Орчин үед чинээлэг бүсгүй ямар харагддаг болсон бэ?

Баян байх, баян харагдах хоёр бол огт өөр ойлголт. Сүүлийн жилүүдэд чимээгүй тансаглал болох “quiet luxury” хэв маяг тренд болж, Brunello Cucinelli, Loro Piana зэрэг брэндийн логогүй, даруухан хэрнээ өндөр үнэтэй хувцас баячуудын имижийг тодорхойлох болсон.

Тухайлбал жинхэнэ баян, эрх мэдэлтэй хүмүүс энгийн саарал цамц, леггинстэй кофе шопт сууж байгаад л гэнэт амьдралыг чинь орвонгоор нь эргүүлж чадах “чимээгүй тансаглал”-ын төлөөлөл ч гэлцдэг.

Гэвч нөгөө талд Миланы загварын долоо хоногт оролцсон жинхэнэ тэрбумтнууд тэр дундаа Mark Zuckerberg энгийн биш, илүү өнгөлөг, анхаарал татахуйц хувцаслалтыг сонгосон нь “баян харагдах” ойлголт өөрчлөгдөж байгааг ч харууллаа.

Тэгвэл 2026 оны “чинээлэг бүсгүй”-н төрх ямар вэ гэсэн асуултад хамгийн амархан хариулт бол Carolyn Bessette Kennedy юм. Түүний 1990-ээд оны даруухан, хотын дэгжин стиль өнөөдөр дахин эргэн ирж, минимал өнгө, бага зэрэг хайхрамжгүй төрхтэй хослон тренд болжээ. Миланы тайзнаа ч энэ нөлөө тод харагдаж, тэмээн шар юбка, хар цамц, сулхан боосон үс зэрэг түүний хэв маягийг олон брэнд сэргээсэн байна.

Нөгөө талаас, шинэ үеийн “баян стиль” нь илүү бүтээлч, бүр DIY шинжтэй болжээ. Bottega Veneta, Prada зэрэг брэндүүд гар нэхмэл ороолт, гар хийцийн элементүүдийг онцолж, “жинхэнэ мөнгөтэй хүмүүс өөрсдөө бүтээдэг” гэсэн санааг илэрхийлсэн байна. Зарим тохиолдолд хуучирсан, үрчийсэн, бага зэрэг элэгдсэн мэт харагдах хувцас “туршлагатай, жинхэнэ баян” мэт харуулах дохио болж байна.

Харин эсрэгээрээ, Gucci, Blumarine зэрэг нь хэт гял цал, хуурамч мэт хямд харагдах ч үнэндээ өндөр үнэтэй стиль гаргаж, “хамгийн үнэтэй нь хамгийн хямд мэт харагдах” шинэ парадоксыг бий болгожээ.

Эцэст нь, бид яагаад баян харагдахыг хүсдэг вэ? Мөнгө бол хамгаалалт, боломж, эрх чөлөө. Шуудхан хэлвэл ил харагдах байдлаар илүү чанартай амьдрал, илүү сайн эмчилгээ авчирдаг бол далд байдлаар хүмүүсийн илүү сайхан харилцаа, бага дарамт, хүссэн зүйлээ хийх боломжийг өгдөг. Ядаж хувцаслалтаараа дутагдалтай талаа нууж, өөрийгөө хэсэгхэн хугацаанд “баян” гэж мэдрэх нүгэл биш шүү дээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026