Одон горилогчдын ГООЛИГ МАРШ!!

"Гранд" сэтгүүл №52

Алдарт эхийн одон авах  тун дөхөж яваа хэрнээ гоо сайхнаа тунхаглаж яваа бүсгүйчүүдийг бид энэ удаад онцолж байна. Гунхсан биеийг чинь гурван хүүхэдтэйд чинь харъя гэдэг үг хэдийнэ моодноос гарч, гурав байтугай, дөрөв таван хүүхэдтэй бүсгүйчүүд гунхсаар яваа нь энэ цагийнхны нэг гайхуулж, бахархах зүйл мөнөөсөө мөн гэж бид үзэж байна. Тэд ажлаа ч хийж байна, амьдралаа ч авч явж байна, хүүхдээ ч төрүүлж байна, нийгмийн идэвхээ ч орхихгүй, гоо сайхан, гоолиг биеэ ч гайхуулж байна. Энэ хүч мөн биз. Тэднийг бид Алдарт эхийн одон горилогчид нэрийн дор цуглуулахаар шийдлээ.

“Ажигана“ Э.Туул

“Ажигана“ Э.Туул энэ армийн манлай нь байж мэднэ. Үйл хэрэг, үзэгдэх байдлаараа ч тэр өнөө цагийн лидер бүсгүйчүүдийг тэргүүлж байгаа нь үнэн. Хувийн амьдрал, хувьсгалын ажлаа зэрэгцүүлэн гялалзтал авч яваа энэ хатагтай дээдсийн дэгжин бүсгүйчүүдийн дунд моод дэлгэрүүлдгээрээ ч зартай. Гэхдээ зөвхөн хэлбэр хөөгөөд байдаггүй, нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхнийг тэтгэн дэмждэг “Э.Туулын ядуурлын эсрэг сан”- тай. Жирэмслэх нь ч мэдэгдэхгүй, төрөх нь бүр мэдэгдэхгүй, нэг мэдэхэд 3 хүүхдийн ээж болжээ. Харин хэзээ одонгийн хүүхдээ тээчихсэн, төрүүлчихсөн гунхаж явахыг бид таашгүй.

Топ модель Д.Пүрэвсүрэн

Д.Пүрэвсүрэн үе үеийн топ моделиудаас  хамгийн олон хүүхэдтэй ээжээр тодроод буй. Анхны амьдрал зохиосон “Алтны магнат”  Ц.Мянганбаяраас нэг охинтой бол одоогийн нөхөр Б.Ганбаяртаа жил дараалан охин, хүү төрүүлж өгсөн гавьяатай ээж. Хүүхдээ төрүүлэхийн хажуугаар уран бүтээлээ тасалдуулахгүй авч яваа топ модель маань гурван хүүхэд төрүүлсэн шинжгүй гунхсан хэвээрээ байгаа. Хоёр дахь хүүхдээ гаргаад сарын дараа тайзнаа алхаж, дэлгэцийн уран бүтээлд тоглосон гээд бодохгүй юу. Түүний энэ нууцын ард хэд хэдэн  филиппин гэрийн үйлчлэгч байдаг гэнэ лээ.

Мисс Д.Уянгалянхуа

Хэдий гурван хүүхэд гаргасан ч залуу охидоос дутахааргүй харагдах мисс Д.Уянгалянхуа орчин үеийн охид бүсгүйчүүдэд  үлгэр дуурайл болох бүсгүй. Хүүхэд гаргах тусмаа гоо үзэсгэлэнтэй болоод байгаа мисс Д.Уянгалянхуад  нөхөр нь “мисс” гэх өргөмжлөлийг гуядаж авч өгсөн л гэдэг. Сайхан бүсгүй Д.Уянгалянхуа нөхөртөө гурвын гурван хүүхэд төрүүлж өгсний зэрэгцээ хаа яваа газар нь “чимэг” болж яваа нь бас үнэн билээ.

“Хас”-ын Г.Уянга

“Хас”-ын гэх өргөмжит нэрнээсээ огцорч “талх” нэртэй болсон Ч.Ганхуягт гурван хүү төрүүлж өгсөн энэ сайхан бүсгүйг Г.Уянга гэдгийг манай уншигчид андахгүй. Тун саяхан дөрөв дахь хүүгээ өлгийдөж авсан Г.Уянга ийн дархан бэр болж алдарт эхийн хоёрдугаар одон авах болзол хангаад байна. Анхны эхнэрийн нэг хүү гээд нийт дөрвөн хүүтэй Ч.Ганхуяг дөч гарсан хойноо ийн тав дах хүүгээ өлгийдөн авч хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж яваа аж. Эхнэрээ жирэмсэн гэдгийг нь дуулаад л өдөр бүр баяр тэмдэглэхээс наагуур юм болсон Ч.Ганхуяг, Г.Уянга нар дөрвөн хүүгийнхээ араас охин төрнө гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэдэг. Гэвч хүсэл нь биелээгүй ч отгон хүүгээ бурханы бэлэг хэмээн цахим хуудаснаа бичсэн байна. Бие давхар хэрнээ өндөр өсгийт дээрээс буугаагүй Г.Уянга ийнхүү дархан бэр боллоо.

Усны гүнж Ука

Хэдий алдарт эхийн одон горилох хэмжээнд гурван хүүхэд төрүүлээгүй ч гэсэн энэ бүсгүй гоолиг биеийн хатан хаан гэдгээрээ энэ нийтлэлд багтлаа. Амьдралынхаа тал хувийг усан дотор өнгөрүүлж буй “Усны гүнж” Ука нэрээрээ алдартай Б.Уянга хэдий нас сүүдэр дөч шахаж яваа, 2 хүүхдийн ээж ч гэлээ гоолиг биеийг гайхуулж яваа. Түүгээр ч барахгүй бусдад зааж, үлгэрлэж яваа. Түүний нууц мэдээж үргэлжийн дасгал сургуулилт, усны гайхамшигт ид шид гэнэ лээ.

“Гангар инвест”-ийн С.Пүрэвийн бэр Мөөнөө

Олноо “Гангар инвест”-ийн хэмээн овоглогддог Сангийн дэд сайд С.Пүрэв модель бэртэй. Мөөнөө хэмээх бүсгүй 3 хүүхдийн ээж болж одонт бэр болоход ойрхон явна. Санхүүгийн тал дээр толгой өвтгөх зүйлгүй айлд бэр орсон бол төрөөд л байх уриаг бүсгүйчүүд гаргадаг бололтой шүү.

Аглуугийн гэргий Н.Оюунчимэг

Гурван охин төрүүлсэн жүжигчин Н.Оюунчимэг гэх энэ бүсгүйг Аглуугийн авааль эхнэр гэдгээр олон нийт  илүүтэй танина. Анхны амьдралаа найруулагч Д.Галбаяртай эхлүүлж охиноо аав дээр нь үлдээсэн Н.Оюунчимэг алдарт аав Аглууд хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн билээ. Төрж тэлээгүй юм шиг авааль нөхөр Аглуугийнхаа энгэрт эрвээхэй аятай наалдчихсан явдаг Н.Оюунчимэг хэдэн хүүхэд гаргасан ч гунхсан сайхан биеэрээ гайхуулна биз.

Жүжигчин Б.Баярмаа

Олон хүүхэдтэй болох тусам эмэгтэй хүн маш их ажил амжуулж сурдаг юм билээ хэмээн ам бардам хэлдэг жүжигчин Б.Баярмаа гурван хүүхдийн эх. Жүжигчний ажлаасаа түр хөндийрч жил дараалан хүүхэд гаргасан Б.Баярмааг гурван хүүхэд гаргасан бүсгүй гэж хэн ч хэлмээргүй харагдаж байгаа биз. Үе тэнгийнхээ энгийн нэгэн залуутай хамтын амьдралаа эхлүүлсэн Б.Баярмаа хаа очиж эрчүүдтэй нэр холбогдож байгаагүй нэгэн. Үеийн бүсгүйчүүдийнхээ хажууд Б.Баярмаа үг үйлдлээрээ хэн бүхний талархалыг хүлээдэг.

Жүжигчин Ч.Очгэрэл

Хорь гаруйхан настай хэрнээ гурван хүүхдийн ээж болсон Ч.Очгэрэл ёстой л оч шиг гялалзаж явна. “Содура” кинонд гол дүрд бүтээж өөрөө дууг нь дуулж үеийн бүсгүйчүүдээсээ тасархай яваа Ч.Очгэрэл банкны Чукагийн бэр.  Жүжигчин, дуучин, мисс гээд олон цол гуншинтай Ч.Очгэрэл гурав дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа билээ. Гурван хүүхэд гаргасан хэрнээ гунхаж харагдах Ч.Очгэрэл  хаанаас нь ч  харсан 18-тай охин шиг харагдах.

Мисс Ч.Мичидмаа

“Монголын сайхан бүсгүй” тэмцээний 1992 оны алтан эрдэнийн өргөмжлөлт мисс Ч.Мичидмаа бүтэн 15 жил завсарласны эцэст тайзан дээр гарч, багагүй шуугиан дэгдээж байсан удаатай. Тэрээр хэдий одон горилох хэмжээний гурав, дөрвөн хүүхэдтэй биш ч гэлээ нас биед хүрсэн 2 ханхар эрийн ээж, орчин цагтаа л өнөр бүлийн эзэгтэй. Гэсэн ч түүнд хөгшрөлт үйлчилдэггүй гэж хэлж болно. Хэзээд үзэмж төгс, улс төрч нөхрийнхөө нэг имиж болж явдаг миссийг оройхон гараад ширүүхэн дарж, алдарт эх болох байх хэмээн хүлээгсэд олон. Нээрээ ч тоолбол мөнгө, хэлэлцбэл юу л байна албан тушаал, бизнестэй гэр бүлийн эзэгтэй хүүхэд гаргаж гэртээ тайван суух асуудал биш билээ. Улс төрийн сайхан хосуудад бодсон бодол байгаа л байлгүй.

Хэдэн хүүхэд гаргаж, хэрхэн биеэ сайхан авч явахаас илүүтэй бие галбираа ингэж сайхан хадгалж буй охид бүсгүйчүүдэд юун түрүүнд алга ташин баяр хүргэмээр. Гурав, дөрвөн хүүхэд гаргасан хэрнээ гоо сайхнаа алдаршуулж яваа бүсгүйчүүддээ бүх сайн сайхныг хүсье.

М.Өнөр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026