Ө.Уянга сонгодог урлагийг доргиолоо

Ө.Уянга сонгодог урлагийг доргиолоо

Ойрын хэдэн жил театрт дуурь үзээгүйг хэлэх үү, суут хөгжмийн зохиолч Г.Доницеттигийн хамгийн алдартай "Лючия ди Ламмермур"-ыг анх удаа үзсэнийг ч хэлэх үү, ёстой супер догдлолтой байлаа. Монголын театрын тайзнаа 2015 онд анх тоглож эхэлсэн юм байна.

Гол дүр Лючияд дуурийн театрын урдаа барьдаг сопрано Ө.Уянга. Тэгэхээс ч яах вэ нээрээ гэж бодсон. Бүр биширмээр байлаа. Яг л нэг дуурийн тайзан дээр дуулж баймаар бие, царай зүс. Яасан ч үзэсгэлэнтэй юм, ямар ч тансаг уянгалаг сопрано юм. Жүжиглэлт ч дээд зэрэглэлийн. Улам туршлагажаад, улам мундаг техниктэй болоод, үнэхээр тасарчихжээ, Ө.Уянга.

Хоёрдугаар үзэгдлийн төгсгөл хэсгийн Лючия бүтэлгүй хайраас болж галзуураад, дөнгөж гэрлэсэн эр нөхрөө хөнөөчихөөд гарч ирж, дуулдаг тэр хэсэг зүгээр л Oh My God. Угаасаа энэ дуурийн хамгийн алдартай ари. Лючия ди Ламмермурын “Mad scene”-ий ари гэхээр дуурийн хөгжим сонирхогчид андахгүй. Энэ арины төгсгөл хэсгийн каденза. Зүгээр л гургалдай! Маш урт шүү дээ. Хоёр минут гаруй. Бараг гурван минут тийм аймаар кадензаг ёстой бардам төгөлдөр харуулж байна лээ. Шар үс босно гэгч л болсон. Дэлхийн шилдэг дуурийн театруудын шалгуурыг тогтоож, сопрануудын чадлыг сорьдог Ламмермурын Лучиа бүсгүйн үхлийн ари сэтгэл зүсмээр.

Ер нь каденза сонсох маш гоё. Догдлоод л хачин мэдрэмж төрдөг. Шувуу болчихсон ч юм шиг, дагаад чадлаараа жиргэмээр. Моцартын “Шидэт лимбэ”-ийн Шөнийн хатны ари хамгийн гоё каденза, бас. Хэцүүгээрээ бол бараг Лючиягийнх илүү байх. Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Мариа Доницетти 70 гаруй дуурь бичсэний хамгийн алдартай нь 1835 онд зохиож, Нейполийн “Сан карло” театрт нээлтээ хийсэн “Лучиа ди Ламмермур” юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026