Р.Эмүжин: Өндгөвч бөөрөнхий, дэлхий бөөрөнхий, тэглээ гээд яах юм?

Р.Эмүжин: Өндгөвч бөөрөнхий, дэлхий бөөрөнхий, тэглээ гээд яах юм?

"Ю фильм" уран бүтээлийн нэгдлийн шинэ бүтээл "Ангарагаас ирсэн эмэгтэй" модерн драм өнөөдөр нээлтээ хийх билээ. АСЕМ ВИЛЛА дахь өргөө цагаан гэрт жүжгээ тавих содон арга сэдсэн эл бүтээлийн зохиолч нь Р.Эмүжин билээ. Тэрбээр жүжгийнхээ талаар ийн сэтгэгдлээ бичсэн байна. Таалан болгооно уу. 

...Яг ингээд зөндөө бодолд дарагдчихсан сууж байтал Ундармаа ороод ирсэн. Тэгээд л хэрэг мандахгүй юу. Эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийн цоожийг эрчүүдийн тусламжтайгаар эвдэж, тэнд үүрлээд удсан цав цагаахан цахлай, тас хар сарьсан багваахайн сүргийг үргээн нисгэхээр хоёул шулуудав. Бүсгүй хүн л юм хойно, дээр нь би бичиж суугаа юм болохоор гол дүрүүд маань тогтворгүй. Шөнөдөө эвлэрээд хононо, өглөөдөө тас муудалцаастай. Тэр тоолон Ундармаа хямрана, баярлана, уйлна, инээнэ. Жүжигчин хүн гэдэг чинь үнэндээ бол жүжиглэдэггүй, тэр дүрээрээ амьдраад яваад байдаг юм билээ. Ингээд өнөр олуулаа сар орчим амьдарлаа. Ангарагаас ирсэн эмэгтэй...Уг нь Ундармаа бид хоёр Алтайгаас ирсэн л дээ. Манай урд талын хоёр давхар цагаан байранд тэднийх байх. Цагаан Ундармаа гэж хүүхдүүд хочилно. Борлочих гээд байдаг юм байлгүй, гэрээсээ ховор гардаг охин. Харин би сайран хацарлачихаад дугуйнаас буухгүй. Энэ олон жилийн дараа хамтдаа бүсгүйчүүдийн сэтгэл рүү ийнхүү өнгийхөө мэдсэн бол гэрээс нь суга татаж гаргаад, үс нь гандаж, хацар нь сайрттал дагуулаад тэнэж байхгүй юу. Гэвч тэгээгүй нь болжээ. "Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжигт Ундармаагийн эмзэг нандин, миний шулуун зоримог зангийн аль аль нь бий. Жүжгийн зохиолоо хэд хэдэн бүсгүйд уншууллаа. Халуухан ч яриа өрнүүллээ. Уншсан, сонссон бүхэн уйлж, инээж, амьдралынхаа хамгийн эгзэгтэй мөчүүдийг дэлгэн ярьж, эрчүүдийн ертөнцийг гайхан сонжино, галзууртлаа хайрлана...нэг тийм халуун дотно, халгамаар амьдрал, хайлан урсмаар дурлалуудын түүх...эцэст нь зохиол гараас гарав. Тэгэхгүй гээд ч яахав, өндгөвч бөөрөнхий, дэлхий ертөнц бөөрөнхий юм чинь. Тэглээ гээд яах юм, бүсгүй хүн бүр дэлхий ертөнцийн өөртөө оногдсон хэлтэрхийг үүрээд л урагшаа алхаад байдаг орчлон шүү дээ...Урсах нулимс, дуулах дуу адилхан хэн бүхэнд зориулав... 

Яруу найрагч Р.Эмүжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Bainga belhuusnees doosh uym yarij bdg yasan zadarsan avgai ve? Nas nambaa bodood odoo bolinoor uym daa...
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026