Батмөнхийн Сарантуяа: Хайр сэтгэл ба хүн чанар

Батмөнхийн Сарантуяа: Хайр сэтгэл ба хүн чанар

Үнэн байх, үнэнд үнэнч амьдрах, өөрийнхөөрөө орших нь том эрх чөлөө, тэр бүр хүнд заяадаггүй өгөгдөл юм. Ихэнх нь баг өмсөж, өөрөөсөө өөр дүрээр амьдрах хэрэгтэй болдог. Хэрэгтэй ч гэж дээ, хүсдэг ч юм болов уу. Эл ховор, үнэт эрх чөлөөг эрх зоргоороо амталж яваа нэгэн ихэмсэг хатагтай энэ жилийн Урлагийн салбарын Grand Lady боллоо. Түүний олны өмнө ил, шилэн хоргонд мэт амьдрал, хайр, зан төрхийг нэг л зүйлээр зөвтгөж болно. Тэр бол үнэн. Хайрлахдаа үнэн байсныг, хаягдахдаа хүртэл гуниг, нулимсаа нууж яваагүйг мэдэхдээ жинхэнэ том од, үнэн байх агуу сэтгэлээс төрдөг ч байж болох юм гэж санагддаг аа. Энэ бол Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай, гавьяат жүжигчин Батмөнхийн САРАНТУЯА.

АЛДАР, АМЖИЛТ ЗӨГНӨСӨН САРАН “ТАМГА”

Духан дээрээ саран “тамгатай” болсон нь түүнийг долоотойд болсон явдал. Тун ч хөдөлгөөнтэй, шударга нь дэндсэн гэмээр бяцхан Сараа бага сургуульд элсэж, нэгдүгээр ангиа дүүргэсэн додигор амьтан уламжлалт заншлаараа зуны амралтаар эмээ, өвөө дээрээ очиж. Нэг өдөр дааганд өшиглүүлж бөөн хэрэг мандлаа. Бөөн уйлаан майлаан, гомдол санал. Харин гагцхүү эмээ нь л ихэд бахархангуйгаар, “Миний охин одоо л ёстой онцгой, бусдаас өөр боллоо. Морин туурайнд өшиглүүлж магнай дээрээ саран тэмдэгтэй боллоо. Миний охин их сайн явна” гэвээ. Тайвшруулсаных ч биз, ерөөл билэг ч биз. Магадгүй ирээдүйн зууны манлай болохыг, алдартай дуучин болохыг тэр л монгол эмээ зөгнөж билэгдээ ч билүү. Моринд өшиглүүлээд саран тамгатай болдог нь ч хэд билээ.

Хожмоо 2012 онд Өвөрмонголын Алшаа аймаг дахь Баруун хийдэд жавар тачигнасан нэгдүгээр сард дэг жаягаар нь завилж сууж байгаад бясалгал үйлдэхдээ тэрээр нүд шиг юм харах шиг болсон гэдэг. Магадгүй тэр үед миний гурав дахь мэлмий, зөн совин, мэдрэмж сэтгэлийн нүд нээгдсэн юм болов уу хэмээн дуучин маань дуугаа намсгаж, өгүүлбэрээ төгсгөсөн.

Сэржим өргөхдөө дух, толгойдоо бүү хүргэ, гурав дахь мэлмийгээ сохолно гэх өвгөдийн сургааль бий. Нээрээ анзаарах нь, чухам энэ үеэс Б.Сарантуяагийн уран бүтээл, уран бүтээл урган гарах дотоод сэтгэлийнх нь гялбаа яриа, ярилцлага нь хүртэл бодлогошронгуй, дотогшоо яргасан, тэнгэрлэг ч гэмээр болсон юм уу даа. “Сэтгэлийн есөн цацал” хэмээх цомог хэвлүүлж, зориулсан тоглолтоо хотын төвийн дориухан ресторанд хийхэд сэтгүүлчийн үзэг, цаасаа барин сурвалжилж явжээ.

Наран эцэг, саран ээж юм гэнэ лээ. Бүсгүй ялдамхан гэрлээрээ бүгээн шөнийг гэрэлтүүлэх саран авхай адил тэр цээл, яруухан хоолойгоор бидний бүгээн, бараан амьдралыг уяраах гэж төрсөн бурханы даалгаварт охин ч юм билүү. Тиймдээ ч тэр Сарантуяа алдрыг эцэг эхээсээ, саран тамгат дух юугаа морин эрдэнэ- дааганаас авч, тиймдээ ч   түүнд өнөөг болтол хань заяахгүй яваа хачин адармаат хувь тавиланг бурхан зурсан ч юм билүү, хэн мэдлээ. Хэрэв тэр номой, томооттой гэрийн эзэгтэй, ээж байх нийтлэг хувь заяанд төрсөн бол хоёр зууны зааг дахь бид тийм цээл, саруул хоолойг сонсож догдлохгүй байв. Түүний давилуун хэрнээ ихэмсэг, гүн утгат үг ярианд бодол хэлхэхгүй байв. Үнэндээ Б.Сарантуяа дуунд уярсан биш, бид түүний дуунд уярсаар ирсэн биш билүү гэх бодол төрнө. 

ПААНК ОЮУТАН

Ахлах сургуулиасаа дуулах авьяас нь тодорч, “Мөнгөн харандаа”-д харьяалагдах болсон бяцхан Сараа, Зөвлөлтийн 9-р сургууль дүүргээд, МУИС-ийн эдийн засгийн ангид конкурс өглөө. Хөнгөн хөгжимд татагдан Modern Talking сонсон гүйх шилжилтийн нас, “Мөнгөн харандаа” дахь эхлэл карьер сурагч Сарааг хичээлээс нь багагүй хөндийрүүлснийх халаасны оноо сул, улаан шугамны доор хоёрт жагссан байлаа. Ингээд техникумын Худалдааны эдийн засагчийн хуваарь дээр буув. Социализмын үеийн бас ч гэж прагматик охинд Багшийн дээдийн найрал дууны ангид орсноос энэ нь хамаагүй бодит сонголт санагджээ. Гэвч нэг л өдөр дээд сургуульд орох баярт мэдээг аав, ээж нь дуулгалаа. Харин Сараа баярлахын оронд уйллаа. Учир нь ХААИС-ийн хуваарь. Энэ бол холын аймагт очиж тракторчинтой суу гэдэгтэй агаар нэг сонсогдож байсан гэдэг.

Ийн 1987 онд ХААИС-ийн нягтлан бодогчийн анги нэгэн паанк оюутантай боллоо. Айхтар сэгсгэр үстэй, урт хар хумстай, жийнс өмссөн аальгүй, паанк амьтан хөдөөгийнхөн голцуу хүүхэдтэй ангид ёстой үзэгдэл, үзмэр байлаа. Гэвч намар, зуны ажил, оюутны эгэл өдрүүд түүнийг хачин хүүхэд хээгүйдүү, эгэл нэгэн болохыг удахгүй ойлгуулав. Энэ он жилүүдэд тэрээр хонь хариулж, төл авч, вальс хийж сурсан гээд олон олон амьдралын боловсролыг олж авчээ. Гурван жил тоо бодож, тооцоо хийхэд сурсан түүнийг дотоодоос нь үргэлж хатгасаар байсан байгалийн авьяас нь дуудсаар 1991 онд СУИС-д элсэв. Эндээс Зууны манлай эстрадын дуучны жинхэнэ карьер эхэлнэ.

ДАВИЛУУН, ИХЭМСЭГ ОРШИХ НЬ

Давилуун, нугаршгүй, мятрашгүй Кармен бол Сараагийн тайзны имиж. Амьдралын Сараа хээгүй атлаа ихэмсэг ноён. Яаж угтана тэгж үддэг. Эрээ цээргүй байвал муужгай шиг урчихаа бас мэднэ. Бусдыг ялгадаггүй нэг ховор чанар түүнд байх. Хар, улаан өнгөнд дуртай, хайрламтгай, хайр нь хүнийг давраадаг. Амбицгүй, зангарагтай. Алдаа, оноо, туулсан өдрүүд, түүнийгээ үл нууж байгаа нь, хайрлаж байгаа нь хүртэл үнэн. Гундуухан явж болохгүйгээ, түүнийг хайрласан ард түмнийхээ сэтгэлийн хариуд хариуцлагатай, талархах сэтгэлтэй байхаа мэддэг. Муухай харагдах эрхгүйгээ мэднэ. Энэ нь бараг гэм зэм  мэт санагдана. Өөрт нь хөгжмийн нот бичих авьяасгүйгээ, хэмжээний авьяас дутагддагаа мэднэ. Экстрим байх нь их авьяасын гялбаа биз гэж зөвтгөж бас болохоор.

Амьдралынхаа 28 жилийг урлагт зориулсан гранд лэдид ийм чанарууд байхад хангалттай. Гэхдээ түр зогс, түүний дотоод ертөнцөөр нэг шагайцгаая.

ХАЙР СЭТГЭЛ БА ХҮН ЧАНАР

Хайр сэтгэл бол шударга ёс, хүн чанар юм. Түүний хувьд хайр сэтгэлд хэт хүн чанартай хандаад, цаадуул нь жудаггүй, тавтиргүй хандсан болов уу гэмээр хайрын түүхүүдтэй. Магадгүй тэр дүрэлзсэн гал их эрчимтэй, хүчтэй оршихуй учраас түүнээс давж гарсан хүчирхэг эр хүн түүнтэй учраагүй яваа ч юм билүү. Эсвэл бүр дээр өгүүлсэнчлэн хувь тавилан ч байж болох юм. Угаас гэр бүлийг бурхан хуваарилдаг гээ биз дээ. Хүн бүхэнд сонголт хийх эрх, боломж бий ч заавал хийх сонголтоос зайлсхийх бололцоо бас байдаггүй билээ.

Түүний амьдралд гурван эр хүн бий. 

Давилуун, танхилхан насандаа тэр МГУ-г Олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэсэн, орос, англиар “инээдэг”, урлагийн элит гэр бүлийн голомт залгах ганц хүү хээнцэрхэн залуутай учрав. Н.Ганхуяг хэдий дипломат болох ёстой ч сэтгэлийн дуудлагаар урлаг, дуу хөгжимд татагдана. Чухам урлагийн гэгэлзүүр ертөнц тэдний анхны учралыг далласан боловч таван жилийн настай байж. Салах цаг болоход нөхрөөсөө илүү гэр бүлийнхнээс нь салах хайран байсан хэмээн тэрээр онцолно лээ.

1996 оны үе санагдана, Үндэсний телевизээр “Саятан” сугалааны нэвтрүүлэг гарч, төгсгөлд нь дэгжин хар малгай хэлтгийдүү тавьж, нэлбэгэрдүү хар пиджак өмссөн тухайн үедээ л “моодный” бүсгүй “Хэн мэдлээ, хэн мэдлээ, хөгжилтэй хийморьтой золбоотой, азтай залуу, адтай залуу” хэмээн ёстой хийморь сэргэтэл жавхаалаг дуулав. Дараахан нь өдөр тутмын нэг сониноос өнөөх дэгжин хар пиджак нь паапынх нь /хадам аав/ эд болохыг олж уншлаа. Урлагийн элит гэр бүлийн тэргүүн тэр эрхэм хүн авьяасын үнэ цэн, мөн чанарыг мэдэрдэг учраас ирээдүйн зууны манлайд энерги шингэсэн хувцсаа өгсөн болов уу. Энэ бүхний цаана түүнд чиглэсэн их хайр мэдрэгдэх шиг.

Урлагт, амьдралд дөнгөж хөл тавьж байсан цэл залуухан Сараагийн дотоод ертөнц бүрэлдэхэд ноён Н.Ганхуяг болоод эдний гэр бүлийн эрхэмсэг язгуурын хүчит гялбаа ихээхэн шингэж үлдсэн нь дамжиггүй. Үүнийг ч тэрбээр нуугаагүйгээр барахгүй тэр бүр дурсаад байдаггүй нь гэр бүлийг нь хүндэтгэсэнийх хэмээн тайлбарласан.

Б.Сарантуяа алдаршиж эхэллээ. Бүр гялалзлаа. Хайр дурлал ч алганд бөмбөрөөд ирлээ. Хүүтэй ч боллоо. Алдар нэр, амар тайван амьдрал нэгэн савд багтаж, нэг цэгт огтлолцдоггүйн тухай Дармападагийн сургаальд гардагчлан 90-ээд оны сүүлээр хувийн амьдралынх нь аз жаргал алдарт цагаан Линкольны хэрэг, хэвлэлүүдээр гарах бусад хэл амтай нийлэн ёстой давалгаа үүсгэлээ. Хүүгийн аав Лувсанвандангийн Болдхуяг хувьдаа нэр алдартай, гэр бүлтэй, хөрөнгө бэлтэй байсныг хэлэх үү, хувийн бизнесээр нь хүртэл оролдож эхлэв. Энэ тохиолдолд жинхэнэ хайрын төлөө золих эр зориг, гуйвшгүй чанар хамгаас чухал. Гэтэл энэ бүхнийг гаргах сэтгэлийн хүч байвч нөхцөл байдал ихэд өөр байлаа. Эцэст нь дахиад салалт!    

Сэтгэл шархдавч мөн чанар шархддаггүй. Хэсэг хугацаанд амьдралын гэнэтийн хар шуурганд балбуулсан ч тэр дахин бослоо. Тэгэх тэгэхдээ илүү хүчирхэгжсэн байж ч магад. Амьдралынхаа хамгийн оргилуун, аз хийморьтой үеэ тэрээр 2000-2004 оны үе гэсэн. Илүү давилуун, хөгжилтэй, байлдан дагуулсан үе. Кубад очиж далайн эрэгт “Мөрөөдлийн арал”-аа бичүүлээд, “Би жаргалтай”-гаа дуулж гэгэлзээд л.

Түүний дараагийн хархүү Д.Отгон-Очир хэмээх орон нутгийн бизнесмэн тэрүүхэндээ нууцлаг эр. Магадгүй охиныхоо аав энэ ноёнтонд тэр илүү хайртай байсан болов уу...

Тэр хайрласан. Хайрын бэлэг охинтой болсон. Хүлээсэн. Итгэсэн. Эцэст нь боломжгүй гэдгийг ойлгосон. Амьдрал үргэлжилсэн. Болохгүйг нь мэдсээр атлаа болгоно гэж гэнэхнээр итгэдэг, хүүхдэрхүү ч гэмээр Сараа ахиад л энэ зан чанараасаа улбаатай алдаагаа давтав. А.С.Пушкин, “Яруу найраг яльгүй жаахан гэнэн байх ёстой” гэсэн юм гэнэ лээ. Гэнэн сэтгэл, итгэмтгий чанар чин үнэн сэтгэлээс үүдэлтэй, авьяаслаг хүмүүст илүүтэй байдаг ч юм шиг ээ.

Цаг хугацаандаа халуунаар гал шаттал дурлачихаад, үнэнээсээ хайрлачихаад, бүхнээ өгчихөөд сэтгэлийн гал нь унтарсан хойно буцааж юу ч нэхэлгүй, эргэж харалгүй урагшаа гудиггүйхэн алхчихдаг хайрлам, ховор чанар түүнийх аж. Жинхэнэ хайр гэдэг шударга ёс, хүн чанар байхын үнэнийг түүний туулсан он жилүүд өгүүлнэ. Энэ миний л юм, би авна гэж дайрах нэг хувилбар байж бас болох ч тэр хэзээ ч ийм алхам хийж байгаагүй байдаг.

Хайрлаж явсан тэднийгээ тэгтлээ их амандаа авч ярихгүй нь хариуцлагатай ажил хийдэг, тусдаа гэр бүл, амьдралтай учраас хэл үгэнд оруулаад байя гэж боддоггүйтэй нь холбоотой гэх. Нэр төрөө бодохоос илүү нэгэн цагт эрхэм явсан хүнийхээ сэтгэлд сэв суулгахаас эмээх энэ сэтгэл нь хайрлам, нандин.    

Би жаргана гэж хүлээж байгаагүй ээ, зүгээр л амьдарсан. Магадгүй нэг л өдөр жаргал ирнэ гэж гэнэхнээр бодож, хүлээж байсан үе бий байх. Амьдрал гэхдээ тийм бишийг одоо ухаарсан. Хэн нэгэнд итгэж, бүхнээ даатгаж амьдарсан удаа байхгүй. Амьдрал дахь бүх зүйл маань үнэтэй, төлөөстэй байсан юм. Үнэгүй нэг ч зүйл миний амьдралд байгаагүй. Хүүхдүүдээ ч өөрөө өсгөж байгаа. Энэ бол надад оногдсон адармаат хувь тавилан, үйлийн үр, шийтгэл юм. Энд ямар нэгэн буруутан байхгүй, байвал тэр нь би юм. 

Амьдрал дахь сэтгэлийн орон зайг ингэтлээ их чухалчлан нандигнадаг нь энэ орчлонд хэдсэн билээ. Гэнэн хайлган басхүү эр зоригтой Сараа. Ингэж үнэн, гэнэн хайрладаг идеалист бодгалиуд ховордсоор буй хэт материалист энэ цаг үед ийм үнэт, нандин чанар аль болох олон байгаасай...

Поп хатагтайн Шарга морьт дахь зуслангийн эдлэнд өнгөрүүлсэн нэг өдөр тэнгэр бүүдгэр ч гэр нь дулаахан, инээд хөөр, халуун сэтгэл буцалсан мэдрэмж төрүүлэх. Түүний ээж Таня гуай нас 70 гарсан ч цаанаа чанга, хатуу, ануухан эмэгтэй.

Манай ээж бол манай гэрийн генерал, би хурандаа энэ тэр хавьцаа хэмээн хошигнохоо ч поп хатагтай мартсангүй. Аав, дүү гээд хоёрын хоёр эр хүнээ ойрхон алдсан хүнд үеийг эгч бид хоёр ээжийнхээ хат сэтгэлийн хүчээр давж гарсан хэмээн тэрээр нэмж ярилаа.

Сүрлэг уулс, эрс тэс уур амьсгал бүхий Якут нутаг Таня гуайг чанд хатуу, төрүүлсэн охиныг нь цээл тунгалаг хоолойтой болгосон байх гэсэн бодолтой Шарга морьтоос буцсан билээ.

М.Уранчимэг   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026