Загварын ертөнц дахин “дүрэлзэж” байна: The Devil Wears Prada 2

Загварын ертөнц дахин “дүрэлзэж” байна: The Devil Wears Prada 2

2006 онд дэлгэцнээ гарсан The Devil Wears Prada кино тухайн үедээ загварын ертөнц, хэвлэл мэдээллийн салбарын “дотоод амьдралыг” анх удаа ийм өргөн хүрээнд харуулж, жинхэнэ сенсаац тарьж байв. Тус кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, ялангуяа Meryl Streep-ийн бүтээсэн Миранда Пристлийн дүр дэлхий даяар соёлын бэлгэ тэмдэг болсон юм.

Эдийн засгийн хувьд ч амжилттай байсан тус бүтээл ойролцоогоор 326 сая ам.долларын орлого олж, дунджаар 35–40 сая ам.долларын төсөвтэй киноны хувьд асар том амжилт болж байлаа.

Харин 20 жилийн дараа, 2026 онд түүний үргэлжлэл болох "The Devil Wears Prada 2" кино эргэн ирж, дэлхийн кино болон загварын ертөнцөд дахин шуугиан дэгдээгээд байна. Нью-Йорк хотод болсон нээлт нь жинхэнэ утгаараа оддын парад болж, улаан хивсний төрхүүд нь олон нийтийн анхаарлыг татжээ.

Шинэ ангийн талаарх хүлээлт анхнаасаа өндөр байсан ч киноны постер болон трейлер цацагдсанаас хойш энэ сонирхол огцом өссөн. Тизер трейлер нь 24 цагийн дотор 181 сая гаруй үзэлт авч, сүүлийн 15 жилийн хамгийн их үзэлттэй инээдмийн киноны трейлер болсон бол, албан ёсны бүрэн трейлер нь 222 сая үзэлттэйгээр студийн түүхэн дээд амжилтыг тогтоосон байна.

Мөн киноны үйл явдал, хуучин дүрүүдийн эргэн ирэлт, шинэ жүжигчдийн нэмэгдэл зэрэг нь фенүүдийн сонирхлыг улам өдөөж, нээлтийн өмнөх маркетингийг жинхэнэ “тэсрэлт” болгож чаджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү үргэлжлэл нь дэлхий даяар 600 сая ам.доллараас давсан орлого олох боломжтой гэж үзэгдэж байгаа нь уг франчайз дахин амжилтын оргилд хүрэх магадлалтайг харуулж байна.

Ийнхүү The Devil Wears Prada кино зөвхөн загварын тухай бүтээл байхаас давж, үе үеийн үзэгчдийн дурсамжид үлдсэн соёлын үзэгдэл болсон бол, түүний шинэ анги 2026 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн кинонуудын нэг болж, дахин нэг удаа “загварын ертөнцийг” доргиохоор байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026