Дэлхийд гарсан “OOGII” брэндээс маргаан дагуулсан хэрэг хүртэл
Австралид ажиллаж, амьдарч буй Монгол бүсгүй О.Оюунцэцэг сүүлийн жилүүдэд бизнес, боловсрол, сошиал орчинд “Оогий” брэндийнхээ нэрээр олонд танигдсан нэгэн юм. Тэрбээр олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, Австралийн “TVS”, Монголын “Ийгл” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байв.
Улмаар мэргэжлээрээ Сидней хотод ажиллахын сацуу суурьшин амьдрах болсон тэрээр мэдээллийн технологийн салбарт хүч сорьж, Австралийн өндөр хурдны сүлжээтэй “RackCorp” компанид менежер, цаашлаад компанийн PR захирлын албан тушаалд хүртэл томилогдон дэвшсэн байна. Өдгөө О.Оюунцэцэг Австралид амьдарч, бизнес болон боловсролын чиглэлд зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Хувийн амьдралын тухайд 1 хүүтэй О.Оюунцэцэг Австралид суурьшихдаа бизнес эрхэлдэг залуутай сууж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн байдаг.
“OOGII” брэндийн үүсэл, онцлог

О.Оюунцэцэг 2017 онд өөрийн нэрийн “OOGII” брэндийг үүсгэн байгуулж, эмэгтэйчүүдийн гутал, цүнхний үйлдвэрлэлээр олон улсын зах зээлд хөл тавьсан юм. Түүний брэндийн гол ялгарах онцлог нь дэгжин тансаг хийц дизайн, олон улсын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн, монгол эмэгтэй хүний гоо зүйг шингээсэн хэв маяг байдаг.


Тэрбээр 2019 онд Улаанбаатар хотод өөрийн брэндийн дэлгүүрээ нээж, дотоодын зах зээлд ч байр сууриа бэхжүүлсэн байна. Мөн “The Global Fashion Network” сэтгүүлийн нүүрийг чимж, Австралид өөрийн брэндийн загварын шоуг зохион байгуулж байсан нь түүний амжилтыг илтгэнэ.
Боловсролын салбарт хийсэн алхам

Зөвхөн бизнесээр хязгаарлагдахгүйгээр тэрбээр боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, Монголд Австрали боловсролын стандарт нэвтрүүлэх зорилготой “Knight’s Australian-Mongolian School”-ийг байгуулж байв. Австрали багш, хөтөлбөртэй, сурагч солилцоотой, олон улсын боловсролын системтэй гэх мэт онцлогуудаараа олны анхаарлыг татсан бөгөөд 2019 онд “Oogii edu” гэх гадаад руу оюутан, сурагч зуучлах төвийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа албан ёсоор 2022 онд эхэлсэн байдаг.
Маргаан дагуулсан хэрэг

Сүүлийн үед тэрээр залилангийн хэрэг үйлдсэн гэх маргаантай асуудлуудаар олон нийтийн анхааралд ороод байна. Тухайлбал, 2022 онд нээгдсэн “Oogii edu” төвөөр дамжуулан гадаадад сургах, ажиллуулах нэрийдлээр иргэдийг хохироосон байж болзошгүй гэх гомдлууд гарчээ. Албан бус мэдээллээр олон иргэн мөнгөн хохирол амссан гэж мэдүүлсэн бол иргэд саяас тэрбум төгрөгийн хохиролтой байгаа талаар дурджээ. Эл маргаан дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Харин О.Оюунцэцэг өөрөө уг асуудлыг үгүйсгэж, “Залилан хийсэн зүйл байхгүй, бүх баримт бий” хэмээн мэдэгдсэн бөгөөд олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэх мэдээллийг худал гэж тайлбарласан байна.



Сэтгэгдэл байхгүй байна