Барууны хэв маяг, технократ стилээр имижээ бүрдүүлсэн С.Баярцогт АН-д эзлэх байр сууриа дахин бататгалаа

зураг худалдаж авах линк

1990-ээд оноос хойш улс төрийн идэвхтэй карьер өрнүүлсэн эдийн засагч, улстөрч С.Баярцогт Ардчилсан нам-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноор намдаа эзлэх байр сууриа дахин баталлаа. Энэ сонголт нь АН түүнгүйгээр хол явахад бэрх гэдгийг ч тодорхой харуулсан үйл явдал болов.

“Мөнхийн залуу” гэх тодотголтой түүнийг улс төрчдийн дунд гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа ялгардаг нэгэн гэж үнэлдэг. Тэрээр өөрийн имижийг мэргэжлийн, барууны хэв маягтай технократ улс төрч байдлаар тогтвортой бүрдүүлж ирсэн. Костюм, зангиа хослуулсан цэмцгэр төрх нь “санхүү, эдийн засгийн хүн” гэсэн ойлголтыг бүрдүүлдэг бол илтгэл, ярилцлагын үеийн логиктой, тайван, тооцоотой өнгө аяс нь түүний гол давуу тал болдог.

Түүнчлэн олон улсын орчинд ажиллаж байсан туршлага нь С.Баярцогтыг илүү “глобал” өнгө аястай, орчин үеийн сэтгэлгээтэй улс төрчийн дүрээр тодруулж өгдөг.

Хэдийгээр оффшор дансны асуудал болон Оюу Толгойн гэрээтэй холбоотой маргаанууд түүний имижид сөргөөр нөлөөлсөн ч тэрбээр эдгээр сорилтыг улс төрийн ур чадвараараа даван гарч чадсан гэж ажиглагчид дүгнэдэг. Ялангуяа Оюу толгойн сонсголын үеэр баримт, үндэслэлтэй, тайван илэрхийллээрээ оролцсон нь түүнийг туршлагатай улстөрч хэвээр байгааг харуулсан.

С.Баярцогтын “залуу харагддаг” имиж нь зөвхөн генетик бус харин тогтмол хэв маягтай нь холбоотой. Түүний үс засалт, арьс арчилгаа, хувцаслалт олон жилийн турш бараг өөрчлөгдөөгүй, цэгцтэй хэвээр иржээ. Илүүдэл жингүй, өөртөө итгэлтэй, даруухан боловч нямбай төрх нь түүнийг нас тогтсон атлаа шинэ үеийн өнгө аястай харагдуулдаг.

Имижийн энэ тогтвортой байдал нь Монголын улстөрчдийн дунд ховор жишээ гэж хэлж болохоор. Гэвч зөвхөн гадаад төрхөөс давсан бодлогын шинэчлэл, нам доторх нөлөөллөө хэрхэн ашиглах нь цаашдын гол шалгуур хэвээр байна.

Түүний хувьд намдаа бодит өөрчлөлт авчирч, улмаар ялалтад хүргэж чадах эсэх нь одооноос анхаарал татах сэдэв болж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026