байдаг. Өөрөө л баясдаг байх нь л дээ. Гэтэл үнэхээр онгодтой, цаанаасаа халгиж цалгисан авьяастай хүн ганцхан мөрөөрөө амьдардаг. Жишээ нь өөр дээрээ жишээ авъя л даа. Би хоёрхон номтой хүн. Овоо хэдэн дуутай. Гэтэл нэгэнд нь ч клип байдаггүй. 17-тойдоо зохиосон “Хүүхэд нас минь баяртай” дуугаар “Шигтгээ” хамтлагийн дуучин Цогоо олонд танигдсан, өөрийгөө тунхагласан. Миний анхны ном “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гарч байсан. Тэр номыг “Харанга”-ын Чука ах номын худалдаанаас авч “Ирэх л гэж” гэдэг шүлэгт маань ая хийчихлээ гээд намайг дуудаж байлаа.
Ирэх л гэж наддаа ирсэн буцааж боломгүй хайр минь
Ийм сайхан дурлал бүтэхгүй байсан ч бурхан тандаа гомдохгүй ээ, би...
Ариунаа дуулдаг энэ дуунд огт клип байхгүй. Гэвч 20, 30 жил дуулагдаж байна. Ариунаа дуулахад бүгд дэвдэг, босдог. Чи халуун тогоонд нь амьдарч байгаа хүн, мэдэж байгаа даа, хүмүүс дуугаа, бүтээлээ хүмүүст хүргэхийн тулд яаж байна! Өдөр болгон дуулуулаад, нүдээд байхаар өөрийн эрхгүй чихэнд хоногшдог гэж байгаа ш дээ. Миний бүтээлүүдэд, найргуудад ийм нэг ч арын хаалга байхгүй. “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэдэг шүлгийг 1990 онд ганцхан удаа “Болор цом”-ын тайзан дээр уншиж байлаа. Тэгэхэд энэ мөртийг, энэ шүлгийг одоо хүн болгон мэддэг.

Таны залуу халуун нас түүхийн нэг тийм завсрын саарал үетэй давхацсан. Гэвч таныг гоо үзэсгэлэн, биеэ авч явах соёл, сэтгэлгээ, залуу нас ханхлуулсан шүлэг найргаараа сондгойрч явсан гэдэг. Таныг юу тэгтлээ ирлэж хурцлаад байсан хэрэг вэ?
-Яг үнэнийг хэлэхэд би бусдаас арай өөр хүн. Үүнийгээ ч эрт мэдэрсэн. Өөрийгөө хэт мэдэрчихсэн хүн үргэлж бусдын дургүйг хүргэдэг.
Би даруухан эмэгтэй биш. Даруу амьдарч чадах ч үгүй. Даруухан байх ч дургүй. Уг нь чадна л даа. Хүн бүр дотроо би, би л гэдэг ч гаднаа түүнээ нуудаг, дардаг. Дотроо өөрийгөө тоодог бол гаднаа ч бардам хэлж чаддаг хүнийг би хувьдаа үнэлдэг. Даруухан байна гэдэг давуу талаа дарж, худлаа царайлахын нэр биш. Гэхдээ хүмүүсийн хүсэл бол худлаа ч гэсэн даруухан царайлахыг шаарддаг. Уг нь түүнийг нь биелүүлсэн царайлж даруухан байвал надад илүү олон хүн хайртай байх юм шиг байна билээ. Одоо юу гэдэг юм, чи хөөрхөн юм аа гэхэд, өө тийм үү, баярлалаа. Чи мундаг яруу найрагч шүү гэхэд, өө юу нь мундаг байх вэ дээ гэх ч юмуу, эсвэл за ёстой баярлалаа энэ тэр...Би ийм юманд дургүй! Хүмүүсийн үнэн ч бай, худлаа ч бай магтаал надад ерөөсөө хэрэггүй, түүнд хөөрцөглөж дэвж, эсвэл унаж байх хэрэггүй гэж санадаг хүн.
Яагаад гэвэл би өөрийгөө мэддэг. Энэ орчлонд ганцхан хангалттай сайн мэддэг үүрд дагаж дагалцаж явдаг хүн чинь өөрөө л шүү дээ. Бусдыг хуурч дөнгөх ч өөрийгөө бол чадахгүй.
Би сайхан эмэгтэй гэдгээ мэддэг. Би хөөрхөн гэдгээ мэднэ. Би царайлаг гэдгээ мэднэ. Би гоё гэдгээ мэднэ. Би ухаантайгаа мэднэ. Би зоригтойгоо мэднэ. Би авьяастайгаа мэднэ. Эдгээрийг хэн нэгнээр заавал хэлүүлэх эсвэл даруулах шаардлага надад байхгүй! Би өөрөө мэдээд байгаа юм чинь, яахын. Залуу байхын л мэддэг байлаа. Одоо бүр илүү мэдэж байна. Энийгээ мэддэг учраас, өө тийн, би мэднэ ш дээ гэхээр нөгөөдүүлийн чинь уур нь хүрээд байдаг байхгүй юу. Уг нь мэдээгүй царайлах ёстой юм байна л даа (инээв).
Нялх жаахан хүүхдэд яагаад хүн болгон татагддаг, хайрладаг вэ гэвэл тэд өөрийнхөөрөө байдаг учраас тэр юм. Өөрөөр хэлбэл би түүнд таалагдъя гэж нүүдэл бодож амьдардаггүй байхгүй юу. Гэтэл хүмүүс бид нас ахих тусмаа нүүдэл бодож амьдарч эхэлдэг. Би яавал Урнаад таалагдах уу? Яавал Урнаагийн найзуудад таалагдах вэ? Ингэж амьдарч байгаа хүмүүс өнөөдөртөө аягүй гоё амьдраад байгаа юм шиг, хүмүүст татагдаад, таалагдаад байгаа юм шиг байж болно. Гэхдээ яг хүүхэд шиг хүний сэтгэлийг татаж, сэтгэлд үлддэг нь хэд бол?

-Та хэсэг усанд хаясан чулуу мэт алга болсон. Тэр он жилүүдэд юу хийж байв? Тэгтлээ чимээ аниргүй байх шалтгаан бас юу байсан бол?
-Тэр он жилүүдийг ярих ч юм биш. Хэсэг бүх юмнаас тасарсан тэр өдрүүдэд амьдралын төлөө ёстой зүтгэсэн дээ. Их ч юм үзсэн. Уран бүтээлчийн хувьд их ч зэвэрсэн. Нэг ёсондоо Монголын нийгэм, намайг гоё сайхан гэж хардаг байсан хүмүүс, хайр хүндлэл, алга ташилтууд сүүлийн 10 хэдэн жил байхгүй ш дээ. Голцуу өшиглүүлж, дэвсүүлж амьдарсан. Гэвч би, би-гээрээ үлдэж чадсан. Өнөө л миний бардам омголон бодол, итгэл найдвар л намайг аварч, өдий зэрэгтэй улам өнгөлөг болгосон хэрэг.
-Өшиглүүлж, дэвсүүлсэн гэдэг нь...?
-Хүний нутагт амьдарч эхэлсэн тэр цагаас хойш тасралтгүй 3 жил монголчууд ордог веб сайт, зарын булан юу л байна, тэнд хувийн өс хонзонгоос болж хоёр, гурван хүүхэн нийлээд янхан шүү, банзал шүү, балиар бузар хүүхэн шүү гэж өдөр болгон бичдэг байлаа. Гурван жил! Тасралтгүй! Чи бод доо. Миний охиныг хүртэл эх нь янхан юм чинь охин нь ч янхан биз гэнэ. Нэг хүүхний хийсэн хэрэг л дээ. Чиний нэрийг шалбааганд хутганаа, харж байгаарай гэсэн. Үнэхээр хэлсэндээ хүрсэн. Хутгасан. Гэхдээ би хутгуулаагүй. Сөхрөөгүй. Яагаад гээч? Яагаад вэ гэвэл би бардам байсандаа, би өөрөө өөрийгөө ямар гэдгийг мэдэж байсандаа би босч ирсэн. Тэнгэрт байдаг Тэргэл саран газарт унахыг та нар харахгүй гэж дотроо шүдээ зуугаад өөртөө хэлж байсан. Хэлсэндээ ч хүрсэн.
-Х.Тэргэлийн Америкт алдагдсан он жилүүд гэхээр юм гээч. Гэхдээ тэр нэгэн эмэгтэйд Тэргэлийг шалбаагт хутгах ямар шалтгаан байсан юм бол? Магад таны гоо үзэсгэлэн, авьяас...
-Хувийн асуудлаас л болсон хэрэг. Эрэгтэй хүнээс улбаатай хэрэг. Шулуухан хэлэхэд хүүхнүүдийн эр нөхрөө харамлах, хардах явдал ямар ч цаг үед сайхан хүүхнүүдэд учирдаг зовлон шүү дээ. Тийм л юм болсон. Нөхөртэйгээ явсан, явалдсан гээд л. Би өөрөө ч эр нөхрөө хүнд алдаж байсан хүн. Эр нөхөр бол өмч биш шүү дээ. Явъя гэмэгц л дагаад яваад өгдөг эр ч гэж байхгүй шүү дээ.
-Эр нөхрөө алдаж үзсэн гэснээс таны тэр пост одоо ч шуугиан дагуулсаар байдаг шүү. Нэгэнт салж одсон амьдралын хойноос та тэр олон жилийн дараа олон юм ярих ямар хэрэг байсан гэж вэ?
-Энэ салалт зүгээр нэг эр эмийн салалт байгаагүй юм аа. Тийм байсан бол би энэ тухай дурсах ч үгүй байсан. Бидний салалт гамшгийн хорлонт салалт байсан юм. Тиймээс хүүхнүүдэд сургамж болоосой гэдэг үүднээс номондоо бичиж байгаа. Хэсгээс нь фэйсбүүк хуудсандаа оруулсан.
Монголд лам, бөө их болж бусдын амьдралд ч их оролцдог болж. Арчаагүй хүүхнүүд эрчүүдийг сэтгэлээр биш элдэв шашны ёс жаягаар урхиддаг болж. Нэг ёсны оюун санааны ухралт, бурангуйлт шүү дээ. Тэр эмэгтэй ийм замаар бидний гэр бүлийг хүчээр салгаж, дээрээс нь доромжилж, өчнөөн жил хараал хийлгэсэн. Чи бод доо, над шиг сайхан хүүхэн нөхөр олдохгүй 15 жил явах уу? Ганц бие!

Миний нөхрийг авчихаад дээрээс нь доромжлоод, найз минь чамд тусалъя гэж лам дээр дагуулж очоод хараал жатга хийлгэдэг хүн гэж байдаг юм уу? Энэ хүний ёс мөн үү. Ийм учраас л тоож бичсэн болохоос тэд зүгээр хайр сэтгэлээрээ нийлээд, тэр нөхөр надаас сэтгэл нь хувираад салсан бол эгч нь үүн дээр огтхон ч олон юм гоншигнохгүй. Тоож ч бичихгүй. Эр эм байтугай эрүү толгой салдаг хорвоо ш дээ.
Ер нь эр, эм хэн ч бай эрхэм сэтгэлээр өөр нэгэнд татагдаад суух, эхнэр нөхөр хоёр сэтгэл хөрөөд, таарч тохирохгүй болоод салах энэ тэр бол байх л асуудал шүү дээ. Энэ бол нүгэл биш. Хүний орчлонд байх зүйл. Яагаад гэвэл нөхөр бол миний өмч биш. Анхны эхнэр, нөхрийг бурхан өгдөг л гэдэг. Юугаа ч мэдэхгүй залуу явахдаа бурхан ч авсан юм уу, буг ч авсан юм уу, яаж мэдэх вэ дээ! Цаг хугацаа л түүнийг чинь харуулна. Гэтэл хэн нэгний амьдрал руу орж ирээд ламдаад, бөөдөөд салгаад тэгээд хараал хийлгэнэ гэдэг бол тэнгэрээс асар том гэсгээл авдаг нүгэл! Хийж өгсөн нь ч, хийлгэсэн нь ч тэр. Өөртөө биш ч өөрийнхөө үр хүүхдэд, үр удамд гай дууддаг нүгэл. Ийм бузар юм битгий хийж яваач ээ, хүүхнүүд ээ! Би өнгөрсөн амьдралдаа ийм бузар юм хийсэн хүүхэнтэй таарч байсан юм аа, та нар бас таарахвий дээ гэдгийг сургамж аваасай гэдэг үүднээс номондоо оруулсан юм. Тэрнийхээ хэсгээс фэйсбүүк хуудсандаа тавьсан. Ийм л явдал.
Гэхдээ энэ завшааныг ашиглаад хэлчихэд миний экс нөхрийг ламдаж, бөөдөж авсан “Shoe`s love”-ын эзэн Чимэдзаяа гэдэгт би үнэхээр баярладаг. Миний зовлонг худалдаж авсан чи хэрэв миний зовлонг худалдаж аваагүйсэн бол би тэр балай зовлонтойгоо зууралдаад явж байх байсан биз. Яагаад гэвэл би амархан салж, амархан хаядаг хүн биш байхгүй юу. Суусан нөхөр бүү хэл нөхөрлөсөн нөхрөө амархан хаядаггүй аваад л явж байдаг хүн. Болохоос нь болохгүй хүртэл явдаг зантай. Магадгүй тэр эмэгтэй бидний амьдралд орж ирж, ламдаж бөөдөж “буян” (буян гэдгийг би хашилтанд хийчихье) хийж яваагүй бол би тэр нөхөртэй зууралдаад, өнөөдөр энэ Америкт ч ирэхгүй байх байсан байх. Америкт ирснээрээ миний охин өнөөдөр дэлхийн шилдэг 20 сургуульд багтдаг Корнелийн их сургуульд суралцаж байна. Маш том амжилт шүү. Тэргэлийн охин гэхгүй Монгол охин мундаг гэж яригдана шүү дээ, цааш цаашдаа.
-Зовлонг худалдаж авсан гэхээр тэр хүмүүс одоо олигтой сайхан амьдардаггүй гэж ойлгож болох уу?
-Ойлгомжтой. Ямар ч тохиолдолд ингэж муу муухай юм хийсэн улсууд өнөөдөртөө жаргаад байгаа юм шиг харагдавч уг үндсэндээ жаргал амсдаггүй. Үндэс нь хатчихдаг байхгүй юу. Тэр өөрөө хүсэж дурлаж авсан зовлонтойгоо бүү салаасай, улам удаан сайхан зууралдаасай гэж ерөөе. Салъя салж болохгүй, болъё больж болохгүй амьдралыг олон гэр бүл, олон хүүхнүүд туулдаг. Үүнийг олон хүүхнүүд ойлгоосой гэж боддог. Зүгээр л салж сарниад явж байгаа бол бие биедээ муу юм битгий бод, муу юм битгий хий. Харин ч таардаггүй гутлаасаа эрхтэн салсан нь хожих ч юм билүү. Хорлол зэтгэрийн зүйлс хийморь лундаагүй амьдруулна шүү дээ.
-Тэр өдрүүдийн Тэргэлээс залуу нас, залуу насны цэвэр ариун, итгэмтгий чанар, бардам сэтгэл басхүү хүч буурай байдал гээд олон зүйл үнэртдэг ээ. Энэ өдрүүдээс, тэр үеийн Тэргэлээс үлдэж хоцорсон зүйлс юу вэ?
-Яг үнэнээ хэлэхэд би хуучин өөрийн таньдаг Тэргэлийг гурав, дөрвөн жилийн өмнөөс л олж авсан. Хүний газар ирээд миний мэддэг байсан Тэргэл алга болчихсон байсан. Би өөрөө ч гайхаж байсан. Өмнө нь шүлэг бичихгүйгээр нэг хоног амьдарч чаддаггүй байлаа. Юм л бичихгүй бол сэтгэл санаагаар унадаг байсан хүн Америкт ирсний дараа юун бичих. Юм бичээд ч яадаг юм гэж бодож ч байх шиг.
Фэйсбүүк ч байсангүй. Хамаг дур хүсэл, бүгд унтарчихсан. Заримдаа ч яах гэж ч энд ирсэн юм гэж бодно. Яг үнэндээ Амеркт ирье гэж айхтар бодсон юмгүй байж байгаад ирчихсэнийг хэлэх үү.

-Ер нь яагаад Амерк явчихсан юм бэ?
-Ёстой сонин юм болсон ш дээ. Хүн болгон Америк гоё гэдэг байсан үе. Тэрэнд итгээд визэнд ороод гурав дахь дээрээ гарчихсан. Тэгээд л хүрээд ирсэн. Өр шир тавиад ирсэн хүн чинь амархан буцаж чадахгүй. Ямартай ч ирсэн юм чинь охиндоо Америк орныг үзүүлчихээд буцъя даа гэж бодож байтал охин ирээд, та надад хайртай юм бол Америкт үлдээч гэсэн. Охин бол миний хувьд бүх юм. Миний ээж, эмээ, өвөө, аав, миний найз, нөхөр байлаа. Хүмүүст хүүхэд нь ганцхан хүүхэд л байдаг бол миний охин миний бүх юм байсан юм. Тиймээс охиныхоо үгэнд орж, дотроо уйлаад, гаднаа инээгээд үлдсэн дээ.
Хүний газар зовлонгий нь, хэцүү бэрхийг нь байя гэтлээ л амссан. Гэхдээ Америкт ирснийх би ханьтай болсон, бүтэн болсон. Голомт залгах хүүтэй болсон. Охин мундаг сургуульд сурч байна. Үүнээс өөр юуг би амьдралаас хүсэх билээ. Амьдралаас авч хүртэж болох бүхий л шагналыг бурхан надад харамгүй хайрлалаа. Эцсийн эцэст би үнэхээр муу муухай, өөдгүй, хүн чанаргүй хүн байсан бол хүний газар нүүр бардам амьдрах бичиг баримт, мөн дөчин насанд бурхан намайг сайн хань, голомт залгах хөөрхөн хүүгээр ивээн шагнахгүй шүү дээ.
-Таниас өөр эмэгтэй байсан бол ихэнхдээ л нөхрөөсөө тийм амар салахгүй байсаан. Таны бардам зан дийлсэн юм шиг санагддаг. Бардам зан энэ тохиолдолд хүн чанар ч юм шиг ээ..?
-Зарим эмэгтэйчүүд салахгүй гээд л зууралдаад байдаг. Надад ч гэсэн салах тийм амар байгаагүй. Анхны амьдрал, хүүхэд жаахан байсан үе. Ашгүй, ашгүй салчихъя гэж лав бодоогүй, тэр үед. Гэхдээ түүний сэтгэл шал өөр газар, өөр хүн дээр байхад би дэргэд нь илүүдэл гэдгээ мэдрэн мэдрэн амьдрах ямар хэрэг байна гэж бодсон. Тиймээс хэцүү байлаа ч салж одсон. Хэцүүг давж гарахаа ч мэдэж байсан. Давж ч гарсан. Бүх зүйл харанхуй, гамшгийн л байсан. Гэхдээ давж гарна гэж бодсон л бол тэнд заавал нэг гэрэл харагдаж байдаг. Ийм л хандлагаар би энэ амьдралыг туулж явна. Энд ч гэсэн хүний газар гамшгийн саарал өдрүүд, хаашаа явах нь тодорхойгүй хар манан дундах өдрүүдийг туучиж гарсан. Шаварт унасан нэрээ хүртэл шавран дундаас татаж заавал гаргаж ирнэ дээ гэж мэдэж байсан, мэдэрч байсан. Одоо хар л даа, үхсэн хойноо. Намайг новшийн амьтан болгож байсан тэр хүмүүс хаана байна? Би тэр хүний хүссэнчлэн адгийн новш байгаагүй учир нэр төрөө эргүүлэн олж авсан.
-Тийм л хүнд байжээ дээ?
-Чи бод. Би аягүй бардам цэх алхаатай, хараа өндөр явдаг эмэгтэй. Гэтэл тэр жилүүдэд монголчуудын ордог солонгос дэлгүүр орохдоо хүртэл өөрийн эрхгүй бөгтийж ордог болчихсон байсан ш дээ. Аймаар юм билээ. Яалт ч үгүй, өдөр болгон янхан шүү, банзал шүү гэх зэргээр байнга гүтгүүлээд муу муухайгаа дуудуулаад, муугаар бичигдээд байхаар хүн өөрийн мэдэлгүй бөгтийдөг юм билээ. Дээрээс нь Америкт олны танил монгол хүн байхгүй, байгаа ганц нь би шахуу. Өөр хэнийг ярих ч юм. Худлаа гүтгэсэн гүтгэлэг нь уулсын цуурай шиг л тарчихдаг байсан. Ярианы сэдэв болох хүмүүс ховор газар амьдарч байгаа хүмүүсийн ч буруу биш л дээ. Тэд уншсан зүйлдээ л итгэх нь аргагүй шүү дээ.

-Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэгчээр та зүв зүгээр байхад тийм зүйл болоогүй л байх?
-Мэдээж. Би энхийн цагаан тагтаа биш. Надад санаатай, санаандгүй гаргасан алдаа бий, бий. Гэхдээ би хэзээ ч эрийн сэтгэлийг эргүүлэх гэж ламдаж бөөдөж айл гэрт хараал жатга хийлгэж явдаг увайгүй эм биш. Учир нь бурханы шагнал, шийтгэлд би итгэдэг. Би эмээгийн хүүхэд байсан болохоор илүү шашинлаг. Бурхан, тэнгэр уул усанд залбирч өссөн хүүхэд. Овоо минь, алтан овоо минь, орон дэлхий баян хангай уул ус минь, улс орныг минь амгалан тайван байлгаж хайрла гэж орой бүр Долоон бурханд, өглөө бүр наранд залбирдаг байсан эмээгээ хормойдож өссөн болохоор хүнд хортой муу муухай зүйлийг хийж явах өчүүхэн ч хир буртаг миний сэтгэл зүрхэнд байхгүй. Харин эр эм хоёр сэтгэл татагдаж, эсвэл ямар нэгэн байдлаар хүний ёсоор ийм тийм болох чинь хэнд ч тохиодог л зүйл шүү дээ. Амьдралд давахгүй гэсэн даваагаар олон давах тохиол өчнөөн буй.
-Салалт хашир суулгаж, ухаан нэмдэг гэх. Үнэн үү?
-Ээ мэдэхгүй ээ. Би анхны нөхрөө харгүйгээсээ болж алдаж байсан. Харгүй ч хянамгай байх ёстой юм байна гэдгийг ойлгож л байсан. Тэглээ гэдээ одоо ч айхтар хартай болсон юм алга л байна. Төрөлх араншин өөрчлөгдөнө гэж байхгүй юм билээ. Гэхдээ 40 насанд эхэлсэн амьдрал учраас чи ханатлаа зугаалсан уу, зугаалсан, би ханатлаа зугаалсан уу, зугаалсан, одоо зүгээр амьдаръя гэж хэлээд бид хоёр амьдарсан. Амьдарч ч байна. Сайхан ч амьдарч байна. Хэрвээ би үнэхээр муу хүн байсан бол надад ийм сайн хань явуулахгүй. Бурхан байдагт би итгэдэг. Хүн яаж амьдарч байгаа нь нүүрэн дээр, нуруун дээр байдаг, нүдний гал цогонд байдаг гэж боддог. Хүн бүдүүн нарийн, сайхан муухайдаа биш, нүднийхээ гал цогонд байдаг. Дуучин Ариунаа жишээ нь нүднээс нь гал асч байдаг сайхан эмэгтэй. Бусдад хөгжил баяр өгдөг. Гэтэл хичнээн хөөрхөн сайхан хүүхэн байлаа ч цог золбоогүй бол сайхан гэж хэлэх хэцүү. Жишээ нь, Одгэрэлийг яръя л даа. Сайхан гоё л эмэгтэй. Гэвч нүдэнд нь гал цог байдаггүй. Тэр нэг дүрэлзсэн гал гэдэг чинь жинхэнэ аз жаргал, гоо үзэсгэлэн юм шүү дээ.
-Таны амьдралд хэр олон нууц амраг байсан бэ?
-Би охиныхоо аавтай дөрөвхөн жил амьдарсан эмэгтэй. 15 жил нөхөргүй явсан эмэгтэй. Надад нууц амраг байх ямар ч шаардлага байхгүй. Миний хамтрагчдын хувьд нууц амраг байсан байх. Би залуугийн их шохоорхомтгой хүн. Дурламтгай биш. Нэг ёсондоо харахад эмэгтэй юм шиг атлаа дотоод сэтгэл маань эрэгтэйлэг гэх үү дээ. Эрчүүд хөөрхөн хүүхэн харчихаад нүд унагаж, эргүүлж байснаа өөрийнх нь болсны дараа сонирхол нь буураад орхичихдог доо. Эсвэл шохоорхож хэсэг эргүүлж байгаад барахгүй бол хаячихдаг. Би тийм л эмэгтэй байсан. Шударга хэлье. Гэхдээ миний ихэнх сонирхсон, шохоорхсон эрчүүд миний хүслээр болж байсан (инээв). Шохоорхсон эр хүнээ хараад минийх болно доо гэхэд минийх болдог байсан. Тэгээд хэдэн өдөр эсвэл хэдэн сар явлаа,зугааллаа сонирхол буурлаа, орхичихдог байсан. Тэгэхээр нууц амраг гэдэг үг надад тохирохгүй байгаа биз дээ.
-Сүүлийн үед та олон нийтийн сүлжээгээр дамжуулан Америкт байгаа ч эх орондоо байгаа мэт нөлөөтэй, хүчирхэг дуу хоолойтой нэгэн болж хувирсан. Америктаа өдөр тутамдаа юу хийж байна вэ?
-Одоогоор гэртээ уран бүтээл дээрээ сууж байна. Номоо бичих гээд сүүлийн нэг жил огт ажил хийхгүй байгаа. Америкт ажил хийнгээ юм бичнэ гэдэг барах ажил биш. Нөгөө талаар хүү маань дөнгөж 1-р ангид орсон. Америкт чинь Монголдоо байдаг шиг ах дүү туслаад, наашаа цаашаа зөөгөөд байхгүй, голдуу хэн нэг нь цаг гаргаж хүүхдээ харахгүй бол болдоггүй. Яг мөнгөний төлөө, амьдралын төлөө хоёул хоёулаа ажил хийгээд явчихвал хүүхдүүд орхигддог.
-Шулуухан асуучихад Тэргэл харийн нутагт суурьшснаас хойш 10 гаруй жилийн дараа хөлөө олж, ажил хийхгүйгээр ч амьдрах хэмжээнд хүрсэн гэж ойлгож болох уу?
-Би сайн хүнтэй учирсан. Миний хань миний ар талыг дааж байна. Америкт бол үнэндээ овойж оцойтол мөнгө хураана гэж байхгүй. Өдөр тутмын элдэв янзын төлбөрөө төлөөд хүнээс гуйхгүй бас хааяадаа Монгол руу мод тарих гэх мэт буяны ажилд мөнгө явуулчих хэмжээний амьдарч байна. Мэдээж илүү ихийг өгмөөр байвч тийм боломж хомс. Гэхдээ эдийн засгийн хувьд хүнээс хараат биш, гуйлгачин биш амьдарч байна. Би энэ амьдралдаа сэтгэл хангалуун байна. Муу амьдарч байна гэж хэлж чадахгүй ээ.

-Нөхөртэй чинь илүү ойр дотно танилцъя?
-Нөхрийг маань Энхбаатар гэдэг. Монголын радиогийн сэтгүүлч, яруу найрагч, зохиолч, МУСГЗ Дамбадаржаа гэдэг хүний хүү. 23-р сургууль, Москвад Геодезийн инженерээр төгсч, Тайландад Азийн технологийн дээд сургууль -(Asian Institute of Technology)-д магистрын зэрэг хамгаалсан залуу. Одоо бол энд такси л барьж байна (инээгээд). Америкт бол бид чинь нэг иймэрхүү л ажил хийдэг ш дээ. Би гэхэд анхандаа эмээ өвөө ч харж байлаа, дэлгүүрт худалдагч, үсчний газар цэвэрлэгч ч хийж үзлээ. Хийгээгүй ажил байхгүй ээ. Сүүлд гоо сайханчийн сургуульд сурч төгсөөд салонд ажиллаж байсан.
-Та нар шиг боловсролтой сэхээтнүүд эх орноосоо яваад харь хүний нутагт хар ажил хийж амьдрах чинь их сонин үзэгдэл юм аа. Тэгэх шаардлага бий гэж үү?
-Америкт маш олон дуучин, жүжигчин монгол залуус ирж байна. Харамсдаг аа. Тэд зэврээд л дуусна. Америк диваажин биш шүү дээ. Энэ тухай фэйсбүүктээ ч их бичдэг. Их ч шэйр авдаг. Харамсалтай нь хүн гэдэг их сонин юм аа. Байхгүй зүйлдээ санааширдаг, хүнд итгэдэггүй энэ тэр араншин байх юм. Би Америк гоё биш гэж мянга хэлээд итгэхгүй. Тэгвэл чи гоё биш газраа яагаад амьдраад байгаа юм гэдэг. Зөв асуулт. Гэтэл бид нарын хувьд үр хүүхдээ бодоод ч тэр үү их сонин байдалд орчихож байгаа юм л даа. Миний охин ирэх жил их сургуулиа төгсөнө. Төгсөх хүртэл нь эх хүнийхээ үүргийг биелүүлээд байчихсан гэдэг бодол байна. Тэгээд ч ээж аав хоёулаа өөд болчихсон, нарийндаа эх орон уруугаа яарах, тэмүүлэх юм алга байна л даа. Тэгээд ч одоо 50 настай, тэр нас уруу дөхөж байгаа бид тэнд очоод юу хийх үү гэдэг асуулт байна. Би сонинд сурвалжлагч л хийнэ. Тавь гарчихаад сурвалжлагч хийх, хорин хэдтэй сурвалжлагч хийх хоёр шал өөр. Тэгээд ямар цалин авах билээ. Түүнээсээ мод тарихад, ядарсан нэгэнд туслахад илүүчилж чадах уу Үгүй л болов уу. Энэ мэт олон асуудал байдаг л даа.
-Гэхдээ эх орноо санана биз дээ?
-Юу ярина вэ! Анх ч охиноо ч авчихлаа, аав ээж ч алга, юугий нь санахав дээ гэж боддог байсан. Үгүй юм байнаа. Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд юм бол миний залуу сайхан нас, хүүхэд гэнэн үе, алга ташилтууд, хамраа сөхөж явсан бардам өдрүүд, хайрлаж дурлалцаж, шохоорхож явсан бүхэн Монголд үлджээ. Санахгүй гээд яах юм! Хань ижил, үр хүүхэд бүгд энд байгаа хэрнээ зүрхнээс нэг юм чангаасаар л байна.
-Хэдийгээр эх орондоо ирэх вэ?
-2018 ондоо багтаж очих санаа байна. Гурван ном ядаж гарах болов уу гэж бодож байна. Манай үеийнхэн чинь номыг үйлдвэрлэж байна ш дээ. Надад тийм боломж хомс, нэг очсных гурван ном боож авах санаа байна. Би чинь их амбиц муутай хүн ш дээ. Залуугийн ямар ч амбицгүй явлаа. Үеийнхэн маань Болор цом авахын хүслэн явахад би ямар юмных нь болор цом, мом явлаа. Ерөөсөө ойлгодоггүй явлаа. Тэрэнтэй тэрэнгүй шагналтай шагналгүй амьдарна ч гэж боддог байлаа. Гэхдээ одоо бодоход буруу ч биш байжээ, тэдний маань. Гэхдээ Болор цомтой ч ганц олигтой шүлэг, ганц гайхуулах мөртгүй шүлэгчид , яруу найрагч олон байна ш дээ. Инээд хүрээд байдаг.

-Та эрэгтэй хүнийг юугаар нь үнэлдэг вэ?
-Залуудаа хөөрхөн эрчүүдэд дуртай байлаа. Аягүй тэнэг (инээв). Хэзээ ч хүдэр чийрэг эр хүн шиг эр хүнийг сонирхож байгаагүй. Дандаа нэг тийм балай, гунхсан, гулжигнасан хачин юмнуудад татагддаг тэнэг байж. Охиндоо ээж шигээ битгий ийм тэнэг байгаарай гэж хэлдэг. Одоо бол надад эр хүн шиг эр хүн таалагддаг. Нөгөө талаар залуудаа тэнэг байсан нь ч болж дээ гэж боддог.
-Яагаад вэ?
-Яагаад гэвэл хүн туулах ёстой зүйлээ л туулдаг юм байна. Бурхан хүнд ямар хувь тавилан өгсөн түүнийг туулдаг. Туулж, амсаж ханаад амьдралыг ухаарч мэддэг. Гэхдээ ухаардаггүй тэнэгүүд ч дүүрэн. Энэ бүхнийг туулаагүй бол би залуудаа ямар тэнэг явснаа өнөөдөр ухаарахгүй нь байна ш дээ. Өнөөдөр би ямартай ч залуу байхаасаа илүү ухаантай болсноо мэддэг. Учир нь туулсан амьдралын өдрүүд минь намайг ухааруулж. Азтай нь дандаа дээшээ алхам алхмаар ахиж, мацаж ирж. Муу зуршлуудыг заримыг нь хаяж гээж чадаж. Орхих ёстой хог, илүү ачааг ирээдүй рүү чирж явах хэрэггүй юм.
-Уучилж болдоггүй алдаа гэж байдаг болов уу?
-Уучлаарай гээд хэлчих л юм бол уучилж болдоггүй алдаа гэж байхгүй ээ. Энэ үгийг чин сэтгэлээсээ хэлчихдэг л байх хэрэгтэй.
- “Хувьсал” продакшны бүтээл “Зүрхээр наадагч” кинотой холбоотой нэг дуулиан бий. Шулуухан хэлэхэд хэрүүлийн чанартай биш үү? Миний хувьд харин ч таны аавын тэр сайхан утга билэгдэл бүхий шүлгээр киноны гол монологийг хийсэн нь сайхан санагдахаар. Та яагаад тэгтлээ дургүйцээд байдаг юм бэ?
-“Гранд” гэдэг сэтгүүлийг чи гаргасан. Гэтэл олон жилийн дараа нэг хүн “Гранд”-ыг би гаргасан юм аа гэвэл ямар байх уу. Тэгснээ чамаас уучлалт гуйхгүй, утсыг чинь ч авахгүй, зугтаад байвал, өө яахав, яахав, Гранд гэдэг нэрийг маань мөнхөлчихлөө гэж баярлана гэж үү. Үгүй шүү дээ.
Эрхэс, Тэргэл, Энхжин, Ялгуун гэдэг миний аавын өгсөн нэрс. ЭРХЭС ТЭНГЭРТ ТЭРГЭЛ САРАН ЯЛГУУН САЙХНААР ЭНХЖИН МАНДМОЙ… гэж миний аав бичсэн юм. Энэ хүслийг нь гүйцээж 90-ээд онд би ч ид мандаж явсан юм. Үүнийг би хаана ч хэлнэ. Мандаж явсан болохоор 90-ээд оноос хойших ихэнх хүүхдүүд ийм нэртэй болсон юм. Яагаад гэвэл би ярилцлага өгөх болгондоо аавынхаа энэ шүлгийг, энэ дөрвөн мөртийг байнга хэлдэг байсан юм. Бид 60, 70-аад оныхон. Тэр үеийнхэнд ийм нэртэй хүүхдүүд байна уу? Байхгүй. Ийм нандин юмыг увайгүйгээр авч хэрэглэсэн. Би уучилж чадахгүй.
Уг нь жүжигчин У.Уранчимэг бид нар чинь 10 жилийн нэг сургуулийнхан, манай Ялгууны ангийн хүүхэд. Надад зүгээр уучлаарай гээд хэлчихсэн бол, миний утсыг аваад ярьчихсан бол ингэж шүүхдэхгүй байсан юм. Энэ алхмаараа би гурван зүйлийг хөндөхийг хүссэн юм. Нэгдүгээрт, уран бүтээлч хүмүүс ийм увайгүй байж болохгүй ээ. Олны танил, олон нийтэд үлгэр дуурайл өгөх ёстой хүмүүс нь ийм хулгайч, увайгүй байж болохгүй. Хоёрдугаарт, ийм луйвар зөвхөн надад л тохиолдож байгаа явдал биш. Маш түгээмэл байдаг. Харамсалтай нь, манай уран бүтээлчид арчаагүй, залхуу, өөрийнхөө төлөө явдаггүй учраас тэгэсгээд орхидог. Энэ буруу жишгийг би эвдэхийг хүссэн юм. Гуравдугаарт, уучлаарай гэдэг үгийг хэлж чадаагүйгээсээ болж ямар том юманд унаж болдгийг, энэ үгийг хэлж сураач ээ гэдгийг харуулах гэж байгаа юм. Галыг жижиг дээр нь унтрааж сураач ээ, монголчууд аа! Одоо бол би эцсийг нь хүртэл явна. Анхан шатных нь шүүх хурал болох гэж гурван жил гацаалаа. Арайхийж сая анхан шатны шүүх хурал нь болсон. Одоо би давж заалдана. Ямартай ч ясаа цайтал заргалдана. Аавынхаа, ээжийнхээ надад, бидэнд өгсөн зүйлийн төлөө явах болно.
-Таны энэ мэт үйлдлүүд олон нийтэд яасан хэрүүлч юм бэ, дандаа зарга хийж байх юм гэсэн имижийг бүрдүүлээд байна л даа?
-Олон нийт намайг юу гэж бодох нь ердөө сонин биш! Дээр ч хэлсэн. Олон нийтэд би өнөөдөр ухаантай, хэрүүлч хүн биш болж харагдахын тулд хаялаа гэхэд маргааш намайг үхэхэд миний аавын бүтээл, миний гэр бүлийн эрхэмлэдэг үнэт зүйлийг олон нийт хамгаалж өгөхгүй ш дээ! Урнаа! Тэд аавын чинь нэрийг мөнхөлж өгсөн байхад гэсэн байна лээ. Миний аавын бүтээлийн дор өөрсдийнхөө нэрийг тавих нь мөнхрөл юм уу. Энэ ёс зүй юм уу. Хүний юмыг улаан цайм булааж, дээрэмдэж авах чинь доромжлол биш гэж үү. Ийм доромжлолыг амсчихаад мөнхрөл гэж боддог мулгуу олон нийт надад падгүй. Надад ийм олон нийт, мунхаг амьтадтай ижилхэн байх сонирхол алга. Угаасаа ч би ижилгүйгээ мэддэг. Ижил олон сүргийн нэг нь би биш! Тэд намайг хэрүүлч гэж ойлгоно уу, буянаараа болог. Тархиных нь хэмжээ мэдэх хэрэг. Би бол үнэн гэж бодсон зүйлийнхээ төлөө тууштай явдаг хүн. Бусдад таалагдах гэж, сайн хүн болж харагдах гээд өөрөөсөө урвана гэдэг эмгэнэл! Та нар өөрсдөө л тэгж амьдарцгаа. Би тэгж амьдрахгүй гэж хэлмээр байна.
Би хэзээ ирэхээ мэдээгүй, бас хэзээ буцахаа мэдэхгүй. Тиймээс мөрөн дээр миний толгой байсан цагт энэ орчлонг би өөрийнхөө хүслээр туулж амьдраад дуусгана. Хүний мөртэй буцах болно.
-Та эргээд залуу насандаа эргэж очвол юу хийж, юугаа өөрчлөхийг хамгийн ихээр хүсдэг вэ?
-Залуу насандаа эргэж очихыг хүсдэггүй ээ. Очсон ч юуг ч өөрчлөх гэж оролдохгүй. Өөрийгөө өөрчлөх гэж оролдох болов уу?. Харин эргэн очихыг хүсдэг нэг л зүйл байдаг, хүүхэд насандаа очиж эмээдээ нэг сайхан эрхлэхсэн. Эмээгээ баярлуулахсан. Гэхдээ миний эмээ надаар бахархаж, бахдаж байдгийг би мэднээ. Тэнгэрт сэтгэл хангалуунаар намайг тольдон суугаа, миний муу эмээ.
-Амьдралын өмнө бууж өгөх, сөхрөх үе танд байсан уу?
-Амьдралд сөхөрч байсан үе олоон, олон. Гэхдээ яг л хөлбөмбөг өшиглөж байгаа хүн шиг л эрчтэй цааш гүйдэг байсан, сэтгэл дотроо. Тулаад ирсэн бүхнийг өшигчөөд, туучаад гарна даа. Нүднийхээ цогийг л бөхөөхгүй амьдарна шүү, Тэргэл ээ гэж өөртөө хэлж, өөрийгөө зоригжуулдаг.
..Уруулаа буд бүсгүй минь,
Унж дорой бүү яв..
..Залуу явахад юм бүхэн өнгөлөг гэх шүлгүүд. Би ийм л хүн. Энэ мөртүүд ямагт яг л бамбар шиг асдаг байсан учир Тэнгэрт манддаг Тэргэл саран газарт унахыг та нар үзэхгүй гэж бардамхан бодол тээж, орчлонг туулж явдаг даа.
Ер нь хүн уран бүтээлтэйгээ л ижилхэн байдаг юм ш дээ. Зураачид өөрсдийгөө зурна, голдуу. Яруу найрагчид өөрсдийн дотоод би-гээ бичнэ. Инээмсэглэл гэдэг үнэгүй нандин гоёл, нүдний цог золбоо гэж бас л орчлон хорвоод хүн бүрт хайрласан чухам нарийн эрдэнэс. Энэ хоёрыг нүүрэн дээрээ чин сэтгэлээсээ тодруулаад явж байхад болохгүй бүтэхгүй бүхэн хальтарч дайждаг орчлон доо.
Ярилцсан М.Уранчимэг
Сэтгэгдэл байхгүй байна