Хавар болохоор цэцгэн хээ санаанд ордог нь шинэ зүйл биш, тийм ээ? Харин энэ улиралд даашинзны чиг хандлага бүхэлдээ өөрчлөгдөж байна.
Энэ хавар илүү өвөрмөц, төсөөллөөс давсан принтүүд ноёрхоно. Том хэмжээний 3D цэцгэн элементүүд анхаарал татаж, пастел өнгийг орлох бараандуу, гүн өнгийн палитр давамгайлж, материалын сонголт хүртэл уламжлалт хэв маягийг шинэ түвшинд гаргаж байна. Хөнгөн шифон даавууг илүү бат бөх деним, цэмцгэр хөвөн поплинтой хослуулснаар цэцгэн хээтэй загварууд илүү уян хатан, олон талт болжээ. Мөн нарийн деталь зөөлөн уналт, баримал мэт эсгүүр, бодлоготой хийсэн нээлттэй хэсгүүд даашинзыг уламжлалт “зөөлөн, эгдүүтэй” төрхөөс холдуулан илүү дээд зэрэглэлийн мэдрэмж төрүүлж байна.
Винтаж хэв маягт цэцгэн хээ
Энэ хавар цэцгэн хээ өнгөрсөн үеийг санагдуулам, дурсамж төрүүлсэн өнгө аястайгаар эргэн ирж байна. Гэхдээ хуучныг шууд давтах бус, орчин үеийн хувцаслалттай уялдуулан шинэчилсэн байдлаар илэрхийлэгдэж буй нь онцлог. 1970-аад оныг санагдуулам нарийн, жижиг хээ, хуучны ханын цаасны хэв маягийг санагдуулах романтик “cabbage rose” төрлийн сарнайн дүрслэл, мөн бага зэрэг бүдгэрсэн мэт өнгийн палитр нь даашинзанд зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлнэ.

Wrap даашинз
Wrap даашинз нь биеийн хэлбэрийг хамгийн сайхан тодотгож чаддаг, олон талт эсгүүрүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд цэцгэн хээтэй хувилбар нь хаврын улиралд бүр ч илүү тохиромжтой сонголт болдог. Биеийн хэмжээндээ тааруулж бүслэх боломжтой хийц, зөөлөн уналттай эсгүүр нь энэ загварыг өдөр тутмын энгийн алхалтаас эхлээд илүү албан маягийн орчин хүртэл өргөн хүрээнд өмсөх боломжтой болгодог.

Цамцан даашинз (Shirtdress)
Цамц шиг богино даашинзууд урд талаараа товчлогддог хийц, цэмцгэр зах, чөлөөтэй эсгүүр нь тав тухыг алдалгүйгээр хаврын хувцаслалтад илүү дэгжин өнгө аясыг бий болгоно. Сул, oversized эсгүүр нь илүү тайван мэдрэмж төрүүлэх бол бэлхүүс барьсан загвар нь биеийн хэлбэрийг тодруулж, илүү эмэгтэйлэг төрхийг бүрдүүлнэ. Цэцгэн хээ нэмэгдсэнээр уг загварын хатуу төрх зөөлөрч, ажил хэрэгч болон амралтын өдрүүдийн аль алинд нь тохиромжтой болдог. Пүүзнээс эхлээд loafers хүртэл төрөл бүрийн гуталтай хослуулахад тохиромжтой.

Цэцгэн хээтэй тор (Floral Lace)
Бүхэлдээ цэцгэн хээтэй торон даашинз нь “нүцгэн даашинз” чиг хандлагад романтик хэрнээ зоримог өнгө аясыг нэмэж байна. Ил тод, нимгэн текстурыг нарийн хийцтэй детальтай хослуулснаар хүчирхэг төрхийг бий болгодог. Загварын ертөнцөд чиг хандлагыг тодорхойлогч Hailey Bieber, Zoe Saldaña зэрэг одууд улаан хивсний арга хэмжээнд энэ төрхийг сонгож, нэгэн зэрэг дур булаам бөгөөд дэгжин харагдаж болдгийг харуулсан юм.

Өнгөний зоримог хослол
Өнгөний блоклолттой цэцгэн даашинз нь хаврыг илүү зоримог, онцгой байдлаар илэрхийлэхийг хүсдэг хүмүүст зориулсан сонголт юм. Хурц, ялгарсан өнгийн хэсгүүд нь цэцгэн хээний зөөлөн, эгдүүтэй мэдрэмжийг задлан, нийт төрхөд график эсвэл grunge өнгө аясыг нэмж өгдөг. Ингэснээр энэ улирлын трендийг дагаж мөрдөж буй хэрнээ хэт нийтлэг, давтагдсан харагдахгүй байх боломжийг олгодог.

Мөн цэцгэн хээтэй мини богино даашинзууд, бараан, нэвт гэрэлтэх материалтай торон даашинз, лазераар зүссэн мэт хээтэй загварууд, 3D цэцгэн хээтэй загварууд ч мөн ноёлсоор байгаа гэдгийг бүү мартаарай.




Сэтгэгдэл байхгүй байна